Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0494

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        “С б к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С б к” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “С Б К” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/НТГ-06 дугаар Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээг цуцалсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цуцалсны улмаас “С б к” ХХК-д учирсан хохиролд нийт 228.031.321.03 төгрөгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргуулах,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гарсан нэхэмжлэгч компани болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0510/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С б к” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус холбогдуулан С б к” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/НТГ-06 дугаар Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээг цуцалсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цуцалсны улмаас “С б к” ХХК-д учирсан хохиролд нийт 228.031.321.03 төгрөгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргуулах, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гарсан нэхэмжлэгч компани болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.11, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С б к” ХХК-иас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “С б к” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/НТГ-06 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цуцалсны улмаас “С б к” ХХК-д учирсан хохиролд нийт 228,031,321.03 төгрөгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргуулах, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гарсан нэхэмжлэгч компани болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Т нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллагын "С б к" ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17/НТГ-06 дугаартай "Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ"-г дангаар цуцалсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтад нийцсэн буюу "С б к" ХХК-тай байгуулсан гэрээний 1.2-т "журмын хэрэгжилтийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх" гэх зорилго хангагдаагүй болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн "Мөрдөгчийн мэдэгдэл"-ийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэж үзэх үндэслэлтэй.

3.2.2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн "Мөрдөгчийн мэдэгдэл"-ийн дагуу байгуулагдаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/07 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг байгуулсан нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан Д.О, Н.О, Г.З нарын үйлдэлтэй ямар ч хамааралгүй юм.

Харин ажлын хэсэг "С б к" ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах саналыг гаргах нэг үндэслэлээ эдгээр иргэдийн үйлдлийг шүүхээс гэмт хэрэг болохыг тогтоосон мэтээр тайлбарласан боловч захиргааны гэрээ байгуулсан, гэрээний хэрэгжилтийг дүгнэж байсан үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгасны үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

3.3.Гэрээ цуцлах үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлтийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх гэрээний оролцогч тал болох "С б к" ХХК-д огт танилцуулаагүй, нийслэлийн Нийтийн тээврийн газарт хүртэл гэрээ цуцлах шийдвэр гарсны дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 12/2252 дугаар албан тоотоор хүргүүлсэн байдаг. Иймээс захиргааны байгууллагын гэрээ цуцалсан үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй бөгөөд шүүх энэ тухайд огт дүгнэлт хийгээгүй.

3.4.Хариуцагч захиргааны байгууллагын захиргааны гэрээг цуцалсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах тул Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэж байна.

Эдгээр ажиллагааг хуульд заасны дагуу хийснээр "С б к" ХХК-ийн зүгээс тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдлэх, цаашлаад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд кондуктор /хянагч/-аар ажиллаж байсан 200 гаруй ажилтнуудынхаа хөдөлмөрлөх, цалин хөлс, тэтгэмж авах эрхийг нь зөрчихгүйгээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх байсан нь гарцаагүй.

Гэтэл захиргааны байгууллага дээр дурдсан ямар ч ажиллагааг хийхгүйгээр, Засаг даргын зөвлөлийн хурлаас гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн цуцлах чиглэлийг өгсөөр нэхэмжлэгч компанид гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг огтхон ч харгалзаж үзэлгүй, их хэмжээний хохирол учруулж гэрээг цуцалсан бөгөөд анхан шатны шүүх энэ тухайд шийдвэрийн "үндэслэх" хэсгийн 3.5-д нийт 214 ажилтныг шалгагчаар томилон ажиллуулсан үйл баримтыг дүгнэсэн хэрнээ захиргааны байгууллагын эдгээр ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэх үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсан үйлдлийг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч компанид учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.5.Анхан шатны шүүх "С б к" ХХК-ийг Нийтийн тээврийн үйлчилгээний журмын зорилгыг хангаж ажиллаагүй гэж буруутгасан захиргааны байгууллагын дүгнэлтийг зөв гэж үзсэн боловч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 23/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам"-ын 2.1-д "Нийтийн тээврийн үйлчилгээний орлого бүрдүүлэх, төвлөрүүлэх, нэмэгдүүлэх үйл ажиллагааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “У с к” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих байгууллага нар хамтран зохион байгуулна", 2.3-д "Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих байгууллага нь энэ журмын 4.2-д заасан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний орлогын доод хязгаарыг төвлөрүүлэх ба "У с к” ХХК болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд орлогын доод хязгаарыг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана" гэж тус тус заасан байдаг.

Үүнээс дүгнэхэд нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх чиг үүргийг зөвхөн "С б к" ХХК бус "У с к" ХХК болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран хүлээсэн байхад энэ тухайд анхан шатны шүүх "орлогыг төвлөрүүлэх үүрэг нь нэхэмжлэгчид хамааралгүй гэж үзэх боломжгүй" гэж нийтийн тээврийн үйлчилгээнд оролцогч талуудын хамтран хүлээх үүргийг гагцхүү "С б к" ХХК-д хамаатуулж, захиргааны байгууллага гэрээг цуцалсан нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь буруу юм.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлтээр жил бүр шугамын орлого буурсан гэх боловч 2020 онд харин ч өссөн үзүүлэлттэй байдаг буюу 18.422.602.0 төгрөг төвлөрүүлэхээс 19.849.442.1 төгрөг төвлөрүүлсэн болох нь ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан байдаг.

3.6.Түүнчлэн ажлын хэсэг дүгнэлтийнхээ "Үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд" хэсэгт "31927 гомдлын 27558 нь "У с к" ХХК-тай холбоотой буюу “цэнэглэх цэгийн үйл ажиллагааны талаарх дуудлага байсан бөгөөд цэнэглэх цэг эрт онгойдоггүй, хаалттай, мөнгө нь дууссан, карт борлуулалт байхгүй, цэнэглэх цэгийн хүртээмж муу, нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэний бодит тоон мэдээллийг үнэн зөвөөр мэдэх, хяналт тавих боломжгүй, нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэгч иргэдийн тоо, мэдээллийг үнэн зөвөөр баталгаажуулах, шалгах, хянах боломжгүй, тус газрын шалгагч ажилтан нар нь зөрчил илрүүлэх боловч өөрсдөө газар дээр нь арга хэмжээ авах эрх байхгүй, эрх бүхий байцаагч, албан тушаалтанд мэдэгдэх бөгөөд газар дээрх нотлох баримтгүйн улмаас замхран алга болох тохиолдол их байна" гэж тодорхойлсон.

Дээрхээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд, үүний дотор нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэгч иргэдийн тоо, мэдээллийг үнэн зөвөөр мэдэх, гаргах боломжгүй нь шугамын орлого буурсан шалтгааныг үнэн зөвөөр, үндэслэл бүхий тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс шугамын орлого буурсан шалтгаан нь 2015 оноос хойш нийтийн тээврээр зорчигч иргэдийн тоо буурсан, эсхүл хөнгөлөлттэй тарифаар зорчигч иргэдийн тоо өссөнтэй холбоотой байж болзошгүйг тодорхой харуулж байхаас гадна захиргааны байгууллага нь өөрсдөө шалгагч нарт илрүүлсэн зөрчилдөө хариуцлага тооцож, гэрээгээр хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлээгүй, эрх олгоогүй нь зөрчил буурахгүй байх, шугамын орлого буурсан нэг хүчин зүйл болсон гэдгийг дурдах нь зүйтэй.

Хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

3.7.Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс захиргааны гэрээг цуцалсан нь Засаг даргын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэж тайлбарладаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан захиргааны гэрээг цуцлах тусгай тохиолдол гэх тайлбарыг огт гаргаагүй байхад шүүх хариуцагч захиргааны байгууллагын гэрээг цуцалсан үндэслэлийг нь хуулийн тусгай зохицуулалт үүссэн мэтээр хариуцагчийн өмнөөс тайлбарлан, дүгнэлт хийснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д "Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ", 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3.8.Хэрвээ анхан шатны шүүх захиргааны байгууллагын гэрээ цуцалсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан тусгай тохиолдол хэмээн дүгнэсэн нөхцөлд нөхөх олговор, гэрээ цуцалснаас учирсан хохирлын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай бөгөөд хохирлыг арилгах нь захиргааны байгууллагын үүрэг юм. Энэхүү зарчим нь гэрээнд оролцогч нэг талын захиргааны гэрээнд итгэж гэрээний хүрээнд, гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зардал гаргасан, хохирол амссан талын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай холбоотой.

Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д "Захиргааны гэрээнд энэ хуулийн тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ" гэж заасан байдаг тул анхан шатны шүүх гэрээ цуцалснаас үүсэх үр дагавар, хохирлын асуудлыг Иргэний хуульд заасан зохицуулалтыг нөхөн хэрэглэх зарчмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай.

Энэ тохиолдолд захиргааны гэрээг цуцалсны дараах үр дагаврыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 227.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж заасны дагуу гэрээ цуцалснаас "С б к" ХХК-д учирсан хохиролд 228.031.321.03 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаар хуралдаанаас “…нийслэлийн нийтийн тээврийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагч ажиллах эрх зүйн орчин бүрдээгүй, үр ашиггүй ажиллаж байгаа, цаашид шалгагч ажиллуулах шаардлагагүй, хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “С б к” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах” 17/НТГ-06 дугаар гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлах”-ыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгожээ.

            Нийтийн тээврийн газраас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дүгээр албан бичгээр зөвлөлийн хурлаас гарсан дээрх шийдвэрийг дурдаад хамтран ажиллах гэрээний 8.3.1, 8.3.3-т заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр гэрээ цуцалж байгааг нэхэмжлэгчид мэдэгдсэн, харин гэрээний 8.3-т гэрээний аль нэг тал гэрээг цуцлахдаа нөгөө талдаа ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө бичгээр мэдэгдэхээр заажээ.

            Хугацааны хувьд ажлын 8 хоногийн өмнө ийнхүү гэрээ цуцлах мэдэгдлийг өгснөөр гэрээний 8.3-т заасан хугацааг бүрэн баримтлаагүй байх боловч нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас цуцлах үүрэг болгосон шийдвэр гаргасныг илт хууль бус үзэхгүй.

            Учир нь зөвлөлийн хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч удирдаж явуулсан, гишүүдэд Засаг даргын салбарын асуудал хариуцсан орлогчид, Засаг даргын Тамгын газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор, Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар болон албаны эрх бүхий бусад албан тушаалтнууд оролцсон, түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2017 оны А/591 дүгээр захирамжаар анх дээрх гэрээг байгуулах эрхийг олгосны нэгэн адил байгуулагдсан гэрээг цуцлахыг Засаг даргын зөвлөлөөс үүрэг болгосныг эрх хэмжээгүй этгээдээс гаргасан шийдвэрт тооцохгүй.

            Шүүхийн шийдвэрт дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авто тээврийн тухай хуулиас гадна Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хуульд тус тус зааснаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Нийтийн тээврийн газрын нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, улмаар шийдвэр гаргах эрх хэмжээг хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй.  

            2.Түүнчлэн гэрээний нэг тал болох Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэг агентлаг тул хариуцсан агентлагтаа чиглэл өгсөн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж гаргасныг илт хууль бус гэж үзэхгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэжээ.

            Иймд Засаг даргын зөвлөлөөс эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, Нийтийн тээврийн газраас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсныг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

            3.Хэдийгээр гэрээ хэрэгжиж байх хугацаанд шалгагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн, зогсоосон шийдвэр гараагүй, ямар нэгэн торгууль ногдуулж, суутгал хийгдээгүйгээр үл барам гэрээний биелэлтийг хангалттай гэж үнэлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан ч энэ нь бодитой биш үнэлгээ болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогджээ.

            Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн үйлчилгээний “орлогыг нэмэгдүүлэх” үндсэн зорилго хангагдахгүй байгаатай холбогдуулан Нийтийн тээврийн газрын цуцлах мэдэгдэлд үндэслэсэн гэрээний 8.3.3-ын “Төрийн захиргааны эрх бүхий байгууллага” гэдэгт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийг хамааруулж ойлгох боломжтой, мөн тус зөвлөлөөс гэрээг цуцлахыг үүрэг болгосныг “гэрээг зогсоох шийдвэр гаргасан” гэсэнтэй адилтган дүгнэж болно.

            Харин ажлын хэсгийн дүгнэлтийг тухайн үед танилцуулахгүйгээр, гэрээ цуцалсны дараа буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 12/2252 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснийг зөвтгөх боломжгүй ч энэ нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

            4.Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэснийг хариуцагчдаас хангаагүй, өөрөөр хэлбэл цуцлах болсон шалтгааныг тодорхой гаргаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

            Тухайлбал гэрээг цаашид үргэлжлүүлэх нь гэрээний зорилготойгоо нийцэхээргүй болсон нь орлого буурсанаар, мөн бусад байдлаар ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон энэ тохиолдолд гэрээг тодорхой бус үндэслэлээр цуцаллаа гэж үзэхгүй.

5.Үндсэндээ нэхэмжлэгчээс “гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн байдал, түүний үндэслэл болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд гэрээ цуцлах мэдэгдлийг боломжит хугацаанд олгоогүйгээс нэхэмжилж буй учирсан хохирол гэх 118 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэл, 128 ажилтны 2022 оны 5 дугаар сарын цалин, түүнд ногдох ажил олгогчоос төлсөн шимтгэлд нийт 228.031.321 төгрөгийг маргаан бүхий акт болон үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд тооцохгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаас үзэхэд хохирол үүсгэх үр дагаварт хүргэсэн гэх үйлдэл хууль бус, шийдвэр илт хууль бус болох нь тус тус тогтоогдоогүй энэ тохиолдолд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэхгүй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН