Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/536

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ,   

улсын яллагч Г.Онон, 

шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Л-ийн Б-т  холбогдох эрүүгийн 21050000000635 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл ........... хамт Баянгол дүүрэг, ...... дугаар хорооны ............... тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Г  овогт Л-ийн Б  /РД:............................./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Б  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 48 дугаар байр, 24 тоотод төрсөн хүү Б.Г  эхнэр Ө.У хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар улаан хүрэн иштэй хутга ашиглан алахыг завдсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 48 дугаар байр, 24 тоотод хохирогч Ө.У-г  алахыг завдсан үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Г  /төрсөн хүү/ биед улаан хүрэн өнгийн хутга ашиглан баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Л.Б  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 48 дугаар байр, 24 тоотод төрсөн хүү Б.Г  эхнэр Ө.У хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хохирогч Ө.У маргалдан, улмаар улаан хүрэн иштэй хутга ашиглан алахыг завдсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 48 дугаар байр, 24 тоотод хохирогч Ө.У-г  алахыг завдсан үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Г  /төрсөн хүү/ биед улаан хүрэн өнгийн хутга ашиглан баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б  мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв ярьсан мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Б ын өгсөн:

 

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 67-69/, 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г  өгсөн:

 

“...Би 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад эхнэр Ундармаагийн хамт 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 48 дугаар байр, 24 тоотод гэртээ ирсэн. Эхнэр бид 2 ирэх үед гэрт аав ганцаараа архи уучихсан байдалтай байсан. Эхнэр бид хоёр хоолоо идээд өрөөндөө унтахаар орсон чинь аав Б  гэрээс гараад явсан. Би унтаж байгаад 16 цагийн үед босч ирсэн чинь аав согтуу гал тогооны өрөөнд сууж байсан. Эхнэр Ундармаа 2021 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө хэвлийд байх ураг нь зулбасан юм аа, энэ талаар би аавд хэлсэн чинь аав уурлаад тэгүүл наадахыг чинь ална гэж хэлээд манай эхнэр Ундармаа руу улаан иштэй хутга аваад дайрсан. Манай аав хутга аваад эхнэр рүү дайрах үед би болиулах гээд хутганы ир байдаг хэсгээс атгаад авсан чинь аав хутгаа шувтарч татаад миний 4 хуруу үе хэсгээрээ зүсэгдсэн. Тэгээд аав гараад явчихсан. Би хэрэг гарсан өдөр аавыг болиулаагүй бол тэр өдөр манай эхнэр Ундармааг хутгалахад бэлэн байсан. Өмнө нь он сарыг сайн санахгүй байна, ер нь уух болгондоо гэрээс хөөгөөд хэрүүл хийгээд хэл амаараа доромжлоод байдаг. Тэгээд эхнэр бид хоёр хүүхдүүдээ аваад машиндаа, ажил дээрээ хонодог. ...Архи уусан үедээ эхнэр хүүхэд, бид нарыг ална гэж хэлээд дэрэн доороо хутга тавьж унтдаг, намайг байхгүй үед ааваас эхнэр хүүхдүүд айгаад гэртээ ирдэггүй... Намайг байхгүй үед эхнэр хүүхэд аавтай цуг үлддэггүй, ааваас айдаг...Надад учирсан гэмтлийг миний биед аав Б  учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.У-ийн   өгсөн:

 

“...Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад нөхрийн хамт 13 цагийн үед гэртээ ирсэн. Нөхөр бид 2 ирэх үед гэрт хадам аав Б  ганцаараа архи уучихсан байдалтай байсан. Нөхөр бид 2 хоолоо идээд өрөөндөө унтахаар орсон. Би нэг харсан чинь хадам аав гэрээс гараад явсан байсан. Хэсэг хугацааны дараа хадам аав буцаад ороод ирсэн, нөхөртэй юм яриад сууж байсан. Тэгээд манай нөхөр хадам аавд хандаж та яагаад архи уугаад байгаа юм бэ, та архи уугаад хутга шөвөг барьж дайраад байхаар нь би 2 хүүхдээ айлд аваачаад эхнэрээ хаашаа ч явсан дагуулаад яваад байна, саяхан та манай эхнэрийн гэрээс хөөж гаргаад 8 хоног машинд хонуулснаас чинь болоод манай эхнэрийн хүүхэд зулбасан гэж хэлсэн чинь хадам аав чи шар хүүхнээ өмөөрлөө тэрийг чинь би ална гэж хэлээд хутга аваад гал тогооны өрөөнөөс над руу гүйсэн чинь манай нөхөр болиулах гээд хутганы ир байдаг хэсгээс нь гараараа атгаад авсан чинь хадам аав хутгаа шувт татаад авсан. Нөхрийн гарны цусыг би тогтоох гээд боогоод байж байсан чинь хадам аав гараад явчихсан. ...Манай хадам аав Б  нь өөрийн гэсэн гэр байхгүй, нөхөр хүүхдүүд бид нартай хамт амьдраад 1 жил гаран болж байна. Архи их уудаг, уух болгондоо хэл амаар доромжилдог. Хадам аав мөнгө нэхэж айлган сүрдүүлээд 2021 оны 3 дугаар сарын 06-наас 12-ны өдөр хүртэл би орц, машинд хоносон. Ингэж ядарч явснаас болоод миний 2 cap гарантай ураг зулбасан. Архи уухаараа ална гэж их айлгадаг, унтахаараа дэрэн доороо хутга тавьж хонодог. Би болон манай хүүхдүүд хадам аавтай хамт байхаас айдаг. Манай 2 хүүхэд ааваас айгаад надтай цуг ажил дээр байрлаж байгаа. Хэрэг гарах үед манайд нөхөр, хадам аав бид 3 байсан. Хадам аав бол гаднаас архи уучихсан орж ирсэн. Манай нөхөр бид 2 архи уугаагүй байсан. ...Урьд агсам согтуу тавиад над руу хэд хэдэн удаа дайрч байсан. Тэр үед манай нөхөр өмнөөс нь барьж аваад болиулдаг байсан. Тэгж байхдаа манай нөхөр цохиулж зодуулдаг байсан. Урьд өмнө нь архи уухаараа ална гээд хутга барьж айлгаж байсан. Унтахдаа дэрэн доороо хутга хийж унтдаг байсан. Тэгээд айгаад гэр орондоо байж чаддаггүй. Орой унтахдаа хүртэл манай нөхөр унтдаг өрөөнийхөө хаалганы хажууд, би цонхны хажууд хаалганаас хол унтдаг. Тэгэхгүй бол шөнө орой ороод ирж магадгүй гээд их айдастай унтдаг. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Э-ийн   өгсөн:

 

“...Хааяа манай эгч хүүхдүүдээ дагуулаад манай гэрт хүрээд ирдэг, юу болсон талаар асуухад хадам аав Б  архи уусан, агсам тавиад байна гэж хэлдэг байсан. Ундармаа эгч надад ярих даа түүний хадам аав Б  эгчийг ална гэж хэлээд хутга бариад түүн рүү дайрах үед хүү нь болиулах гээд хутга дээрээс нь бариад авсан гэсэн. Би дарамт шахалт үзүүлдэг эсэх талаар нь хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Эгч Ундармаа хэлэхдээ хадам аав их уудаг архи уухаараа агсам тавьдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21/,  

 

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3155 тоот дүгнэлт

“...Б.Г  биед баруун гарын дунд, ядам, чигчий хурууны 2 дугаар үений дотор талын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилГ с хамаарна...” /хх-н 37-38/, 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн мөн хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Г  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. 

 

 Хохирогч Ө.У    нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн,

 

Хохирогч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.      

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90/, 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 81/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Л.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргалаа.  

Шүүгдэгч Л.Б  нь урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б ын цагдан хоригдсон хоногоос 30 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б ын үлдсэн урьдчилан цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б ын эдлэх 8 /найм/ жилийн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г  овогт Л-ийн Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б ын эдлэх 8 /найм/ жилийн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б ын цагдан хоригдсон хоногоос 30 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцсугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б ын үлдсэн урьдчилан цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Л.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б т авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.ЖАНЧИВНЯМБУУ

                                             

                                  ШҮҮГЧ                                          Л.ОДОНЧИМЭГ