Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/523

 

 

 

 

2021             8           09                                           2021/ШЦТ/523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,    

улсын яллагч  Г.Билгүүжин /томилолтоор/,  

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ийн Т  холбогдох эрүүгийн 2105000000610 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......оны ........ дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ........... хамт, ажилгүй. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ....... хороо, ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ийн Т  /........................ 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б  овогт Б-ийн Т  нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох Ц.Г маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б  овогт Б-ийн Т  нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох Ц.Г маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Т гийн өгсөн:

 

“...Би 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчим манай эхнэр Гуамарал нь подвольд 00 дотор үл таних 2 хүнтэй архи уучихсан сууж байсан. ...тэгээд муудалцаад би хөл рүү нь өшиглөөд ...бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад би нүүр рүү нь нэг удаа баруун гараараа цохисон. ...Манай эхнэр архи уучихсан байхаар нь би уурлаад хэрүүл хийгээд гар хүрчихээд байдаг болсон. ...Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, дундаасаа 1 хүүтэй юм. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 51-53/,     

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г  өгсөн:

 

“...Би 2021 оны 4 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байр 0 тоот гэртээ өөрийн нөхөр Т гийн хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 ширхгийг хувааж уучхаад би подваль руу орж ус авчхаад буцаад ороод иртэл манай нөхөр Т  намайг яасан удаан алга болдог юм бэ гэж хэлээд хөл рүү минь 1 удаа өшиглөхөөр нь би зөрүүлээд чи ямар сонин юм бэ гэж хэлээд хэрэлдэхэд намайг цамцнаас минь заамдаж авч байгаад баруун гараараа 1 удаа миний нүүрэн тус газарт цохиод миний зүүн нүд хөхөрчихсөн юм. ...намайг маш олон удаа зодож цохидог, архи уух болгондоо хэрүүл хийгээд зоддог. ...би өмнө нь цагдаагийн байгууллагад oгт мэдэгдэж байгаагүй. Энэ удаа л анх удаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. ...Би маш их гомдолтой байгаа. Тиймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Б-ын өгсөн:

 

“...миний ээжийн зүүн нүд хөхрөөд хавдчихсан байхаар нь би юу болсон талаар асууж тодруулахад өчигдөр би өөрийн хамтран амьдрагч Т тэй цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд маргалдаад намайг цохичихлоо гэж хэлсэн ба тэр үед СӨХ-ын байцаагч Н   ингэж болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан юм. ...нөхөр Т  нь ерөнхийдөө байнгын хэл амаар доромжлоод хэрүүл сэдэв шалтгаан гаргаад зодож нүдээд байдаг юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 тал/, дахин мэдүүлэхдээ ...би СӨХ-ийн байцаагч Н-ын   80190181 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Н   нь цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэхээр нь би дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/, 

 

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3056 тоот дүгнэлт

1. Ц.Г  биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтэл нь уг журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй /хх-н 35/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-4/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.Г  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. 

Хохирогч Ц.Г  хавтаст хэргийн 13, 65 дугаар талд “...нэхэмжлэх зүйл байхгүй...хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Б.Т г 600.000 төгрөгөөр торгох...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Б.Т гийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Б.Т г Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ийн Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т  оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ