Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/539

 

 

 

 

 

 

 

                  

   2021             8           18                                          2021/ШЦТ/539                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон /томилолтоор/,  

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын  Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005018520706 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, ......... оны ..........дүгээр сарын ..........-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...........суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Сэлэнгэ аймгийн .............. тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сум ............ тоотод түр оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-ын  Н регистрийн дугаар: /................../,

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 626-67 тоотод маргааны улмаас Ц.Б хөлөөр өшиглөж гараар цохиж биед цээж, нуруу 2 хацар зүүн нүдний зовхи, зүүн бугалга, өвдөг, гуянд олон тооны цус хуралт шалбаралтууд гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 626-67 тоотод маргааны улмаас Ц.Б хөлөөр өшиглөж гараар цохиж биед цээж, нуруу 2 хацар зүүн нүдний зовхи, зүүн бугалга, өвдөг, гуянд олон тооны цус хуралт шалбаралтууд гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Н өгсөн:

 

“...би тухайн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Гэхдээ бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Миний биед ч гэсэн гэмтэл учирсан. Бид хоёр хоёулаа архи уугаад хоорондоо муудаж маргалдсан, хэн хэнд буруу байгаа учраас орхиё гэж бодоод л би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 81-82/,      

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б  өгсөн:

 

“...Н бид хоёр дахин ялихгүй зүйлээс болоод маргалдсан тэгээд Н чанга чанга орилсон, би урдаас нь мөн чанга чанга орилсон тэгсэн дүү нь болох Номин-Эрдэнэ жижиг өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гэж хэлсэн. Нэг мэдсэн Н намайг түлхсэн хүүхэд хажууд уйлаад байсан. Тэгээд би Н-ийг  чи яагаад байгаа юм бэ гээд буцаагаад өөрийг нь түлхсэн. Хажуунаас Номин-Эрдэнэ үсдсэн тэгээд би буцаагаад Номин-Эрдэнийг үсдсэн. Мөөгий гэрээс гараад явсан Мөөгий явсны дараа хэрүүл зодоон үргэлжилсэн бөгөөд манай хүүхдийг уйлаад байхад нь гэрээсээ гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Н  өгсөн:

 

“...Тэгтэл Болортуяа намайг үг хэлээр доромжилсон. Тэгтэл манай найз эгч Н Болортуяагийн хөл рүү нь 2,3 удаа өшиглөсөн. Тэгтэл Болортуяа орилоод байсан учир цагдаа дуудсан...Ц.Б  Н хоёр том өрөөнд үлдсэн. Намайг жижиг өрөөнд орсны дараа Ц.Б  нь орилж хашгираад чимээ гарсан бөгөөд Болортуяаг Н эгч чимээгүй бай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 40-41/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Г  өгсөн:

 

“...Удалгүй дахиад эмэгтэй хүн орилж байгаа чимээ гарахаар нь би жижиг өрөөнөөс гараад том өрөөнд ороход Н эгч гарнаас нь барьчихсан манай гэрээс гар гэж хэлсэн байдалтай, нөгөө эмэгтэй нь би хүүхдээ авмаар байна гэсэн тэгээд хүүхдийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,   

 

2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4132 тоот дүгнэлт

“...Ц.Б   биед цээж, нуруу, 2 хацар, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, өвдөг, гуянд олон тооны цус хуралт, шалбаралтууд гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй дүгнэлт...” /хх-н 45-46/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Хохирогч Ц.Б  нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Н  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.  

 

Харин хохирогч Ц.Б  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 29/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 83/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Н  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Б.Н-ийг 500.000 төгрөгөөр торгох...” санал гаргасан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Н хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Б.Н-ийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хохирогч Ц.Б  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын  Н-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын  Н-ийг  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хохирогч Ц.Б  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ