Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1968 оны 03  сарын 27-нд төрсөн, 48 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Эрүүл мэндийн 1-45 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Чойжин овогт Ухнын Долгормаад /РД: ЕМ68032763/ холбогдох эрүүгийн 201610010136 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч У.Долгормаа нь Замын-Үүд сум 2-р баг Эрүүл мэндийн гудамжны 1-45 тоотод байрлах өөрийн гэрийн гадаа байсан иргэн С.Отгонбаярын эзэмшлийн 88-56 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн турбиныг зарж, 8 ширхэг дугуйг сольж иргэн С.Отгонбаярт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Долгормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Отгонбаяр гэж хүнийг танихгүй юм. Намайг эмнэлэгт хэвтэж байхад танай хашаанд 2 том машинаа тавъя, та харж өгөөч гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд хөлсөнд нь 3 тн цемент өгье гэхээр нь авахгүй,  харин 2,3 тон нүүрс олж өгөөч гэсэн чинь зөвшөөрсөн юм. Тэгээд  2015 оны 11 сараас хойш сураггүй байж байгаад 2016 оны 03 сард ярихаар нь нүүрс яасан бэ гэхэд олдохгүй байна, таньд машин харсан хөлсөнд мөнгө өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Тэгээд нэг өдөр гэртээ байж байтал машины дугуй муудаад дугуй хайгаад явсан чинь энд зарах машин байна гэж сонсоод ирлээ, машины дугуйнуудыг нь хэрэглэе гэхээр нь та нарт оронд нь тавих дугуй байгаа юм уу гэхэд байгаа гээд дугуйнууд авчираад солиод авсан. Маргааш нь ахиад нэг юмыг нь солъё гээд сольсон. Хүний юманд зөвшөөрөлгүй хүрсэндээ гэмшиж байна. Хохирогчид нийт учирсан 1,860,000 төгрөгөөс 1,700,000 төгрөг бэлэн төлсөн, үлдсэн 160,000 төгрөгийг машин харсан хөлсөнд суутгасан “ гэсэн мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-ийн 5-8/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл  /хх-ийн10/

Хохирогч С.Отгонбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн “... 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө намайг гэртээ унтаж байтал үл таних залуу залгаад “би зарын дагуу ярьж байна эрүүл мэндийн 1-45 тоот хашаанд байгаа таны автомашин чинь асдаг юм уу? Турбин нь байхгүй байна ш дээ” гэхээр нь би гайхаад очтол турбин нь алдагдсан байсан. Тэгээд машинаа тойроод хартал дугуйнуудынх нь боолт суларч тайлагдсан, зарим  дугуйнууд нь сул байсан. Тэгэхээр нь Долгормаатай уулзахаар гэрт нь ороод миний машины турбин алдагдсан дугуйнууд нь солигдсон байна гэтэл би яаж мэддэг юм? гээд юм хэлэхгүй байхаар нь хажууд айлынх нь хүнтэй орж уулзахад наана чинь машинтай хүмүүс ирээд архи уугаад машиндаа юм хийгээд байсан. Тухайн үед Долгормаа гэртээ байсан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь Долгормаатай дахин уулзахад  мэдэхгүй гээд байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн  “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/

Шинжээч С.Энхтайваны  2016 оны 06 сарын 28-ны өдрийн “ 1. Турбины  үнэлгээ 420,000 төгрөг,

2. 12 номерийн 8 ширхэг дугуйны үнэ 1,440,000 төгрөг нийт 1,860,000 төгрөг” гэсэн 130 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 31/

Хохирогч С.Отгонбаяр Цагдаагийн байгууллагад гаргасан “ ...би 2015 оны 11 сард өөрийн 88-56 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүд сум 2-р баг Эрүүл мэндийн 1-45 тоотод байрлах Долгормаад хүлээлгэж өгсөн боловч Долгормаа нь миний автомашины 8 ширхэг дугуйг сольж, турбиныг зарж мөнгийг нь завшсан эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна. Долгормаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бид хоёрын дунд хохирлын талаар маргаан байхгүй тул энэ   хэргийг түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 20/

Шүүгдэгч У.Долгормаа нь ял шийтгэлгүй гэсэн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

Хохирогч С.Отгонбаярын  шүүхэд гаргасан “Миний бие нь эрүүгийн хуулийн 152.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон У.Долгормаад холбогдох хэргийг хохирогчоор тогоогдсон. У.Долгормаа хохирол болох 1.860.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгч У.Долгормаатай сайн дураараа эвлэрсэн ”  гэсэн хүсэлт /хх-ийн 51/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч У.Долгормаа нь Замын-Үүд сум 2-р баг Эрүүл мэндийн гудамжны 1-45 тоотод байрлах өөрийн гэрийн гадаа байсан хохирогч С.Отгонбаярын өөрт нь итгэмжлэн өгсөн 88-56 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн турбиныг зарж, 8 ширхэг дугуйг сольж, түүнд 1,860,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

Шүүгдэгч У.Долгормаагийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг бусдын итгэмжлэн өгсөн  эд хөрөнгийг  завшсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Долгормаагийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч С.Отгонбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шинжээч С.Энхтайваны 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 130 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-ийн 5-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл  /хх-ийн10/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хохирогч С.Отгонбаярт учирсан хохирол нь шүүгдэгч У.Долгормаагийн үйлдэлтэй шууд холбоотой байх ба тэрээр уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдох боловч энэ хэргийн хохирогч С.Отгонбаяр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирогчид 1,860,000 төгрөгийн төлж барагдуулсан, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Отгонбаярын цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан хүсэлт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь У.Долгормаа нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Долгормаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Чойжин овогт Ухнын Долгормааг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг  завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ухнын Долгормаад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. У.Долгормаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт  шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба У.Долгормаад урьд авсан гадагш явахгүй баталгаа авах өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг У.Долгормаа, хохирогч нар зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД