Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/550

 

 

   2021             8           24                                          2021/ШЦТ/550

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч М.Анхбаяр,  

шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт У-ын  Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2105000001044 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Монгол Улсын иргэн, ..........оны ..... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ ажилтай, ам бүл ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт У-ын  Б /РД:......../.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.Б нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 14 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.А-ын биед халдан зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт,хамрын нуруу, зүүн зовхины доод булангийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч У.Б нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 14 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.А-ын биед халдан зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины доод булангийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Б-ийн  өгсөн:

 

“...Би хохирогч Т.А-ын хоёр гарыг нь барьж байгаад хамар луу нь толгойгоороо 1 удаа мөргөж уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-31 /,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.А-ын өгсөн:

 

 “...2021 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед найзуудаараа манай найз болох Азжаргалын Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд байрлах байранд уулзсан. Манай найзууд болох Аминаа, Азжаргал, Билгээ, Амаржаргал, Хишгээ, бид зургаа Азжаргалын гэрт тоглоод ярилцаад цагийг өнгөрөөсөн.  Тэгээд би 01 цаг 20 минутын үед гэрлүүгээ явах гээд цүнхээ аваад гарсан. Манай найзууд бас агаар амьсгална гээд гарцгаасан. Тэгээд 14 дүгээр байрны гадаа манай найзууд тамхилаад зогсож байсан. Хишгээ, Б хоёр надаар тоглоод Б хоолойноос өргөөд Хишгээ хөлнөөс өргөөд, тэгээд би наад тоглоом чинь арай хэтрээд байна гээд уурлаад босож ирсэн чинь Б өөдөөс уурлаад миний хамар руу мөргөчихсөн. Тэгээд 5 минут ярилцах гээд үзсэн чинь Б өөдөөс зодолдох гээд дайраад байсан. Тэгээд би цагдаа дуудаад тэгээд Б бид хоёр цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-14/, 

 

2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6293 тоот дүгнэлт

 

“...1. Т.А-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины доод булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.”  /хх-н 24-25/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч У.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Т.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 36/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн санал гаргажээ. 

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Б-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

            Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт У-ын  Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Б-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ