Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 252

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М-У ” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М-У ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт М******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2007 оноос хойш эзэмшиж байна.

Бидний зүгээс 2017 оны 11 сард ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордны нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, уг тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр бүртгэн авч 18/09 тоот бүртгэлийн дугаар олгосон байдаг. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ХХ-2018/029 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх заалт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 3.7, 6.1, 6.2, 6.11, 7.3, 7.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь “М*******” нэртэй хайлуур жоншны ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилсон.

Тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагаанууд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасны дагуу явагдаж байсан. Мөн “М******* уул” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2017/4 тоот албан бичгээр “...тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй байх тухай” хүсэлтийг Ашигт матмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж байсан. Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагаа биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас удааширч байсан. Уг ажиллагаа явагдаж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацаа дууссан. “М-У ” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх хугацаанд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй байх хүсэлт гаргасаар байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс кадастрын мэдээллийн санд Х\/-1******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн байна. Бид тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн болохыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Хариу хүргэх тухай” 05/3505 дугаар албан бичгийг хүлээн авч мэдсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 019-069 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан. Гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/856 тоот албан бичгээр “Танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн ямар ч үндэслэлгүй хариу ирүүлсэн байна.

Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсний улмаас тус компани нь 10 гаруй жил тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтаар хохирч, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулийн ажлын үр дүнгийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх болон тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрхээ алдах нөхцөл байдалд хүрээд байна.

Иймд ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******ын өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 

“...Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ажлын талбайн үр дүнгийн тайланд шинжээч томилох болон шинжээчийн дүгнэлт гаргах эрх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдоогүй. Зөвхөн шинжээчийн өгсөн шүүмжид хариу өгөх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлж хариугаа өгсөн. Тусгай зөвшөөрлийн үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, хурал товлон зарлах эрх тусгай зөвшөөрөл эзэмшигчид байхгүй. Энэ нь зөвхөн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал. 

... Шинжээч томилох болон шинжээчийн дүгнэлт гаргах асуудал нь компанийн хүсэл зоригоос хамаарахгүй, ... ... Эрдэс баялгийн мэргжлийн зөвлөлийн тайланг хурлаараа хүлээж аваад улсын бүртгэлд бүртгэхээр болвол нөөц бүртгүүлсэн аж ахуйн нэгж тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх эдэлнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон бүртгэл хүчин төгөлдөр байснаар давуу эрх эдлэх болможгүй болно.

Тэгэхээр тайлан хэлэлцүүлэх хугацаа тухайн тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн эрэл хайгуулын ажлын онцлог ашигт малтмалын нөөцийн онцлогоос шалтгаалж ямар ч хугацаагаар үргэлжилж болдог. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа тул энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэхгүй байх эрх зүйн харилцаа байна гэж үзэж байна. Иймд энэ эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, ийм эрх зүйн харилцаа байхад тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д*******ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг М******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-1******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1666 дугаар шийдвэрээр иргэн Д.Б******* анх олгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 961 дүгээр шийдвэрээр “М-У ” ХХК-д бүхэлд нь шилжүүлж мөн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэжээ.

“М-У " ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн УУККС-д 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон бүртгэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж. шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заажээ.

“М-У ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-1******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Нэхэмжлэлд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тус компанийн хайгуулын Х\/-1******* дугаартай тусгай зөвшөөрөл, ажлын үр дүнгийн тайланг тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр бүртгэн авч 18/09 тоот бүртгэлийн дугаар олгосон” гэх талаар дурджээ.

Гэтэл тухайн асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалттай нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заажээ.

Гэтэл “М-У ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-1******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх 12 жилийн хугацаа дууссан тул тусгай зөвшөөрлийг цааш хүчин төгөлдөр байлгах хуулийн зохицуулалт байхгүй болно.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт М******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-1******* дугаар тусгай зөвшөөрлийг анх 2005 онд н.Б******* гэх хүнд олгосон. 2007 онд нэхэмжлэгчид шилжсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй тул хуульд заасан 12 жилийн хугацаа дуусгавар болгосон. Дуусгавар болоход шийдвэр гардаггүй тул мэдэгдэл өгөөгүй. 12 жилийн хугацаа цаанаасаа автоматаар дуусгавар болдог. 

...нөөц бүртгэхэд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нэгэнт дуусгавар болсон бол нөөц бүртгэхгүй байх тохиолдол байна. ... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон хэдий ч нөөц бүртгэх асуудал хүлээгдэж байгаа бол кадастрын мэдээллийн системд уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсон бүртгэл хийгдэхгүй, харин хүлээгдэж байгаа гэсэн төлөвтэй болдог. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М-У ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “М-У ” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах “Айраг” нэртэй 762 гектар талбай бүхий 1*******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга/хуучин нэрээр/-ын 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 961 дүгээр шийдвэрээр  иргэн Д.Б*******ээс шилжүүлэн авсан байх ба уг тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсныг мөн сарын 28-ны өдөр Кадастрын мэдээллийн системд бүртгэжээ .

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааны дотор хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шинжээч томилох, дүгнэлт гаргах, нөөц бүртгэх зэрэг захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудлын шийдвэрлэлт нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамаарахаар байхад хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 12 жилийн хугацаа дуусгавар болсон тул маргаан бүхий бүртгэл хууль тогтоомжид нийцсэн” гэж маргажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  мөн хуулийн 48.4-т заасан “... энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргах” талаарх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдах хугацааг тооцоолох шаардлагатай. 

Гэтэл нэхэмжлэгч “М-У ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусахаар байхад дээрх хугацааг тооцоололгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах тухай хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд  гаргаснаас үзвэл, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...шинжээч томилох, дүгнэлт гаргах, нөөц бүртгэх зэрэг захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудлын шийдвэрлэлт нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамаарахаар байхад хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна. 

 Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор заасан байх ба энэхүү хугацаа нь хүний хүсэл зоригоос үл хамааран тоологдох хууль зүйн факт тул XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэнд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.2-т “.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална” гэсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсвэл тухайн талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах давуу эрхтэй гэж ойлгох ба энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “М-У ” ХХК нь XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд шилжүүлэн авснаас хойш тус талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байх ба 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2017/4 тоот албан бичгээр “... хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн” тухайгаа мэдэгдэж XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэхгүй байх  тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад уламжилсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон боловч тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдээс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан ажиллагаа явуулж байгаа бол уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохгүйгээр хүлээгдэж байгаа гэсэн төлөвт шилжүүлдэг”  хэмээн тайлбарлаж байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “шинжээч томилох, тайлан хэлэлцүүлэх талаарх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хийгдэж байгаа” тухай мэдэгдсэн байх тул ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байсан гэж үзнэ. 

Гэтэл  хариуцагч захиргааны байгууллага нь “М-У ” ХХК-ийн дээрх нөхцөл байдлыг харгалзалгүйгээр XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцүүлэх, нөөц бүртгүүлэх, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг хязгаарласан шийдвэр болжээ. 

Өөрөөр хэлбэл, XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл хүчин төгөлдөр байснаараа Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас нөөц тогтоогдсон шийдвэр гарсан тохиолдолд “М-У ” ХХК нь “М*******” нэртэй талбай дахь нөөцийг бүртгүүлэх, улмаар ашиглалтын тусгай зөшөөрөл хүсч хүсэлт гаргах эрх хэрэгжихээргүй байна. 

Иймд нэхэмжлэгч өөс нэхэмжлэгч “М-У ” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлөөс XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж шийдвэрлэсний дараа уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох эсэхийг  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.5, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-У ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ