Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/532

 

 

 

 

 

                  

                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,     

улсын яллагч Н.Энхболд,    

  шүүгдэгч Ч.Д  , түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ч-ийн Д-т  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105004140374 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын ........-ний өдөр Төв аймгийн ......... төрсөн, ....... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, ажилгүй, ам бүл .......... хамт Баянгол дүүргийн ....... дугаар хороо ........дүгээр байранд оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Ч-ийн Д /РД:......................./. 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Д   нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч А.Т нь Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа урилга болон визний хураамж болох 2.837.500 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499249883 тоот дансанд, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар байрны 10 тоотод гэртээ байхдаа онгоцны тийзний урьдчилгаа болох 1.200.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар 09-ний өдөр Хаан банкны 5212027175 тоот дансанд тус тус шилжүүлснийг авч залилж нийт 4.037.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д   мэдүүлэхдээ:

“...Тэгшбаярыг найзын журмаар таньдаг. Түүний ээж нь манайд хүүхэд асрагчаар ажилладаг байсан. Тухайн үед Монгол брэнд төрийн бус байгууллага нь 2019 оны 10 дугаар сард Америкт экспортолъё гэсэн хөтөлбөр зохион байгуулсан. Би цагийн ажилтнаар ажиллаж байсан. Нийт 57 байгууллага бүртгээд 10 байгууллага шалгарсан. Тэгээд дараагийн үйл ажиллагаа 2020 оны 2 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан. Тухайн үед үзэсгэлэн зохион байгуулж байсныг Тэгшбаяр мэдэж байсан. Намайг Америкт байхад Тэгшбаяр холбогдоод энэ үйл ажиллагаанд оролцож болох талаар асуусан. Тэгээд би оролцох боломжтой. Нэг байгууллагаас 3 хүн явах боломжтой. Ээж нь манай гэрт ажилладаг байсан болохоор зардлыг нь дааж болно гэдэг санал тавьсан. Тэгшбаяр өөрөө оролцоно гэсэн болохоос дүүгээ оролцуулна гэдэг талаар хэлээгүй. Америкт байхдаа цуглуулах бичиг баримтыг талаар дэлгэрэнгүй хэлсэн. Урилга, визний хураамж 160 доллар төлдөг. 100 долларын бүртгэлийн хураамж авдаг талаар хэлэхэд оролцоно гэдгээ хэлсэн. Ямар дансаар, ямар эх үүсвэрээр над руу мөнгө шилжүүлж байгааг би мэдээгүй. Дүүгээсээ мөнгө аваад над руу явуулсан талаар сүүлд мэдсэн. Манай байгууллага 2019 онд энэ үйл ажиллагааг зохион байгуулахад нэг байгууллагаас 1500 доллар авдаг байсан. Тэгшбаярыг 1000 доллароор бүртгэсэн. Архидалгүй ирээдүй төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ дансаар Тэгшбаярын мөнгийг авсан. Тэгээд үйл ажиллагаандаа зарцуулсан. Би зохиомлоор хуурч мэхэлж, америк руу авч явсан удаа байхгүй. Би виз гаргах эрхгүй гэдгээ мэднэ. Виз гарахгүй байх боломжтой гэдгийг Тэгшбаярт хэлсэн. Элчинд ярилцлагад орох талаар зөвлөгөө өгөх талаар хэлсэн нь үнэн. Тэгшбаярт тусалж, зардлыг нь даана, зөвлөгөө мэдээлэл өгөх талаар хувийн чатаар мэдээлэл өгч байсан нь түүний ээж нь манай гэрт хүүхэд асрагчаар ажиллаж байсан болохоор тусалж таньдаг болсон. Манай байгууллагын үйл ажиллагаа цар тахлын улмаас хойшлогдсон. Тийм учраас байгууллагуудын мөнгийг буцааж өгч эхэлсэн. Тэгэхэд Тэгшбаяр, Төгөлдөр нар мөнгөний талаар надтай ярилцаагүй. Би хөл хорио тавигдсаны дараа үйл ажиллагаанд хамрагдах юм байх гэж бодсон. Гэтэл 2021 оны 2 дугаар сард гэрийн гадаа ирээд мөнгө авъя, визэнд орохоо болилоо гэж хэлсэн. Тэгэхэд нь мөнгөө буцааж авч болно. Бүртгүүлсэн байгууллагын төлбөрийг буцааж өгч байгаа болохоор хэцүү байдалтай байна. 3 дугаар сараас мөнгөө ирээд аваарай гэж хэлсэн. Гэтэл 3 дугаар сарын 10-ны өдөр цагдаад өгсөн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,   

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Иргэн А.Т цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-4/, 

 

Гэрч А.Тэгшбаяр Ч.Д   хоёрын хооронд интернет чатаар бичсэн хуулга /хх-н 10-17/, 

 

Гэрч Б.Б-ын хаан банкны 5212027175 тоот дансны хуулга /хх-20-21/,

 

Хохирогч А.Т-ийн  Худалдаа хөгжлийн банкны 473017758 тоот дансны хуулга /хх-24/

 

Хохирогч А.Т-ийн  Хаан банкны 5071151246 тоот дансны хуулга /хх-25/,

Яллагдагч Ч.Д  ын Худалдаа хөгжлийн банкны 499249883, 456075359 тоот дансны хуулга тус данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-154-191/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Д  ын өгсөн:

“... ...” гэх мэдүүлэг /хх-н /, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Т-ийн  өгсөн:

“...Дөлгөөнтамирыг АНУ-руу виз мэдүүлдэг, АНУ- руу хүн гаргадаг гэж хэлж байсан, мөн манай ах Тэгшбаяр Д-т ай танилцаад найзуудын холбоотой байсан юм, мөн Д нь АНУ-д байх Вашингтон хотод болдог Монгол брэндийг сурталчлах арга хэмжээнд Монгол талаас жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг компаниудыг бүртгэж уг арга хэмжээнд татан оролцуулдаг хүн гэдгийг ах Тэгшбаяраасаа сонсож байсан юм, манай ах Тэгшбаяр нь жижигхэн барилгын компанитай, тэр компаниараа дамнуулаад АНУ-д байдаг Biznes avante болох олон улсын худалдааны маркетингийн арга хэмжээнд оролцох гэж байгаа гэж хэлж байсан юм, бусдаар бол ямар нэгэн компани нэр биш юм гэсэн, манай ах Тэгшбаяр нь АНУ-д энэхүү арга хэмжээнд компаниа төлөөлөн арга хэмжээнд оролцох гээд Д-т ай холбогдож ярилцаж байсан юм байна, тэр үед манай ах Тэгшбаяр намайг энэ арга хэмжээнд оролцох нэрийн дор АНУ-руу гарах санал тавиад би зөвшөөрөөд энэ арга хэмжээгээр нь дамнуулж АНУ-руу виз гаргуулан гарах санаатай байсан юм, бусдаар бол надад Biznes avante-д оролцох зорилго байгаагүй, манай ах л тэр арга хэмжээнд оролцож үзэх гээд Д-т ай уулзаж ярилцаж байсан юм эдгээр ярианууд 2020.02 дугаар сарын эхээр яригдаж эхэлж байсан юм, тун удалгүй ах бид хоёрыг Д АНУ-руу гаргах урилга болон, визний урилга хураамж болох 1000 доллар орчмыг шилжүүл гэж ахад хэлж байсан юм байна лээ, тухайн мөнгийг Архидалтгүй ирээдүй гэсэн төрийн бус байгууллагын данс руу шилжүүлээрэй гэж хэлээд Худалдаа хөгжлийн банкны вальютын данс болох 499249883 тоот дансыг Тэгшбаяр ахад Д өгсөн байсныг ах Тэгшбаяр тус банкны дансыг надад чатаар өгөхөөр нь би өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн 473017758 тоот данснаасаа 1000 долларын хэмжээтэй 2,837,650 төгрөгийг 2020.02.07-ны өдөр шилжүүлсэн юм, шилжүүлснийхээ дараачаар тэр дор нь ах Тэгшбаярт шилжүүлсэн талаараа хэлж байсан юм, Тэгшбаяр ах Д-т  мөнгө шилжин очсон талаар хэлсэн байх, тэр үед Д АНУ-д байна гэж хэлээд АНУ-д байгаагаа чатаар зургаа явуулаад байсан гэсэн, тэгээд мөнгө шилжүүлсний 2 хоногийн дараа Д нь онгоцны тизний урьдчилгаа мөнгө болох 1,200,000 төгрөгийг шилжүүл гэж тоот дансыг өгөөд, Бадамгарав гэх хүний данс, энэ хүн бол Монгол дахь виз гарахтай холбоотой ажлыг зохион явуулан зохицуулж байгаа гэж Тэгшбаяр ахад хэлэхээр нь, Тэгшбаяр ах мөн уг явуулсан дансыг нь над руу явуулахаар нь 1,200,000 төгрөгийг 2020.02.09-ны өдөр шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Т-ын  өгсөн:

“...АНУ руу гарах визийг Төрийн бус байгууллага нь хөөцөлдөж амархан хугацаанд гаргадаг гэж Д хэлсэн юм, тэр үед би АНУ руу гарч үзэх санаатай байсан, очих үзэх санаа нь АНУ-руу чөлөөтэй гардаг удаан хугацааны виз даруулах санаатай байсан болоод Д-т ай энэ асуудлаар уулзаж ярилцаж эхлэхэд Д болно, бүтнэ шүү дээ, улирал болгон АНУ-н Вашингтонд Ази Америкийн хамтарсан барааны бизнесийг дэмжих арга хэмжээ зохион явдаг нь гэхээр нь Монгол талаас монгол брэндийг дэмжих чиглэлээр ирнэ болон Компани ажилчдыг судалж эхэлдэг гэж хэлж байсан юм, тухайн үед АНУ-д арга хэмжээ ойрхондоо явагдах гэж байна гэж хэлээд чи явах уу? гэхээр нь би зөвшөөрөл Д өөрөөсөө гадна 3 хүн олчих, харин зөвхөн чиний зардал болох виз, тизний зардлыг би өөрөө даана, харин чи АНУ-руу гарах 3 хүн олоодох гэж хэлэхээр нь төрсөн дүү Төгөлдөр маань АНУ руу гарах санаатай байсан юм, бусдаар бол дүү маань тэр арга хэмжээнд оролцох санаа байгаагүй байсан юм, Ишхүү, Туул гэх би хоёр таньдаг хүнээ хамтад нь Д-т ай уулзуулаад тухайн үедээ АНУ-г төлөөлөн сууж байгаа элчин сайдын яамны визэнд орохоор анкетыг интернэтээр бөглөж өгсөн юм, тухайн үед Д нь англи хэлтэй байсан болоод тухайн анкетыг бид нарт шивж өгч байсан юм, Ишхүү, Туул хоёроос 4 сая орчим төгрөгийг онгоцны зардал, элчингийн цаг авах мөнгө, АНУ-аас урилга ирүүлэх зорилготой мөнгийг авч байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-н 51-52, 61/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн: 

“...Тэр үеийн ямар мөнгө хийснийг бол санахгүй байна, би 2019.05 дугаар сараас 2021.01 дүгээр сарын хооронд “Start Up marketing space XXK" буюу дундын оффис гэх газар харилцааны менежерийн албан тушаалд ажилладаг байсан Д эгч 2019 оны 06 дугаар cap хавьцаа манай компанид түрээслэгч болж орж ирэх үед нь танилцаж байсан юм. Д бид хоёр нэг чиглэлийн компанид ажиллаж байгаагүй, харин нэг давхарт нэг оффист байдаг, манай компани түрээслэгч тал юм, харин Д эгчийн Төрийн бус байгууллага нь оффис түрээслээд үйл ажиллагаа явуулдаг байсан юм, би өөрөө англи хэлтэй хүн юм, Д эгчийн Төрийн бус байгууллага нь Архидалтгүй ирээдүй гэсэн нэртэйгээр манай оффисийг түрээсэлж орж ирж байсан юм, Д эгч ямар нэгэн англи хэлнээс ч байсан мөн Монгол хэлнээс ч англи хэл рүү бичиг баримтуудыг нь хөрвүүлж, орчуулж өгдөг байсан, би нэг ёсондоо халтуур хийж өгдөг байсан юм, нэг орчуулга хийхэд янз янз л байдаг юм, тэгээд дараа 2020 оны 02 дугаар сарын үед иргэдийн виз мэдүүлэх маягт анкет, уулзалт АНУ-н элчин сайдын яаманд уулзалтын цаг авахад тухайн элчийн сайдын яамны цахим веб хуудсанд иргэдийн мэдээллийг бөглөж өгдөг байсан юм тухайн анкетыг дандаа англи хэл дээр бөглөдөг байсан юм, иргэдийн анкетыг бөглөх үедээ бол гадаад паспортын зургийг нь Д эгч өгдөг байсан юм. Тэгээд би гадаад паспортын зургийг нь харж байгаад бөглөж өгдөг байсан юм, нэг ёсондоо халтуур хийдэг байсан юм, нэг хүний анкетыг 50,000 төгрөг орчмоор хийдэг байсан, ойролцоогоор 5 хүнд анкет мэдүүлж өгч байсан санагдаж байна. Миний 5212027175 тоот дансанд 2020.02.09-ны өдөр 1,200,000 төгрөг 5071151246 тоот данснаас орж ирснийг хуулга авч үзсэн мэдсэн, яг ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан дээр мэдүүлсэн асуудлын мөнгөнүүд орж ирсэн байх, тэгээд би 1,000,000 төгрөгийг буцаагаад Д эгч рүү шилжүүлсэн байна лээ, хуулгаа харахад, 200,000 төгрөгийг анкет бөглөж өгсөн хөлсөө л авч үлдэж байсан санагдаж байна, яагаад миний данс руу хийлгэж байсныг санахгүй байна, өөр иргэдээс миний дансыг ашиглаж мөнгө авч байсныг санахгүй байна. Үгүй энэ хоёр нэр бүхий хүнийг огт танихгүй юм байна, мөн хэн нэгэн иргэний онгоцны тиз бүрдүүлж хөөцөлдөж байгаагүй. Мөн Төгөлдөр, Тэгшбаяр хоёрыг огт танихгүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 58-59/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/,

-оршин суугаа хягийн лавлагаа /хх-87/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 77/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Д   нь Америкийн нэгдсэн улс руу виз гаргана хэмээн хуурч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар иргэн Төгөлдөрийг бодит байдлыг төөрөгдөлд оруулсны улмаас 4,037,500 төгрөгийн төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч Бадамгаравын мэдүүлэг, Бадамгаравын хаан банкны дансны хуулга, Д нь 2,837,500 төгрөгийг худалдаа хөгжлийн банкны дансаар 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр авсан, 3 хоногийн дараа буюу Америкийн нэгдсэн улсад байхдаа 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Бадамгаравын хаан банкны дансаар 1,200,000 төгрөг онгоцны тийзийн мөнгө гэж авсан байдаг. Үүнийг шалгахад Дөлгөөнтамирын дансны хуулга, хохирогч,  гэрчийн мэдүүлэг зэргээр тийзийн зардалд зарцуулаагүй, хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь Худалдаа хөгжлийн банкны 456075359 дугаартай дансны хуулгаа тогтоогдож байдаг. Шүүгдэгч Д нь Америкийн нэгдсэн улсад одоо байгаа талаар зураг явуулж, итгэлийг нь олж, хохирогч Төгөлдөрөөс 4,037,500 төгрөгийг шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Д  ыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд болох саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн, 

Шүүгдэгч Ч.Д  ын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун шүүх хуралдаанд: “... шүүгдэгч Д нь 2020 оны 2 дугаар сард АНУ-д зохиогдсон экспод оролцсон. Хэрэгт дурдагдаж байгаа 2020 оны 5 дугаар сард зохион байгуулагдах байсан арга хэмжээ нь зохион байгуулагдах хангалттай нотлох баримт байсаар байтал зөвхөн хор уршигт тулгуурлан зөвхөн яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн ямар ч шинж байхгүй бөгөөд цар тахлын улмаас төлөвлөсөн олон арга хэмжээ хойшилж онлайн хэлбэрт шилжсэн байна. Ч.Д  ын хувьд өөрөөс шалтгаалах ажиллагаагаа хийсэн бөгөөд Төгөлдөр, Тэгшбаяр нарын АНУ-ын элчний ярилцлагад ороход бэлдэж 160 маягтыг бөглөсөн гэдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэгт байдаг. 160 маягтыг бөглөхийн тулд тус бүр 160 доллар төлдөг. Гэвч АНУ-ын элчин одоог хүртэл ярилцлагад орох цагаа өгөхгүй байгаа бөгөөд хэрэв нөхцөл байдал хэвийн боловч, элчин сайдын яам ярилцлагаа сонгох, цагаа авах эрх үүсэх юм. Хэрвээ дээрх Тэгшбаярт танилцуулсан хөтөлбөр, үйл ажиллагаа, арга хэмжээ хуурамч хууль бус гэж үзэж байгаа бол Монгол брэнд ТББ-ыг залилах гэмт хэрэгт шалгах шаардлагатай. Дөлгөөнтамирын танилцуулсан хөтөлбөр, үйл ажиллагаа нь бодитой, мессенжер бичиж хуурсан гэж байгаа нь “эхлээд ярилцлагад ор, бүтэхгүй бол 150 доллар буцааж авах боломжтой” талаар 2 ч удаа дурдсан байдаг. ... Төгөлдөрийн өгсөн мөнгөнөөс 320 доллар буюу тухайн үеийн ханшаар 807,840 төгрөгийг АНУ-ын элчин сайдын яаманд төлсөн, 100 доллар буюу 283,700 төгрөгийг тийз захиалахад төлсөн зэрэг үйлдэл хийсээр байтал зөвхөн виз гараагүй, АНУ руу яваагүй гэх шалтгаанаар буруутгаж, гэмт хэрэг үйлдсэн гэж тооцох боломжгүй гэж үзэж байна. ...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад анхнаасаа залилна гэсэн зүйл харагдахгүй байна. ...Цар тахлын улмаас явах боломжгүй болсон. Үүнийг нотлох шаардлагагүй зүйл. 2020 оны 3 дугаар сараас хойш Монгол улс хилээ хаасан, элчин сайдын яам визний ярилцлагын цагаа зогсоосон. Үүний улмаас тухайн арга хэмжээнд явах боломжгүй болсон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар санал, хүсэлтүүдийг гаргажээ.

Залилан мэхэлж авах гэмт хэргийн объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэригйн үйл баримтад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.Д   нь хохирогч А.Т-ийн  эд хөрөнгийг авах зорилго бүхий идэвхитэй үйлдэл хийгээгүй эхнээсээ гэрч А.Тэгшбаяртай шууд харилцаатай байсан байна.

Залилах гэмт хэргийн нэг үндсэн арга болох хуурч мэхлэх гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх шинжтэй байдаг. Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ч.Д   нь Монголын бизнесс эрхлэгчдийг АНУ-д бизнесс аялалд оролцох үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байна /хх36-42,58-59/. 

Учир нь шүүгдэгч Ч.Д  ын ажиллаж байсан Монгол брэнд холбоо нь 2020 оны 2 дугаар сард АНУ-ын Вашингтон хотод байрлах Дэлхийн банк группийн үндсэн цогцолборт зохион байгуулагдсан “Mongolian heritage day 2020” арга хэмжээнд оролцсон үйл ажиллагаа идэвхтэй явуулж байсан гэх ба 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “Америкт экспортолъё” АНУ дахь арга хэмжээний хөтөлбөр арга хэмжээ явагдахаар төлөвлөгдөж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Ч.Д  ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах  гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа ба төлөвлөгдсөн арга хэмжээ нь биелэгдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. 

Иймд шүүгдэгч Ч.Д  ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан аливаа эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд  шүүгдэгч Ч.Д  т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Ч-ийн Д-т  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах  гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.  

2.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ