Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/540

 

 

 

 

 

 

 

 

                  

   2021             8           18                                          2021/ШЦТ/540

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,      

улсын яллагч Г.Онон,          

  шүүгдэгч Т.О , түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Т-ийн О холбогдох эрүүгийн 2105000000987 тоот дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......оны .......дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Э овогт Т-ийн О /РД:................./.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.О  нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Д.А-ын биед хүч хэрэглэн довтолж хос монетон ээмэгийг нь дээрэмдэн авч 546.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Т.О  нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Д.А-ын биед хүч хэрэглэн довтолж хос монетон ээмэгийг нь дээрэмдэн авч 546.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.О ын өгсөн:

 

“...Би 2021 оны 6 дугаар сарын 15-ны орой хорооллын хүнсний захын доод талд нэг байрны орц руу орох гээд алхаад явж байтал орцны үүдэн дээр нэг эгч байсан. Тэгээд намайг тэр эгч кодыг нь мэдэх үү гэсэн. Тэгэхээр нь би чагт нэг гэж залгасан. Тэгсэн нэг хүн онгойлгож өгсөн. Тэгээд уг эгч орц руу ороод 5 давхарт гараад нэг айлын хаалган дээр орилж хэрэлдэж байгаад бууж ирсэн. Тэгээд миний хажуугаар зөрөхөд нь би гарнаас нь татаад унагаад чихнээс нь хоёр ээмгийг нь сугалж аваад гараад гүйчихсэн. Тэгээд шөнө нь уг ээмгээ 120.000 төгрөгөөр зарсан... ” гэх мэдүүлэг /хх-н 37-38/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А-ын өгсөн:

 

“...2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 6 байр 1 орцны 23 тоотод 23 цаг өнгөрч байхад гараад лифтэнд суугаад нэг давхарт буугаад нэг давхрын шатны өнцөг дээр нэг жаахан биетэй маскгүй монхор хамартай өтгөн хөмсөгтэй хувцас нь дээгүүрээ хөх өнгийн өмдтэй хар өнгийн пүүзтэй, пүүзэн дээрээ цагаан өнгийн зураасан канттай 18-30 орчим насны эрэгтэй сууж байсан тэгээд хажуугаар нь зөрөөд буух гэтэл миний баруун гарнаас бариад намайг татаад унагаагаад миний нүүрийг нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа миний хоёр чихнээс ээмгийг маань сугалж аваад, миний баруун гарын ядам хуруунаас миний бөгжийг авах гээд татаад байсан. Тэгэхээр нь би гараа татаж аваад нөгөө залууг гараараа нэг цохиод хөлөөрөө өшиглөж өөрөөсөө холдуулаад орцноос гарч гүйгээд зугтаасан. Миний ээмгийг авах үед хоолойноос боож багалзуурдсан. Цохиж зодоогүй гэмтэл учирсан зүйл байхгүй. ...Намайг дээрэмдсэн залуу Туяа овогтой О гэх энэ залуу мөн байна. Уг залуу шатан дээр сууж байсан. Би хажуугаар нь зөрөх гэхэд миний гарнаас татаад намайг унагаагаад хоолойноос багалзуурдаж бариад миний чихнээс миний ээмгийг гараараа сугалж авсан. Одоо ээмгээ буцааж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-9, 11-12/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Х-ийн өгсөн:

 

“...2021 оны 06 дугаар сарын 18-ны орой Саппорогийн миний дэлгүүрийн орчимд зогсож байхад нэг намхан жижиг майга хурдан ярьдаг залуу 23 цаг өнгөрч байхад гараа өргөөд суусан... орж ирээд та монетон ээмэг авах уу гэхээр нь хэд юм гэсэн 120.000 гэхээр нь чи яагаад ийм хямдхан зарах гэж байгаа юм ломбарданд тавиач гэсэн тэгсэн чинь харанхуй шөнө олдохгүй байлгүй гээд намайг таксины мөнгөө суутгаад ав гэхээр нь....би 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг залууд бэлнээр мөнгийг нь өгөөд уг залуу буцаад саппоро дээр ирээд буугаад яваад өгсөн. Надад монетон ээмэг зарсан залуу Туяа овогтой О гэх залуу мөн байна. Надад хэлэхдээ манай эгчийн ээмэг байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад эгчээсээ авсан, тэгээд зарах гэж байна гэж хэлж надад зарсан. ...Уг ээмэг зарсан залуу 120.000 төгрөгийг маань буцааж өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,  

 

“Дамно” ХХК-н 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн БГ2-21-498 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Солонгос Монетон хос ээмгийг 546.000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /хх-26-27/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.О т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  Хохирлын талаар

 

     Хавтаст хэргийн 8-9, 11-12 дугаар талд хохирогчоос “...нэхэмжлэх зүйлгүй...эд зүйлээ хүлээн авсан...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Т.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/,

- оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 44/

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна...” гэсэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.О ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ. 

 

            Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Т-ийн О-ыг  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болно.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.О т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Т.О т сануулах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Э овогт Т-ийн О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Т-ийн О-ыг  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.     

 

             3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай. 

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.О т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Т.О т сануулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ