Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2017/00202

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, С овогт С Ж гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е , хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Б , хариуцагчийн өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай С ы Ж г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан тус сумын 3 дугаар цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомдол гаргагч С.Ж би Цэнгэл сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 01 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн "нярав"-ын албан тушаалд томилогдсон бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтыг зохих ёсоор хэрэгжүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэвч шинээр томилогдсон 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.М нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас маань халсан тул үүнийг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч Б/01 дүгээр тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн ба тушаах хэсгийн нэг дэх заалтад "Тус цэцэрлэгийн нярав ажилтай С.Ж нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй хайнга хандаж, хариуцсан эд хогшлыг алга болгож, улмаар бэлнээр тоолуулж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй" гэж дурджээ. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.К нь ажиллах хугацаандаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгө болох 38 ширхэг сандал, 10 ширхэг ширээг хувьдаа ашигласан нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхад уг асуудлаар намайг буруутган ажлаас халсан нь илт хууль бус байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 40.1.5-т зааснаар буюу "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн эрхтэй байна. Тухайн байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан буюу нярваар ажиллаж байсан С.Ж би дээрх зөрчилд ямар нэгэн хэлбэрээр холбогдоогүй, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй харин ч эрхлэгчээр ажиллаж байсан А.К нь байгууллагын эд хөрөнгийг ажлын бус цагаар нуугдмал аргаар байгууллагын эд хөрөнгийг авч яваад өдий хүртэл өгөхгүй ашиглаж ирснийг шат дараалан эрхлэгчээр ажиллаж ирсэн Х.М болон Ш.М нарт тухай бүрт цаг алдалгүй танилцуулан мэдэгдэж ирсэн боловч Ш.М нь цэцэрлэгийн удирдлагын хувьд уг асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллалгүй "бэлнээр тоолуулж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон" гэх үндэслэлгүй шалтгаанаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халснаар миний хөдөлмөрлөх эрх ноцтой байдлаар зөрчигдөж байна. Иймд ажил олгогч Ш.М нь намайг ажлаас үндэслэлгүй халсан нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байгаа тул Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын хүүхдийн 3-р цэцэрлэгийн "нярав"-ын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт нярваар ажилд орсон. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Иймд намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тус цэцэрлэгийн эрхлэгч Ш.М ийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэн С.Ж гийн гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Ш.М би Цэнгэл сумын 3 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон.

1. Би С.Ж тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний 3 дахь заалтад талуудын хүлээх эрх үүргийг заасан, Нярав хүлээх үүргийн 3-д заахдаа: "Цэцэрлэгийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд, хадгалалт хамгаалалтад тогтмол хяналт тавьж, эд хөрөнгөө эзэмшигч тус бүрд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллана" гэж хариуцсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж, хамгаалж, хадгалж, хяналт тавих үүргийг хүлээсэн байдаг. Тус хөдөлмөрийн гэрээний гэрээг цуцлах, зүйлийн 5 дугаар заалтын 5.1-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцална гэж заасан юм.

2. Намайг ажлаа аваад байхад сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг тус 3 дугаар цэцэрлэгт эд хөрөнгийн тооллого үзлэг хийсэн. Энэ үзлэг, тооллогоор Нярав С.Ж гийн хариуцсан эд хөрөнгөнөөс хүүхдийн 10 ш ширээ, 38 ш сандал дутсан юм. 1ш ширээ нь 67948 төгрөг бөгөөд 10 ш нь 678480 төгрөг, 1 ш сандал нь 12540 төгрөг х 38 ш нь 476520 төгрөг бүгд 1155800 төгрөгийн хохирол Цэцэрлэгт учирсан. Өөр олон эд зүйл хөрөнгийг бусдад өгч тараасан байсан нь илэрсэн. Нярав С.Ж нь тайлбарлахдаа: "10 ш ширээ, 38 ш сандлыг урьд өмнө нь Цэцэрлэгийн эрхлэгч байсан А.К д 2015 онд өгсөн. Бусад эд хөрөнгийг гадны хүмүүст тараасан байгаа. Авч ирж тавья" гэсэн.

3. С.Ж нярав нь Цэцэрлэгийн дээрх хөрөнгүүд болох 10 ш ширээ, 38ш сандлыг 2016 оны байгууллагын өмч хөрөнгийн тооллогоор бэлнээр тоолуулж, бусдад ашиглуулан тарааж эд хариуцагчийн үүргээ санаатайгаар биелүүлээгүй хууль зөрчиж байсан байна. Тус Цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь Хөдөлмөрийн гэрээнд заасан "Цэцэрлэгийн өмч хөрөнгийг бүрэн, бүтэн, хадгалж хамгаалах хяналт тавьж ажиллах үүргээ" санаатайгаар биелүүлээгүй зөрчсөн нь илэрсэн тул Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах 5.1-д заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан "Зөрчил илэрснээс хойш" 1 сарын дотор тус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус үндэслэн Цэцэрлэгийн нярав С.Ж г Цэцэрлэгийн эрхлэгч би өөрийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн юм. Би энэ тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байгаа тул С.Ж гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч байсан Ш.М нэхэмжлэгч С.Ж г эд хөрөнгө алдсан, нярвын ажилд хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Үүнд санал нэг байна. С.Ж г цаашид ажилд авч ажиллуулах боломжгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай С ы Ж г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 3 дугаар цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай С ы Ж г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7, 11.2.11 дэх заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн нярав ажилтай С.Ж нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй хайнга хандаж, хариуцсан эд хогшлыг алга болгож, улмаар бэлнээр тоолуулж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч С.Ж нь эс зөвшөөрч гомдол гаргасныг хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч миний гаргасан эрхийн акт үндэслэлтэй гэж зохигчид маргасан болно.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байдаг.

Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай С ы Ж г ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасан үндэслэлд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй тушаал байна гэж үзлээ.

Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эд хөрөнгийн талаарх гомдлын дагуу шалгахад Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт БСШУЯамнаас ирсэн сандал ширээг нярав С.Ж 05 тоот падаанаар орлогод авсан, 2016 оны байгууллагын өмч хөрөнгийн тооллогоор бэлэн байгаа гэж тайлан өгч тоолуулсан, байгууллагын өмч хөрөнгө үрэн тараан хийж алга болгосон нь тогтоогдсон, улсын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй агуулахаас дур мэдэн гаргаж улмаар удаан хугацаанд байгаа гэж хуурамч тайлан гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчил гаргасан болох нь Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн дүнгийн тухай зөвлөлийн хурлын тэмдэглэл-ээр нотлогдож байна.

Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн дүнгийн тухай зөвлөлийн хурлын тэмдэглэлд: 3 дугаар цэцэрлэгийн эд хөрөнгөнөөс тооллогоор дутуу гарсан 38 сандал, 10 ширээг алга болгосон эд хариуцагчаар Хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ авахыг байгууллагын удирдлагад уламжлах, алга болгосон эд хөрөнгийг яаралтай олж тавихыг байгууллагын удирдлага, ня-бо, нярав нарт үүрэг болгохоор шийдвэрлэсэн байна.

Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/488 дугаартай 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.М -д гэсэн албан бичгээр Танай цэцэрлэгийн эд хөрөнгийн талаар иргэдийн гомдлын дагуу ажлын хэсэг хяналт, шалгалт хийхэд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БСШУЯ-ны 05 тоот падаанаар мэдүүлсэн эд хөрөнгөөс 38 ширхэг сандал, 10 ширхэг ширээг тооллогод байгаа боловч бэлнээр байхгүй байгаа нь тогтоогдсон. Зөрчлийг арилгаж одоо болтол байхгүй эд хөрөнгүүдийг гүйцээж оруулаагүй бол эд хөрөнгө хариуцсан ажилтнаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохих арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү гэж уламжилж байсан байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн баримтаар С.Ж нь Цэнгэл сумын 8-р багийн иргэн А.К аас хурааж авсан цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандлыг Цагдаагийн хэсэг дээр битүүмжилсэн нийт цэцэрлэгийн хүүхдийн ширээ 10 ширхэг, сандал 36 ширхэг байсныг 2017.01.31-ны өдөр Цэнгэл сумын Хүүхдийн 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ш.М , нярав Б.Ж , багш З.Д , сахиул Х.Т нарт хүлээлгэн өгөв, хүлээлгэн өгсөн С.Ж гэж гарын үсэг зурсан баримтыг үзэхэд ажилтан С.Ж нь ажлаас чөлөөлөгдсөний дараа гэм буруугаа ойлгож өөрөө сайн дураараа цэцэрлэгийн эд хөрөнгийг цэцэрлэгт хүлээлгэж өгсөн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Ж гийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Ш.К ийн нотариатаар баталгаажуулсан ... цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.К нь 2016 оны 11 дүгээр сарын 20-нд ... авч явсан... гэх, Х.М гийн нотариатаар баталгаажуулсан ... миний бие 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд нярав С.Ж нь миний өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан К нь тус цэцэрлэгээс 38 ширхэг сандал, 10 ширхэг ширээ авч явсан, ... удаа дараа шаардлага тавьсан боловч биелүүлээгүй, энэ талаар тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан эрхлэгч нарт танилцуулж ирсэн болно гэж тус тус тодорхойлолт бичиж өгсөн байна.

Ажилтан С.Ж нь анх 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Цэнгэл сумын эрхлэгчийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар тус цэцэрлэгийн нярваар томилогдож байсан нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна. Ажилтан С.Ж нь ажилд томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ний үед цэцэрлэгийн эд хөрөнгийг авч явсан болох нь Ш.К , Х.М нарын тодорхойлолтоор тогтоогдож байгаа боловч тухайн үед ажилтан С.Ж нь хариуцсан ажилдаа хайнга хандаж явсаар байгаад шалгалтаар илэрсний дараа цэцэрлэгийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар бүрэн нотлогдож байна.

Ажилтан С.Ж нь ...байгууллагын эрхлэгч Х.М , Х.К нарт удаа дараа энэ талаар хэлсэн боловч ямар нэгэн үр дүн гараагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгч чадаагүй болно.

Ажил олгогч ажилтан С.Ж тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг хөдөлмөрийн гэрээний 2.2-т Цэцэрлэгийн бүх обьектийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, мөн хөдөлмөрийн гэрээний 2-т буюу нярвын хүлээх эрх, үүргийн талаар тодорхой зааж ажилтан С.Ж нь ажил олгогчтой харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар талууд гарын үсэг зурсан өдрөөс хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Мөн хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно гэж тодорхой заасан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн аймгийн шүүхэд тодорхойлолт гаргах нь гэх Цэнгэл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Е гийн тодорхойлолтод Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн С ы Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж урд нь тус сумын цэцэрлэгийн эрхлэгч асан А.К нь цэцэрлэгийн сандал ширээ авч яваад буцааж өгөхгүй байна гэх талаар гомдол гаргаж, уг асуудлыг шалгаж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай шийдвэрлэсэн болно гэжээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/19 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Б/0031 дугаартай А.К д холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэжээ.

Уг тогтоолын эхний хэсэгт ... иргэн С.Ж гаас 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан А.К гэгч цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа байгууллагын 10 ширээ, 38 сандал, хувьдаа завшсан тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Е хүлээн шалгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал үйлдэж ирүүлснийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ... гэж бичигдсэн байдал болон Цэнгэл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Е гийн тодорхойлолтод бичсэн үйл баримтын цаг хугацаа болон прокурорын тогтоолд дурдсан сар, өдөр нь хоорондоо зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/19 дугаартай тогтоол болон Цэнгэл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Е гийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч С.Ж гийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай С ы Ж г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 3-р цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Ж гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Ж гийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай С ы Ж г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 3-р цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН