Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/551

 

 

 

 

 

 

 

                  

   2021             8           24                                          2021/ШЦТ/551

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч Г.Онон, 

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р  овогт М-ын  Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105004291048 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, .........оны .... дугаар сарын .......-ны өдөр Булган аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ......., ам бүл ......... хамт Булган аймаг ..........тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ........дугаар хороо, ............ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Р  овогт М-ын  Б   /РД:.................../

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Дэмо” зочид буудалд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Булгаа Булгаа” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “ПОКЕР” тоглоом зохион байгуулж, нийт 865.500 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/       

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Дэмо” зочид буудалд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Булгаа Булгаа” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “ПОКЕР” тоглоом зохион байгуулж, нийт 865.500 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Б  ийн өгсөн:

 

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод түр байж байхдаа Дэмо буудалд өрөө түрээслэн амьдарч байсан юм. Тухайн үед карентин болчихсон байсан тул мөнгөний хэрэг гараад байхаар нь бичиг хэргийн дэлгүүрээс том ватум цаас аваад дээр нь 1-6 хүртэлх тоогоор дугаарлаж Покер тоглуулахад бэлэн болгоод орой болгон 22 цагаас 00 цагийн хооронд өөрийн Булгаа Булгаа гэх фэйсбүүк хаягнаас лайв хийж хүмүүс тоглуулдаг байсан. Тухайн үед нэг хүн нэг удаа тоглоомонд ороход миний 5028753571 гэсэн данс руу 5000 төгрөг хийж тоглодог байсан. Нэг удаа тоглоомонд 6 хүн оролцоод хожсон хүндээ 5 хүнийхээ мөнгийг эргүүлэн өгөх журмаар тоглуулаад нэг тоглолтоос 5000 төгрөгийн ашиг гаргадаг байсан. Би нийтдээ 10 аад хоног тоглуулсан. Ямар ч байсан Покер тоглуулж олсон ашгийнхаа мөнгийг хувьдаа хэрэглээд байрныхаа түрээсийг өгөөд дуусгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 61-63/,     

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.С-ын  өгсөн:

 

“...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны хооронд Булгаа Булгаа гэх фэйсбүүк хаягнаас лайваар техас тоглуулж байхаар нь сонирхоод оройн цагаар лайваар орж тоглодог байсан. Тухайн үед фэйсбүүк лайваар нилээн их хүн орж тоглодог байсан. Нэг удаа тоглохдоо лайв дээр тавьсан дансны дугаар руу 5000 төгрөг шилжүүлээд тоглодог байсан. Тоглоомондоо хожвол тэнд тоглож байсан хүмүүсийн мөнгийг нийлүүлээд хожсон хүндээ шилжүүлэн өгдөг байсан. Би яг хэдэн удаа тоглосноо сайн санахгүй байна, бас хичнээн төгрөг шилжүүлж тоглосноо сайн санахгүй байна. ...Нэг эмэгтэй хүн лайв хийж тоглуулдаг байсан. Фэйсбүүк лайв хийж байгаа хүн ширээн дээр 1-6 хүртэл дугаарласан цаас байршуулаад 1 удаа тоглоход 6 хүн оролцуулаад тоглодог байсан. Тэгээд тоглоом эхлэхэд 5000 төгрөгөө шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 54-55/, 

 

Дансны хуулганд үзлэг хийсэн: “...Мөрийтэй тоглоом зохион байгуулж байх хугацаанд М-ын  Б  ийн хаан банкны 5028753571 дугаарын дансанд нийт 1.644.901 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх ба үүнээс 1.295.000 төгрөгийн гүйлгээ бүхий зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба үүнд мөрийтэй тоглоом зохион байгуулаад хожсон хүмүүсийн мөнгийг буцаан шилжүүлэхдээ “Yondoo” гэх утгыг бичиж шилжүүлдэг байв. ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал дансандаа 1.644.901 төгрөгийн орлого олсон, мөрийтэй тоглоомонд хожсон гэж 1.295.000 төгрөгийг мөрийтэй тоглоомонд ялсан гэж шилжүүлсэн байх бөгөөд эцсийн орлогын үлдэгдэл 865.500 төгрөг байв.” гэх тэмдэглэл /хх-17-18/,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-

13-16/,

 

М.Б  ийн Хаан банкны 5028753571 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25-44/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Б  ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р  овогт М-ын  Б 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Б  ийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 865.500 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хайрцаг хөзөр, 1-6 хүртэлх тоо нааж бэлтгэсэн ватум цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Р  овогт М-ын  Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р  овогт М-ын  Б 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Б  ийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 865.500 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгосугай.  

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хайрцаг хөзөр, 1-6 хүртэлх тоо нааж бэлтгэсэн ватум цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ