| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2018/00938/И |
| Дугаар | 001/ХТ2019/00648 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Зуучлал, Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2019/00648
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03237 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалтай,
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
О.Б-ад холбогдох,
2.650.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
5.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд О.Б-ын хүсэлтээр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Баян монгол хорооллын 404 дүгээр байрны 80 тоотын 78.4 м.кв талбай бүхий орон сууцыг түрээслүүлэхэд зуучлалын үйл ажиллагаа явуулсан. О.Б-тай харилцан тохиролцож орон сууцыг сарын 850.000 төгрөгөөр Монруд ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр гурвалсан гэрээг байгуулсан.
Гэрээний дагуу түрээслүүлэгч О.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 3 сарын түрээсийн төлбөр 2.550.000 төгрөг, 1 сарын барьцаа 850.000 төгрөг нийт 3.400.000 төгрөг авсан. Монруд ХХК түрээсийн байрыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалж дуусгавар болгох санал хүсэлтээ гэрээний 7.2-д заасны дагуу 14 хоногоос доошгүй хоногийн өмнө бидэнд мэдэгдэж орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сулласан. Энэ өдөр барьцааны төлбөр 850.000 төгрөгийг манай компани Монруд ХХК-д түрээслүүлэгч О.Б-ын өмнөөс төлсөн.
Гэрээний 2.8-д жилийн дотор гэрээ цуцлагдсан тохиолдолд дараагийн түрээслэгчийг хугацаа алдалгүй, ажлын хөлсгүйгээр олж өгөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зар тавьж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Я.Энхээтэй харилцан тохиролцсоноор түрээсийн төлбөрийг сарын 900.000 төгрөгөөр түрээслэх болж, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 2 сарын түрээсийн төлбөр 1.800.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр О.Б-ад шилжүүлсэн. Гэтэл О.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түрээслэгч Я.Энхээг орон сууцнаас гарахыг шаардаж гаргасан. Я.Энхээгийн төлсөн 1.800.000 төгрөгийг О.Б-ад шилжүүлэн өгсөн тул түүнээс гаргуулж Я.Энхээд буцаан олгох шаардлагатай байна. Иймд хоёр сарын төлбөрт тооцон шилжүүлсэн 1.800.000 төгрөг, мөн түүний өмнөөс Монруд ХХК-д олгосон барьцаа төлбөр 850.000 төгрөг нийт 2.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Баян монгол хорооллын 404 дүгээр байрны 80 тоотод орших 78.4 м.кв талбай бүхий орон сууцыг эд хогшлын хамт гадаадын иргэнд хөлслүүлэх зорилгоор vww.unegui.mn вебсайтад зар оруулахад Н ХХК байрыг зуучлан түрээсэлж өгье хэмээн холбогдсон. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал над руу утасдаж Монруд ХХК-д албаны дарга хийдэг Энэтхэг улсын иргэн түрээслэхээр боллоо гэж ойлгуулан тухайн өдрөө гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээг нэг жилийн хугацаатай, сарын 850.000 төгрөгийн төлбөр төлөх, төлбөрийг улиралд 1 удаа авахаар хуваарь гарган, төлбөрийг миний дансанд байршуулах, улмаар зуучлагч нэхэмжлэгч компанид миний бие нэг сарын түрээсийн 60 хувьтай тэнцэх хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг баталгаажуулж, 60 хувьтай тэнцэх хэмжээний 540.000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монруд ХХК руу утастахад байрнаас 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан гэж хэлэхэд цочролд орж гэртээ очиход түрээсэлсэн Я.Энхээ гэх эмэгтэй охин, ач зээгийн хамт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүн ирж, арц хүж асаасан байдалтай байсан. Мөн нүүж ирэхэд танай гэр маш бохир, архины шил их хэмжээгээр гаргаж хаясан гэж хэлсэн. Н ХХК нь надад огт мэдэгдэлгүй 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монруд ХХК-ийн түрээслэгчийг гаргасан байна. Улмаар 20 өдрийн турш миний байрыг дураараа эзэгнэж архидан согтуурч, шөнийн цагаар хөрш айлуудтай маргаан үүсгэж, нийтийн эзэмшлийн коридорт нүцгэн хэрүүл зодоон хийснийг хөршүүд гэрчилнэ. Мөн түрээсийн төлбөрийг 900.000 төгрөг болгож дур мэдэн нэмэгдүүлсэн. Түрээслэгч Я.Энхээ байрны эзэнтэй уулзах хүсэлт тавихад тэр хүнтэй уулзах боломжгүй завгүй хэмээн миний өмнөөс тайлбар тавьж, хууран мэхэлж гэрээ хийсэн байна. Би орон сууцаа зөвхөн гадаадын иргэнд хөлслүүлэх учир бүрэн тавилгатай түрээслэхээр бэлдсэнийг нэхэмжлэгч компани ойлгож бид харилцан тохиролцсон боловч уг тохиролцоог маш ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч О.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Делтамон ХХК нь миний эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 2.079.000 төгрөг гэж тогтоосон. Миний байранд архидан согтуурч, шоудсаныг өөрөө үзэж мэдсэн, энэ үед жирэмсэн байсан, ингээд сэтгэлээр ихэд унаж, цус алдан, сэтгэл санааны гүн хямралд орж эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тул сэтгэл санааны хохирол 1.047.709 төгрөг гаргуулна. 2018 оны 01, 02 дугаар сард төлөх ёстой байсан цахилгаан, интернетийн төлбөрийг огт төлүүлээгүй, хяналтаа тавиагүй тул 534.958 төгрөг гаргуулна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц хөлслүүлэх гурван талт гэрээний хугацаа нь нэг жилийн хугацаатай байсан бөгөөд энэ хугацаанд миний бие 10.200.000 төгрөгийн орлого олох ёстой байсан.
Иймд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 19 хоногийн орон сууцны түрээс 538.333 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Орон сууц түрээслэгдээгүй хугацаа 19 хоног бөгөөд нэхэмжлэгч компанийн ажилчид тус байранд архидан согтуураагүй. Манай байгууллага түрээслэгч Я.Энхээгийн 2 сарын түрээсийн төлбөрийг цаг тухайд нь О.Б-ад шилжүүлсэн мөн О.Б- түрээслэгч буцаан төлөх ёстой байсан барьцааны төлбөр 850.000 төгрөгийг өөрийн байгууллагаас гарган түрээслэгчид хүлээлгэн өгсөн. Иймээс О.Б-ын тайлбарт дурдсанчлан 3.000.000 орчим төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг нь худал юм. О.Б- орон сууцны байдлыг хараад цочролын улмаас цус алдаж Таны төлөө бид эмнэлэгт цус тогтоох эмчилгээг 7 хоног хийлгэн эм тариа авч нийт 260.000 төгрөг зарцуулсан гэдэг нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Эхний түрээслэгчийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдан дараагийн түрээслэгчтэй 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд маргах асуудал биш бөгөөд үүний улмаас түрээслүүлэгч О.Б-ад ямар нэгэн хохирол учраагүй. Иймд 5.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03237 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-аас 2.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н ХХК-аас 2.447.140 төгрөг гаргуулан хариуцагч О.Б-ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 2.014.527 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б- нэхэмжлэгч Н ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны хөлс 538.333 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57.350 төгрөг, хариуцагчаас төлсөн 94.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н ХХК-иас 54.104.24 төгрөг гаргуулан хариуцагч О.Б-ад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2.447.140 төгрөг” гэснийг “2.079.000 төгрөг”, “...2.014.527 төгрөг” гэснийг “2.382.667 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...54.104.24 төгрөг” гэснийг “48.214 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н ХХК-иас төлсөн 96.504 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: "Н” ХХК-ны зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 101/шш2018/03237 дугаартай шийдвэрийг бүхэлд нь, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалын зарим хэсгийн эс зөвшөөрөн энэхүү гомдлыг гаргаж байна.
Хариуцагч анхны түрээслэгчээс барьцаа 850.000 төгрөг, нэхэмжлэгчээс 1.800.000 төгрөгийг тус тус хүлээн авсан болохоо бичгээр болон амаар шүүх хурал дээр өгсөн тайлбаруудаараа хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, 2018 оны 10 сарын 18-ны өдрийн БЗДИХАШ-н шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-р талын дээрээсээ 10-с 13-р мөрөнд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт “энэ гэрээний дагуу 1 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 10.2 сая төгрөгөнд суутгаж авах бүрэн эрхтэй. тийм ч учраас 10.2 сая төгрөгөндөө суутгаж авсан гэдэг үндэслэлээр бол энэ 2.6 сая төгрөгийг төлөхийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй” , 15-р талын 2-р догол мөрний 12-с 14-р мөр, 17-с 19-р мөрөнд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчөөс тайлбарт “Гэтэл дундаас нь орж ирээд түрээсэлж байгаа этгээдээс 1.8 сая төгрөг аваад буцаагаад түрээслүүлж байгаа эд хөрөнгийн эзэнд ингэж өгч байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээний 5.1-д тодорхой заасан байгаа. ... 1.8 сая төгрөг болон 850.000 төгрөгийг түрээслэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл олох ёстой байсан 10.2 сая төгрөгөөс харин ч багасгаж 2.6 сая төгрөгийг олох ёстой байсан орлогод суутгаж авсан гэж үзэж байгаа юм ”гэжээ./ Энэ баримтаар хариуцагч нэхэмжлэгчээс 1.800.000 төгрөг авсан, 850.000 төгрөгийн барьцааг эхний түрээслэгчид төлөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хавтаст хэргийн 5-р хуудсанд Хаан банкны 5114180012 тоот дансны эзэмшигч Н ХХК-н захирал А.Амандыхын данснаас 2018 оны 2 сарын 6 ны өдөр “Түрээс 2 сараар 404-80” агуулгатай зарлагын гүйлгээний баримт, хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан 5845488761 тоот Н ХХК-н захирал А.Амандыхын данснаас 2018 оны 1 сарын 17-ны өдөр 850.000 төгрөгийг 5079009176 тоот дансруу “барьцаа буцаалт, баянмонгол 404-80 тоот” агуулгаар шилжүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлийн БЗД-н 26-р хороо Нарны зам Баянмонгол хорооллын 404-р байрны 80 тоот байртай холбоотой гүйлгээ болох 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, талуудын тайлбаруудаар түрээслүүлэгчид 1.800.000 төгрөг төлснийг болон уг байрны барьцааг анхны түрээслэгчид буцаан өгсөн үйл баримт давхар нотлогддог. Гэтэл шүүх баримтаар нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, мөн хуулийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч өөрөө гэрээнээсээ татгалзсан зуучлалыг зогсоож бидний олсон түрээслэгчийг хөөж гаргасан зүй бус үйлдэл гаргасан. Иймээс хариуцагчийн олох ёстой орлогод тооцон авах эрх зүйн үндэслэл огт байхгүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагч шинэ түрээслэгчийг байрнаасаа хөөж гаргасан атлаа төлсөн түрээсийн төлбөрийг нь буцаахгүй байгаа нь шударга бус бөгөөд Я.Энхээтэй О.Б- нарын хооронд бидний зуучлалын тусламжтайгаар үүссэн түрээсийн харилцаа зуучлуулагчийн өөрийн санаачлагаар дуусгавар болсон тул төлбөрийг зуучлуулагчид шилжүүлсэн зуучлагч зуучлуулагчаас 2018 оны 2 сарын 17-с 4 сарын 17-г хүртэлх хугацааны 1.800.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг шаардах нь зүй ёсны юм. Мөн иргэн Я.Энхээгээс түрээсийн төлбөрийг нь хүлээн авсан нэхэмжлэгч уг төлбөрийг нь буцаан төлсөн тул хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч Иргэний хуулийн 494.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр олж авсан мөнгө болох 1.800.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Түрээсийн хөрөнгөд ердийнхөөс илүү буюу сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй. Хөрөнгийн үнэлгээний Дельтамон компанийн үнэлгээний тайлан хавтаст хэргийн 66-с 79-р хуудсанд авагдсан байх бөгөөд үнэлгээний тайланг 2018 оны 5 сарын 2-ны өдрийн БЗДИХАШШ-н 06506 дугаар захирамжийн дагуу хийж 2018 оны 9 сарын 10-ны өдөр тайланг гаргасан болох нь тайлангийн нүүр хэсгийн мэдээлэл болон хавтаст хэргийн 70-р хуудас дахь үнэлгээний тайланг хэрэглэх нөхцөлийн 2-т заасан мэдээллээр нотлогдох боловч тайлангийн хөрөнгийн тодорхойлолт үнэлгээний мэдээлэл агуулсан хавтаст хэргийн 68-р хуудас/ хэсэгт “Үнэлгээний зүйлтэй газар дээр нь 2018 оны 3 сарын 15-ны өдөр очиж танилцсан болно..” гэсэн нь шүүхээс захирамж гарахаас өмнө үнэлгээний компани хөрөнгөтэй танилцсан байсан гэх хардлагыг төрүүлж байна. Мөн уг тайланд зөвхөн шинээр худалдан авах шаардлагагүй ердийн элэгдэлтэй байсан эд хөрөнгүүдийг хариуцагч алга болгосон хаясан байгаа нь шинжээчийн дүгнэлтийг бодитой гарахад саад болж шинээр худалдан авах хэмжээний алдагдал гэмтэл сүйрэл эд хөрөнгөд учирсан мэтээр шинжээчийг төөрөгдүүлсэн. Шинжээч байсан эсэх нь тодорхойгүй хараагүй эд хогшлыг үнэлсэн байгаа нь үнэлгээнд эргэлзэх хардах нөхцөл болж байна.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2.650.000 төгрөгийг хариуцагч авсан болох нь талуудын тайлбар болон гүйлгээний баримтуудаар нотлогдсон, хариуцагчийн өгөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн хариуцагчаас 2.650.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээс шүүх 2.079.000 төгрөгийг хангасан нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэсэн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хариуцагчаар нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн болохыг давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хурал дээр баримтаар нотолсоор байхад анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нөхөн зуруулсан баримтыг хууль ёсны гэж дүгнэн алдааг нь зөвтгөсөн байгааг анхаарна уу гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “...2.650.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хариуцагч О.Б- эс зөвшөөрч, хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн 538.333 төгрөгийн шаардлагаасаа татгалзжээ.
“Н” ХХК нь О.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, 404 дүгээр байрны 80 тоотын 2 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэхэд зуучлахаар тохирсон, Монруд ХХК нь уг байрыг 1 жилийн хугацаагаар сарын 850.000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулагджээ /хэргийн 9-10 дугаар тал/.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-т “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-т зохицуулсан.
“Н” ХХК болон О.Б- нарын хооронд зуучлалын, харин О.Б-, Монруд ХХК-ийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээний дагуу О.Б- нь зуучлагчид 510.000 төгрөгийн хөлс төлсөн, хөлслөгчид орон сууцаа шилжүүлэн өгсөн, Монруд ХХК нь 3.400.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
“Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...түрээслэгч 2 сарын дараа гэрээгээ цуцалсан тул орон сууцыг 2018 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, улмаар 2018 оны 2 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн Я.Энхээд хөлслүүлэхээр тохирч гэрээ байгуулсныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 2 дугаар сарын 6-ний өдөр байраа буцаан авсан” талаар дурдаж, “...барьцааны 850.000 төгрөгийг Монруд ХХК-д төлсөн, Я.Энхээгээс төлсөн 1.800.000 төгрөгийг О.Б-ад шилжүүлсэн тул уг мөнгийг буцаан гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа мэдэгдээгүй, орон сууцаа Я.Энхээд хөлслүүлэхийг зөвшөөрөөгүй...” гэсэн тайлбар гаргажээ.
О.Б- нь Монруд ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулсан тул гагцхүү Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах учиртай. Гэвч хөлслөгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсноо хөлслүүлэгчид мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэтэл зуучлагч буюу “Н” ХХК нь хөлслөгч гэрээнээс татгалзсан гэж үзэж, уг орон сууцыг өөр этгээдэд хөлслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зөвхөн эд хөлслөх гэрээний талуудын хооронд үүснэ.
Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3.-т заасан. Өөрөөр хэлбэл, “Монруд” ХХК нь гэрээ цуцлах тухайгаа хөлслүүлэгчид мэдэгдсэнээс хойш 3 сарын дотор гэрээг цуцлах тул энэ хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.
“Н” ХХК нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүрэг хүлээх бөгөөд О.Б- нь орон сууцыг Я.Энхээд хөлслүүлэхэд зуучлуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй байна.
“Н” ХХК өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, эд хөрөнгө хөлслөх гэрээг хөлслүүлэгчид мэдэгдэлгүй цуцалж, өөр этгээдтэй дур мэдэн гэрээ байгуулсан байх тул нэхэмжилж буй төлбөрийг шаардах эрхгүй.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...гэрээний үүргээ зөрчин Монруд ХХК-с орон сууц тавилгыг хүлээн авч, архидан согтуурч, эд хөрөнгөд хохирол учруулсан тул шинжээчийн үнэлгээгээр тооцож 2.079.000 төгрөг, шинжээчийн зардал 300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.047.709 төгрөг, 2018 оны 1, 2 сарын хэрэглээний зардал 534.958 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг” гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь Монруд ХХК-с орон сууцыг 2018 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, өөрийн мэдэлд байлгаж байсан ба нэхэмжлэгчийн эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учирсан болох нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлнө.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь учир дутагдалтай болжээ.
Давж заалдах шатны шүүх “...хариуцагч орон сууцаа хүлээн авснаас хойших хугацааны ашиглалтын зардал 368.140 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй” гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” талаарх гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 90.614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ