Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/501

 

 

 

 

 

 

                     

                 

   2021             7           28                                        2021/ШЦТ/501                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,  

улсын яллагч Б.Солонго,         

  шүүгдэгч Т.Р , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б   овогт Т-ын    Р     холбогдох эрүүгийн 2105006510674 тоот дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ оны ..... дүгээр сарын ...........-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ..........настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл ............... хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ........... дугаар хороо, ......................тоот оршин суух,

урьд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, уг ялыг бүрэн эдэлж 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан, Б   овогт Т-ын    Р     , регистрийн дугаар:..................

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Р  нь 2021 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сот-2” дугаар байрны 1 тоотод байх хохирогч Б.М-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.М-ын эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Р  нь 2021 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сот-2” дугаар байрны 1 тоотод байх хохирогч Б.М-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.М-ын эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Р  мэдүүлэхдээ:

 

“...Би байрны подвальд өрөө түрээсэлдэг байсан. Тухай өдөр байрны ахтай гадаа уулзаад эхлээд 0.33-тай архи уучихаад нэмж 0.75 архи хоёрыг уусан. Тэгээд би гэр лүүгээ ороод цуг амьдардаг найзтайгаа муудаад гэрээсээ гарсан. Би согтсон байсан тул ямар байр луу орсноо санахгүй байна. Өглөө сэрэхэд миний карманд утас асаалттай байсан. Сим байхгүй байсан болохоор би симээ хийсэн. Би зарж үрэгдүүлнэ гэсэн бодол байгаагүй. Баригдсан өдрөө буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Р гийн өгсөн:

 

“... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би хохирлоо бүрэн төлж барагдуулсан... ” гэх мэдүүлэг /хх-н 46/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-ын өгсөн:

 

“...би 2021 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 01- ний 02 цаг хүртэл гэртээ эхнэртэйгээ хамт зурагт үзэж байгаад том өрөөндөө газар ор засаад унтаж амраад 01-ний өглөө 06 цагийн үед сэрээд 00 орж бие засах гэсэн чинь манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би буцаж том өрөөнд ороод харсан чинь унтах үедээ орныхоо хажууд тавьсан байсан “айфоне-8” загварын гар утас алга болсон байсан. Тэгээд би гаднаас хүн орж ирээд авсан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...Би орой ажлаасаа ирэхдээ хаалгаа дотроос нь хаасан. Харин түгжээгүй. Манай гэрийн хаалга зүгээр хаагаад орхисон үед цоож нь гацаад сайн ажиллахгүй онгойгоод байдаг...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.М-ын өгсөн:

 

“...бид хоёр 02 цагийн орчимд амарсан. М өөрийн эзэмшлийн айфоне-8 загварын гар утсаа зүүн гар талдаа тавьсан байсан. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед М сэрэхдээ гар утас алга болсон талаар мэдсэн. Бид 2 гар утсаа хайсан боловч олдоогүй. Манай хаалга онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/, 

 

                Хохирогч Б.Мөнхбаатараас цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 2/,

 

                Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/,

                Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, /хх-н 9/,

 

              Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-н 10/,

 

               “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 4 дүгээр 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 520.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-н 28- 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Р г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

  Хохирлын талаар

 

     Хавтаст хэргийн 112 дүгээр талд хохирогчоос “...гомдол санал, байхгүй...эд зүйлээ хүлээн авсан...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Т.Р г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/,

-оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 50/

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33, 34-39, 82-88/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Т.Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.  Шүүгдэгч Т.Р  нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 28 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд оруулан тооцох саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Т.Р  нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэм буруу хэргийн зүйлчлэлд маргаангүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

 

            Харин шүүхээс Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дзгээр зүйл нь Өршөөл үзүүлж болох эрх хэмжээг шүүхэд эрх хэмжээг олгосноос бус үүрэг болгосон заалт биш юм. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн мөн урьд хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих шаардлагагүй бөгөөд харин хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Иймд шүүгдэгч Т.Р г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Р г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Р гийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б   овогт Т-ын    Р     г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Р г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Р д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Р гийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

6. Шүүгдэгч Т.Р д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Р д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ