Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 110/2023/0008/З |
Дугаар | 221/МА2023/0537 |
Огноо | 2023-08-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0537
А.Н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.Нурбек
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч А.Н
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А.Н сумын Засаг даргаас огцруулах тухай Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 110/2023/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А.Н сумын Засаг даргаас огцруулах тухай Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр:
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.3, 64.5, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Н Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А.Н сумын Засаг даргаас огцруулах тухай Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн 64.2.1-д "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон" бол Засаг даргыг огцруулах үндэслэл болохоор заасан юм. А.Н миний хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай "Шийтгэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хуурамч баримт ашигласан" гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг тогтоол хүчин төгөлдөр болсноор торгох ялыг бүрэн биелүүлж, ял эдэлж дуусаад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай" 1/04 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон юм.
Одоогийн хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулиар ялтай байдал гэж байхгүй болсон юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.5-д “Ялгүй байх” гэсэн шаардлага тавьсан тул би ялгүй байгаа болно. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт гаргасан гэж гомдол гаргаж байна.
3.2.Засаг, Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч байж дээд шатны Засаг дарга огцруулах шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна.
3.3.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан "Сонсох ажиллагаа хийх” журмыг ноцтой зөрчсөн, эрх ашиг нь хөндөгдөж байгаа А.Н надаас тайлбар аваагүй, сонсгол хийгээгүй байж огцруулах шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
3.4.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар "Сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно" гэж, мөн хуулийн 64.3 дахь хэсэгт “сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга огцруулна” гэж заасан байхад намайг сумын Засаг даргаас огцруулах шийдвэрийг аймгийн Засаг даргын орлогч гаргасан нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан хэрэгжүүлсэн гэж үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2023/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, А.Н миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон” тохиолдолд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг огцруулахаар заасны дагуу маргаан бүхий захирамжаар шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн А.Н 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс Дэлүүн сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар, мөн энэхүү захирамжийг аймгийн Засаг даргын орлогч гаргах болсон эрх зүйн үндэслэлийн талаар ч шийдвэрт хангалттай зөв дүгнэсэн байна.
Нэгэнт дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргын хуульд заасан үндэслэлээр огцруулах бүрэн эрхтэй тул маргаан бүхий захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 215 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн Засаг даргыг томилох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргын орлогч Х.А даалгасан байх тул эрх хэмжээгүй этгээд нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэхгүй.
Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн тохиолдолд түүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх талаарх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасан зохицуулалтыг ч шийдвэрт зөв тайлбарлан хэрэглэжээ.
2.“…шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийг бүрэн төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар ялтай байдал гэж байхгүй болсон, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.5-д “Ялгүй байх” гэсэн шаардлага тавьсан тул би ялгүй байгаа…” гэх давж даалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь хуулийн дээрх зохицуулалт Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлага, харин энэ тохиолдолд А.Н Дэлүүн сумын Засаг даргаас огцруулах харилцаанд хуулийн 64.2.1-д заасан зохицуулалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн 64.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана…” гэж зааснаас үзэхэд энэ тохиолдол заавал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах шаардлагагүй, өөрөөр хэлбэл Засаг даргын хувьд шийдвэр гаргах сонгох эрхийг олгожээ.
Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр огцруулах үндэслэл бүрдсэнтэй холбоотой тайлбараа ирүүлэхийг, нэхэмжлэгчээс 23-ны өдөр хариу тайлбар хүргүүлснийг тус тус Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх бөгөөд нөгөөтээгүүр ийнхүү сонсох ажиллагаа хийгдсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийг огцруулах хуульд заасан үндэслэл бүрдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН