Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0999/З |
Дугаар | 217 |
Огноо | 2019-04-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 217
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Ү.М ын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д овгийн Ү.М ,
Хариуцагч: Хууль сахиулахын их сургуулийн захирал
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.М, түүний өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ү.М нь Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны их сургуулийн 231 дүгээр дамжаанд суралцдаг байсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар их сургуулиас хасагдсан байсныг хожим мэдсэн болно. Тушаалын үндэслэлийн суралцагчдад хамаарах зүйл заалт нь “Хууль сахиулах их сургуулийн дотоод журмын 5 дугаар зүйлийн – 5.6.1/Б/. Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчтай байгуулах сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.3-т заасныг удирдлага болгосон болно. Энэхүү 5.6.1/Б/ заалт нь “Бакалаврын зэргийн сургалтад суралцагч хичээлийн жилийн улирлын шалгалтаар 3 хичээлд эсхүл 1 хичээлд 3 удаа хангалтгүй дүгнэгдсэн, явцын шалгалтад 2 удаа хангалтгүй дүгнэгдсэн” гэх мэт хэсгийг удирдлага болгосон. Үүний дагуу их сургуулийн захирал цагдаагийн хурандаа Ө.Энхтөрт 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шалгалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ороогүй, орох боломжгүй, шалгалт намар зарлагдах ёстой байсан, шалгалт авах үед Монгол Улсад байгаагүй зэрэг шалтгаанаа тайлбарлан сургуулийн захиргаанд
асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр шалгалтад ороогүй гэж үзэн сургуулиас хассан тухай хариу тайлбар ирүүлсэн.
/Дээрх хариу тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх”, 94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагуй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасан байхад хуульд заасан хугацаанд хариу мэдэгдээгүй болно/
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр анги удирдсан багш цагдаагийн хурандаа Ш.А “...давтан шалгалтыг 2018 оны намар авна тарж болно гээд 3 дугаар дамжааны танилцах дадлагын удирдамжийг намайг ангийхандаа тарааж өгөөрэй” гэж хэлсэн. Энэ үед Ж.Н, Г.О, М.М, Э. А******* нар хамт байсан. Ингээд сургалтын албаны зүгээс бидэнд давтан шалгалтын хуваарь болон давтан шалгалт хэзээ болохыг мэдэгдээгүй, ангийн багш давтан шалгалт намар авна тарж болно гэж хэлсэн, давтан шалгалтыг дараа улиралд авдаг журамтай учраас сургууль дээр ангиараа дахин цуглах шаардлагагүй гэж үзэн ангийн нийт сурагчид бүгд тарж, хөдөө орон нутгийн хүүхдүүд гэрлүүгээ явцгаасан. Учир нь Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн эрх зүйн ангийн суралцагчийн хувьд бэлэн байдал зарлаж сургууль дээр цугларах асуудал байдаггүй бөгөөд мөн хичээл дууссаны дараа дадлагын удирдамж өгсөн бөгөөд тарах үндэслэл болсон. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эрх зүй, нийгмийн ухааны сургалтын албанаас давтан шалгалтын хуваарь тавигдаж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний хооронд авна гэсэн байсан. Энэ хугацаанд хотод байсан суралцагчид хамрагдаж хөдөө орон нутгийн суралцагчид шалгалтандаа хамрагдаж чадаагүй. Шалгалтын хуваарь тавигдаагүй байхад дамжааны захирагч багш, Ж.Э дур мэдэн сургууль дээр ирэхийг шаардсан, Үүнийг хөдөө орон нутгийн суралцагчид гэрчилнэ. /Г.О. Г.Т*******, Э.А******* нар гэрчилнэ/.
Хууль сахиулахын их сургуулийн боловсролын хөтөлбөрт суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх журмын 407.4.4.10-т “Хичээлийн үнэлгээ F, FW, FE дүгнэгдсэн суралцагч улирлын шалгалтыг дахин, Е, I дүгнэгдсэн суралцагч нөхөн өгнө. Дахин болон нөхөн өгөх улирлын шалгалтыг дараагийн улирлын эхний 2 долоо хоногт багтаан төлөвлөнө. Шалгалтыг хуваарьт заасан өдрөөс өмнө урьдчилан өгөхийг хориглоно” гэсэн байхад 2018 оны намар авах байсан шалгалтыг хуваариас өмнө хавар авсан нь сургалтын дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх үйл явдлууд болох хугацаанд Ү.М миний бие Монгол Улсад байгаагүйгээс гадна дадлагын удирдамж аваагүй мөн давтан шалгалтын хуваарийг мэдсэн бол дээрх шалгалтандаа хамрагдаж шалгалтаа өгөх бүрэн боломжтой байсан. Намайг Бүгд найрамдах Солонгос улс руу явах хүртэл ямар ч шалгалтын хуваарь тавигдаагүй байсан бөгөөд сургалтын албанаас надад ямар ч мэдээлэл өгөөгүй болно. Ингээд миний бие уг нөхцөл байдлыг огт мэдээгүй байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын дундуур дээрх хууль бус тушаал гарсныг сонссон. Хууль сахиулахын их сургууль нь одоог болтол Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны актыг надад гарч байгааг сонсгох болон гардуулах ажиллагааг огт хийгээгүй болно. Миний зүгээс өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалах. нөхөн сэргээх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн захиралд хэд хэдэн удаа өргөдөл гомдол өгсөн боловч хугацаа алдаж, хүлээлгэсээр байгаад хамгийн сүүлийн гомдлын хариуг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн болно.
Мөн түүнчлэн Миний бие Хууль сахиулахын Их сургуульд 3 жил суралцах хугацаандаа 1 дүгээр курст хичээлийн сургалтын голч дүн 3.4, 2 дугаар курст хичээлийн сургалтын голч дүн 3.1, 3 дугаар курст хичээлийн сургалтын голч дүн 3.3 байсан.
... Энэ бүхнээс үзвэл суралцагч Ү.М намайг сургуулиас хассан Хууль сахиулахын их сургуулийн Захирлын тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, дүрэм, журмуудыг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж байна. Тодруулбал: Хууль сахиулахын Их сургуулийн дотоод журмын 407.4.4.10 / Хичээлийн үнэлгээ F, FW, FЕ дүгнэгдсэн суралцагч улирлын шалгалтыг дахин, Е, I дүгнэгдсэн суралцагч нөхөн өгнө. Дахин болон нөхөн өгөх улирлын шалгалтыг дараагийн улирлын эхний 2 долоо хоногт багтаан төлөвлөнө. Шалгалтыг хуваарьт заасан өдрөөс өмнө урьдчилан өгөхийг хориглоно/ гэсэн заалтыг илтэд зөрчсөн. мөн уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд энэ нь зарим хамааралгүй буюу суралцагчдын асуудлыг шийдэж байж Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн байсан. Зарим үндэслэл болгосон дүрэм, журмууд нь Монгол Улсын хэм хэмжээний актын бүртгэл лавлагаанд бүртгэгдээгүй, албан ёсоор батлагдаагүй хүчин төгөлдөр бус актууд байсан зэрэг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж байгаа болно.
... 2018 оны намар авах байсан шалгалтыг хавар авсан нь сургуулийн сургалтын дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаал нь Захиргааны хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3 дахь заалтыг зөрчиж хариу тайлбараа хугацаа хожимдуулж өгсөн. Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Дотоод журмын 407.4.4.10 дугаар заалтыг илтэд зөрчсөн хууль бус үйлдэл гарсан гэж үзэж байна.
... Шүүх сэтгэц гэм судлалын хичээлийн шалгалт дээр шалтгаантай байсан гэж үзэхэд 60 дугаар сарын 11-ний өдөр гарсан давтан шалгалт өгөх суралцагчдын нэрс дээр н.Ц*******ын нэр байгаа. Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ, Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ гээд нийт 3 хичээлийн давтан шалгалт дээр түүний нэр дээр байгаа. Надтай адилхан 3 хичээл дээр унасан учир давтан шалгалт өгөх эрх үүсэхгүй байсан. н.Ц******* давтан шалгалтаа өгөөд тэнцсэн учир ганцхан Шүүх сэтгэц, гэм судлалын хичээлийн оноог тавиулаагүй гэж тайлбарлаж байна.
Иймд Монгол Улсын Хууль сахиулах их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот “Зарим суралцагчдыг Их сургуулиас хасах тухай" тушаалаас Хууль сахиулахын их сургуулийн суралцагч Ү.М надад хамаарах буюу ногдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийг минь хүлээн авч холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Дотоод журмын дагуу бол хуваарьт заасан өдрөөс өмнө урьдчилан өгөхийг хориглоно гэж байдаг. Хуваарь гаргаагүй бөгөөд 19-ны өдөр хуваарь гаргаад гэнэт 22-ны өдөр шалгалт авсан. Мөн нэхэмжлэгчид давтан шалгалт өгөх эрх үүсээгүй гэдэг тайлбарладаг боловч 22-ны өдрийн шалгалт өгөх сурагчдын нэрс дотор нэхэмжлэгчийн нэр байсан тул шалгалт өгөх эрх үүссэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Дотоод журмын 407.4.4.10 дугаар заалтад давтан шалгалт өгнө гэж тодорхойлсон. Харин давтан шалгалт өгөх эрх үүсэхгүй гэдгийг тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн давтан шалгалт өгөх оюутны нэрс дотор нэхэмжлэгчийн нэр багтсан байхад давтан шалгалт өгөх эрхгүй гэж тайлбарлаж байна. Хэрэв Дотоод журмаа баримтлахгүй бол ямар нэгэн журмыг гаргах шаардлагагүй.
... н.А*******, н.Х******* н.У*******, н.Ц*******, Ү.М нар сургуулиас хасагдсан боловч н.Ц******* хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж жилийн чөлөө олгодог. Гэтэл н.Ц******* хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас гадна өөр гурван хичээлд унасан байдаг. Нөгөө гурван хичээлийг яагаад орхигдуулсан бэ гэдэг асуудал үүсч байна. н.А*******, н.Х*******, н.Г******* нар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ хичээл дээр унасан боловч хасагдсан. Хасагдсан шалтгаан нь явцын дүн гаргаагүй дараа улиралд шалгалт өгөхдөө гаргаарай гэтэл хариуцсан багш нь Орос улс руу явсан байдаг.
... Ү.М яг адил шалгалт өгөхийн өмнө 3 хичээл дээр унасан. Н.Б******* 4 хичээл дээр унасан боловч давтан шалгалт өгөн, одоо суралцаж байгаа. Давтан шалгалт өгөх эрх үүсээгүй гэдэг боловч давтан шалгалт өгөх суралцагчдын нэрт нэхэмжлэгчийн нэр орсон байсан. Гадаадад байсан, хөдөө орон нутагт байсан сурагчид шалгалт зарлагдсаныг мэдээгүй тул хохирсон.
... 06 дугаар сарын 19-ний өдөр яаралтай цуглар гэсэн бөгөөд түүнээс өмнө шалгалт болох тухай ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтад Ү.Мыг оролцуулан 7 хүүхдийн нэр байгаа боловч 6 хүүхэд нь ирээгүй тул дахин 06 дугаар сарын 29-ний өдөр шалгалт товлосон байдаг. Тухайн үед Ү.М гадаад явсныг мэдсэн учир түүний нэрийг хассан байгаа. Мөн яг адилхан шалтгаантай хүүхдэд жилийн чөлөө олгосон байхад нэхэмжлэгчид олгохгүй байгаа нь тэгш бус хандаж байгааг илтгэж байна.
... Захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлд заасны дагуу утга агуулга илэрхий алдаатай, хууль ёсны эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд өөрсдөө журмаа баримтлаагүй учир захиргааны шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан. Захиргааны актыг танилцуулсан баримт байгаа гэдэг боловч нэхэмжлэгч тус баримтыг санахгүй байна гэж тайлбарладаг. 106.3.1 Захиргааны актыг бичгээр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангах ёстой. Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.1.Б заалтыг хүчинтэй өрдөнө гэдэг боловч тушаалын үндэслэлээр 2 өөр нэр томъёо байгаа тул утга агуулгын алдаатай гэж үзэж байна. Тухайн захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн баримт байхгүй бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн итгэх хуудас дээр тушаал танилцуулсан гэдэг агуулга байгаа болохоос ямар тушаалыг хэрхэн танилцуулсан талаар баримт байхгүй тул сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.
Тухайн актыг гаргахдаа шат шатанд алдаа гаргасан бөгөөд зарим хүүхдүүд яг адилхан байхад заримд нь жилийн чөлөө олгож, заримыг нь сургуулиас хасаж, нэг хичээл дээр унасныг нь хасаж, 5 хичээл дээр унасан хүүхдүүдийг давтангийн давтан шалгалт оруулан тэгш бус хандсан. Шалгалтад орох эрх үүссэн нь тухайн үеийн нөхцөл байдлаар шалгалтад орох эрх үүсээгүй байсан бол одоо суралцаж байгаа хүүхдүүд адилхан бүгд хасах ёстой. Гэтэл зарим нь жилийн чөлөө авсан, зарим нь хичээлдээ явж байгаа, зарим хасагдсан байдаг бөгөөд уг шалгалтыг намар авах байхад гэнэт зарласан тул хүүхдүүд мэдээгүй учир ирээгүй. Иймд давтангийн давтан шалгалт авсан байдаг. 06 дугаар сарын 21-ны өдрийн шалгалтад 7 хүүхдийн нэр байснаас 6 хүүхэд нь ирээгүй. 06 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк хуудсанд гэнэт ир, яаралтай цуглар гээд шалгалтын тов, шалгалт өгөх суралцагчдын нэрс тавигдсан байдаг. 06 дугаар сарын 14-ны өдөр анги удирдсан багш нь тар гэсэн тул шалгалтыг журмын дагуу намар авна гэж ойлгон манай үйлчлүүлэгч 06 сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн III дамжаанд суралцаж байсан Ү.М нь 2017-2018 оны хичээлийн II улирлын I блок сургалтын “Шүүх нягтлан бодох бүртгэл” хичээл дээр 48F үнэлгээтэй ба 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шалгалтад, II блок сургалтын “Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ’ хичээл дээр 58Р үнэлгээтэй ба 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шалгалтад, Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ хичээл дээр 45F үнэлгээтэй ба 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шалгалтад тус тус хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтад ороогүй, хангалтгүй дүгнэгдсэн, II дугаар улиралд нийт 68 цагийн хичээл сургалт тасалсан нь нотлогдсон тул Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16, Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.18, 12.2, “Хууль сахиулахын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6.1-ийн “б”, Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчтай байгуулсан сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 1, 4.4.3-д заасныг үндэслэн Их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 дүгээр тушаалаар Ү.Мыг Их сургуулиас хассан байна.
...Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/143 дугаар тушаалаар баталсан “Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх журам /код 407/”-ын 407.4.4.3-д “Явцын үнэлгээг тухайн улирлын сүүлийн 7 хоногт багтаан дүгнэж, хичээл заасан багш /багш нарын баг заасан бол багийг ахалж буй багш/-ийн програмд оруулна. Явцын үнэлгээгээр 60-аас доош хувиар дүгнэгдсэн буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хугацаанд багтаан дүгнүүлээгүй суралцагч улирлын шалгалт өгөх эрхгүй ба дараагийн 7 хоногт багтаан дүгнүүлэх үүрэгтэй. Явцын үнэлгээний талаар суралцагч гомдол гаргасан, түүнчлэн бодитой бус гэж үзэх үндэслэл байвал Сургалтын хэлтэс шалган Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд танилцуулан шийдвэрлүүлнэ. Энэ тохиолдолд 407.5.2.2-т заасан аргачлалаар хичээлийн үнэлгээг тооцно.
407.5.2.2-д “Сургалтын хэлтэс багц цаг шууд тооцох шалгалтыг тухайн улирлын дүгээр долоо хоногт багтаан зохион байгуулна. Шалгалтыг улирлын шалгалттай адилтган зохион байгуулж, 30 хүртэл оноогоор дүгнэнэ. Суралцагч шалгалтын нийт онооны 70 хувь буюу 21, түүнээс дээш оноогоор дүгнүүлсэн бол шалгалтын оноог 3.33 гэсэн коэффицентээр үржүүлж, хичээлийн үнэлгээ егөх аргачлалаар тооцно” гэж журамласан Гэтэл иргэн Ү.М нь 2017-2018 оны хичээлийн жилийн II дугаар улирлын давтан болон нөхөн шалгалтын хуваарь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд шалгалт авагдсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй.
Иргэн Ү.Мыг их сургуулиас хассан Их сургуулийн захирлын тушаалыг өөрт нь гардуулах гэсэн боловч гар утас нь холбогдоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасны дагуу түүний Ү.М гэсэн Facebоок цахим хуудсанд тушаалын зурган файл хүргүүлснийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 07 минутад танилцсан байдаг. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан болно.
Түүний дээрх үйлдэл нь Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “...сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ”, "Боловсроль н тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийн 45.2.1-д “сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших”, 45.2.5-д заасан “сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих”, “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан “Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших”, 35.1.18-д “Их сургуулийн дүрэм, журам.бусад эрх зүйн актыг дагаж мөрдөх”, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/148 дугаар тушаалаар баталсан “Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх журам /код 407/”-ын 407.4.4.3-д “Явцын үнэлгээг тухайн улирлын сүүлийн 7 хоногт багтаан дүгнэж, хичээл заасан багш /багш нарын баг заасан бол багийг ахалж буй багш/-ийн програмд оруулна. Явцын үнэлгээгээр 60-аас доош хувиар дүгнэгдсэн буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хугацаанд багтаан дүгнүүлээгүй суралцагч улирлын шалгалт өгөх эрхгүй ба дараагийн 7 хоногт багтаан дүгнүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд иргэн Ү.Маас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сургуулийн дотоод журам болон суралцагчтай болон асран хамгаалагчтай байгуулсан гэрээнд “...гурав болон нэг улиралд гурван хичээл нэг удаа, нэг хичээлд гурван удаа унавал дахин шалгалт өгөх эрхгүй, сургуулиас хасна” гэсэн заалт байдаг бөгөөд тус журмын хүрээнд нэхэмжлэгчийн хувьд дахин шалгалт өгөх эрх үүсэхгүй гэж үзэж байгаа. Бусад хүмүүсийн хувьд нэг, хоёр унасан тохиолдол байх боловч мөн нөхөн шалгалт өгсөн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд нөхөн болон давтан шалгалт өгдөг. Нэхэмжлэгчийн хувьд нэг хичээл дээр гурван удаа унасан гэж үзэн давтан шалгалт өгөх эрх үүсэхгүй.
... нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл хаясан, гурван шалгалтад унасан гэж үзэж байгаа. Хэрэв нэхэмжлэгч явахаасаа өмнө шууд харьяалах газартаа холбогдох хүсэлт гаргасан, өвчтэй байсан гэдгээ нотлох баримт өгсөн бол бидний зүгээс шалгалтыг хойшлуулах бүрэн боломжтой.
... н.Ц******* нэгдсэн дүнгээр 4 хичээлийн дүн тавигдаагүй бөгөөд 4 хичээлд унасан буюу шалгалтад ороогүйг тэмдэглэсэн байгаа. н.Ц******* тухайн үед өвчтэй байгаа гэдгээ баталсан акт авчирч өгсөн тул 2 хичээлийн шалгалтыг нөхөн өгч болно. Нийт 4 хичээлийн шалгалт өгөөд 3 хичээлд нь тэнцсэн. Шүүх сэтгэц, гэм судлалын хичээл дээр 19 оноо авч тэнцсэн боловч явцын дүнг багш программд шивээгүй байснаас би түүнийг тус хичээл дээр унасан гэж үзэн 3 хичээлд унасан гэдэг үндэслэлээр хассан. Гэтэл энэ хүүхэд “...багш явцын дүн, шалгалтын оноо тавиагүй байж унасан гэж үзээд намайг хаслаа” гэж гомдол гаргасан. Тухайн үед зуны амралт таарсан бөгөөд надад хүндэтгэн үзэх шалтгаан байсан тул шалгаж үзэлгүй намар 09 дүгээр сард хичээл эхлэхэд дахин өргөдөл өгч маргааныг шийдвэрлүүлсэн ... н.Б******* одоо суралцдаггүй бөгөөд тухайн үед ээжийнх нь бие муу, эхнэр нь төрөх гэж байгаа тул жилийн чөлөө олгоно уу гэсэн хүсэлт гаргасны дагуу жилийн чөлөө олгосон.
... Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалт 05 дугаар сарын 29-ний өдөр авагдсан бөгөөд тус шалгалтын ирц дээр н.Ц*******ыг өвчтэй гэж бичсэн байна. Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ, Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалт үед өөрөө над руу залгаж хоолны хордлого болсон тухайгаа хэлсэн учир би багшид хэлээгүй учир тус шалгалтуудад ороогүй гэж бичсэн байгаа. н.Ц******* энэ хугацаанд өвчтэй талаар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд “...06 дугаар сарын 05-ны өдрийн шалгалтад очиж чадахгүй хордлого туссан” гэж албан бусаар мэдэгдсэн. Чи ямар ч шалтгаангүйгээр юу ч мэдэгдэлгүйгээр, ор сураггүй алга болсон. 06 дугаар сарын 05-ны өдрийн шалгалтын хуваарийг мэдсээр байж яагаад шалгалтад ирээгүй юм бэ гэж асуухад “...би өвчтэй байсан. Ангийнхаа хүүхдэд хэлсэн” гэж тайлбарладаг. 06 дугаар сарын 08-ны өдөр ангийн ажил хамгаалахдаа яагаад надтай уулзаагүй юм бэ? Гэтэл ямар нэгэн тайлбар, баримт хэлэлгүйгээр алга болсон бөгөөд найз залууд чинь хэлсний дараа өвчтэй гэсэн акт гаргаж өгсөн.
... Хасагдсан хүүхдүүд бүгд журмын дагуу хасагдсан. Эрх бүхий субъект буюу захиралд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх талаар мэдэгдсэн боловч захирал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захирлууд жил болгон солигдож байгаа боловч шинэ захирал болгон журмаа баримталдаг хэдий ч өөр өөр бодолтой. Нэхэмжлэгчийн хувьд ямар ч хүндэтгэн үзэх шалтгаан хэлээгүй, алга болсон гэдэг дээр маргаж байгаа. Мөн нэхэмжлэгч дадлагын ажлын удирдамж авсан боловч дадлагын ажлаа хийгээгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ү.Мын Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Монгол Улсын хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “тухайн улирлын давтан болон нөхөн шалгалтыг дараагийн улиралд зохион байгуулж авах ёстой байсан бөгөөд хичээл хаасан хэмээн мэдэгдэж дадлагын удирдамж өгч тараасан атлаа 2017 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд давтан шалгалтыг зохион байгуулж явуулсан нь хууль бус ба нэхэмжлэгчтэй ижил шалтгаан бүхий нэр бүхий оюутнуудыг давтан шалгалтад оруулж анги дэвшүүлсэн, ижил шалтгаанаар сургуулиас хасагдсан оюутанд жилийн чөлөө олгосон атлаа Ү.Мыг сургуулиас хасч ялгавартай байдлаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргаж байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч нь 2017-2018 оны хичээлийн 2 дугаар улиралд 3 хичээлд хангалтгүй үнэлгээ авсан тул дахин болон нөхөн шалгалтад орох эрх үүсэхгүй, түүнчлэн 3 хичээлд хангалтгүй үнэлгээ авсан болон нэг улиралд 68 цагийн хичээл тасалсан явдал нь сургуулийн дотоод журам, суралцагчтай байгуулсан гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн тул маргаан бүхий акт сургуулийн дотоод журамд нийцсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Захирал нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнана” гэж заасан байх ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар “..., байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх” чиг үүргийг сургуулийн захирал хэрэгжүүлэх эрх хэмжээтэй, харин суралцагч нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.
Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Хууль сахиулахын их сургуулийн дотоод журам/Энэхүү журмыг 2015 оны А/156 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч 2015 оны А/208 дугаар тушаалаар сэргээн мөрдүүлсэн/”-ын 5.6. “Сургуулиас хасах” гэсэн зүйлийн 5.6.1-т “Суралцагчийг дор дурдсан үндэслэлээр сургуулиас хасна”, мөн хэсгийн “а”-д “...бакалаврын зэрэглэлийн сургалтын өдрийн ангийн суралцагч хичээлийн жилд нэг улиралд 48 ба түүнээс дээш цагийн хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан”, “б”-д “Бакалаврын зэргийн сургалтад суралцагч хичээлийн жилийн улирлын шалгалтаар 3 хичээлд, эсхүл 1 хичээлд 3 удаа хангалтгүй/F/ дүгнэгдсэн...”, 6.3. “Хүлээлгэх хариуцлага” гэсэн зүйлийн 6.3.2-т “Энэ журмыг зөрчсөн суралцагчид хууль тогтоомжид зааснаас гадна дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:” “е”-д “Сургуулиас хасах” гэж тус тус заажээ.
Мөн суралцагч Ү.М болон Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал Д.Батбилэг нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчтай байгуулах сургалтын гэрээ ”-ний “Сургуулиас хасах, чөлөө олгох” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Дараах үндэслэл тогтоогдвол суралцагчийг сургуулиас хасна:”, 4.4.1-д “Өдрийн ангийн суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 48 ба түүнээс дээш цагийн хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан”, 4.4.3-т “Суралцагч нэг улирлын шалгалтаар 3 хичээлд, эсхүл 1 хичээлд 3 удаа хангалтгүй дүгнэгдсэн бол...” гэж тус тус заасан, уг гэрээг Ү.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Дээрхээс үзвэл, суралцагч Ү.М нь Хууль сахиулахын их сургуулийн дотоод журмын 2.3.1-т “Суралцагчийн эрх, үүрэг нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хууль сахиулахын их сургуулийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжоор тодорхойлогдох...” гэснийг дагаж мөрдөөгүй, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захиралтай байгуулсан “...сургалтын гэрээ”-ний 3.2.1-т заасан “Суралцах хугацаандаа Их сургуулийн дүрэм, журам, бусад эрх зүйн актыг даган мөрдөх, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэхээр байх тул Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/441 дүгээр тушаалаар “...Ү.М ыг ... Их сургуулиас хасч шийдвэрлэсэн ” нь дээд боловсролын сургалтын байгууллагын захирлын байгууллагын дотоод журам баталж мөрдүүлэх эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ. Тодруулбал:
1/ Ү.М нь тус сургуулийн 3 дугаар дамжаа/курс/-нд суралцаж байх хугацаандаа буюу 2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улиралд нийт 68 цагийн хичээлд суугаагүй, тасалсан болох нь суралцагчдын сургалтын цагийн тооцоогоор тогтоогдож байх ба үүнийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэнгүй.
2/ Мөн тэрээр 2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улирал/хавар/-д үзэж судалсан 8 хичээлээс гуравт нь буюу Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ, Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ, Шүүх нягтлан бодох бүртгэл хичээлүүдэд явцын оноогоо цуглуулж шалгалтад орох эрхтэй болсон байх боловч улирлын шалгалтуудад ороогүй болон бусад шалтгаанаар тус 3 хичээлд хангалтгүй /F/ үнэлгээтэй шалгагдсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Ү.Мын хувьд давтан болон нөхөн шалгалтад орох эрх үүсэхгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Үүнд:
а/ Ү.М нь 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн “Шүүх нягтлан бодох бүртгэл” хичээлийн, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ” хичээлүүдийн шалгалтад ороогүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шалгалт авсан багшид болон сургалтын албаны эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь “03 дугаар сарын 30-ны өдрийн шалгалтад хоцорсон болохоор шалгалтаа өгч чадаагүй. Шалгалт цахимаар авсан. ...Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалтын үед өвчтэй байсан. Ангийн хүүхдээр дамжуулж багшид хэлүүлсэн ч акт байгаагүй учир нөхөн шалгалт өгнө биз гээд тасалсан гэж авсан байсан” гэсэн тайлбар, гэрч Б.О*******ын “...нэг шалгалтад бие өвдөөд гээд надаар дамжуулж багшид хэлүүлсэн. Багш “тас”-аар авлаа гэсэн. Шүүх нягтлан бодохын шалгалтад хоцорсон гээд багш оруулаагүй. Шалгалтыг цахимаар авсан...” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч мэдэгдээгүй, сураггүй алга болсон...” гэсэн тайлбар, мөн тухайн хичээлүүдийн шалгалтын хуудсанд “ирээгүй”, “ороогүй” гэж тус тус бичигдсэнээр тогтоогдож байна.
б/ Суралцагч Ү.М нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалтад орсон боловч хангалттай үнэлгээ аваагүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь “явцын 70 онооноос 58 оноо авсан байсан бөгөөд шалгалтын дүнг нэмээд “С” үнэлгээгээр дүгнэгдэх гээд байхаар нь багшид хэлж байгаад шалгалтын оноог “0” оноо болгосон” гэсэн тайлбар, тус хичээлийн шалгалтын үнэлгээний хуудсанд “Үнэлгээний оноо “0” гэж бичигдсэн болон гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч Ү.М нь дээрх хичээлүүдийн шалгалтын үнэлгээний хуудсуудад гарын үсэг зурж хангалтгүй үнэлэгдсэн байдлаа хүлээн зөвшөөрсөн атлаа Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны Б/441 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2003 оны 158 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ын 2-т “Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын хичээлийн жил нь тус бүр 15-аас доошгүй (18-аас ихгүй) долоо хоног хичээллэх хоёр улирлаар тогтооно. Улирлын үргэлжлэх норматив хугацаа (долоо хоногийн тоо)-г тухайн дээд боловсролын сургалтын байгууллага тогтооно” гэж заасан, Хууль сахиулахын их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлын 2017 оны 06 дугаар сард баталсан “...2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын хуанли” -д тус хичээлийн жилийн нэг дүгээр улирлыг 1 блок/2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 24-ныг хүртэл судалсан хичээлүүдийн шалгалтуудыг 2017 оны 12 дугаар сарын 25-аас 2018 оны 01 дүгээр 14-нийг хооронд авах/-той байхаар, 2 дугаар улирлыг 2 блоктой байхаар төлөвлөсөн буюу 1 дүгээр блокт хамаарах 2018 оны 01 дүгээр сарын 15-аас 03 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд үзэж судалсан хичээлүүдийн шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 01-ний хооронд авахаар, 2 дугаар улирлын 2 дугаар блок буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-оос 05 дугаар сарын 27-ныг дуусталх хугацаанд судалсан хичээлүүдийн шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 10-ныг дуустал авахаар тус тус төлөвлөсөн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээлүүд нь 2 блокт хуваарилагдаж төлөвлөгдсөн, 1 дүгээр блокт F үнэлэгдсэн хичээлийн дахин шалгалтыг 2 дугаар блокт авах ёстой байсан боловч аваагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ү.М нь 2017-2018 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын эхний блокийн 1 хичээлд, дараагийн блокийн 2 хичээлд хангалтгүй үнэлгээ авсан нь нийт нэг улирлын 3/гурван/ хичээлд хангалтгүй үнэлгээ авсан гэж тооцогдох тул Ү.Мын тухайд хангалтгүй үнэлэгдсэн хичээлүүд дээр дахин болон нөхөн шалгалт өгөх эрх үүсэхээргүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “сургууль тар, амарч болно гэчхээд давтан шалгалт зохион байгуулсан нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ү.Мын хувьд дахин болон нөхөн шалгалт өгөх эрх үүсэхгүй” гэсэн тайлбар зөв байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...журмын 407.4.4.10-т зааснаар Ү.М нь дахин шалгалтад орох эрх үүснэ” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/148 дугаар тушаалаар батлагдсан “407. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх журам”-ын 407.4.4.2-т суралцагч сургалтын явцад нийт үнэлгээ 70 оноо цуглуулахаар, уг онооны 60 хувь буюу 42 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд улирлын шалгалтад орох эрх үүсэхээр заажээ .
Ү.М нь Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн явцад 45 оноо, Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн явцад 58 оноо, Шүүх нягтлан бодох бүртгэл хичээлийн явцад 45 оноо тус тус цуглуулсан боловч тухайн хичээлүүдийн улирлын шалгалтуудад ороогүй, эсхүл хангалтгүй үнэлгээ авсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм. Учир нь:
Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/148 дугаар тушаалаар батлагдсан “407. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх журам”-ын 407.4.4.10-т “Хичээлийн үнэлгээ F, FW, FE дүгнэгдсэн суралцагч улирлын шалгалтыг дахин, E, I дүгнэгдсэн суралцагч нөхөн өгнө...” гэж заасны,
- F гэдэгт суралцагч сургалтын явцад цуглуулах шаардлагатай 70 онооны 42-оос дээш оноог цуглуулсан боловч шалгалтын хамгийн бага оноо болох 18/шалгалтын 30 онооны 60хувь/-оноог авч чадаагүйг,
- FW гэдэгт суралцагч сургалтын явцад цуглуулах шаардлагатай 70 онооны 42 болон түүнээс дээш оноог цуглуулж чадаагүйг,
- FE гэдэгт суралцагч сургалтын явцад цуглуулах шаардлагатай 70 онооны 42 болон түүнээс дээш оноог цуглуулсан боловч шалгалт тасалсан болон шалгалтын журам зөрчсөн тохиолдолд шалгалтын оноог “0” байхыг илэрхийлсэн агуулгатай байна.
Гэтэл Ү.М нь дээрх гурван хичээлүүдийн сургалтын явцад цуглуулах онооны 60 буюу түүнээс дээш хувийг цуглуулсан боловч 2 хичээлийн улирлын шалгалтад хүрэлцэн ирж ороогүй, Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалтын оноог өөрийн саналаар “0” гэж тооцуулсан нь түүний хүсэл зоригийг дагуу хийгдсэнээс үзвэл түүнийг дээрх журамд заасанчлан нэг улиралд 3/гурван/ хичээлд “F” буюу хангалтгүй гэж тооцох бүрэн үндэстэй тул суралцагчид дахин болон нөхөн шалгалтад орох эрх үүсэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй журмын 407.4.4.10 дахь заалт нь 1 эсвэл 2 хичээлд хангалтгүй үнэлэгдсэн суралцагчид хамаарах заалт болохоос биш 3 буюу түүнээс дээш тооны хичээлд хангалтгүй үнэлэгдсэн суралцагчид хамаарахгүй.
Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны Б/441 дүгээр тушаалаар сургуулиас хасагдсан Д.Ц*******ын тухайд Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалтад ороогүй боловч сургалтын явцын 70 онооноос 62 оноо авсан нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/148 дугаар тушаалаар батлагдсан “407. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх журам”-ын 407.4.4.9-т “60-63,99 оноо авсан бол “D-”” гэж заасны дагуу тухайн хичээлд хангалтгүй үнэлэгдсэн гэж тооцогдохгүй, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан Шүүх сэтгэц гэм судлал хичээлийн шалгалтын үед өвчтэй/2018.05.28-2018.05.30-ыг хүртэл/ байсан тухайгаа сургалтын албанд мэдэгдэж, магадалгааг гаргаж өгсөн, мөн түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалтад биеийн байдал сайжраагүй тухайгаа сургалтын албаны арга зүйчид мэдэгдэж, улмаар шалгалтын дүнгийн хуудсанд “өвчтэй гэх” гэж бичигдсэн байх тул тус хичээлүүдийн шалгалтыг хойшилсон гэж үзэх улмаар нөхөн шалгалтад орох эрх үүссэн байх бөгөөд хариуцагчаас энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/861 дүгээр тушаалаар Д.Ц*******т нэг хичээлийн жилийн чөлөө олгож , Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны Б/441 дүгээр тушаалын Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагч байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан байна.
Мөн 2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын 231 дүгээр ангийн дүнгийн нэгтгэлд О.Б*******, Г.О нар нь тус бүр 2 хичээлд хангалтгүй үнэлгээ үзүүлсэн байх тул дахин шалгалтад орох эрхтэй. Г.О болон Д.Ц******* нар нь хангалтгүй үнэлэгдсэн хичээлүүдээр дахин болон нөхөн шалгалтыг тус бүр 2 удаа өгөх эрхтэй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “ суралцагчдад ялгавартай хандсан” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулахаар шаардаж буй шийдвэрийг гарсан дариуд нь Ү.Мын хувийн “чат”-аар өөрт нь мэдэгдсэн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгчээс Хууль сахиулахын их сургуулийн захиралд 2 удаа хандаж, улмаар хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 03/2281 тоот албан бичгээр “хүсэлтийг хангах боломжгүй” гэсэн хариуг өгсөн, Ү.М нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж ирүүлсэн “фэйсбүүк”-ийн зургууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүйн дээр Ү.М нь 2018 оны 06 дугаар сарын 17-оос мөн оны 08 дугаар сарын 11 өдрийг хүртэл Монгол улсад байгаагүй нь түүний гадаад паспортад дарагдсан Монгол Улсын хилээр гарсан болон орж ирсэн дардсаар тогтоогдож байх тул сонсох ажиллагааг хийх боломжгүй байжээ.
Түүнчлэн Ү.М нь 2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын шалгалтуудын нэгдсэн дүнгээр 3 хичээлд хангалтгүй үнэлгээг авч сургуулиас хасагдах нөхцөлийг нэгэнт хангасан байсан байх тул хариуцагчаас Б/441 дүгээр тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийх нь ач холбогдолгүй байхаар байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Хууль сахиулахын их сургуулийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/441 дүгээр тушаалын Ү.Мад холбогдох хэсэг нь сургуулийн дотоод журам болон суралцагчийн үнэлэх журамд заасны дагуу гарсан хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн шийдвэр байх тул нэхэмжлэгч Ү.Мын “Монгол Улсын хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин Ү.М нь Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд жилийн 1,200,000.00 төгрөгийн төлбөр төлж суралцдаг энгийн/сонсогч биш/ оюутан байх бөгөөд Монгол Улсын хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “нийтийн эрх зүйн хүрээнд гарсан байх” шинжийг агуулаагүй, зөвхөн Хууль сахиулахын их сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дотоод журмын хэрэгжилтийг хангасан шинжтэй, суралцагчаас сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйд хариуцлага тооцсон захиргааны эрх зүйн акт байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 0066 дугаартай тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүх Ү.Мын нэхэмжлэлтэй Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох “Монгол Улсын хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Мын Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Монгол Улсын хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ