Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0322

 

 

 

 

 

 

 

 

           “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Х.Наранзул

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х х” ХХК

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Гуравдагч этгээд Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0205/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х х” ХХК-иас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: 

“...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х х ХХК-ийн гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Х.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1.4-т "Х х" ХХК нь 2014 оны 8 дугаар сараас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Х х орон сууцны хорооллын барилга орон сууцны цахилгаан, дулаан ус хангамж, бохир ус татан зайлуулах 159.471.512 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж ЦТП2-А, 264.703.375 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж бүхий ЦТП-Д 166.178.215 төгрөгийн үнэтэй төхөөрөмж бүхий ЦТП-Д* үл хөдлөх хөрөнгийг хариуцан, уг орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, усан хангамж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж ирсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч ийнхүү үйл ажиллагааг хариуцах эрх олгож, үүрэг болгосон гэрээ, Захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр гарч байгаагүй, тус компанид уг байгууламжийг тогтвортой байнга ашиглуулах компанийн үйл ажиллагаагаар тогтмол хангах талаар тохирсон эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тохиролцоо хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.. "гэжээ.

Шүүх дээрх дүгнэлтдээ “Х х” ХХК нь маргаан бүхий тоног төхөөрөмжийг хариуцан ажиллуулж ирсэн гэдэг нь тогтоогдож байна гэж үнэлсэн атлаа эрх бүхий байгууллагын шийдвэр зөвшөөрөл байхгүй байна гэж үгүйсгэж байгаа нь хэргийн нэг үйл баримтыг 2 өөрөөр дүгнэсэн. Маргаан бүхий захиргааны акт нь "Х х" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал "Х х" ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хот Суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 00121 дугаартай цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 11/2018 дугаартай дулаан түгээх тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 12/2018 дулаанаар зохицуулалттай хангах зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд Улсын комиссын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах актаар тус тус "Х х" ХХК нь ашиглалт, үйлчилгээг албан ёсоор хариуцаж авсан нь тогтоогддог.

“Х х” ХХК нь 2014 оноос хойш 9 жилийн турш тухайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг илээр, шударгаар, хууль ёсоор, зохих тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж ашиглаж ирсэн нь хангалттай тогтоогдож байхад захиргааны байгууллагын ямар нэгэн зөвшөөрөл, гэрээ байхгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм. Шүүхийн дүгнэснээр харвал "Х х" ХХК нь дээрх барилга байгууламж, тоног төхөөрөмжийг 9 жилийн хугацаанд хэнд ч мэдэгдэхгүйгээр, хулгайгаар, хууль бусаар, ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашиглаж байсан гэж үзжээ.

Тодруулбал дээрх барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа болохоор компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1.6-д "Нэхэмжлэгч “Х х” ХХК нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн актыг өөрт нь ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д УДДТ-Д, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгийг ашиглуулахаар шийдвэрлэсэн шийдвэр мөн гэж тайлбарлаж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь уг актын агуулгаар тогтоогдож байна", мөн 3.1.7-д "Учир нь дээрх актын "Шийдвэрлэсэн нь" гэсэн гарчиг бүхий 2.1-т "Энэхүү дулаан хангамжийн шугам нь зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн бөгөөд Зориулалтаар ашиглаж болно гэж үзээд Улсын комисс ажиллуулахаар шийдвэрлэв" байгаагаас үзвэл "Х х" ХХК-д ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д УДДТ-Д, ЦТП-Д* /УДДТ-Д*/ үл хөдлөх хөрөнгүүдийг ашиглах эрх олгосон шийдвэр биш бөгөөд уг актад гарын үсэг зурсан албан тушаалтнууд нь хөрөнгө ашиглах эрх олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, түүнчлэн ийм баримт бичгээр аливаа этгээд төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглах эрх үүсдэггүй зэрэг нь илт тодорхой эрх зүйн үйл баримт..." гэж илт хууль бус дүгнэлт хийсэн.

Тухайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг 2014 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын 1.1-д “Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал гэсэн хэсэгт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлын дулаан хангамжийн шугам ЦТП-Д*, ЦТП-Д, ЦТП-А угсралтын ...” мөн 1.3-д “Ашиглагч аж ахуйн нэгж байгууллага гэсэн хэсэгт "Х х" ХХК гэж” тухайлан нэр заан албан ёсоор хүлээлгэж өгсөн.Улсын комиссын актад тухайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн бөгөөд зориулалтаар ашиглаж болно гэсэн агуулга байгаагаас гадна шууд ашиглах байгууллагыг "Х х" ХХК нэр заан оруулж албажуулсныг нотлох баримт юм. Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.3-д “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэсэн хууль зүйн агуулгаар дүгнэсэн ч тухайн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь дээрх акт гарсан өдрөөс бодитоор "Х х" ХХК-ны эзэмшил ашиглалтад шилжүүлэн өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бодит нөхцөл байдлаар нотлогдоно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1.8-д Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч “Х х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны Х х хорооллын дулаан цахилгаан, усаар хангах ЦТП-А /УДДТ-А/, ЦТП-Д /УДДТ-Д, ЦТП-Д* /УДДТ-Д/ үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх хэнд хадгалагдах, өмчийг ямар байгууллагад бүртгэх талаар болон БНХАУ-ын Засгийн газарт төлөх зээл болоод дамжуулан зээлсэн зээлийн хэн төлөхийг тогтоох болон уг хөрөнгийн талаар төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон гэж үзлээ гэж бодит нөхцөл байдлыг илт буруу дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч” гэнэ, мөн хуулийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж хуульчилсан.

“Х х” ХХК нь 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Х х орон сууцны хорооллын ашиглалт, засвар үйлчилгээг төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хариуцан гүйцэтгэж, тус хотхонд оршин суудаг 2500 гаруй айл өрх, 80 гаруй аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун, хүйтэн ус, халаалтаар хангах, бохир ус татан зайлуулах болон цахилгааны засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн бөгөөд тогтоол гарснаар “Х х” ХХК-ийн тухайн ЦТП буюу ус дулаан дамжуулах төвүүдийн эзэмших ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Тодруулбал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дугаартай тогтоолын 1-д маргаж буй хөрөнгийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ОНӨААТҮГ/ үндсэн хөрөнгөнд бүртгэхийг зөвшөөрсүгэй гэж орсон нь зөвхөн төр хөрөнгөө бүртгэх утга агуулгыг илэрхийлж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарладаг. Хариуцагч байгууллагын энэ тайлбар нь зөвхөн бүртгэх агуулгыг илэрхийлж байна гэж ойлгох гэхээр эзэмшил ашиглалтыг ч "Х х" ХХК-нд цаашид хэвээр үргэлжлүүлэхгүй гэх нэмэлт тайлбар шүүхэд гаргасан. Түүнчлэн тогтоолын 2.1-д “...хөрөнгө хүлээлцэх ажлыг байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналт дор зохион байгуулах..." гэж оруулсан бөгөөд ажлын хэсэг байгуулан 2 удаа тухайн объект руу хүч түрэн нэвтэрч, ус дулаан дамжуулах төвийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хаалтуудыг огцом унтрааж үйл ажиллагааг доголдуулах замаар эзэмшил, ашиглалтыг өөрт шилжүүлэн авах гэж бодитой үйлдэл хийсэн.

Түүнчлэн “Х х” ХХК нь эзэмшил ашиглалтыг бол шилжүүлэхгүй гэж зүй ёсны тайлбар хэлсний төлөө Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн 8/1988 тоот мэдэгдэлдээ 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр танай байгууллагад очиж ажиллах ажлын хэсгийн үйл ажиллагаанд саад учруулахгүй нэвтрүүлэхийг хүсье.

Нэвтрүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, журмын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг сунгахгүй байх, цуцлах хүртэлх арга хэмжээ авч ажиллах болохыг үүгээр анхааруулж байна" хавтаст хэргийн ...гэх байдлаар өөрт олгогдоогүй эрхээр далайлган, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй гэж дарамтлан, төрийн өмчид бүртгэх нэрийн дор тухайн объектын эзэмшил ашиглалт руу шууд халдаж, “Х х” ХХК-ний тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг үндсэн үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдалд оруулсан тул арга буюу тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж түдгэлзүүлсэн. "Х х" ХХК нь 2014 оноос өнөөдрийг хүртэл зөвхөн ус дулаан дамжуулах үйл ажиллагаа л эрхэлж ирсэн. Өөр ямар нэгэн давхар үйл ажиллагаа явуулдаггүй. Маргаан бүхий захиргааны акт нь хэрэгжиж эхэлбэл ....Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдсан "Х х" ХХК-ийн үйл ажиллагаа шууд зогсох, түүнээс үүсэх үр дагавар, "Х х" ХХК-ийн 35 ажилтны хөдөлмөрлөх эрх шууд зогсох ба түүнээ үүсэх үр дагавар, "Х х" ХХК нь 9 жилийн хугацаанд ус дулаан дамжуулах төвийн засвар ажил үйлчилгээнд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр хохирох гэх мэт нөхцөл байдал үүсч хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байна.

Анхан шатны шүүх хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулж ирсэн хуулийн этгээдийг шууд дампууруулах, үндсэн үйл ажиллагааг нь зогсоох, их хэмжээний хөрөнгийн хохирол хүлээхүйц, олон хүнийг ажилгүй болгох хэмжээний хор уршигтай хууль бус захиргааны акт гарчхаад байхад хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна, шаардах эрх бүхий этгээд биш гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дугаар тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29, 31, 32-д заасан шийдвэр гаргах ажиллагааны журам болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн.

Мөн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дугаар зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байхад шүүхээс энэ талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Шүүхийн шийдвэрт БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн гэрээг үндэслэн Сангийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хооронд байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний санхүүжилтийн дүнд бий болсон барилга байгууламж нь төрийн өмч болох, төрийн өмчийг хэрхэн үндсэн хөрөнгөд бүртгэх талаар шийдвэр гаргах нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах,

түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн акт нь нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны Х х хорооллын дулаан, цахилгаан, усаар хангах ЦТП-А, /УДДА-А/, ЦТП-Д, /УДДА-Д/, ЦТП-Д*, /УДДА-Д*/ үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн шийдвэр биш, комиссын гишүүд нь энэ талаар шийдвэр гаргах эрхгүй,

нийт 3.175.190.879,50 төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 23 байгууламжийн 257 нэр төрлийн хөрөнгийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэхийг зөвшөөрсөн нь холбогдох хууль, журамд нийцсэн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэжээ.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”, 91 дүгээр зүйлийн 1-т “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хувьд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Х х ы орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, ус хангамж, бохир ус татан зайлуулах тоног төхөөрөмж, ЦТП зэргийг хариуцан засвар үйлчилгээг гүйцэтгэж ирсэн, мөн энэ хугацаандаа 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний зардал гаргасан талаар болон олон жилийн турш хариуцан ажиллаж байгаа дулаан, ус, цахилгаанаар хангах объектыг барьж байгуулахад гаргасан санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр өмчлөлдөө шилжүүлэн авах хүсэлтийг маргаан бүхий тогтоол гарахаас өмнө ч, гарсны дараа нь ч Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төслийн нэгж, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан албан бичгүүд, тэдгээрт тухай бүрт өгсөн хариугаар тус тус тогтоогдож байна. 

            Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн өмчид шилжүүлэхгүй, эсхүл шилжүүлж болохгүй гэсэн агуулгатай хариу нэг ч удаа өгч байгаагүй, тэр ч байтугай одоогийн маргаан бүхий тогтоол гарснаас хойш ч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 8/238 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөхийг хүсч буй хөрөнгийг бүртгэх зөвшөөрөл олгогдсон “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т хандаж “…Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулж болно” гэж заасны дагуу Х х хороололд байрлах ус, дулаан дамжуулах 3 төвийн ашиглалтыг нь хариуцан ажиллаж байгаа “Х х” ХХК-д танай газар холбогдох хуулийн дагуу гэрээ байгуулан эзэмшүүлэх боломжтой эсэх талаар судалж, саналаа ирүүлэхийг хүсчээ.

3.Түүнчлэн орон сууцны VII хорооллын инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлын дулаан хангамжийн шугам, УДДТ-Д*, УДДТ-Д, УДДТ-А хөрөнгийг ашиглуулах талаар тусгайлан ямар нэг шийдвэр гараагүй, өөрөөр хэлбэл Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/2456 дугаар албан бичигт дурдсанаар маргаж буй ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг “Х х” ХХК-д хүлээлгэн өгсөн талаарх баримт тус яаманд байхгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А-1/1150 дугаар албан бичигт Улаанбаатар хотын VII хорооллын инженерийн шугам сүлжээ барьж байгуулах гэрээг Барилга, хот байгуулалтын яамны төслийн нэгж хариуцан гүйцэтгэж, улмаар улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулсан…” гэсэн энэ тохиолдолд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн актын 1.3-т Ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага хэсэгт “Х х ХХК” гэж бичсэнийг маргаан бүхий хөрөнгийн ашиглалтыг тус компанид хариуцуулсан шийдвэр гэж үзэх боломжтой.

Гэвч нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах хорооноос олгогдсон зохих зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, одоо ч явуулж байгаа энэ тохиолдолд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан, маргаан бүхий тогтоолын хавсралтад тусгагдсан хөрөнгийн Х х д хамаарах хэсгийг төлбөрийн ямар ч хэлбэрээр харилцан тохиролцож, өөрийн өмчлөлд авах хүсэл зориг, ашиг сонирхол байж болох ч шүүхээс энэхүү эрх нь зөрчигдсөн гэж үзэж, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох боломжгүй.

Учир нь “Х х” ХХК нь эдгээр ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтад орсноос хойшх 9 жилийн хугацаанд хэвийн найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж, Х хы 2500 гаруй айл өрх, 80 гаруй аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун, хүйтэн ус, халаалтаар хангах, бохир ус татан зайлуулах, цахилгааны засвар үйлчилгээг үзүүлж ирсэн бодит нөхцөл байдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “төсвийн болон гадны зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутийн өмч байна” гэснийг үгүйсгэх, шүүхээс хуулийн энэхүү заалтыг үл харгалзан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэгдэх, хариуцан ажиллаж буй ус, дулааны төвийн өмчлөх эрхийг эргэн төлөх нөхцөлтэйгээр шилжүүлэн авна гэсэн итгэлтэйгээр засвар үйлчилгээний зардлыг өөрсдөө гарган хэвийн ажиллагааг хангаж ирсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг ч, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас үндсэн хөрөнгө бүртгэхийг дээрх газарт зөвшөөрсөн нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзнэ.

4.“Х х” ХХК өнгөрсөн 9 жилийн хугацаанд ус дулаан, цахилгаан дамжуулах ЦТП-ийн ашиглалт үйлчилгээг хариуцаж ирсэн хугацаандаа, тухайлбал 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 001/035 тоот албан бичгээр Улаанбаатар хотын VII, XIV,  МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төслийн нэгжид хандаж тухайн үеийн байдлаар 942.222.500 төгрөгийн засвар үйлчилгээ, үйл ажиллагааны зардал гаргасан талаар, мөн цаашид ус дулаан дамжуулах төв Д, Д*, А, Г-ийн өмчлөлийг шилжүүлэн өгөхийг хүссэний хариунд дээрх төслийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19/98 дугаар албан бичгээр  нэхэмжлэгчийг ус дулаан дамжуулах төвүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөхийн сацуу ус дулаан дамжуулах төвүүд болон зээлийн хөрөнгөөр баригдсан барилга цахилгаан, дулаан цэвэр бохир усны шугам сүлжээний өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж өгөх талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яаманд хандсан талаар болон Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар ямар байгууллагын эзэмшил, өмчлөлд тухайн объект, шугам сүлжээг шилжүүлэхийг шийдвэрлэх талаар, уг нэгжид улсын болон зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, шугам сүлжээг ямар нэгэн байгууллагын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх эрх зүйн акт байхгүй талаар,

Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/3280 дугаар албан бичгээр “…зээлийн төлөлтийг төлж эхлээгүйтэй холбоотойгоор нийт зээлийн хөрөнгөөр баригдсан инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгүүлэх, холбогдох байгууллагуудад шилжүүлэх асуудал хойшилж байгаа тул эргэн төлөлтийг хийж эхэлсний дараагаар өмчлөлийн талаар шийдвэрлэх боломжтой болохыг тус тус мэдэгдэж байсан төдийгүй ийм агуулгатай бичгийг удаа дараа өгч байжээ.

Харин Барилга, хот байгуулалтын сайдаас  Сангийн сайдад хандсан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/712 дугаар албан бичигт:

“…Улаанбаатар хотын VII, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам сүлжээ барьж байгуулах гэрээт ажлын хүрээнд 58.118.583.631 төгрөгийн өртөг бүхий цахилгааны дэд станц, хуваарилах байгууламж, ус, дулаан дамжуулах төв, цэвэрлэх байгууламж, дулаан, бохир усны шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэж, 2016-2019 онд ашиглалтад оруулах комисс ажилласан, гэвч эдгээр хөрөнгийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК, Ус сувгийг удирдах газар ОНӨААТҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авахгүй, мэргэжлийн байгууллагын блансад шилжээгүйгээс хөрөнгө эзэнгүйдэх, тоногдох, харуул хамгаалалтын болон бусад нэмэлт зардлуудыг үүсгэж байгаа тул ажлын хэсэг байгуулан хөрөнгийн өмчлөлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүссэн, 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 491 дүгээр маргаан бүхий тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2008 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 148 дугаар тогтоолын 1.а дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 4.1.4 дэх заалтыг үндэслэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд бий болсон нийт 3.175.190.879,50 төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан хөрөнгийг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/142 дугаар тушаалаар үндсэн хөрөнгөд шилжүүлэх, хөрөнгө хүлээлцэх Ажлын хэсэг байгуулсан, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 8/1988 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн зэргээс үзэхэд зөвхөн хөрөнгө бүртгэх бус мөн хөрөнгийг хүлээлцэх ажиллагаа хийгдэхээр, үүнийг эсэргүүцсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх, цуцлах арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдсэн байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж дүгнэхээргүй байх хэдий ч хариуцагчаас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд төрийн өмчийг бүртгэх, хөрөнгө хүлээлцэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй.

Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд өнгөрсөн хугацаанд гаргасан их хэмжээний хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны чиглэл, олон жилийн турш хариуцан ажиллаж байсан, түүнчлэн маргаан бүхий тогтоол гарах хүртэлх хугацаанд итгэл төрүүлэх байдлаар хариу өгч байсан зэрэг бодит нөхцөл байдлаа харилцан зөвшилцөж, холбогдох санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр өмчлөлдөө шилжүүлэн авах тохиолдолд энэхүү шийдвэр, магадлал саад болохгүй болохыг, шүүхийн шийдвэрт ч нэгэнт төрийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг дүгнэсэн байгааг тус тус тэмдэглэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Х.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН