Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/530

 

 

                  

   2021             8           11                                          2021/ШЦТ/530

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,    

улсын яллагч Г.Онон,         

  шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт С    Э  холбогдох эрүүгийн 2110008051014 тоот дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. оны ..........дугаар сарын .........-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .......... хамт Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо, ............ тоотод оршин суух,

урьд 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 264 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, М  овогт С    Э  /РД:........................./.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Э  нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Max маркет" махны үйлдвэрийн хашаанд нэвтэрч Монгол банхарын хоёр гөлөгийг хулгайлан авч хохирогч Б.Ж нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч С.Э  нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Max маркет” махны үйлдвэрийн хашаанд нэвтэрч Монгол банхарын хоёр гөлөгийг хулгайлан авч хохирогч Б.Ж нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Э ын өгсөн:

 

“...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хашаандаа машинаа оруулж тавьчихаад байж байтал хажууд талын хашаанд гөлөг дугарах шиг болсон. Тэгэхээр нь би хэдэн гөлөг байгаа юм бол гэж бодоод хашаан дээгүүр нь харахад манаач ахын хэлснээс олон гөлөг байсан. Тэгэхээр нь би энэ олон гөлөгнийхөө нэгийг надад өгөхгүй юм байхдаа гэж бодоод хашаа даваад 2 ширхэг гөлөгийг нь авсан. Намайг гөлөгийг нь авах үед хашаанд хүн байгаагүй ба гөлөгний эх нь уяатай байхаар нь би эхэд нь мах хаяж өгөөд гөлөгийг нь авсан. ...Би хохирлоо бүрэн барагдуулсан... ” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ж  өгсөн:

 

“...Би Монголын нохой судлалын холбооны дэргэдэх Тэргүүн-Удам үржилийн газар эрхлэх эрхийг 2020 онд авсан юм. Манай үржлийн газарт Агиймаа дуудлагатай эм Монгол банхар, Жэссиза дуудлагатай эм Ротвиллер нохой, Юупэй дуудлагатай эм Герман овчарк нохой ингээд 3 нохойтой. Миний хулгайд алдсан 2 эр гөлөг нь Агиймаа дуудлагатай эм Монгол банхарын гөлөг байсан юм. Агиймаа дуудлагатай эм Монгол банхарын маань ороо 2020 оны 10 дугаар сарын дундуур орж, 2020 оны 12 дугаар сарын дундуур 4 эр, 3 эм нийт 7 гөлгийг төрүүлсэн юм. Тэгээд 42 дахь хоногт нь анхны вакцин, туулганд нь хамруулаад байж байтал 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7 гөлгийн 2 эр гөлөг нь хулгайд алдсан байсан. 1 гөлгийг 1 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хулгайд алдсан гөлөгнүүд Монгол үйлдвэрийн халтар зүсмийн гөлөгнүүд байсан. ...Би гөлөгнүүдээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Max маркетын хашаанаас хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч П.М   өгсөн:

 

“...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Max Маркетийн задгай тоотод байх махны үйлдвэрт манаачийн ажил эрхэлдэг юм. Манай махны үйлдвэрийн захирал Мөнхсайхан нь 2 жилийн өмнө надад хандаж манай найз хашаанд нохой тавья гээд байна та байлгах юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье гээд Мөнхсайханы найзын Агиймаа гэх дуудлагатай эмэгтэй Монгол банхар нохойг авсан. Тухайн нохойн манайд 3 сартай ирсэн. Тэрнээс хойш манай хашаанд байгаа юм. Тухайн үед надад нохойн гэрчилгээг харуулж байсан ба зориулалтын хоолыг нь байнга авчирч өгсөн байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сард би нохойны эзэнтэй хамт явж банхар нохойтой нийлүүлж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр 4 эр, 3 эм гөлөг гаргасан. Тэрнээс хойш нохой болон гөлөгнүүд нь манай хашаанд байсан ба эзэн нь гөлөгнүүдийг нь вакцинд хамруулж туулга өгч байсан. Тухайн үед нохойны гөлөгнүүд сул хашаанд тавьчихдаг байсан. Гэхдээ манай хашаа гаднаас онгойх боломжгүй цоожтой байдаг. 2021 оны 02 дугаар сарын эхээр манай хажууд хашааны зүс таних залуу болох Э  нь надад гөлөг өгнө гэсэн өгөх юм уу үгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ энэ эзэнтэй болчихсон гөлөгнүүд гэсэн гээд хэлж байсан. Тэгтэл тэгж асууснаас хойш хэд хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг ажлаас гараад явчихсан хойгуур Э  нь хашаа даваад манайд байсан 2 гөлөгийг аваад явсан байсан. Би тухайн үедээ нохойгоо алдсан гэдгээ мэдсэн ба Э  гэдгийг сэжиглэж байсан болохоор цагдаад дуудлага өгөөгүй. Тэгээд нохойны эзэнд нь энэ талаар хэлэхэд нохойны эзэн цагдаад өргөдөл өгсөн байна лээ. ...Гөлөг хулгайд алдагдсан үед манай хяналтын камер ажлаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Я    өгсөн:

 

“...Манай төрсөн дүү С.Э  нь 2021 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үед яг өдрийг нь сайн мэдэхгүй байна, над дээр нэг халтар зүсмийн гөлөг авчирч өгсөн. Тухайн гөлөгийг надад хэлэхдээ хүнээс авсан юм гэж хэлж байсан. Тэгээд би тэр гөлөгийг нь хашаандаа буюу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 54-12 тоот хашаандаа авчирч тавьсан. Тухайн үед Э  нь надад ямар зүсмийн хаанаас авсан нохой гэдгийг хэлээгүй ба та хашаандаа байлгаж бай би 2 хоног болоод ирж авья гэж байсан. Тэгэхээр нь би хашаандаа сул байлгаж байтал тухайн гөлөг нь 2 хоногийн дараа хашаанаас алга болсон байсан. Би тэр гөлөгийг гудамжны гөлөг байна гэж бодоод тогоогүй ба гөлөг алдсан талаар цагдаад хандаагүй. Би тухайн гөлөгийг хулгай хийж авсан гөлөг гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/, 

 

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Удмын бичигтэй, Монгол банхарын 2 сартай хоёр гөлөгийг нийт 1.800.000 төгрөгөөр үнэлнэ гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

  Хохирлын талаар

 

     Шүүгдэгч С.Э  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/,

-оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 75/

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 80/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч С.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч С.Э  нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэм буруу хэргийн зүйлчлэлд маргаангүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул С.Э т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болно.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Э т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг С.Э т сануулах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч М  овогт С    Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах  гэмт хэргийг бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Э т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.   

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Э т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг С.Э т сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ