Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 696

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Ж.Бгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Хард овогт Ж.Б

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Нэхэмжлэгч Ж.Бгийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 дугаар тушаал гарсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж, бичилт хийхийг даалгах, 2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал Г.Ц-г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Б-г өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгах” нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Б Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хэргийн шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, түүний харьяа газруудад урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажилд томилохыг даалгах 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 5-р сарын 02 ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын Б/16тоот тушаалаар Ж.Бг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиралаар томилсон нь нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах үндэслэл болсон юм.

2017 оны 12-р сарын 06 ны өдөр Монгол улсын Засгийн газар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Ж.Бг чөлөөлөх 332 тоот тогтоол гаргахдаа Ж.Бг өөр ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.*******д даалгасан байх боловч сайд энэхүү үүргийг биелүүлээгүй байна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны  сайдын энэхүү хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол 2019 оны 5-р сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зөрчигдсөн байна.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2019 оны 5-р сарын 02 ны өдөр Б/16 тоот тушаалаар Ж.Бг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох хүртэл хугацаанд томилон ажилуулсугай гэх тушаал нь Ж.Бгийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон байна. Иймд нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Бгийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 9- р сарын 17-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын Б/16 тоот тушаал гарсан 2019 оны 5-р сарын 02 ны өдөр хүртэлх хугацаагаар гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж, бичилт хийхийг даалгах

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2019 оны 5-р сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалд: Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайдаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох иргэн Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оы гаргасан “Нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, өөрчлөх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал нь “Ж.Бгийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул тус тушаалын Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжпүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.С  нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд тухай хүн хэзээ эргэж ажилдаа орох нь одоогоор тодорхойгүй, чөлөөний хугацаа дуусаагүй байгаа болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гээд 38.1-д “Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно”, 38.3-т “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэж тус тус заасан.

Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 сарын 02-ны өдрийн “Ж.Бг ажилд томилох тухай” Б/16 дугаар тушаалаар Ж.Бг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд томилж, ажлын байраар хангасан нь түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хамгаалсан шийдвэр юм.

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны Б/16 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актын хэлбэр, түүнд тавьсан шаардлагыг хангасан тул Захиргааны ерөнхий хуулийн 38.1-д заасан захиргааны актад тавих шаардлагыг хангах нөхцөл үүсээгүй. Мөн дээрх акт нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлыг буюу байгууллагын удирдлагыг томилох зорилго, агуулга бүхий захиргааны акт тул зөвхөн иргэн Ж.Бгийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн заалт нэмэх нь Захиргааны ерөнхий хуулийн 38.3-т заасан “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэснийг зөрчихөөр байна.

Г.С  ажилдаа орох үед Ж.Бг тодорхой ажлаар хангах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл авч шийдвэрлэнэ.

Төрийн ажлын залгамж чанар хадгалагдах хэдий ч намайг сайдаар томилогдсоноос хойш Ж.Бг ажлын байраар хангах талаар зохих арга хэмжээ авах албан бичиг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны 4 сарын 17- ны өдөр ирсэн. Албан бичгийн дагуу Ж.Бг ажлын байраар хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Засгийн газрын 2017 оны 52 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэн ажиллаагүйгээс хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд иргэн Ж.Б нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байсан тул нэхэмжлэгч тал өмнө нь гаргасан ажилд томилуулах тухай шаардлагаас татгалзсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны Б/16 дугаар тушаал нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарахгүй, захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн нэмэлт зохицуулалт бий болоогүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны байгууллагын гаргасан захиргааны акттай холбоотой маргаан үүсээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ж.Бг ажилд томилох тухай Б/16 дугаар тушаалаар түүнийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд томилж, ажлын байраар хангасан. Нэхэмжлэгч , Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаалд Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгах нэхэмжлэл гаргаад байгаа. Гэтэл өмнөх албан тушаал яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох эрх бүхий этгээд нь Засгийн газар болохоос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд биш. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0412 дугаар шийдвэрт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасанчлан нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Б*******ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч Ж.Бг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй байна.” гэж дүгнэсэн бөгөөд “...нэхэмжлэгч Ж.Бгийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байгаа. Иймд өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоох асуудлыг ярих боломжгүй.

Ж.Бг сайдын Б/16 дугаар тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд томилж, ажлын байраар хангасан. Энэ нь түүний хууль ёсны ашиг, сонирхлыг хангасан шийдвэр болсон. Түүнийг ажлын байраар хангахын тулд хууль ёсны дагуу ажиллаж буй хэн нэгэн албан хаагчийг чөлөөлөх, халах боломжгүй. Хариуцагч бололцооныхоо хэрээр ажлын байраар хангасан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.С  нь хүүхэд асрах чөлөөтэй, чөлөөний хугацаа дуусаагүй байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гэж заасан. Тус хуулийн холбогдох заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 6-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “хугацаатай гэрээ” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар /тухайлбал: ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт/ тодорхойлогдсон байна” гэж заасан. Сайдын тушаалд тус хугацааг дурдсан учраас Б/16 дугаар тушаал хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэсэн үндэслэлийг гаргадаг. Захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангахын тулд нэмэлт зохицуулалт хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд зааж өгсөн. Гэтэл уг 38 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй. Б/16 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан захиргааны актын хэлбэр, түүнд тавигдах шаардлагыг хангасан, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангах нөхцөл үүсээгүй. Захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийхдээ хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм, хэмжээний актад тодорхой заасан бол нэмэлт зохицуулалт хийнэ. Гэтэл уг хуулийн болон хууль, захиргааны хэм, хэмжээний актад тодорхой заасан нөхцөл огт үүсээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэл учраас тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Хуулийн уг заалтад “...эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон” гэсэн нөхцөлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Сайдын Б/16 дугаар тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд томилохдоо захирлын албан тушаалын хүрээнд эрх, үүрэг хэрэгжүүлэхээс өөрөөр нэмэлт үүргийг бий болгоогүй. Мөн түүнийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл үүсээгүй. Харчин ч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гэж үзэж байгаа. Маргаан бүхий акт нь байгууллагын удирдлагыг томилох зорилго бүхий захиргааны акт юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байгаа учраас нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл үүсэхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Засгийн газрын 52 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлээгүй гэж үзэж хохирлын асуудал ярьж байгаа бол иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 412 дугаар шийдвэрээр Ж.Бгаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгож, харин “...Ж.Бг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагыг “Б.Б*******ы нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Б.Б*******ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон ... нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Б*******ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ .

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас “Ж.Бг өөр ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгаж шийдвэрлэсэн байна .

Ж.Б гаас анх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан “2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, түүний харъяаны газруудад урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажилд томилохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Б/16 тоот тушаалыг гаргаж “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд Ж.Бг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох хүртэлх хугацаанд томилон ажиллуулсугай” гэж шийдвэрлэжээ . 

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа,  

1. Ж.Бгийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 дугаар тушаал гарсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж, бичилт хийхийг даалгах, 

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгах”  гэж өөрчилсөн тул шүүх энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Хариуцагч нь Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлд Ж.Бг өөр ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.*******д даалгасан боловч сайд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зөрчигдсөн, улмаар Ж.Бг ажлын байраар хангахдаа Г.Сүглэгмээг хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох хүртэл хугацаанд томилон ажиллуулсугай гэж шийдвэрлэсэн нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хариуцагчид даалгасан үүргийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон” гэж тайлбарласан. 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Ж.Бг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийн хувьд ажлын байраар хангагдсан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд, энэ акт нь төрийн байгууллагын удирдлагыг томилох зорилго, агуулга бүхий болохоос бус Ж.Бгийн ашиг сонирхлын үүднээс байнгын ажлын байраар хангах зорилгоор гараагүй тул захиргааны актад нэмэлт оруулах үндэслэлгүй” гэж тайлбарласан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг  захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж тодорхойлсон байх ба мөн зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж тус тус заажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Ж.Бг ажилд томилох тухай” Б/16 дугаар тушаал  нь нэхэмжлэгчийн хувьд түүнийг ажилд томилж, албан тушаалын бүрэн эрх олгосон агуулгатай сөрөг бус эерэг нөлөөлөлтэйн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн албан тушаалыг хэвээр хадгалах талаарх хуулийн шаардлагыг хангасан нэмэлт зохицуулалт бүхий акт байна. 

Гэтэл нэхэмжлэгчээс “уг актын үйлчлэх хугацаа тогтоосноороо нэхэмжлэгчийн ажлын байраар хангагдах эрхийг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий акт” хэмээн тайлбарлаж “Г.С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай” гэх нэмэлт оруулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь:  

Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар “Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болох”-оор заасан байх ба мөн зүйлийн 38.3-т “захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэж заасан байх ба нэхэмжлэгчээс нэмэлт оруулахаар шаардаж буй зохицуулалт нь тухайн актын үндсэн зохицуулалтад хамаарахааргүй байна. 

Өөрөөр хэлбэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал нь төрийн байгууллагын захирлыг томилох “үндсэн зохицуулалт”-ыг агуулсан, ингэхдээ дээр дурьдсан хуулийн шаардлагыг хангах нэмэлт зохицуулалт хийсэн акт байх бөгөөд захиргааны байгууллагаас хийвэл зохих нэмэлт зохицуулалтыг хийгээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзнэ. Харин нэхэмжлэгчээс шаардаж буй нэмэлт зохицуулалт нь тухайн актын үндсэн зохицуулалтад хамаарахгүй тул тухайн актад оруулбал зохих нэмэлт зохицуулалт биш байна. 

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийН “Б/16 дугаар тушаалаар Ж.Бг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын албан тушаалд томилж, ажлын байраар хангасан нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хамгаалсан эерэг нөлөөлө бүхий шийдвэр бөгөөд уг акт нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлыг буюу байгууллагын удирдлагыг томилох зорилго, агуулга бүхий захиргааны акт тул зөвхөн иргэн Ж.Бгийн ашиг сонирхлын үүднээс гараагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллага нь уг актыг гаргахдаа хууль болон хэм хэмжээний актын ямар шаардлагыг хангаагүй талаар нэрлэн зааж маргаагүйн дээр хариуцагч захиргааны байгууллагад хандаж “актад нэмэлт зохицуулалт” хийх талаар хүсэлт гомдол гаргаж байсан талаарх баримтыг ирүүлээгүй тул захиргааны эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж үзнэ. 

Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаар тогтоолоор Ж.Бг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн, ингэхдээ “Ж.Бг өөр ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.*******д даалгасан”, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захиргааны байгууллага нь Ж.Бг байнгын ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй”, нэхэмжлэгчээс “ажлын байраар хангагдах эрх зөрчигдсөн” хэмээн тайлбарлан маргах боловч нэхэмжлэгчээс ажлын байраар хангахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул оролцогчдын дээрх тайлбарт шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна. 

Дээрхээс дүгнэн үзвэл, Ж.Бгаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал Гочоогийн С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс гаргасан “Ж.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 дугаар тушаал гарсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж, бичилт хийхийг даалгах” тухай шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, ерөнхий харъяаллын шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б гийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаал Г.С г хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа орох үед Ж.Бг өмнөх болон энэхүү албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангасугай гэж нэмэлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Ж.Бгаас  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан “Ж.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/16 дугаар тушаал гарсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж, бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.МӨНХЗУЛ