Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харъяат, 1981 оны 11 сарын 24-нд төрсөн, 35 настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын 1 дүгээр баг, 134 байрны 8 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Борхойн Өргөө ХХК-д ковшийн жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 оны 07 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн шүүхээр эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, Боржигон овогт Доржхандын Болдбаатарт /РД: ЗВ81112413/ холбогдох эрүүгийн 201610010130 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Д.Болдбаатар нь согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Нэгдсэн эмнэлгийн хойд талын хашаанд иргэн Д.Пүрвээгийн гэрт 2016 оны 06 сарын 13-наас 06 сарын 14-нд шилжих шөнө иргэн Цахар овгийн Баттулгын Алтанбаганы хүзүүн тус газарт шилэн саваар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр  өдөр 2016 оны 06 сарын 13-ны өдөр Алтанбаганатай хоёулаа гадуур явж нэлээн олон шил архи уусан. Тэгээд Алтанбагана түрүүлээд Пүрвээгийнд очиж унтлаа гээд явсэн. Би Ариунболд, Погжий хоёртой вогзал дээр орой 22 цагийн үед таараад Ариунболд 2 шил улаан бөглөөт архи аваад гурвуулаа эмнэлэгийн хойно Пүрвээгийнд очсон. Алтанбагана, Пүрвээ хоёр босч ирээд хаалгаа нээж өгөөд тавуулаа  нэг шил архи хувааж уугаад Ариунболд би согтож байна гарч унтлаа гээд хөнжил гудас аваад гадагшаа гарсан. Погжий би бас согтож байна харилаа гээд яваад өгсөн. Тэгээд үлдсэн нэг шил архиа Алтанбагана, Пүрвээ бид гурав хувааж уусан. Тэгээд бүгд унтхаар шийдээд Пүрвээгийн хажуугаар Алтанбагана унтахаар зүүн талын орон дээр, би баруун талын орон дээр хэвтсэн. Тэгээд Алтанбагана бид хоёр хөнжилнөөс болж маргалдсан. Алтанбагана миний хэвтэж байсан орны  урд ирээд миний цээж рүү эхлээд гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо гараараа хэд хэдэн удаа цохилцсон. Тэгээд цай хийж ууж байсан шилэн аяга орны урд байсныг таарангуут нь аваад харанхуйд хоёроос гурван удаа цохисон. Би тухайн үед нуруу луу нь цохисон гэж бодсон. Тэгээд гэрэл тусгаад харахад хүзүүнээс нь нэлээн их цус гарсан. Би гарч эмнэлэг рүү гүйж очиж дуудлага өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Алтанбагана нь прокурор дээр хэрэг байхад надаас хохирол авахгүй гэж тохирсон, гэхдээ эмчилгээний мөнгө авна гэвэл төлнө “ гэсэн мэдүүлэг

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 4-5/

Хохирогч Б.Алтанбаганы хэрэг бүртгэлтэнд өгсөн “Би 2016 оны 06 сарын 13-ны өдөр Пүрвээгийнд хоноод өглөө холбоо орж иргэний  үнэмлэхний лавлагаа авах гээд явж байсан. Би хамт архи уудаг найзуудтайгаа таараад олон шил архи ууцгаасан. Тэгээд маш их согтоод бороо ороод борооны дараа Пүрвээгийнд очсон. Тэнд байж байхад Ариунболд,Погжий хоёр архитай ирээд ууцгаасан. Тэгээд тасарсан байсан. Намайг Пүрвээгийнд очиход Пүрвээ, Болдоо хоёр унтаж байсан. Би Болдоотой яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Их согтуу байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Ямар нэг шалтгаан байхгүй гэхдээ хөнжилнөөс болсон байх, би их согтуу байсан  “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21/

Ёроол хэсэг нь хагархай шар алаг өнгийн аягыг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 19/

Гэрч Д.Пүрэвээ хэрэг бүртгэлтэнд өгсөн “Би 2016 оны 06 сарын 13-ны орой 21 цаг болж байхад гэртээ Болдбаатарын хамт унтаж байгаад Болдоо шөнө гарч явсан байсан. Тэгээд шөнө 23 цагийн үед Алтанбагана, Болдбаатар, Ариунболд тэрэг түрдэг Погжи  дөрвүүлээ хоёр шил улаан бөглөөт архитай орж ирсэн. Намайг босгоод тавуулаа нэг шил архиа уугаад Погжий гэрээдээ явсан. Харин Ариунболд сүүлийн архинаас хоёр татаад унтлаа гээд манайхаас хөнжил гудас аваад гэрийн хойд талд хаяанд унтсан. Тэгээд Алтанбагана Болдбаатар бид гурав үлдсэн архиа уугаад дуусгасан. Тэгээд би гарч жорлонд биеэ засаад барилгаа тойроод эргээд  ороод ирэхэд цус нөжиндөө холилдоод барилцаад зогсож байсан. Би орж ирээд хоёуланг нь хоёр тийшээ салгасан. Салгаад Болдоог эмнэлэг рүү эмч дуудуулахаар явуулсан. Төд удалгүй эмнэлэг, цагдаа хоёр манайд цуг орж ирсэн. Тухайн үед Алтанбаганыг цагдаагийн машинаар эмнэлэгт хүргэж өгөөд Болдоо бид хоёрыг цагдаа дээр авчирсан. Намайг гарахад зүгээр байж байсан. Бие засаад орж ирэхэд зодоон болсон байсан. Юунаас болсон талаар би мэдэхгүй байна  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 17-ны өдрийн “ 1.Б.Алтанбаганы биед хүзүү, дагз, баруун чихний арын салбарсан зүсэгдсэн шарх, хүзүүний булчингийн тасрал, зүүн шууны ар талд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна.

3. Б.Алтанбаганы биед үүссэн гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалданд нөлөөлөхгүй” гэсэн 300 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 29/

Хохирогч Б.Алтанбаганы Цагдаагийн байгууллагад гаргасан “ ...миний бие 2016 оны 06 сарын 13-ны үдэш Замын –Үүд сумын 1-р баг Пүрэвийн гэрт найз Болдбаатартай маргалдан муудалцсан. Улмаар тэр хүн миний хүзүү болон гар луу шилэн аягаар цохиж гэмтэл учруулсан. Болд бид хоёр сайн дураараа эвлэрч хохирлын талаар маргаангүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 17/

Шүүгдэгч Д.Болдбаатар нь урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Эдгээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Бодбаатар нь 2016 оны 06 сарын 13-наас 06 сарын 14-нд шилжих шөнө хохирогч Б.Алтанбаганы хүзүүн тус газарт шилэн саваар цохиж бие махбодид нь хүзүү, дагз, баруун чихний арын салбарсан зүсэгдсэн шарх, хүзүүний булчингийн тасрал, зүүн шууны ар талд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгч Д.Болдбаатарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг 2016 оны 06 сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Б.Алтанбаганы бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Болдбаатар дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Алтанбаганын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Пүрвээгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 300 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хохирогч Б.Алтанбаганы биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Болдбаатарын үйлдэлтэй шууд холбоотой байх ба тэрээр уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдох боловч энэ хэргийн хохирогч Б.Алтанбагана нь шүүгдэгчтай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Алтанбаганын цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан хүсэлт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Д.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь согтуурсан үедээ энэ хэргийг үйлдсэн боловч түүний эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагархай шилэн аягыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржхандын Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Доржхандын Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Д.Болдбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ёроол хэсэг нь хагархай, шар алаг аягыг устгасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг Д.Болдбаатар, хохирогч нар зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД