Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/521

 

 

 

 

 

 

                  

   2021             8           09                                        2021/ШЦТ/521                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,    

улсын яллагч Д.Эрдэнэбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х  овогт Э Г  холбогдох эрүүгийн 2105012071030 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны  8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны .... дугаар сарын .....-ны өдөр Дархан-Уул аймгийн ..... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн засварчин мэргэжилтэй, “..........” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл .......... хамт Дархан-Уул аймгийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х  овогт Э Г   /РД:......................./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62-42 тоотод Д.Д  маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас Д.Д   нь толгойгоороо ширээ мөргөж, эрүүл мэндэд нь духны зүүн урд доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн ар дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэг, хүзүүний зүүн, баруун урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун хөхний дээд хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, ар дээд хэсэг, баруун бугалганы гадна доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Э.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62-42 тоотод Д.Д  маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас Д.Д   нь толгойгоороо ширээ мөргөж, эрүүл мэндэд нь духны зүүн урд доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн ар дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэг, хүзүүний зүүн, баруун урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун хөхний дээд хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, ар дээд хэсэг, баруун бугалганы гадна доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г   мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Г  ын өгсөн:

 

“...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-ын өгсөн:

 

“...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Г   гэх өмнө нь хамтран амьдардаг байсан залуугийн эгч 12 цагийн үед согтуу намайг дуудсан. Тэгээд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байрны 11 давхарт байх эгчийнх нь гэрт 01 цагийн үед 1 ширхэг том пиво аваад очсон. Галаа, эгч Мөнхзул, нөхөр Бямбацэрэн бид нар ууж байсан. Г   согтуу над руу агсраад намайг ширээ рүү түлхээд ширээний буланд толгойгоо цохисон. ...Бид хоёрын урдны үл ойлголцлоос болоод маргаан үүссэн Тухайн үед Г   намайг эгчийндээ байхдаа ширээ рүү түлхсэн. Би ширээ рүү унаад толгойгоо буланд цохиод толгойндоо 2 оёдол тавиулсан. Ноцолдсоны улмаас бие энд тэндээ хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-н 20/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.М-ын  өгсөн:

 

“...Бид дөрөв том өрөөндөө буйдангийн дунд ширээ тойрч суугаад юм ярьж байхад Г  , чи манай найзтай унтсан гэж Д    руу хэлээд, манай найзтай явалдсан гээд маргалдаад байхаар нь би, та хоёр айлд ямар сонин юм яриад байгаа юм бэ, битгий янз янзын юм яриад муудаад бай гэж хэлсэн чинь арай гайгүй болсон. ...Би ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд Г  , Д    хоёр маргалдаад нэг нэгнийгээ заамдчихсан байж байсан. Г   Д   ыг цааш нь түлхсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 Гэрч Ю.Б-ийн    “...Г  , Д    хоёр бие биенээ заамдчихсан, Г   нь Д   ын хоолойг нь багалзуурдаад байхаар нь би болиоч ээ гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 10/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5740 дугаартай шинжээчийн “...Д.Д-ын биед духны зүүн урд доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн ар дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэг, хүзүүний зүүн, баруун урд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, баруун хөхний дээд хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, ар дээд хэсэг, баруун бугалганы гадна доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-31/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Г  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Хохирогч Д.Д   нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Г  ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/,

- үл хөдлөх хөрөнгийн жагсаалт лавлагаа /хх-н 49/ 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.Г   нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Э.Г холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Э.Г  ыг 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ. 

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г  ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х  овогт Э Г  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г  ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г  оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ