Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1591

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монгм” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэртэй, “Монгм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монгм” ХХК нь Кипр Улсад бүртгэлтэй “Смайнекс инвестментс лимитед” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан боловч гэрээнээс татгалзаж өөрсдийн оруулсан хөрөнгөө эргүүлэн авах тухай нэхэмжлэлээ гаргаснаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 764 852 ам.долларыг манайхаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Арбитрын энэ шийдвэрийн дагуу  гарсан төлбөр нь “Смайнекс инвестментс лимитед” ХХК-ийн хувьцааны төлбөрт төлсөн мөнгө бөгөөд бидний хамтран байгуулсан компанийн геологи, хайгуулын ажилд бүрэн зарцуулагдан дууссан тул нэхэмжилсэн мөнгийг буцаан өгөх ямар ч боломжгүй. Улс орны эдийн засгийн хямрал ч манай компанийн санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлсөн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 дугаар огноотой мэдэгдэл 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар хүргэгдэн ирсэн. Мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан “Монгм” ХХК-ийн өмчлөлийн оффисийн зориулалттай барилга, гараж, газрыг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон тул анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулана гэсэн байсан. Шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээчин манай барилга, гараж, газарт үнэлгээ тогтоохдоо үүсгэн байгуулагч Ц.Соёмбод мэдэгдээгүй, танилцуулаагүй, ямар хууль, дүрэм баримталж үнэ тогтоосон нь ойлгомжгүй. Учир нь манай дээрх барилга, гараж, газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсд оршдог бөгөөд одоо, ирээдүйд үнэ цэнэ нь улам өссөөр байгаа обьект атал үнэлгээчин үнэ тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлж, компанийн хөрөнгийг үнэгүйдүүлж бусдад давуу байдал үүсгэж, эрх ашгийг хохироох үйлдэл хийсэн.

Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зах зээлийн бодит үнэлгээг дахин тогтоож өгөхийг хүсч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн хариу хүлээн авснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлсэн “Монгм” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, 8 тоот хаягт байрлах оффисын зориулалттай барилгын үнэлгээ болох 1 451 600 000 төгрөгийн үнэлгээ, гаражийн 94 700 000 төгрөгийн үнэлгээ, газар эзэмших эрхийн 373 600 000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “Монгм” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 600 000 ам.доллар, хүү 135 200 ам.доллар, арбитрын хураамж 28 852 ам.доллар, нийт 1 764 052 ам.доллар гаргуулж Кипр Улсын “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Монгм” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж, 8 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилга, гараж, газар эзэмших эрхийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хураасан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “Монгм” ХХК, 3/446, 3/347 тоот албан мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал өгөхийг мэдэгдэхэд өмчлөгч “Монгм” ХХК үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шинжээчээр томилоход 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1 919 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн. Тус алба 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот албан мэдэгдлээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 1 343 930 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд оруулах тухай талуудад мэдэгдэж, нийтэд мэдээлсэн.

Төлбөр төлөгч “Монгм” ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 удаа түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж хугацаа хожиж, 2010 оноос хойш төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК болон “Сэлэнгэ эстимэйт” ХХК үнэлсэн. Дээрх үнэлгээнээс үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу “Монгм” ХХК-ийн өөрийнх нь хүсэлтээр хийсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний аргуудын эцсийн дүн эрс зөрүүтэй байх бөгөөд нэгдсэн үнэлгээний дүнг гаргахдаа жишиг үнийн аргыг 100 хувь ач холбогдол өгч үнэлсэн нь тухайн хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй байна.

Маргааны зүйл болох оффис, үйлчилгээний зориулалттай барилга, автомашины дулаан зогсоол нь 1999 онд ашиглалтад орсон бөгөөд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн жишиг үнийн аргад харьцуулсан барилгууд 2016 онд ашиглалтад орсон Твин тауэр, Сити тауэр барилгуудтай харьцуулсан нь барилгын зах зээлийн үнэлгээ, байршил зэрэг бусад үзүүлэлтүүдээр ижил төстэй биш байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдэл, төлбөр төлөгчийн санал зэргийг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд 37.2.2-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байгаа.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “Монгм” ХХК, 3/446, 3/347 дугаартай мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал мэдэгдлийг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Нэгэнт төлбөр төлөгч буюу өмчлөгчийн зүгээс үнийн санал ирүүлээгүй тул хуульд заасан журмын дагуу үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээний дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд тус алба 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу 33 хоногийн дараа гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээ нь хараат бус, мэргэжлийн үнэлгээ байх бөгөөд дуудлага явуулахад санал болгож буй үнэ буюу эхний дуудах үнийг тогтоож байгаа. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээ маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн зарагдах үнэ биш бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх тодорхойлсноор тухайн эд хөрөнгүүдийг борлуулах үнэ хэд дахин үнэтэй гэж үзэж байгаа тохиолдолд дуудлага худалдааны үнэ хаялцуулах явцад зарагдах үнэ өсөх юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилго бүхий үйлдэл болох нь тодорхой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Монгм” ХХК-ийн, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч “Монгм” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох зорилгоор “Мөнх-Оргил трейд” ХХК дүгнэлт гаргасан. Гэтэл үнэлгээг тогтоохдоо зах зээлийн бодит үнэлгээг хэт доогуур үнэлсэн нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байна. “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээ хийхдээ зах зээлийн жишиг үнийн хандлагыг гол болгоогүй, мөн жишиж буй обьект нь байрлалын хувьд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд бус Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт байрлах газар, барилгуудтай харьцуулсан нь уг үнэлгээг бодитой бус гарсан гэх үндэслэлтэй байхад шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой.

Шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн тайлан дахь обьектуудаас өөр обьектуудтай, өөр цаг хугацаанд харьцуулан хийгдсэн гэсэн үндэслэлээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн үнэлгээг үнэлээгүй нь үндэслэлгүй. “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн үнэлгээгээр уг барилгын үнэ сар, жилээр өсөн нэмэгдэж, үнэ цэнэтэй болж буй нь нотлогдож байгаа. Мөн компанийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээг бүрэн тогтоосон үнэн зөв үнэлгээ гэж үзэж байна.

“Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээг хийхдээ MNS6058:2009 стандарыг барьж 827.69 м.кв талбайг 714.97 м.кв болгон багасгаж үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй, өмчлөгчийн эрхийг илт зөрчиж буй үйлдэл. Учир нь уг стандарт орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн барилга нь үйлчилгээний зориулалттай. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгддэг бөгөөд энэхүү Ү-2203006219 улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрчилсөн зүйл байхгүй. Гэтэл “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээч дур мэдэн төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироож, талбайн хэмжээг багасгаж үнэлсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргасан бөгөөд үнэлгээтэй холбоотой дээрх хууль бус үйлдлийг хянуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдлоо гаргахад тус алба шүүхэд хандах эрхийн талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй, өөрсдөө шийдвэрлэх гэж байгаа мэт хугацаа алдагдуулж, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх харгалзан үзнэ үү. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Монгм” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 8/2 тоотод байрлах 3 давхар оффисын зориулалттай барилгыг 1 451 600 000 төгрөг, гаражийг 94 700 000 төгрөг, газар эзэмших эрхийг 373 600 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Монгм” ХХК нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Кипр улсын “Смайнекс инвестментс лимитед” компанид 1 764 052 ам.долларыг сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаартай, шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 8/2 тоотод байрлах 3 давхар барилгыг гараж, газрын гэрчилгээний хамт битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн байна. /хх 38-50, 37, 53, 57-60, /

 

Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал өгөх талаар төлбөр төлөгч болон тус компанийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхэд санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон, уг компани хөрөнгийн үнэлгээг хийж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 3 давхар барилга, гараж, газар эзэмших эрхийн зах зээлийн үнийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 1 919 900 000 төгрөг болохыг тогтоож, тайланг ирүүлжээ. /хх 61-62, 65-78/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар уг ажиллагаатай холбоотой гомдлыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хуулийн дээрх зохицуулалтаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА