| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0076/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2016-07-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогч Д.Золжаргал
Шүүгдэгч Д.Мөнхбуян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Содном овогт Дамбадаржаагийн Мөнхбуянд холбогдох эрүүгийн 201610010138 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. халх, эрэгтэй 25 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3-р багт оршин суух хаягтай, малчин, Содном овогт Дамбадаржаагийн Мөнхбуян /РД: ЕК91071334/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/
Шүүгдэгч Д.Мөнхбуян нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг 50 минутын үед найз Дэлгэрмөнх овогтой Золжаргалтай согтууруулах ундааны зүйл ууж сууж байгаад Золжаргалын зүүн талын хөлны гуяны дунд хэсэгт хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Мөнхбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 23-ны өдөр миний мотоциклийн өвдөгч нь эвдэрчихээд 16 цагийн үед би Золжаргалын гэрт очоод сумын төв хамт яваад миний мотоциклийн өвдөгчийг гагнуулаад ирье гээд бид хоёр хамт сумын төв явсан. Миний мотоцикльд гагнуур хийлгээд буцаад явахдаа Золжаргал бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад сумын дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи 1 шил, 2,5 литрийн Сэнгүүр пиво нэгийг аваад гэртээ очсон. Гэрийн ажлаа хийж дуусчихаад 22 цагийн үед Золжаргалын гэрт очоод сумын төвөөс авчирсан 1 шил архи, 1 пиво аваад Золжаргалын гэрийн баруун хойшоо Баянмодны зүүн талд очоод архи ууж сууж байхад Золжаргал утсаар Энхтайван, Ууганбаяр хоёрыг Мөнхбуян бид хоёр байна энд хүрээд ир гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр морь, мал яриад сууж байхад Золжаргал миний баруун талын шанаа луу цохиод авахаар нь чи яагаад байгаа юм бэ, босоод ир үзчих үү гэсэн чинь дахин миний уруул луу цохиод авахаар нь түлхсэн чинь унчихаад босож ирээд наймайг өшиглөх гэхээр нь хутга гаргаж ирээд Золжаргалын зүүн талын гуян хэсэгт хутгалсан. Тэгээд Ууганбаяр, Энхтайван хоёр ирээд Золжаргалыг аваад Дэлгэржаргал ахынд очоод эхнэр Ганчулуун эгчээр Золжаргалын ээж лүү нь яриулж түргэн дуудуулсан гэв.
-Хохирогч Д.Золжаргал хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэртэй 2016 оны 06 сарын 23-ны өдөр байж байхад 16 цагийн үед манайд Мөнхбуян ирээд хоёулаа сумын төв яваад миний мотоциклийн өвдөгч гагнуулчихаад ирье гэхээр нь бид хоёр хамт сумын төв явсан. Мөнхбуянгийн мотоцикльд гагнуур хийлгээд буцаж явахдаа бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи 1 шил, 2,5 литрийн Сэнгүүр пиво нэгийг аваад гэртээ очсон. Морь малаа тавчихаад байж байхад Мөнхбуян манайд 22 цаг болж байхад ирээд сумын төвөөс авчирсан 1 шил архи, 1 пиво аваад ирсэн. Бид хоёр манай гэрийн баруун хойшоо Баянмодны зүүн талд очоод архи ууж сууж байгаад би утсаар Энхтайван, Ууганбаяр хоёрыг дуудчихаад морь мал яриад байж байгаад би Мөнхбуянгийн нүүрлүү түлхсэн тэгсэн Мөнхбуян намайг түлхсэн тэгэхэд нь би газарт унаад босож ирэхэд миний зүүн талын гуянаас цус гарч байхаар нь хутгалсан байна гэж бодоод цус гарч байсан гуян дээрээ гараараа дараад байж байхад Ууганбаяр, Энхтайван хоёр ирээд хамт Дэлгэржаргал ахынд очсон, тэд нар түргэн дуудчихлаа гэж байсан. Би Д.Мөнхбуянг уучилж бид хоёр учраа олж эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
-Гэрч Х.Ууганбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 06 сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Золжаргал манай дүү Баярцэцэгийн утас луу залгаад Мөнхбуян бид хоёр Баянмодны зүүн талд байна. Энхтайван та хоёр энд хүрээд ир би мотоциклийн гэрлээр дохье гэсэн. Гэрээс гараад урагшаа явж байхад мотоциклийн гэрэл дохихоор нь яваад очиход Золжаргал намайг Мөнхбуян хутгалчихлаа миний гуянаас цус гараад байна гэсэн. Тэгэхээр нь би Золжаргалыг мотоциклийн араар суулгаад Дэлгэржаргал ахынд очоод эхнэр Ганчулуун эгчийг Золжаргалын ээж лүү нь яриад түргэн дуудаарай гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 8-9/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/
-Эд мөрийн баримтыг хурааж, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/
-Шинжээчийн 310 тоот дүгнэлт. 1. Д.Золжаргалын биед зүүн гуяны дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 3.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Шинээр илэрсэн нөхцөл үгүй болно гэжээ. /хх-ийн 16/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/
-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/
-Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 27/
-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 28-29/
-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 31/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Мөнхбуян нь 2016 оны 06 сарын 24-ний шөнө 02 цаг 50 минутын үед найз Дэлгэрмөнх овогтой Золжаргалтай согтууруулах ундааны зүйл ууж сууж байгаад Золжаргалын зүүн талын хөлны гуяны дунд хэсэгт хутгалж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Мөнхбуянгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Золжаргалын “...Мөнхбуянгийн нүүрлүү түлхсэн тэгсэн Мөнхбуян намайг түлхсэн тэгэхэд нь би газарт унаад босож ирэхэд миний зүүн талын гуянаас цус гарч байхаар нь хутгалсан байна гэж бодоод цус гарч байсан гуян дээрээ гараараа дараад байж байхад Ууганбаяр, Энхтайван хоёр ирээд хамт Дэлгэржаргал ахынд очсон, тэд нар түргэн дуудчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 310 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мөнхбуян нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Д.Золжаргал нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг өгсөн байдал, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Содом овогт Дамбадаржаагийн Мөнхбуянг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Дамбадаржаагийн Мөнхбуянд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Мөнхбуян нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шар өнгийн бариултай цагаан эвхдэг хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.Мөнхбуян урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг Д.Мөнхбуян, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА