Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/51

 

   2018            08              22                                                 2018/ДШМ/51

 

Н.М, Б.Э, Г.О, Б.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дэлгэрмөнх,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Бат-Ерөөлт, М.Энхбаяр, Б.Зулбаяр, Т.Урангоо,    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжтай, Н.М, Б.Э, Б.А, Г.О нарт холбогдох, эрүүгийн 1720001640072 дугаартай, 6 хавтас, 1339 хуудас бүхий хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                     

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнхөөс,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ашигт малтмал эрэл хайгуулч, геологич мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ....дүгээр байрны ...тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа ......... ХХК-нд төслийн геологич ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н-ын М /РД:УК90053075/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 1, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .....дүгээр байрны ........ тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа ........ ХХК-нд хятад хэлний орчуулагч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ы Э /РД:УЗ92103118/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ашигт малтмалын баяжуулалтын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ........ тоотод оршин суух, хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ийн А/РД:ЧК84112736/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ...... байр ......... тоотод оршин суух, хэрэгт татагдахдаа ........ зах дээр машины дугуй зардаг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 842400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Г-ын О /РД:ЛЮ84091615/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг,  анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Холбогдсон хэргийн тухайд: Шүүгдэгч Н.М 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хориглосон, Нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтын 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамин буюу Мөс гэх 3,43 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 18-85 ДГО улсын дугаартай автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн хориглосон бараа болох сэтгэцэд нөлөөт бодис буюу метамфетамины агууламж бүхий 3,43 грамм мөсийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж  авсан,

шүүгдэгч М.О 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хориглосон, Нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтын 2 дугаар жагсаалтанд багтсан Метамфетамин буюу Мөс гэх 3,43 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 18-85 ДГО улсын дугаартай автомашины үнсний саванд нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

шүүгдэгч Б.Э нь Н.М, Б.А нартай дээрх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 35-34 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Замын-Үүд суманд хүргэж өгсөн, сэтгэцэд нөлөөлөх мөс гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан мөн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

шүүгдэгч Б.А нь Н.М, Б.Э нартай дээрх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож БНХАУ-ын Эрээн хотод метамфетамин буюу мөс гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулдаг И.Отгонбаяр, н.Ганбаяр нартай Н.М, Б.Э нарыг танилцуулж мөс гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор олж авсан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд  зохион байгуулж оролцсон  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Наранцацралын М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Баясгалангийн А,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын О нарт холбогдох, эрүүгийн 1720001640072 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.М, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.О, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Метамфетамин буюу мөс гэх сэтгэцэд нөлөөт бодис 3,43 грамм, мөн яллагдагч Н.Мын гэрт нэгжлэг хийж хураан авсан Метамфетамин буюу Мөс гэх сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай Stoned гэсэн бичигтэй сав 1 ширхэг, саарал өнгийн гуурс 2 ширхэг, хөвөн 2 ширхэг, АК4052628 серийн дугаартай, 20-тын дэвсгэрт 1 ширхэг,тарианы шил мэт зүйл 1 ширхэг,Seven Stars гэсэн бичигтэй тамхины хайрцагтай жижиг уут 37 ширхэг, Эм Жи Си и ХХК гэсэн бичигтэй хөх өнгийн дэвтэр 1 ширхэг,хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгах тест 1 ширхэг, яллагдагч Н.Мын Е0483013 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, яллагдагч Б.Агийн Е1027278 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, яллагдагч Г.Оын Е1485978 дугаартай гадаад паспорт 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл  бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Н.М, Г.О нарын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, гэм бурууг шийдвэрлэх  боломжтой. Н.М, Г.О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан баримтаар гүйцэтгэгч байхаар харагдаж байна гэж шүүх дүгнэсэн байгаа. Энэ дүгнэлтийг би хүндэтгэж байгаа. Гэхдээ шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой. Харин Б.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зохион байгуулагч, хамжигч гэдгээр журамласан байгаа. Зохион байгуулагч, хамжигч дээр ялыг ялгамжтай оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэх боломжтой байдаг. Гүйцэтгэгчид ял хүндрүүлэх дээр зохион байгуулагч, хамжигч эдгээрээс илүү ял оногдуулахгүй гэсэн ялын бодлогыг барихад нөлөөлөхгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.4.1-т “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг тусгана гэж заагдсаны дагуу бичсэн. Хэдий хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис байсан талаар дүгнэх шаардлагагүй ба бусад нотлох баримтуудаар бодисын хэмжээ нь тогтоогдсон байгаа. Шинжилгээнд тухайн бодисоос дээж авч хэрэглэн дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжтой, шүүх эргэлзээд байгаа гэвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэх боломжтой учраас жин буурсан асуудлыг шалгах шаардлагагүй байна. Монгол Улсын иргэн гадаад улсад Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар хариуцлага хүлээлгэх учир журамласан. Шүүгдэгч нар нь БНХАУ-ын Эрээн хотод мөс гэх сэтгэцэд нөлөөт бодисоо хууль бусаар худалдаалах зорилгоор олж авсан, тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг гэх хуульд байхгүй заалыг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байгаа.  Хэргийн гол эд мөрийн баримт болох мөс гэдэг бодисын хэмжээ нь тодорхой бус яллах дүгнэлт гардуулж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн агуулга, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт нотолгооны зүйл буюу нотлогдвол зохих ёстой байдлуудаас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй тогтоох нь нотолгооны зүйл бөгөөд тухайн хэргийн нөхцөл байдлыг тусгасан байдаг. Прокурорын яллах дүгнэлтэн дээр 3.47 гр гэж бичсэн байдаг, мөн шинжээчийн дүгнэлтэнд 3.43 гр гэж даруй 4 гр-ийн зөрүү бичигдсэн байгаа нь нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох тул хууль зүйн шаардлагыг хангахгүй. Шинжээчийн дүгнэлт дээр өөр шинжээч гарын үсэг зурах үндэслэл бий эсэх нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт гэдэг нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, баримт мэдээлэл байдаг. Гэхдээ шинжээч өөрийнхөө гаргасан дүгнэлтийг өөрөө л хариуцна. Ингэхээр шинжээчийн дүгнэлт өөрөө хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Улсын яллагч М, О нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлсон гэж ярьж байна. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс халиад гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг нь тодорхойлоогүй байхад энэ нь гүйцэтгэгч, энэ нь хамжигч, энэ нь зохион байгуулагч гэж хэлбэрийг нь тодорхойлох нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан үйл ажиллагаа болох учраас гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй яллах дүгнэлтэнд тодорхойлж байж, үүн дээр үндэслэж шүүх шийдвэрээ гаргах боломжтой. Дараагийн асуудал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан асуудал байна. Хууль зүйн хэрэглээг нь аваад үзэхээр Эрүүгийн хуульд үйлчлэх хэмжээ, хязгаарын тухай асуудлыг прокурор хөндөж байх шиг байна. Бусад энэ байдлууд тогтоогдоогүй байхад гэмт хэрэг хаана үйлдэгдээд, хаана төгссөн гэсэн ийм үйлдэл дээр Эрүүгийн хуулийг журамлаагүй гэж үзэж байгаа прокурорын байр суурь үндэслэлгүй юм. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд ярихад Э нь оргон зайлахыг завдсан шууд үйлдлийг хийгээгүй, завдсан талаарх ямар нэгэн эд мөрийн баримт цуглараагүй. Зөвхөн гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ мэдээллийн дагуу үүнийг оргон зайлсан гэх үндэслэлээр цагдан хоригдож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэгэнт хэрэгт мөрдөн байцаалт дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт нөлөөлөх, нөлөөлөл байхгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзаад түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлалт тогтоох, барьцаа авах зэргээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч М.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэмт хэрэгт хамтран оролцогчийг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх шийдвэр гаргах үндсэн зарчимтай. Үүгээрээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүссэн. Ийм учраас прокурорын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар шүүхэд бичгээр өгсөн байгаа. Бидний үйлчлүүлэгч одоогийн байдлаар 8 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад хоригдож байна. Шүүгдэгчийн хувьд анх гэрчээр мэдүүлэг өгөхөөсөө эхлээд гэм буруугийн хурал болох хүртэл гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв, гуйвж дайвахгүйгээр мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан гэж байдаг, Энэрлийн хувд оргон зайлахыг завдсан ямар ч үйлдэл гаргаагүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Эсхүл аль нэг улсын виз мэдүүлсэн, байнга оршин суух хаягаа өөрчилсөн гэх мэт оргон зайлахыг завдсан урьдчилсан нөхцөл болсон ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэхүй, ямар нэгэн нотлох баримтаар цугларсан зүйл байхгүй.  Шүүгдэгч Э нь өмнө нь эрхэлж байсан тодорхой ажилтай, өнөөдрийг хүртэл байнга оршин суух хаягтай, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй. Өмнө нь ямар нэгэн байдлаар ял шийтгүүлж байгаагүй. Тийм учраас гэмт хэрэг дахин үйлдэгдэх талаар үндэслэл бүхий баримт хэрэгт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Тэрээр хорих 461 дүгээр ангид хоригдсоноосоо хойш хорих ангийнхаа нэгдсэн эмнэлэгт астам өвчний улмаас 7 хоног эмчлүүлсэн байгаа. Өнөөдрийн хувьд астам хөдөлдөг улирал учраас эмчилгээ аваад хоригдож байгаа. Иймээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа учраас цаашид прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан, аваагүй хамаагүй заавал цагдан хорих үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнээс бусад төрлийн арга хэмжээг дангаар болон давхардуулан авах боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд заасан заалтуудыг тодруулах үүднээс мөрдөн байцаалтанд буцаалгах шаардлагатай гэсэн байр суурьтай оролцсон. Учир нь энэ хэрэгт эрүү шүүлт тулгаж авсан пактууд байдаг. Харамсалтай нь улсын яллагчийн зүгээс анхаарал хандуулахгүй, зөвхөн энэ хэргийг нотлох зорилготой оролцдог. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О нь хүнд өвчний улмаас цагдан хорио эхлэх үеэс Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт ухаан алдсан байдалтай хүргэгдэж ирдэг. Мөрдөгчийн зүгээс болон улсын яллагчийн зүгээс эх баригч, бага эмчийн О нь өмнө нь өвчтэй байсан байна гэсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргаад энэ асуудлыг дуусгасан байдаг. Ийм учраас эрүү, шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлагаас хасах нь зүйтэй. Шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцэлтэй холбон ярихад хурааж авсан бодисын шинж чанар зөрүүтэй байдаг. Хурааж авах ажиллагааны явцад нунтаг цагаан өнгийн зүйл гэдэг боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талслаг зүйл болж хувирдаг. Талслаг зүйл, нунтаг зүйл хоёр химийн хүрээнд эрс тэс зүйлүүд, энэ мэтчилэн мөрдөгч нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ тэдгээрийг үрэгдүүлэх, гэмтээх, устгахаас сэргийлэх арга хэмжээг авна. Нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг дуу, дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх нотлох бусад аргыг хэрэглэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Тухайн хураагдсан зүйл олдсон гэсэн машинд 5 хүн байдаг. Эдгээр 5 хүний аль нь ч хураагдсан зүйлийг авч явж байсан байж болзошгүй байхад хуульд заасан нотлох баримт бэхжүүлэх арга замыг зөрчихөөс гадна шаардлагатай арга хэмжээг аваагүй, гарын хурууг илрүүлэх ажиллагааг огт хийгээгүй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Мөн дээрээс нь гэмт хэрэгт оролцсон арга хэлбэрийг тодорхойлоогүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Яагаад гэхээр 3.43 гр бодисыг хилээр оруулж ирж байгаа манай үйлчлүүлэгчийн хувьд худалдаалах зорилгоор бодис худалдаж авсан биш харин ч мөнгөө залилуулаад буцах зардалгүй болсон талаарх баримт хавтаст хэрэгт хангалттай байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Цагдан хорионы тухайд 2017.11.13-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа. Одоогийн байдлаар хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Манай үйлчлүүлэгчийн хувьд айлын ганц хүүхэд. Дээрээс нь эмнэлэгт хэвтсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр Замын-Үүд сум дахь улсын өмгөөлөгч Д.Энхтуяа шүүгдэгч Оын өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Д.Энхтуяа өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан саналын дагуу хавтаст хэрэгтэй танилцаад, уг саналтай ижил саналтай давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Оын хувьд шүүгдэгч Мтай бүлэглэсэн эсэх мөн санаа сэдэлт нь тодорхойлогддоггүй. Машины үнсний саванд нуусан гээд байгаа зүйл нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн саналыг тавьж байсан юм билээ. Энэ саналынх нь дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.  

   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.  Тодруулбал:

1/. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл”-д хамаарахгүй байх ба захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас, шүүгдэгч Н.М, Г.О нарыг 2017-11-13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Улсын хилээр хориглосон метамфетамин буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 18-85 ДГО улсын дугаартай автомашины үнсний саванд нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн шүүгдэгч Н.Мыг хориглосон бараа болох сэтгэцэд нөлөөлөх бодис метамфетамин буюу 3,43 грамм мөсийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байх боловч шүүгдэгч нарын тухайн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг  зөв тогтоож,  тодорхойлоогүй нь эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана гэсэн хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 

Гэмт хэргийг үйлдэхэд хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх бөгөөд прокуророос шүүгдэгч М, О нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасны дагуу тодорхойлж, тэдгээрийн үйлдэл, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох нь шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой.

Улсын яллагчаас, яллах дүгнэлтдээ яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг зайлшгүй тусгаснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоосон яллах дүгнэлтэд дурдсан, яллагдагч нарыг яллаж байгаа, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох эсэхийг шийдвэрлэх учиртай.

2/. Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээдэг учраас шүүгдэгч Б.Э, Б.А нарыг хэдий хэмжээний мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр ямар хэмжээний барааг хууль бусаар нэвтрүүлсэн талаар яллах дүгнэлтэд зайлшгүй дурдах нь зүйтэй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөлөх мөс гэх бодисын хэмжээ нь зайлшгүй шаардлагатай нотлох баримт тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу яллах дүгнэлтэд энэ талаар тодорхой тусгах нь  зүйтэй.

3/. Энэ хэргийн эд мөрийн баримт болох  “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 24/-д  “жижиг ууттай, нунтаг цагаан зүйлийн хэмжээ 3.47 грамм байв” гэж тэмдэглэгдэж, мөрдөгчөөс уг 3.47 грамм нунтаг цагаан зүйлийг шинжлүүлэхээр шинжээчид хүргүүлсэн, шинжээч 3.47 грамм хэмжээтэй бодисыг хүлээн авчээ. Харин шинжээчээс шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээний объектыг буцаан шилжүүлэхдээ шинжилгээний явцад тухайн объектод өөрчлөлт орсон эсэх талаар тайлбаргүйгээр, Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх газарт 3.43 грамм бодисыг шилжүүлсэн нь Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журамд заасан шинжилгээний объектыг шилжүүлэх, буцаан хүргүүлэх журмыг зөрчсөн байх тул сэтгэцэд нөлөөт бодис болох мөсний хэмжээ, жин багассан шалтгааныг тодруулах шаардлагатай талаарх шүүгчийн захирамж үндэслэлтэй юм.

4/. Шүүгдэгч нарыг гадаад улсад дээрх гэмт хэргийг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй болно.  

5/. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн удирдлага хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 гэж бичснийг үг, тооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдаа гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй юм. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М, Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул  хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Н.М, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА