| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 181/2017/00410/И |
| Дугаар | 181/ШШ2017/01285 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2017/01285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогт О.Б /РД:............../-г төлөөлөн Д.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хаан банк” ХХК-д холбогдох,
2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан .................тоот Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, илүү тооцож төлсөн төлбөр 4.017.046 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , гэрч Г.Б н, Т.Н р, С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар: О.Б нь ЗГ 10/449 тоот Орон сууцны зээлийн гэрээ, БГҮХ 10/449 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр Хаан банкны өмнө үүрэг хүлээсэн ба зээлийг 120 сарын хугацаатай, нэг жилийн 12 хувийн хүүтэй 34.400.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ одоо ч үргэлжлэн төлөгдөж яваа юм.
О.Б, С.О нар 2010 оны 11 сард Хаан банкинд хүсэлт гаргаж, 2010 оны 11 сарын 09-ний өдөр хугацаа сунгах, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээний 2.1.1-д жилийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулсан. 2013 оны 6 сард мөн хүсэлт гаргаж, банкнаас тэдний хүсэлтийг хүлээн авч харилцан тохиролцсоны үндсэн дээр ЗГ 10/449 тоот зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсанаар, жилийн зээлийн хүүг 4.8 хувь болгож, сар бүр 300.900 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг.
2014 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл зээл хуваарийн дагуу төлөгдөж явтал 2014 оны 12 сарын 26-ны өдөр надад мэдэгдэлгүйгээр Хаан банкнаас С.Оыг дуудуулан ЗГ 10/449-2 тоот Гэрээнд нэмэлт өөрчлөпт оруулах тухай гэрээг байгуулсан байсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцогдох ба хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, хоёр ба олон талын хэлцэлд хүсэл зоригоо илэрхийлэгч субьектууд гарын үсэг зурснаар хуулийн хүчин төгөлдөр баримт бичиг болох ёстой.
Үндсэн гэрээний 11.4 болон уг нэмэлт өөрчлөлт оруулах ЗГ 10/449-2 тоот гэрээний 3.5-д гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага болоод хүчин төгөлдөр болох тухайд тусгасан байгаа. С.О болон О.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгч байтал О.Бд мэдэгдэж гарын үсэг зуруулалгүй, О.Бгийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл тоон харгалзан үзэлгүй гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хүүг ямар ч үндэслэлгүйгээр 4.8 хувиас 18 хувь болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд миний зүгээс дараах шаардлагыг гаргаж байна.
1.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ, 202 дугаар зүйлийн 202.5-д зааснаар гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу үндсэн зээлийн гэрээ болон бусад нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулан байгуулсан байдаг тул үүнтэй маргах зүйлгүй.
Харин хамгийн сүүлд С.Отгснбаатар болон “Хаан банк” ХХК-ийн хооронд О.Бд мэдэгдэлгүйгээр байгуулсан нэмэлт өөрчлөлт бүхий 2014 оны 12 сарын 26-ны өдрийн ЗГ 10/449-2 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.
2.2010 оны 8 сарын 26-ны өдрийн ЗГ 10/449 тоот Орон сууцны зээлийн гэрээний 5.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй”, мөн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу 2014 оны 12 сарын 26-аас 2017 оны 01 сарын 08-ны өдөр хүртэлх 4.8 хувиас 18 хувь болгон тооцсон хүүгийн зөрүү төлбөр болох 13.2 хувь буюу 4.017.046 төгрөгийг “Хаан банк” ХХК-иас гаргуулан олгож өгнө үү хэмээн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлд нэмэлт өөрчлөлт орсон талаар маргаан байхгүй. Харин 2014 оны 12 сарын 26-ны өдөр яагаад зээлийн гэрээний өөрчлөлт орсон бэ гэхээр С.О нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүмүүстэй зүй бус харьцсан, хэл амаар доромжилсон зэргийг үндэслэж албан тушаалыг нь бууруулаад сахилгын шийтгэл оногдуулж байсан. Энэ тухай хувийн хэрэгт байгаа зан харилцааны доголдолтой гээд мөн С.О нь дараа нь 2 жилийн хугацаатай чөлөө авсан, тэр хугацаанд банкны хувьд чөлөөтэй байна гэж үзээд дотоод аудитын шалгалт орсон чинь Хаан банкнаас чөлөө авсан байж Төрийн банкинд хянан шалгагчаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас ажлаас чөлөөлсөн. Хаан банк ажилтнуудынхаа нийгмийн байдлыг харж үзээд 6 хувийн хүүтэй орон сууцны зээл өгдөг. Тэр зээл нь орон сууцны болон амины зээл өгч болдог. Жил болгон зээлээ хугацаанд нь хэтрүүлэхгүй төлдөг бол хүсэлт гаргаад хүсэлтийг нь шийдвэрлээд 4.8 хувь болсон.
С.О нь ажлаас гарсан Хаан банкны ажилтан биш учраас энгийн нөхцөлтэй орон сууцны зээлэнд шилжүүлэх шаардлагатай учраас тухайн гэрээг байгуулаад шилжүүлсэн. Тэгээд тухайн үед С.О нь хотод Төрийн банкинд ажиллаж байгаа гээд хотруу явуулж гарын үсгийг нь зуруулаад О.Бгаар гарын үсэг зуруулах гэхэд Булганы Хялгантад өөрийнхөө аав ээж дээр байгаа гээд өнөөдрийг хүртэл гарын үсгийг нь зуруулж амжаагүй. Гарын үсгээ өнөөдөр О.Б нь зураагүй учраас маргаан гаргаад явж байна. Гэр бүлийн хүмүүс байж зориуд ийм байдал үүсгэж байгаа гэдгийг манай зүгээс үзээд байгаа юм.
Хэдийгээр О.Б нь гарын үсэг зураагүй ч гэсэн С.О нь үндсэн зээлдэгчээр яваад зээлээ төлөөд явж байна. Тухайн зээл эргэн төлөх хуваарийг 2014 оны 12 сарын 26-ны өдрөөр тухайн зээлийн сар болгоны 11-ний өдөр төлнө гэдэг сард 432.000 төгрөг төлж байгаа. Энэ графикийн дагуу төлөгдөөд явж байгаа. Тийм учраас тухайн гэрээг хүлээн зөвшөөрөөд хугацаа хэтрэхгүй төлөөд явж байгаа, гэрээг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Энэ талаар холбогдох дансны хуулга хэрэгт авагдсан байгаа.
Ажлаас гарсан тохиололд ямар байдлаар шилжих вэ гэдгийг тодорхой зохицуулсан зүйл байдаг. С.О нь 2014 оны 12 сараас эхлээд 18 хувийн зээл руу шилжсэн гэрээнд гарын үсэг зурсан, хамтран зээлдэгч О.Бд шаардлага хүргүүлэхэд санаатай зугтсан бөгөөд С.О нь зээлээ төлөөд явдаг учраас гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.
Нэхэмжлэл, зохигч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бг төлөөлөн Д.Н “Хаан банк” ХХК-д холбогдуулан, 2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан .................тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, илүү тооцож төлсөн төлбөр 4.017.046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
С.О нь “Хаан банк” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт 2003 оны 10 сарын 07-ны өдрөөс 2014 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгч, ахлах эдийн засагч, харилцааны менежер зэрэг албан тушаалыг эрхлэн ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан С.Оын НДД №А000289603 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, “Хаан банк” ХХК-ийн захирлын 2010 оны 5 сарын 03-ны өдрийн 62, 2011 оны 5 сарын 09-ний өдрийн 82, 2012 оны 01 сарын 02-ны өдрийн 277, 2012 оны 4 сарын 09-ний өдрийн 49, 2012 оны 5 сарын 24-ний өдрийн 70, 2012 оны 9 сарын 05-ны өдрийн 126, 2012 оны 12 сарын 06-ны өдрийн 190, 2013 оны 10 сарын 01-ний өдрийн 177, 2013 оны 10 сарын 04-ний өдрийн 190, 2013 оны 10 сарын 11-ний өдрийн 203, 2014 оны 5 сарын 16-ны өдрийн 71, 2014 оны 9 сарын 19-ний өдрийн 172, 2014 оны 9 сарын 24-ний 06/1217, 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 265 дугаартай тушаалууд, С.О болон “Хаан банк” ХХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
“Хаан банк” ХХК болон, С.О, О.Б нарын хооронд 2010 оны 8 сарын 26-ны өдөр 34.400.000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж №ЗГ10/449 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №БГҮХ 10/449 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулсан.
2010 оны 11 сарын 09-ний өдөр Хугацаа сунгах, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн төлбөрийн үлдэгдэл 33.895.585,43 төгрөгийн хүүг 6 хувь болгон өөрчилсөн,
2013 оны 6 сард ЗГ 10/449 тоот зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан жилийн зээлийн хүүг 4.8 хувь болгож, сар бүр 300.900 төгрөгийг төлөх өөрчлөлт гэрээнд тус тус оруулсан.
Зээлийн гэрээний хүүгийн хэмжээг багасгаж гэрээнд өөрчлөлт оруулсан дээрх гэрээний өөрчлөлтүүд талуудын хооронд анх байгуулсан 2010 оны 8 сарын 26-ны өдрийн №ЗГ10/449 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 11.4.-т заасан шаардлагыг хангаагүй байсан хэдий ч эдгээр өөрчлөлтийн талаар талууд маргаагүй, зээлийн эргэн төлөлт тогтоосон хуваарийн дагуу төлөгдсөн байна.
С.О өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнийг үндэслэн 2010 оны 8 сарын 26-ны өдрийн №ЗГ10/449 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл төлбөр болох 18.337.576,55 төгрөг, зээлийн хүү 40.845,78 төгрөг байсныг энэ өдрөөс эхлэн зээлийн хүүг жилийн 18 хувь болгон өөрчилсөн, зээлдэгч С.О зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу 2015 оны 01 сарын 11-ний өдрөөс сар бүр зээлийн эргэн төлөлт хийж байгаа болох нь “Хаан банк” ХХК-ийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Эдгээр байдлаас үзэхэд зээлдэгч С.О, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Б нар тухайн үед Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзаагүй нь хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлийг үгүйсгэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох үндэслэлийг үүсгэснээр зээлийн гэрээнд оруулсан өөрчлөлтүүдийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлж уг хэлцлүүдийг бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-т энэ хуулийн 56.2.-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр заасан.
Талуудын хооронд байгуулсан 2010 оны 8 сарын 26-ны өдрийн №ЗГ10/449 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, №БГҮХ 10/449 дугаартай Барьцааны гэрээ, 2010 оны 11 сарын 09-ний өдөр Хугацаа сунгах, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах гэрээ, 2013 оны 6 сард ЗГ 10/449 тоот зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт оруулсан өөрчлөлт, 2014 оны 12 сарын 26-ны өдөр .................дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь тус тус талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд, дээрх үндэслэлээр О.Бгийн гаргасан 2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан .................тоот Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, илүү тооцож төлсөн төлбөр 4.017.046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар О.Бгийн гаргасан 2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан .................тоот Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, илүү тооцож төлсөн төлбөр 4.017.046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР