Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/526

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

иргэдийн төлөөлөгч П.Ундрах,

улсын яллагч Д.Батзаяа,   

хохирогч Э.Г ,   

шүүгдэгч Я.Э  , түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

гэрч Б.М   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б  овогт Я-ийн Э холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21050003880709 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

Монгол Улсын иргэн, ........... оны ......... дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хот ......дүүрэгт төрсөн, ...........настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл ...... хүүхдийн хамт Баянгол дүүрэг, ....... дүгээр хорооны ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Я-ийн Э  /РД:.............../.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Я.Э   нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрдэм транс ХХК-ийн ажлын байранд иргэн Э.Г-ын   биед халдаж цээжний зүүн хэсэг 6-7 дугаар хавирганы түвшинд 1 удаа, зүүн далны доод хэсэгт 1 удаа хутга буюу зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Я.Э   нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрдэм транс ХХК-ийн ажлын байранд иргэн Э.Г-ын   цээжний зүүн хэсэг 6-7 дугаар хавирганы түвшинд 1 удаа, зүүн далны доод хэсэгт 1 удаа хутга буюу зэвсэг хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Э  ын мэдүүлсэн: 

 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн дүү шигээ хүнийг гэмтээсэн үйлдэлдээ харамсаж байна. Хэрэгт баримтаар авагдсан хутгыг хараагүй. Манай өрөөнд хутга байгаагүй. Ажлын онцлогоос шалтгаалан зэвсгийн зүйл их байдаг. Би хүн рүү хутга бариад дайрсандаа харамсаж байна... Би хохирогчид 5,435,000 төгрөг бэлнээр төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Г-ын   мэдүүлсэн:  

 

“...Тухайн өдөр баяр тэмдэглэж байгаад энэ үйл  явдал болсон. Бид 2 архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед хутга барьж ирсэн гэдгийг харсан болохоос яг ямар хутга байсныг санадаггүй. Манай өрөөнд хутга байсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухай өдөр яагаад ийм зүйл болсон талаар гайхаж байна. Надад гомдол санал байхгүй...хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Я.Э  ын өгсөн:

 

“...Би ямар ч машинд сууж байсан, хэний ямар машинд сууж байснаа санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг явсныг мэдээгүй. Энхтүвшин надад тухайн үед та хутгалчихлаа гэж хэлж байсан шиг санаж байна...Би Гантулгатай өр зээл, өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 169-170/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Г-ын   өгсөн:

 

“...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өглөө ажилдаа очоод...орой 18-19 цагийн орчим ажил тарсан. Ажил тарсан хойно хамт ажилладаг Энхбаатар, ашиглалтын албаны дарга Очироо, хэсгийн дарга Гүндсамба, Энхтүвшин, Отгонбаатар, Сүх-Эрдэнэ, Мөнхцэцэг нарын хамт захирал Хатанбаатарын өрөөнд виски архи хувааж уусан. Энэ үед Э  нилээн Хатанбаатарын өрөөнд виски хувааж уусан. Энэ үед Э  нилээн согтсон байдалтай байсан бөгөөд даргын өрөөнөөс гаргаад 3 давхрын шатнаас 2 давхрын шатны хэсэгт сугадаад буулгаж байсан энэ үед Э  миний шилэн хүзүү болон хамар хэсэгт гараараа тохойлдсон тэр үед би Энхбаатарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг мэдэж байсан учраас юм хэлээгүй ахаа та болилдоо гэж хэлсэн. Удалгүй миний хамарнаас цус гарахад Энхбаатартай хамт 00- н өрөөнд орсон. Би хамрныхаа цусыг угааж байхад дахиад миний шилэн хүзүү хэсэгт гараараа цохисон энэ үед дахиад би та болилдоо гэж хэлж байсан...Би цусаа тогтоочихоод шээчихээд 00-н өрөөнөөс гартал Э  манай өрөөнөөс гартаа хутга барьсан ирж байгаа харагдсан...тэгээд би өөдөөс нь явж очоод та чинь юун хутга бариад байгаа юм бэ наадхаа болилдоо гээд хоёр гарыг нь барих гээд очсон...тэр үед Э  гартаа барьж байсан хутгаар миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хатгасан тэгээд маш хурднаар яах ийх зуургүй дахин миний зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгаараа хатгасан, тухайн үед хажууд Мөнхцэцэг байсан өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,   

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.М-ын  өгсөн:

 

“...Тухайн үед манай байгууллага “Нийслэлийн тэргүүний байгууллага” шагнал авсан мөн Гантөмөр ах Алтангадас одон авч баяр хүргэн Хатанбаатар даргын өрөөнд цугларч баяр тэмдэглэж байсан...2021 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 01-02 цагийн орчимд тарцгаах болоод 00 орцгоож байсан...манай байгууллагын эрэгтэй, эмэгтэй өрөөнүүд тус тусдаа байдаг бөгөөд би 00 ороод гарах үед эрэгтэй 00-д хүн байгаа бололтой дуу гарч байсан. Би 00- ийн өрөө рүү шагайхад Гантулга инженер гараа угаагаад зогсож байсан хажуу талд нь...Э  Гантулгын толгой, хүзүү хэсэгт гараараа зөөлөн цохиж байгаа харагдсан. Би 00-н өрөөнд ороод та хоёр яагаад байгаа юм бэ гэж хэлсэн...тэгэхэд Э  бие засчихаад 00-н өрөөнөөс гараад явсан...би 00-н өрөөнөөс гараад өөрийнхөө ажлын өрөө рүү орох гээд явж байхад Э  өрөөнөөс хутга авч гарч ирээд 00-н өрөө рүү явсан. Тэгээд би Э хандаж та болиоч ээ гэж хэлсэн. Э ингэж хэлэх үед Гантулга 00-н өрөөнөөс гарч ирж таарсан. Тэр хоёр 00-н өрөөний үүдний коридор хэсэгт бие биетэйгээ тулсан тэгээд л Э  Гантулгын цээж хэсэгт 1 удаа хутгалсан энэ үед би маш их айж сандарсан тул хашгирсан ямар ч байсан Э  хутгатай гараа хоёр удаа далайсан. Гантулга тухайн үед хоёр гараа зөрүүлээд цээжээ тэврээд зогсоод байсан. Би айсандаа уйлж хашгирсан бөгөөд удалгүй хамт байсан хүмүүс ирсэн. Э  өөрийнхөө өрөө рүү орсон...” гэх мэдүүлэг /хх-н 27-29/,   

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Х-ын өгсөн:

 

“...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байсан. Энэ өдөр манай байгууллага Нийслэлийн тэргүүний байгууллагаар шалгарч Нийтийн тээврийн газраас шагнагдсан үүнтэй холбоотойгоор энэ өдөр ажил тарсан хойно хурал зохион байгуулж хурал тарсны дараа өрөөндөө нэг шил виски задалсан. Тухайн үед манай өрөөнд Гантулга, Энхбаатар, Мөнхцэцэг, Очироо, Отгонбаатар, Гүндсамба, Сүх-Эрдэнэ нар хамт байсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн орчим би Сүх-Эрдэнэ, Гүндсамба нартай хамт ажлаасаа гараад гэртээ хүргүүлсэн. Тэр хоёр мөн гэртээ харьсан байх...2021 оны 02 дугаар сарын 11-ний өглөө ажил дээрээ ирээд тухайн үед байсан хүмүүсээс учир явдлыг асууж тодруулж байсан. ингээд Гантулгаас өөрөөс нь юу болсон талаар асуухад “..Э  хамт байхдаа биед халдаж зодож байсан. тэгээд дараа нь 00-н өрөөнд хамт орсон. 00-д байхдаа хүртэл намайг зодож байсан тэгээд яах гээд байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн. Э  00-н өрөөнөөс гараад явсан. Э  буцаж ирэхдээ гартаа хутга барьсан харагдсан тэгээд Э  миний урдаас дайрч хутгалсан гэж хэлсэн..” би тухайн үед хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 32-35/,   

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.С өгсөн:

 

“...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллага Нийтийн тээврийн тэргүүний байгууллагаар шалгарч шагнал авсан. Үүнийг тэмдэглэж Хатанбаатар захирлын өрөөнд цугларч суусан. Тухайн үед Хатанбаатар захирал, Гантулга, Энхбаатар, Мөнхцэцэг, Энхтүвшин, Очироо, Гүндсамба Отгонбаатар нар байсан. Ингээд дээрх хүмүүс хамтдаа сууж нэг шил виски ууж дуусаад Гүндсамба, Хатанбаатар нартай хамт ажлаасаа гараад 23 цаг өнгөрч байхад би Гүндсамбыг гэрт нь хүргэж өгөөд дараа нь захирал Хатанбаатарыг хүргэж өгөөд би гэртээ харьсан...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн учраас би ажилдаа очоогүй өдөр 13-14 цагийн орчимд Очироо захиралтай утсаар ярьж ажлын талаар асуухад Энхбаатар, Гантулга инженерийг хутгалсан гэж хэлж байсан..” би тухайн үед хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 37-39/,    

 

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Г-ын өгсөн:

 

“...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр...Хатанбаатар захирлын өрөөнд Энхбаатар, Гантулга, Очироо, Мөнхцэцэг, Сүх-Эрдэнэ, Отгонбаатар нар цугларсан. Өрөөнд байхад Хатанбаатар захирал нэг шил виски задалсан. Уг вискиг өрөөнд сууж байсан ажилтнууд бүгд хувааж уусан. ингээд...Сүх-Эрдэнэ Хатанбаатар бид гурав ажлаасаа гараад явсан. Сүх-Эрдэнэ намайг эхлээд гэрт хүргэж өгсөн. Дараа нь захирлыг хүргэж өгөхөөр явсан. Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Очироо захиралтай утсаар ярихад Э  инженер Гантулга инженерийг хутгалсан асуудал гарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Отгонбаатарын өгсөн:

 

“...Би уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учир нь би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг Хатанбаатар захирлын өрөөнд ороод ир гэхээр нь би ороход Хатанбаатар захирал, Гүндсамба, Сүх-Эрдэнэ, Мөнхцэцэг, Энхтүвшин, Гантулга, Энхбаатар, Очироо нарын хүмүүс байсан. намайг өрөөнд ороход нэг шил виски задалсан байсан. Надад вискинээс аягалаж өгөхөд би уулгүй өнгөрөөсөн би машинтай явж байсан болохоор хэрэглээгүй. Би захирлын өрөөнд 20-30 минут болоод гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Очироогийн өгсөн:  

 

“...Бид нар Эрдэм транс ХХК-н 3 давхарт захирал Хатанбаатарын өрөөнд сууж байсан бөгөөд...Энхбаатар, Гантулга хоёр хамтдаа тэврэлдээд гарсан. Өрөөнөөс гарснаас хойш ойролцоогоор 20 орчим минутын дараа 2 давхрын коридорт эмэгтэй хүний хашгирах чимээ сонсогдсон. Энхтүвшин бид хоёр захирлын өрөөнөөс гарч 2 давхрын хэсэг рүү буухад коридорт Гантулга цээжээ гараараа дараад хагас бөгтийсөн байдалтай Энхбаатар, Мөнхцэцэг хоёр хажуу талд нь зогсож байсан. Би Энхбаатарыг Энхтүвшинтэй хамт холдуулаад Гантулгаас юу болсон талаар асуухад Э  намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Мөн Мөнхцэцэг Э  инженер Гантулгыг хутгалчихлаа гэж хэлсэн. Би Гантулгыг машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 49-51/,     

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Энхтүвшингийн өгсөн:

 

“...Тухайн үед Хатанбаатар захирлын өрөөнөөс Энхбаатар, Гантулга хоёр хамтдаа гараад явсан. Хэсэг хугацааны дараа 2 давхрын хэсэгт эмэгтэй хүн орилох чимээ гарсан бөгөөд уг дуу чимээгээр Очироо бид хоёр хамт өрөөнөөс гараад 2 давхрын хэсгийн 00-н өрөөний орчим коридорт Гантулга гараараа гэдсээ дараад хагас бөхийсөн байдалтай Э  хажуу талд нь нэлээн зайтай өөрийнхөө өрөөний ойролцоо зогсож байсан. Би Энхбаатарыг дагуулаад өрөө рүү нь орсон. Намайг ороход өрөөний шал хэсэгт жижиг хутга байхаар нь аваад шкафны дээд хэсэг рүү шидсэн...Э  ах сандал дээр суугаад намайг хутга шидэж байхыг хараад байх шиг болохоор нь би дахиад хутгыг авчих болов уу гэж бодоод өөрийнхөө өрөө рүү орж шургуулганаас нэг удаагийн хүнсний гялгар бээлий авч өмсөөд хутгыг шкафан дээрээс аваад бээлийндээ ороогоод өөрийнхөө өрөөний шкафны доод шургуулганд нуусан. Тэгээд Гантулгыг Очироо захирал аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-н 54-57/,      

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ганзоригийн өгсөн:

 

“...Э.Г  нь миний төрсөн ах байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим Э.Г  ахын эхнэр Сайнгэрэл эгч миний дугаарт залгаад Гантулга хүнд хутгалуулсан гэнэ. Гэмтлийн эмнэлэг дээр байна гэнээ гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очсон. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд ах Гантулга цус алдаад оёдол тавиулж байсан. Хамт ажилладаг Эрдэм транс ХХК-ийн ажилчид гэх 2-3 залуучууд эмнэлгийн гадаа байсан. Би хамт байсан хүмүүстэй нь уулзаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү гэхэд амжаагүй байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...нэг өрөөнд суудаг хүн нь хутгалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 75-76/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч Я.Э  ын өгсөн:

 

“...тухайн өдөр манай Эрдэм транс ХХК салбарын тэргүүн болсон гээд Гантулга, Хатанбаатар, Очироо бид дөрөв 21 цаг өнгөрч байхад виски ууж нийт 4 шил виски ууж дуусгасан. Бид нар 00 цаг өнгөрөөгөөд виски ууж дуусаад харих гэж байсан тухайн үед би их согтолттой бараг тасарч байсан. Гантулга бид хоёр тэврэлдээд өрөөнөөс гарсан тэгээд тасарсан. Тэр үед Энхтүвшин намайг сэгсэрч ухаан оруулаад та Гантулгыг хутгалчихлаа гэж хэлсэн. Би яаж хутгалснаа санахгүй байна. Тэгээд намайг өрөөнд оруулж цоожлоод 1 цагийн үед гаргаад ажилтнуудын автобусанд суулгаад эхнэрийг дуудаж, эхнэр намайг гэрт хүргэж өгсөн.. Би хутгалсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 86/,     

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2672 дугаартай дүгнэлтэд:

 

“...1. С.Гантулгын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн агаар шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...”  /хх-91-92/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1011 дугаартай дүгнэлтэд:

 

“...1. Шинжилгээнд ирүүлсэн цамцнууд зүсэгдэлт гарсан байна. 2. Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудын хүрээнд зүсэгдэлт хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна 3. Зүсэгдэлт шинээр гарсан байна. Хэзээ гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна...”  /хх-97/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 409 дугаартай дүгнэлтэд:

“...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 дугаар сарын Э.Г-ын   биед цээжний урд ба ар хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийг нэвтэрч цээжний хөндий дэх цусан бүлэн болон шингэн цус хуралдал 200 мл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Шинжээч эмчийн 2672 дугаартай дүгнэлтэд тусгагдсан цээжний хөндийд шингэн цус агаар хуримтлагдсан нь цээжний хатгагдсан шархны улмаас үүссэн байна...” /хх-107-110/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1113 дугаартай өвчний түүх /хх-ийн 115-137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №1462 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуу дээрээс гарын мөр илрээгүй...” гэж дурдсан /хх-ийн 139-140/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2381 дугаартай дүгнэлтэд “...Хар өнгийн иштэй хутган дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэж дурдсан /хх-ийн 145/.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Э  т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Я.Э  ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Э.Г-ын   эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох хэдий ч хохирогч Э.Г  нь надад гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Я.Э  ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 177/,

- оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 179/  

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 171/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Я.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч хохирогчид хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, хийсэн үйлдэлдээ  гэмшиж байгаа байдал, ар гэр хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, оногдуулсан ялаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өршөөн хасаж шийдвэрлэж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Я.Э  ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б  овогт Я-ийн Энхбаатарыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

           

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Э  ын эдлэх 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.5 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай, бариул хэсэг нь 9.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Я-ийн Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б  овогт Я-ийн Энхбаатарыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Э  ын эдлэх 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.5 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай, бариул хэсэг нь 9.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Я.Э  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Э  т авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           О.ЖАНЧИВНЯМБУУ

                               

                              ШҮҮГЧ                                            Л.ОДОНЧИМЭГ