Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 187

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Т.Э ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Хэрсүү овгийн Т.Э, 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 92 дугаар тогтоолоор Т.Э  намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах,

2. Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх,

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

4. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 211 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , Л.Т , хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н , Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Т.Э  миний бие анх Байгаль орчин, ногоон хөгжлийн яам/тухайн үеийн/-ны захиалгаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын ажлын байранд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулсанд оролцож жагсаалтаар хоёрдугаарт жагсан төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Тус сонгон шалгаруулалтаар нэгдүгээрт жагссан Ц.Ш******* нь төрийн албаны өөр албан тушаалд ажиллахаар болж Т.Э  миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, Сонгон шалгаруулалтад орж, хуулийн дагуу төрийн албанд ажиллах эрх нь үүссэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн Т.Э  намайг Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлээгүйн улмаас төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх маань зөрчигдөж байна хэмээн үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэрээр "...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын ажлын байрны сул орон тоонд нэрийг нь дэвшүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтооно, тус албан тушаалд Т. Э ийн нэрийг дэвшүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон билээ.

Дээрх шүүхийн шийдвэрт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай “Гүйцэтгэх хуудас”, мөн өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 325 дугаар захирамж бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2016.09.09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Т.Эийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн ба мөн өдрөө Төрийн албаны зөвлөлийн 922 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тогтоолыг хүргүүлсэн.

Ингээд Т.Э  миний бие 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Төрийн нарийн бичгийн даргад хандан Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилох талаар хүсэлт гаргахад Төрийн нарийн бичгийн даргаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 дугаар албан бичгээр “таны урьд хашиж байсан албан тушаалын ажил үүрэгтэй чинь холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн мөрдөн - байцаах тасгаас шалгаж байгаа эрүүгийн хэргийн асуудал дуустал таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Гэтэл миний бие тухайн эрүүгийн хэрэгт ямар нэгэн холбогдолгүй бөгөөд, иргэд хоорондын маргаанд гэрчээр асуугдсан болохоос надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйлгүй юм.

Миний болон миний өмгөөлөгч С.Э ын зүгээс Төрийн нарийн бичгийн дарга болон сайдад удаа дараа тус асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасан ба өмгөөлөгчийн зүгээс сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн АБ/901 тоот албан бичгээр Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд хандан Т.Э ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилох хүсэлтийг хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэр, төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу Т.Э  намайг албан тушаалд томилох арга хэмжээг авалгүй, энэ талаар албан ёсны хариуг өнөөдрийг хүртэл ирүүлсэнгүй.

Намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилох бүрэн эрх нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох...” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга танд байгаа атал Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж миний төрийн албанд ажиллах, цаашлаад цалин хөлс авах, холбогдох баталгаагаар хангагдах эрхийг маань зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн. даргын эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох томилогдон ажиллаж авах ёстой байсан цалин хөлсөө нэхэмжлэх бүрэн эрхтэй.

Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол буюу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол гарсан өдрөөс хойш албан тушаалд томилогдон ажиллаж холбогдох цалин хөлс авч чадаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг мөн гаргасан болно.

Дээрх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргахад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05а/7561 тоот албан бичгээр салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн тогтоолыг хүргүүлсэн. Тус тогтоолд “...201301051030 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэгдтэл хугацаагаар уг өргөдлийг шийдвэрлэх боломжгүй хариуг... хүргүүлэх” гэж шийдвэрлэсэн үндэслэлгүй ба тухайн эрүүгийн хэрэгт Т.Э  намайг холбогдолгүй, гэмт хэргийн шинж байгаагүй, сэжигтнээр татсан нь үндэслэлгүй байсан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг тул яам түүний Төрийн нарийн бичгийн даргаас ийнхүү шалтаг заан үндэслэлгүйгээр томилохоос зайлсхийж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хохироосоор байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.

... Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 211 дүгээр тогтоолоор Ч.Б*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албаны тушаалд нэр дэвшүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар тус албан тушаалд томилсон байна.

Гэтэл Т.Э ийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн ба мөн өдрөө Төрийн албаны зөвлөлийн 922 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тогтоолыг хүргүүлсэн байхад Төрийн нарийн бичгийн даргаас үндэслэлгүйгээр томилохоос татгалзаж, түүний төрийн албанд хууль ёсоор томилогдон ажиллах эрхийг зөрчсөн ба тухайн албан тушаалд ажиллах нөхцөл шаардлагыг хангаагүй Ч.Б******* гэх хүнийг томилжээ.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс нөөцөд бүртгэлтэй Т.Э ийг тус албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу нэр дэвшиж томилогдох бүрэн эрхтэйг мэдсээр байж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 211 дүгээр тогтоолоор Ч.Б*******ыг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буй нь хууль зөрчсөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэж үзэж байна.

... Төрийн байгууллагад бүх баримт байдаг гэдэг утгаараа шүүхэд ирүүлж байгаа баримтаа бүгдийг өөрт ашигтай байдлаар засварладаг. 2016 оны 08 дугаар сард шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолт 100% Ч.Б*******т зориулагдаж батлагдсан. Т.Э  2016 онд сонгон шалгаруулалтад орох гээд байгаа асуудал биш. 2019 оны 01 дүгээр сард шинээр сонгон шалгаруулалтад орж нэр дэвших гээд байгаа асуудал биш. Т.Э ийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нөөцөд бүртгэгдсэн. н.Ш******* өөрөө хасагдсанаар нэхэмжлэгчийн бүрэн эрх үүссэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр нэрийг дэвшүүлсэн ба томилогдох ёстой гээд хүлээгдэж байгаа. Эс үйлдэхүйг өнгөрсөн цаг хугацаанд гаргасаар ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга татгалзсан гэж байна. Энэ татгалзлыг хэмжээ хязгааргүй, хэд хоногт нь тодорхойгүй, амаар хэлээд орхидог зүйл биш. Төрийн байгууллага хууль дээдэлж ажиллах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан байна. Нэр дэвшүүлсэн үед нь зохих ёсоор татгалзах ажиллагаа хийгээгүй гэдэг нь татгалзал байхгүй гэсэн үг. Татгалзал байхгүй байхад яагаад өнгөрсөн цаг хугацаанд эс үйлдэхүй гаргаад байсан юм бэ? Нэхэмжлэгчийг томилохыг хориглох зохицуулалт байгаа эсэхийг харахад Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэгт хамааруулах гээд байгаа ойлголт юм шиг боловч шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтай байдал өнгөрөөгүй байхыг зааж байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд эс үйлдэхүй гаргах бүрэн эрх байгаагүй. 2018 оны 01 дүгээр сард өгсөн нэхэмжлэлийг өнөөдрийг хүртэл сунжруулчхаад шинэ хууль үйлчилсэн гэсэн тайлбар хэлж байгаа нь байж боломгүй зүйл. Ч.Б*******ыг хууль ёсоор томилогдсон гээд цагаан дээр хараар бичсэн журмынхаа эсрэг тайлбарлаад байна. Түр орлон гүйцэтгэх журам Засгийн газрын 2011 оны  62 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт тодорхой байгаа. Ч.Б******* 2012 онд ажлаасаа халагдсан хүн яагаад ажил хавсрахаар түр орлон гүйцэтгэгч байдаг юм бэ? Наад захын шаардлага хангахгүй байна. Томилсон хуралдаан шийдвэр аль аль нь Т.Э ийг аргацааж хойшлуулж байгаад Ч.Б*******ыг ажлуулах давуу тал гаргаж байна гэж үзэн Авилгатай тэмцэх газарт хандсан. Тэгэхэд Захиргааны хэргийн шүүх, Төрийн албаны зөвлөлдөө ханд гэсэн. Шүүхэд хандаад 1 жил гаран болж байна. Дүгнэлт гаргуулах байдлаар сонгон шалгаруулалт явуулсан гэж байна. Дүгнэлт гаргуулах байдлаар сонгон шалгаруулалт явуулна гэсэн зүйл байхгүй. Төрийн албанд олон жил ажилласан хүн ийм зүйл яриад байж байгааг гайхаж байна. 2013 оны 13 дугаар тогтоолд нөөцөөс захиалгын дагуу сул орон тоог хэрхэн нөхөн ажиллагааны тухай заасан. Ч.Б******* ямар албан тушаалаас хэрхэн яаж дэвшиж маргаан бүхий албан тушаалд очсон юм бэ. Дүгнэлт гаргуулах замаар сонгон шалгаруулалт явуулна гэсэн зохицуулалт алга. Дүгнэлт гаргуулах боломжгүй бол эцсийн бүлэгт сонгон шалгаруулалт явуулна гэсэн байна. Сонгон шалгаруулах ажиллагаа явагдаагүй бол тухайн албан тушаалд томилохгүй гэж байгаа. Ч.Б******* сонгон шалгаруулалтад огт ороогүй.

Иймд нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Тусгай хамгаалалттай газрын Удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөх хүртэл хугацаандаа сул орон тоонд сонгон шалгаруулалт өгч нөөцөд бүртгэгдсэн. Нөөцөд бүртгэгдээд байж байх хугацаанд чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн тухай асуудалтай маргаан үүсгээд явж байх хугацаанд Ч.Б*******ыг тус орон тоонд томилсон бөгөөд энэ хууль бус гэж үзэж Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ирүүлсэн хариу тайлбарт “...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яамны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Уг өөрчлөлт орсон учир Т.Э ийг ажилд томилох боломжгүй” гэсэн байсан. Удирдах албан тушаалтангуудад хүмүүсийг нэр дэвших ажиллагааг зохион байгуулаад салбар зөвлөлөөс зохион байгуулсан саналаа дүгнэлт гаргуулахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад Ч.Б*******, н.М*******сүрэн гэдэг 2 хүнийг нэр дэвшүүлсэн. Ч.Б******* төрийн албаны шалгуур шаардлагад нийцээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тухайн үед Ч.Б******* ажилгүй, судалгааны төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд байсан. Төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй байсан. Түүнтэй өрсөлдүүлсэн н.М*******сүрэн нь ашигт малтмалын мэргэжилтэн байсан бөгөөд шалгуур шаардлагад нийцээгүй. Тухайн ажил албан тушаал, ажлын байрны тодорхойлолт дээр хөдөө аж ахуйн инженер механик, мэргэжилтэй Ч.Б*******ыг шалгаруулсан Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл байгаа. Тус хуралдааны тэмдэглэл дээр нэгжийн газрын дарга нарыг тухайн ажил албан тушаалд томилсон хуралдааны ирц хүрээгүй байдаг. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдааны тэмдэглэл дээр Төрийн албаны зөвлөлийн дарга н.Цогоо, орон тооны гишүүн н.Ц, зөвлөлийн орон тооны бус гишүүн н.М******* нар ирсэн байдаг. Тэргүүн дэд дарга н.С, н.Ц нар ирээгүй. Ирц хүрээгүй хуралдаанаар эдгээр хүмүүсийг дүр эсгэж томилсон. Томилсон энэ асуудлыг баталгаажуулаад улмаар Төрийн албаны зөвлөлөөс 211 дүгээр тогтоолоор Ч.Б*******ыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргаар нэр дэвшүүлсэн. Энэ үйл явдал болж байх хугацаанд Т.Э  зохих шатны шүүхэд хандсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу гэсэн шийдвэр гарсан. Энэ маргаан шүүхэд хянагдаад явж байх хугацаанд Төрийн албаны зөвлөл хууль бус томилгоо хийсэн гэж үзэн Төрийн албаны зөвлөлд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын бүтэц хэвээрээ батлагдсан тул хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. Энэ хугацаанд яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Б******* Төрийн албаны зөвлөлд Т.Э ийг жинхэнэ удирдах албан тушаалд томилуулахаар санал хүргүүлсэн байдаг. Ч.Б*******ыг нэр дэвшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Тус шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  нь ... нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.Э  нь өнгөрсөн жилүүдэд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан “...Хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэх хэрэгт шалгагдаж байсан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уг хэргийн зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч энэ хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас дахин сэргээн шалгаж байгаа тухай Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Б.А*******аас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14с-3/5954 тоот албан бичгээр тус яаманд мэдэгдсэн байдаг.

Т.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 92 дугаартай тогтоолоор тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар томилогдох ёстой гэж гомдол гаргасан. Харин салбар зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдан 13 дугаар тогтоол гаргаж дээрх 201301051030 дугаартай хэргийг шийдвэрлэгдтэл Т.Э ийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна. Энэхүү тогтоолыг түүнд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 05а/7561 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

2. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлэх саналыг томилох эрх бүхий этгээд татгалзаж болдог. Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь тухай этгээдийг албан тушаалд шууд томилуулж байгаа шийдвэр биш бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан тухай нэр дэвшигчээс татгалзах бүрэн эрхтэй юм.

Одоо тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар Ч.Б******* ажиллаж байгаа бөгөөд түүнийг Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Нэр дэвшүүлэх тухай” 211 дүгээр тогтоолыг яаманд ирүүлж санал болгосны дагуу Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/167 тоот тушаалаар томилсон болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байдаг ба үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны тогтоолыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Санал дэвшүүлснийг 2013 оны 13 дугаар тогтоолоор ажилтныг сонгон шалгаруулах журмын 34 дүгээр зүйлд заасны дагуу татгалзаж, эцсийн шийдвэрээр эрх бүхий этгээд болох Байгаль орчны яамнаас Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр томилогдоогүй. Тиймээс энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч биш. Т.Э  нь 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчин томилогдож, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ч.Б*******ыг томилсон. Төрийн жинхэнэ албан тушаалтан биш учир нэхэмжилж байгаа хохирлыг олгох боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрийн албаны зөвлөлөөс Ч.Б*******ыг нэр дэвшүүлсний дагуу томилсон.

Т.Э ийг түр томилсон тушаал үндэслэлгүй. Нөөцөд бүртгэлгүй байсан. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч биш гэдэг нь тодорхой болсон. Мөн нөөцөд байх хугацаа дууссан” гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн болон тус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Э ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад доорх үндэслэлээр тайлбар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор Т.Э ийг нэр дэвшүүлж мөн өдөр 922 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байхад түүнийг томилохоос үндэслэлгүйгээр татгалзаж, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 тоот тогтоолоор Ч.Б*******ыг нэр дэвшүүлсэн тул уг 211 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, Үндэслэл нь: 

1. Төрийн албаны зөвлөл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор Т.Э ийг нэр дэвшүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 922 тоот албан бичгээр хүргүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23.5-д заасан шаардлагыг хангаж буй эсэх, дээд сургууль төгссөн диплом хүчинтэй эсэх, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж байсан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авах, үүний дараа ирсэн мэдээлэл дээр тулгуурлан шийдвэрээ гаргахыг томилох эрх бүхий этгээдэд санал болгосон. Гэтэл энэхүү тогтоолыг хүргүүлсэн 922 тоот албан бичгийн дагуу томилох эрх бүхий байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Т.Э ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ирсэн тул нэр дэвшүүлэхээс татгалзаж энэ талаараа иргэн Т.Э т 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 03/2247 тоот албан бичгээр мэдэгдэж байсан байдаг. Т.Э т холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс лавлагаа гаргуулах шаардлагатай.

2. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37 дугаар зүйлд зааснаар томилох эрх бүхий этгээд нэр дэвшүүлсэн этгээдийг хуульд заасан үндэслэлээр томилохоос татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл дахин нэр дэвшүүлэх журамтай. Уг журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2217 тоот хүсэлт тус зөвлөлд ирүүлснийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 тоот тогтоолоор Ч.Б*******ыг нэр дэвшүүлсэн болно.

... Т.Э  2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн удирдах албаны сонгон шалгаруулалтад орж 2 дугаарт жагссан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр тайлбарлаж байна. Ийм зүйл болоогүй. Он цагийн дарааллаар тодорхой авч үзвэл 2013 оны 05 дугаар сард Т.Э  сонгон шалгаруулалтад орж 2 дугаарт жагсаж, нөөцөд бүртгэгдсэн. Ямар нэгэн тангараг өргөөгүй. Төрийн албаны зөвлөл нэг дүгээрт орсон хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3/3379 дугаар албан бичгээр Т.Э ийг нэр дэвшүүлж өгөөч гэж Төрийн нарийн бичгийн даргаас Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Энэ хугацаанд н.Ш******* татгалзал илэрхийлээгүй, ажлын байрандаа ажиллах хүсэлт гаргаж шүүхээр маргаантай байсан. Үүний дараа 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр татгалзлаа илэрхийлсэн. Төрийн албаны зөвлөлд бичгээр хандаад байхад шийдвэрлэхгүй байсан гэсэн асуудал няцаагдаж байна. Шүүхээр энэ асуудал шийдвэрлэгдээд 2 дугаарт жагссан хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэр дэвшүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Их Хурлын 13 дугаар тогтоолын 37 дугаарт заасны дагуу татгалзлаа илэрхийлсэн. Төрийн албаны зөвлөлийн хурлыг ирц хүрээгүй гэж тайлбарлаж байна. Нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн байгаа. 2 гишүүн дэмжиж байгаа тухай саналаа бичгээр илэрхийлсэн. Хурал хүчин төгөлдөр болсон. Ч.Б*******ыг нэр дэвшүүлсэн нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй.

Иймд иргэн Т.Э ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт дүгнэлт өгөөд Т.Э ээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Байгал орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх/хуучин нэрээр/-ийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэрээр “Т.Э ийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын ажлын байрны сул орон тоонд нэрийг нь дэвшүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд Т.Э ийн нэрийг дэвшүүлэхийг хариуцагч/Төрийн албаны зөвлөл/-д даалгаж” шийдвэрлэсэн байна . 

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай тогтоолоор “Т.Эийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал болгосон”  байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 тоот албан бичгээр “...Таны урд нь тус яаманд хашиж байсан Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалын үүрэгтэй чинь холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас шалгаж байгаа тухай албан тоот ирүүлсэн болно. Иймд дээр дурьдагдсан эрүүгийн хэргийн асуудлыг шийдэгдэж дуустал таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”  гэсэн хариуг Т.Э т өгчээ. 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт Т.Э  нь сэжигтнээр тооцогдон шалгагдаж байсан боловч “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184 дугаартай тогтоолоор “...Т.Э  нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдохгүй” гэсэн үндэслэлээр “... дугаартай хэргээс сэжигтэн Т.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ . 

Үүний дараа Т.Э ийн өмгөөлөгчөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргад хандаж “Т.Э ийг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулах” тухай хүсэлтийг, Т.Э ээс Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлд хандаж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Т.Э ийг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулах, холбогдох цалин хөлсний асуудлыг шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг тус тус гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “...мөрдөн шалгах ажиллагааг сэргээн явуулж байгаа тухай хариу ирүүлсэн байна. Иймд дээрх ... тоот хэргийг шийдвэрлэгдтэл хугацаагаар уг өргөдлийг шийдвэрлэх боломжгүй”  гэж шийдвэрлэснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05а/7561 тоот албан бичгээр Т.Э т хүргүүлжээ. 

Улмаар Т.Э  нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд хандаж,

1. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 92 дугаар тогтоолоор Т.Э  намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах,

2. Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх,

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

4. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 211 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн албаны зөвлөлд холбогдуулж гаргасан. 

 

1/ “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 92 дугаар тогтоолоор Т.Э  намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ...” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус  шийдвэр үйл ажиллагаа/үйлдэл, эс үйлдэхүй/-тай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай ба захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “... даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй тогтоогдож байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Т.Э  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагын хууль бус гэж үзэж буй эс үйлдэхүйг “Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байхад өнөөдрийг хүртэл томилох шийдвэр гаргахгүй байгааг хууль бус эс үйлдэхүй” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг албан тушаалд томилохоос татгалзах талаар Төрийн албаны тухай хуулийн 10 болон 16 дугаар зүйлд заасан нөхцөл байхгүй л бол эрх бүхий албан тушаалтан шууд томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.6-д “17.6.Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгож, нэр дэвшүүлсэн нь тухайн албан тушаалд нэр дэвшүүлсэн иргэнийг шууд томилох үүргийг захиргааны байгууллагад хүлээлгээгүй байх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтанд томилохоос татгалзаж шийдвэрлэх боломжтой байгаагаас үзвэл “Т.Э ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй” тогтоогдохгүй гэж үзнэ. Тодруулбал, 

- Т.Э  болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдэд хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 дугаар албан бичгээр “... шийдвэрлэх боломжгүй”, Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “...мөрдөн шалгах ажиллагааг сэргээн явуулж байгаа тухай хариу ирүүлсэн байна. Иймд дээрх ... тоот хэргийг шийдвэрлэгдтэл хугацаагаар уг өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрлэснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05а/7561 тоот албан бичгээр тус тус өгсөн нь “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснөөс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь Т.Э ийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй маргах боломжтой байх боловч нэхэмжлэгч нь дээрх албан бичгүүдийн агуулгатай маргаагүй буюу түүнийг албан тушаалд томилох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй.

- Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Татгалзаад дараагийн хүнийг дэвшүүлээд дүгнэлт ирсэн...”  гэж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас татгалзлаа илэрхийлсэн албан бичиг албан ёсоор ирээгүй, архивд байхгүй. Гэхдээ татгалзлаа илэрхийлж Т.Э  болон Цагдаагийн байгууллагад явуулсан албан бичгээ ирүүлсэн байдаг”  гэж тайлбарлаж байх боловч татгалзлаа илэрхийлсэн гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 дугаар албан бичиг болон Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоол нь агуулгын хувьд томилохоос татгалзсан агуулгыг илэрхийлэхгүй, Т.Э ийг ... албан тушаалд томилохоос татгалзсан томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр гэж үзэхээргүй байхын дээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нь Т.Э ийг тухайн албан тушаалд томилохоос эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж татгалзсан талаарх шийдвэрийг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэнгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “татгалзсан шийдвэр гараагүй учраас бид татгалзалтай ерөөсөө маргаагүй, хэрвээ албан ёсоор татгалзсан бол нэхэмжлэлийн шаардлага өөр байх байсан” гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Томилох эрх бүхий албан тушаалтан татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэсэн тайлбарт, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч нь Төрийн албан зөвлөлийн саналыг үндэслэн шууд томилох ёстой. Татгалзал байгаа бол холбогдох баримтын дагуу 7 хоногийн дотор хүргүүлэх ёстой. Албан ёсоор энэ ажиллагааг хийгээгүй нь татгалзах үндэслэл байгаагүйг харуулж байна” гэсэн тайлбарт тус тус шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэв үзэв.

Харин Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн  2004 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журам”-ын 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай  Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн  шийдвэр  хүчин төгөлдөр байх хугацааг 2 жил байхаар тогтоосон нь захиргааны актын хүчин төгөлдөр байх хугацааг тодорхойлох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу нөөцөд байх хугацаа тасалдсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй боловч хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс Т.Э ийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас хассан талаарх аливаа шийдвэрийг мөн шүүхэд ирүүлсэнгүй. 

Дээрхээс үзвэл, Захиргааны байгууллагын шийдвэрлээгүй асуудлаар буюу Т.Э ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилох, эсхүл томилохгүй гэсэн шийдвэр гаргаагүй байхад тухайн асуудлаар захиргааны байгууллагыг буруутгах, захиргааны байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлэхээр хуульчилсан бүрэн эрхэд шүүхээс халдах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна.

Гэвч Т.Э  нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, уг албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн 2 дугаарт 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн боловч тухайн албан тушаалд нэр дэвших эрх үүссэн /нэгдүгээрт эрэмбэлэгдсэн иргэн Ц.Ш******* тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан / буюу 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх, мөн томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг хариуцагч захиргааны байгууллагуудын  зүгээс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс тухайн иргэнийг даруй 4 жил гаруй хугацаанд чирэгдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн  2004 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журам”-ын 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай  Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн  шийдвэр  хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа” дуусгавар болоогүй байхад тэрээр тухайн албан тушаалд нэр дэвших эрх үүссэн байх ба нэр дэвшүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагаанд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор “Т.Э ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж”  шийдвэрлэжээ.

Үүний дараа нэхэмжлэгч Т.Э ээс тухайн албан тушаалд ажиллах хүсэлтээ илэрхийлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 дугаар албан бичгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байх ба Т.Э  нь энэ хугацаанд эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байсан болох нь Т.Э ийг сэжигтнээр байцаасан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлгээр тогтоогдож байна .

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор Т.Э  нь улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ . 

Улмаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас “Т.Э ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулах” хүсэлтийг гаргасан боловч өмнө нь хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан нөхцөл байдал арилсан тухайд дүгнэлт хийлгүйгээр Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “...мөрдөн шалгах ажиллагааг сэргээн явуулж байгаа тухай хариу ирүүлсэн байна. Иймд дээрх ... тоот хэргийг шийдвэрлэгдтэл хугацаагаар уг өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн өмнө өгсөнтэйгээ ижил агуулга бүхий хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шударга ёсны зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэстэй байна.

Мөн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нь тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд Т.Э ийг томилох хүсэл эрмэлзэлгүй байна гэж үзэхээр байх ба Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-т “Энэ журмын 11-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан /цаашид "удирдах албан тушаалтан" гэх/-ы  сул орон тоо гарсан тохиолдолд  томилох эрх бүхий этгээд нь” “б”-д “/энэ журмын 14-ийн "а"-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн  иргэдээс  тухайн  албан тушаалд тавих  шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж,  Төрийн албаны зөвлөл буюу  Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөх” үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Мөн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалыг н.С******* түр орлон гүйцэтгэж байгаа” гэж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2019 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалд тавигдах ажилласан жилийн шаардлагыг уг хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөс хойш төрийн албанд орж ажиллаж байгаа албан хаагчдад тавьж байгаа” гэж тус тус тайлбарлаж байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т.Э ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хүний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох шүүхийн эрхэм зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

2/ “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 211 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хууль/2002/-ын 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр хуульчилжээ. 

Гэтэл Байгал орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагыг газрын даргаар ажиллаж байсан Ч.Б******* нь өмнө нь Ашигт малтмалын газарт ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж  2012 оны 10 сар хүртэл тус газарт, 2012 оны 11 сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл “Смарт технологи” ХХК-д тус тус ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  байдлаар тогтоогдож байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б-41 тоот тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. 

Энэ тохиолдолд Ч.Б*******ын нөөцөд байх хугацаа 2014 оны 11 сард дууссан гэж үзэхээр байхын дээр төрийн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч үзэх үндэслэл болохооргүй байхад, түүнчлэн тэрээр өөр албан тушаалд томилогдох хүсэлтэй бол хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орохоор байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2217 тоот албан бичгээр “Ч.Б*******, Д.М*******сүрэн нарыг судлан үзэж уг албан тушаалд томилогдох иргэний дүгнэлт гаргаж ирүүлнэ үү”  гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн  2016 оны 38 дугаар хуралдаанаар хэлэлцэж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор Ч.Б*******ыг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн  нь буруу байна. 

Дээрх Төрийн албаны зөвлөлийн 211 дүгээр тогтоолыг үндэслэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар Ч.Б*******ыг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд түүнийг томилсон  боловч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас халж  шийдвэрлэжээ.

Иймд эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болосон захиргааны актыг дахин хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т.Э ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгал, орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.МӨНХЗУЛ