Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00075/И |
Дугаар | 82 |
Огноо | 2017-05-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Галшар сумын 2-р багт оршин суух, СИ72031400 регистрийн дугаартай Мөнх овогт Норовын Оюунзулын “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Н.Оюунзул нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунзул шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Би 16 настайгаасаа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлчихсэн. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 30-ны өдрийн 43 тоот “7 сарын 15-ны өдрөөс малчны ажилд томилох” тухай тушаал, тушаалын хавсралт, мөн нэгдлийн даргын 1991 оны 09 сарын 25-ны өдрийн 104 тоот “малчдын ээлжийн амралтыг олгох” тухай тушаал, тушаалын хавсралт, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 сарын 15-ны өдрийн 2060 тоот “цалингийн тодорхойлолт” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөр нотлох баримт Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй байгаа. Иймд эдгээр нотлох баримтыг үндэслэн намайг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунзул нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Оюунзулыг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс малчнаар ажилд томилсон тушаал нь байгаа боловч 1991 оны 10 сарын 31-ний өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь байхгүй, тухайн үед уг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Оюунзул нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь:
- Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 30-ны өдрийн 43 тоот “Н.Оюунзул нарыг 7-р сарын 15-ны өдрөөс ажилд томилсугай” гэх тушаал, тушаалын хавсралт,
- Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1991 оны 09 сарын 25-ны өдрийн 104 тоот “Н.Оюунзул нарыг 9-р сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтыг олгосугай” гэх тушаал, тушаалын хавсралт,
-Гэрч У.Даваадэлгэрийн “Н.Оюунзул бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Н.Оюунзул нь 1988 оны 09 сараас 1991 он хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил” нэгдэлд мал маллаж байсан. Би уг нэгдэлд 1988, 1989 онуудад мал маллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч П.Оюунтуяагийн “Н.Оюунзул нь 1988 оны 09 сараас 1991 оны 10 сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд мал маллаж байсан. Би уг нэгдэлд 1989, 1990 онуудад мал маллаж байсан” гэх мэдүүлэг,
-Хүсэлт гаргагч Н.Оюунзулын шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Н.Оюунзулын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Иймд хүсэлт гаргагч Н.Оюунзулын “Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар
зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан СИ72031400 регистрийн дугаартай Мөнх овогт Норовын Оюунзулыг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Арвин бригадад 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Оюунзул нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ