Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/533

 

 

 

 

 

 

 

                               

   2021             8           11                                        2021/ШЦТ/533

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,  

улсын яллагч Б.Батсайхан,        

хохирогч А.А ,   

  шүүгдэгч А.И  , түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт А  И холбогдох эрүүгийн 2102001500123 тоот хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С  овогт А  И  , регистрийн дугаар:/........................./. 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.И   нь Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны орцонд иргэн Б.А  “Хар тамхитай тэмцэх газрын ажилтан байна, чамайг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч А.И   нь Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны орцонд иргэн Б.А  “Хар тамхитай тэмцэх газрын ажилтан байна, чамайг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И   мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.А   мэдүүлэхдээ:  

 

“...Тухайн байранд хамаатны эгч амьдардаг. Нэг залуу бууж ирээд Хар Тамхитай Тэмцэх газрын ажилтан байна гээд доод давхар луу буусан. Тэгээд намайг нэгжлэг хийнэ гээд халаасанд байсан зүйлүүдийг гаргуулсан. Би 100,000 төгрөг шилжүүлсэн...надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Үүнд:  

 

Иргэн Б.А-аас    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-н 6/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: “...гомдол гаргагч намайг дарамталж мөнгө авсан гэх тайлбарласан тул тус газрын заалгуулж Самсунг вайд гар утсаар зураг авав...” /хх-н 8-10/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэгийн явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /хх-н 11-13/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоол /хх-н 14/,

 

Б.А-аас    гаргаж өгсөн Хаан банкны 5035549726 тоот дансны хуулга /хх-н 23-24/,

 

А.И  ийн биед байсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын цагдаагийн 29146 дугаартай А үнэмлэхийн гэрэл зураг /хх-н 30-32/,

 

А.И  ийн гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл: “...бичлэг хийж буй хүн биед байгаа эд зүйлсээ ийшээ гаргаад тавьчих гэж хэлэхэд шар өнгийн куртиктэй эрэгтэй шар өнгийн асаагуур орны цонхны тавцан дээр гаргаж тавьж байгаа бичлэг байх ба бичлэг хийж буй хүн юу хэрэглээд байна залуу, юу хэрэглээд байна залуу чичирсэн хоолойгоор хэлэв...” /хх-н 33-34/,

 

Хаан банкны 5039421702 тоот А.И  ийн дансны хуулга /хх-н 45/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ын     өгсөн:

 

 “...Цагдаагийн ажилтан И  өөс 100,000 төгрөгөө нэхэмжилж байна, гомдолтой... Тэгээд бид хоёр орц руу орж, цагдаа И чи яадахдаа 100000 төгрөгийг нь авчих л даа гэхэд өөрийн И   гэх нэртэй 5039421702 тоот данс хэлэхээр нь би өөрийн 5035549726 дугаарын данснаас 100,000 төгрөгийг интернет банк ашиглаж шилжүүлсэн. Цагдаагийн ажилтан И  өөс 100,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 154-155, 186-187/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ын     өгсөн:

 

“...залуу бууж ирээд Хар тамхитай тэмцэх газрын ажилтан байна гээд бичиг баримтаа үзүүлээд хоёулаа уулзаадхъя гээд намайг дагуулаад доод давхар луу буусан юм. ...орцонд таарчхаад намайг нэгжиж үзээд чи хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байна, чиний шээснээс шинжилгээ авна гээд чи надтай орооцолдвол 10 хоногийн ажлаа алдана. Тэрний оронд мөнгө өгөөд салъя гэхээр би хэд хоногийн өмнө хэрэглэсэн мансууруулах бодис илэрчих байх гэж бодоод бушуухан явуулахын тулд мөнгө найзаасаа зээлээд шилжүүлсэн. Намайг яагаад ингэж нэгжиж байгаа юм гэтэл надад тийм эрх нь байна гээд байсан юм. Мөн 5039421702 дансаа өгөөд утган дээр нь элдэв янзын зүйл огт бичихгүй шүү гэхээр нь би санаатай zeel гэсэн утга бичээд 100,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 46-47,  

 

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/77 дугаартай тушаалаар А.И  ийг Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаагаар томилсон /хх-ийн 64-65/,

 

Тээврийн Цагдаагийн албаны 14-2/1088 дугаартай албан тоотоор А.И  өд явуулсан албаны шалгалтын материалын хуулбар /хх-86-141/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ц-ын   өгсөн:

 

                 “...Б.А   нь яаралтай мөнгөний хэрэг гарлаа, найз руугаа 300,000 төгрөг шилжүүлээч гэсэн. Аюушжавын хувьд надаас тэр болгон мөнгөө зээлээд байдаггүй. Яаралтай асуудал гарсан юм байна гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 158-159/, 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С  овогт А  И холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.И  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирлын талаар

 

            Шүүгдэгч А.И   нь хохирогч Б.А  100.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн ба А.И   нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигон С  овогт А  И  ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн саналтай санал нэг байна. Дээрх торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ.   

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигон С  овогт А  И  ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.И  ийн оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С  овогт А  И  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигон С  овогт А  И  ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

           

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.И  ийн оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.И  өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ