Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/508

 

 

 

 

 

 

                              

   2021             7           29                                           2021/ШЦТ/508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Тэгшбаяр /томилолтоор/,    

шүүгдэгч Т.Э , түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:               

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Т-ын Э-т  холбогдох эрүүгийн 2105006780846 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ....... дугаар сарын ........-ний өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....... хамт Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод түр оршин суух, Өвөрхангай аймгийн ........... оршин суух, ял шийтгэлгүй, А  овогт Т-ын Э /РД:....................../.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Э  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монголын бурхан шашинтны төвийн гандантэгчэлийн хийдийн" замын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.О  маргалдаж, улмаар биед нь халдан, түүний эрүүл мэндэд нь баруун атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Т.Э , Д.Г , Д.Б , Д.Г , Д.Г нар хамт явж  байсан бөгөөд хохирогч Ж.Одгэрэлийн эсрэг тодорхой үйлдлүүд хийсэн болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгүүдэд дурдагдсан байна. Үүнтэй холбоотой хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд гэрч Д.Б  /хх-133/, Д.Г /хх-134/, Д.Г  /хх-135/, Д.Г  /хх-136/ нарын тухайн нөхцөл байдалд оролцсон үйлдэл оролцоог харгалзан зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авсан байх тул прокуророос шүүгдэгч Т.Э ын хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Э  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монголын бурхан шашинтны төвийн Гандантэгчилэн хийдийн" замын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.О  маргалдаж, улмаар биед нь халдан, түүний эрүүл мэндэд нь баруун атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Э ын өгсөн:

 

“... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ганзориг, Батзориг, Ганбаатар, Ганхуяг нартай хорооллын пабд уулзаад хамт гараад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандантэгчэлийн хийдийн хашааны ард Батзоригийн машинтай очоод зогссон. Тэгээд Ганзориг бид хоёр бие засчихаад буцаад машиндаа суух гээд явж байхад зам дээр өнгийн Инсаят маркийн авто машин ирж зогссон. Ганзориг бид хоёр уг машины жолоочид хандаж яаж яваад байгаа юм бэ, хүн дайрлаа ш дээ гэхэд уг автомашины жолооч цонхоороо зам тавьж өгч байгаа нь их юм биш үү, дайрчихаагүй нь их юм гэхээр нь Ганзориг бид хоёр урдаас нь дунд хуруугаа гаргасан. Тэгэхэд уг жолооч ах машинаасаа гарч ирсэн. Ганзориг бид хоёр яваад очиход Ганзоригийг багалзуурдаад түлхсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь уг жолооч ахын зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгэхэд машинаас Ганбаатар, Батзориг, Ганхуяг нар гүйж гарч ирээд уг ахыг машин руу нь суулгах гээд бужигналдаад татаад салгасан. Тэгэхэд нь би уг ахыг өшиглөхөд гарыг нь өшиглөх шиг болсон. Тэгээд уг ах машиндаа суугаад хөдлөөд явсан... ” гэх мэдүүлэг /хх-н 124-125/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Одгэрэлийн өгсөн:

 

“...2021 оны 4 дүгээр сарын 02-ны орой хувиараа таксинд явж байхад хорооллын эцсээс нэг залуу гараа өргөөд зогсож байхаар нь зогсоход уг залуу намайг баруун дөрвөн замын баруун талд хүргээд өг гэхээр нь би машиндаа суулгаад Гандангийн хойд талаас явж байхад хоёр залуу зам гарч байсан. Тэгээд зам хаагаад хөндлөн зогсоод намайг жижиг биетэй залуу нь зам дээр бие засах гээд байхаар нь би ахын дүү нар уусан юм аа зөв шингээ гэхэд нэг залуу нь салаавч гаргаад нэг залуу нь дунд хуруугаа гаргасан. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд машин дээр хүрээд ирсэн би цонхоор ахын дүү нар ууж идсэн юм аа зөв шингээн шүү гэсэн, тэгээд би машины хаалга онгойлгоод машинаас буусан. Тэгэхэд над руу ирсэн хоёр залуугийн намхан биетэй залуу нь гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхэд өндөр биетэй хар савхитай залуу нь миний баруун гарыг татаад мушгисан. Тэгээд миний rap эвгүй болоод халуу дүүгсэн. Тэгээд уг залуу дагзаараа миний уруул хэсэгт мөргөсөн. Тэгээд миний элэг хэсэг рүү уг залуу хөлөөрөө жийсэн тэгээд хажуунаас хэн нь мэдэхгүй тал талаас миний бие хэсэг рүү цохиж нүдсэн тэгээд би машиндаа суугаад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б ийн өгсөн: 

 

“...Ганзоригоос юм авах гээд залгахад 3,4-р хорооллын эцэст пабд байна гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 42-02 УБО улсын дугаартай Ниссан Ноте загварын машинтайгаа очиход төрсөн ах Ганзориг, хамаатны үеэл дүү Ганбаатар, Ганхуяг, Э нар пиво уугаад сууж байсан.Тэгээд паб нь хаах болоод 20:30 цаг өнгөрөөд харих гээд би эд нарыг аваад Гандан руу ах Ганзоригийн гэрт хүргэж өгөх гээд Гандангийн ард талд хашааны гадаа ирж зогссон. Тэгээд Эрдэнэбаатар, Ганзориг нар бие засах гээд зам гараад явсан. Тэгээд буцаад зам гараад ирэхдээ хар өнгийн машин дайрах шахаад тулаан зогссон. Тэгэхэд манай 2 “мөргөлөө шүү дээ” гэхэд нөгөө машины жолооч цонхоо онгойлгоод “зам тавьж өгөөд байхад чинь яах гээд байгаа пизда нар вэ” гэхэд Ганзориг “май шүү банди минь” гээд дун хураагаа гаргасан. Тэгэхэд уг жолооч бууж ирээд манай ахыг цохих гээд дайрахаар нь би уг жолооч дээр очоод машин руу нь түлхээд “яах юм бэ ахаа энэ хүмүүс согтуу байна" гэж хэлсэн. Тэгээд уг ахыг хориод зогсож байхад араас гар орж ирээд уг жолоочийн нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад Ганзориг ахыг татаад өөрийнхөө машинд суулгасан. Тэгэхэд Эрдэнэбаатар, Ганбаатар нар уг жолоочтой маргалдаад байхад Ганхуяг дунд нь очоод салгаж байсан. Тэгээд тэр ах машиндаа суугаад хөдлөөд явахаар нь Ганхуяг, Ганбаатар, Э нарыг авч ирээд машиндаа суулгасан...” гэх мэдүүлэг /хх-н 71-72/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Г ын өгсөн:  

 

“...Ганзоригийн нийтийн байрны гадаа зогсоол дээр ирээд гэр рүүгээ орох гэж байхад Эрдэнэбаатар, Ганзориг нар гэрлүүгээ орох гээд зам хөндлөн гарах гэхэд замаар явж байсан машин мөргөх шахаад зогссон. Тэгээд жолооч нь хурдан гараач гөлөгнүүдээ гэхэд Ганзориг дунд хураагаа гаргахад уг жолооч бууж ирээд Ганзориг ахыг бариад авахаар нь Ганхуяг, Батзориг бид 3 машинаасаа буугаад очиход Ганзориг ахыг боогоод заамдаад зогсож байсан.Тэгээд Батзориг салгах гээд очиход нөгөө жолооч залуу нүүрнийхээ урд 2 гараа бариад доошоо суусан. Тэгээд би уг жолоочийн мөр рүү нь 1 удаа цохиод, тэр ах машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 74-75/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Г-ийн өгсөн: 

 

“...Тэгээд орой паб хаах болоод бид нар гараад Гандан руу Ганзоригийнд очих гээд хашааных нь гадаа зогсоод Ганзориг, Э нар бие засах гээд гарсан.Тэгээд нэг мэдсэн зам дээр тэр 2 машинтай хүнтэй муудалцаад байхаар нь Батзориг бид 2 араас нь гарч салгаад Батзориг Ганзоригийг салгаад машиндаа суулгасан. Ганбаатарыг би очиж машиныхаа хажууд үлдээгээд нөгөө жолооч ахыг машинд нь суулгаад бид нар машиндаа суугаад явцгаасан.Би цэнхэр хүрэм, хар малгайтай цамцтай, хар малгай, саарал өмд, улаан алаг пүүзтэй, Батзориг цэнхэр куртик, жинсэн өмд, цэнхэр алаг пүүзтэй, Э цэнхэр жинсэн өмд, хар пүүзтэй, хар савхин куртиктэй, Ганзориг улаан хантааз, ногоон өмд, цагаан пүүзтэй, Ганбаатар ногоон ноосон цамцтай, хар алаг өмдтэй хар пүүзтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 83-84/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Г ийн өгсөн:

 

“...Тэгээд орой паб хаах болоод бид нар гараад Гандан руу Ганзоригийнд очих гээд хашааных нь гадаа зогсоод Ганзориг, Э нар бие засах гээд гарсан.Тэгээд нэг мэдсэн зам дээр тэр 2 машинтай хүнтэй муудалцаад байхаар нь Батзориг бид 2 араас нь гарч салгаад Батзориг Ганзоригийг салгаад машиндаа суулгасан. Ганбаатарыг би очиж машиныхаа хажууд үлдээгээд нөгөө жолооч ахыг машинд нь суулгаад бид нар машиндаа суугаад явцгаасан. Би цэнхэр хүрэм, хар малгайтай цамцтай, хар малгай, саарал өмд, улаан алаг пүүзтэй, Батзориг цэнхэр куртик, жинсэн өмд, цэнхэр алаг пүүзтэй, Э цэнхэр жинсэн өмд, хар пүүзтэй, хар савхин куртиктэй, Ганзориг улаан хантааз, ногоон өмд, цагаан пүүзтэй, Ганбаатар ногоон ноосон цамцтай, хар алаг өмдтэй хар пүүзтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,  

 

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын бурхан шашинтны төвийн гандантэгчэлийн хийдийн хойд талын авто замыг харуулсан камерийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн бичлэг, тус бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-97-100/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3016 тоот: 

  1. Ж.Одгэрэлийн биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 89-90/,

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Э ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ж.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Ж.О нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж хохирол нэхэмжлээгүй шүүх хуралдаанд оролцоогүй тул шүүгдэгч Т.Э  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 128/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 130/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 132/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Т.Э  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Т.Э ыг 500.000 төгрөгөөр торгох...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Т.Э ын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Т.Э ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А  овогт Т-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Т.Э ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э т оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Т.Э  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ