Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/557

 

 

 

 

 

 

 

 

 

   2021             8           27                                          2021/ШЦТ/557            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч  Э.Бадрал /томилолтоор/,   

шүүгдэгч Э.Х , түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З  овогт Э-ын   Х   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000810055 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Монгол Улсын иргэн, ......... оны ....... сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл........... хамт Баянгол дүүргийн .......... тоотод түр оршин суудаг, /Чингэлтэй дүүргийн ....... дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, З  овогт Э-ын   Х  /РД:................./.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Х  нь 2021 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-н агууламж бүхий “шавар" гэх нэршилтэй 0,2041 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г   450,000 төгрөгөөр, 0,9585 грамм жинтэйг Т.И   450,000 төгрөгөөр тус тус худалдсан,

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 29 тоотод 0,044 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-н агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Э.Х  нь 2021 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-н агууламж бүхий “шавар" гэх нэршилтэй 0,2041 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г   450,000 төгрөгөөр, 0,9585 грамм жинтэйг Т.И   450,000 төгрөгөөр тус тус худалдсан,

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 29 тоотод 0,044 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-н агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х  мэдүүлэхдээ

 

“...2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Итгэлтэй машинтай явж байгаад Налайхаас таньдаг хүнээсээ тамхи асууж байгаад шаврыг авсан юм. Тэгээд Итгэл сонирхоод байхаар нь талыг нь өгсөн. Би 450.000 төгрөгөөр зарсан нь үнэн. Итгэл, Гомбо нар худалдаж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Х гийн өгсөн:

 

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Итгэл болон Гомбод шавар зарсан нь үнэн. ...мансууруулах бодис зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 89-90/,      

 

            Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 29 тоотод хэргийн газрын хийсэн “...буйдангийн толгой хэсгийн хөндий дотор эрээн өнгийн дэвсгэр дотор хүрэн бор өнгийн 2 тусдаа тус бүр нь 0,3x0,3 см хэмжээтэй шавар мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлж цагаан өнгийн цаасанд нааж 1 гэж дугаарлан хурааж авав...мөн “Acer” гэсэн бичиглэл бүхий компьютерийн процессор дотор AQ 8052839 гэсэн серийн дугаартай хуйлсан үзүүр ирмэг хэсэг нь түлэгдсэн мэт харласан 1 ширхэг 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ1686074 серийн дугаартай 1 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/,

 

     Мөрдөн байцаалтад гэрч Ж.Г    өгсөн:

 

“...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Солонгос улсын “СК” брендийн жинсэн өмд зарна гээд өөрийнхөө “инстаграм” хаяг дээрээ нийтлэл үдээчихсэн юм, уг мэдээллийн дагуу манай Итгэл над руу залгаад надад “мань нь өмдийг чинь үзье” гэж утсаар яриад орой 21 цагийн үед байх манай гэр болох 91 дүгээр байрны гадна миний машинд уулзаад, нөгөө зарах гэж байсан өмдөө үзүүлээд сууж байтал Итгэлийн гар утас дугараад нэг хүнтэй утсаар яриад хаана байгаагаа хэлээд байсан. Тэгээд төд удалгүй өмнө нь байрны сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байх үед хэд, хэдэн удаа харж байсан Х  гэх залуу бид хоёртой уулзаад мэнд мэдээд яриад сууж байхдаа "... надад ийм зүйл байна.” гэж хэлээд гар дээрээ нэг шавар шиг зүйл гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд Итгэлд хандан “...Итгэлээ чи дуу хөгжимтэй ойрхон байдаг хүн, ийм зүйлийг мэддэггүй юм уу, сэтгэл санаа тайвшраад их гоё болдог зүйл байгаа юм, 450.000 төгрөгөөр зарна шүү ...” гэх мэтчилэн зүйлийг манай найз Итгэлтэй яриад байсан. Тэгээд манай найз Итгэл нөгөө Х   ийн хэлсэн данс руу мөнгө шилжүүлээд нөгөө шаврыг нь сонирхоод авчихсан юм. Тэгэхээр нь би хажуугаас нь Х   ээс "... энэ одоо яадаг зүйл юм бэ?, миний төрсөн аав болон хойд эцэг саяхан нас бараад, дүү нь сэтгэл гутралд ороод, нойргүйдэлд ороод хэцүү байна...” гэж асуухад миний урдаас Х  “... чи энээс аваад хэрэглээд үз нойр хүрэх байх, жаахан ч гэсэн нэмэр болох байх...” гэж хэлэхээр нь би “...энэ зүйл чинь ямар үнэтэй юм бэ?...” гэж асуухад Х  миний урдаас 450.000 төгрөг миний данс руу хийчих гэж хэлээд өөрийнхөө хаан банкны дансыг хэлсэн. Одоо би дансыг нь санахгүй байна. Миний 5920050028 дугаарын данснаас 2021 оны 04 сарын 18-ны орой 450.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байгаа. Тухайн үед Х  Итгэл бид хоёрт нөгөө шавар” гэх зүйлээ хувааж өгөөд буцаад яваад өгсөн юм. Тэгээд Итгэл бид хоёр гэр гэрлүүгээ явсан, би гэртээ очоод нөгөө шаварнаасаа жаахан хэсгийг тасдаж аваад мөнгөлөг цаасан дээр тавиад шатааж хэрэглэсэн юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь байх үлдсэн шавраа биедээ авч явж байгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх-25-27/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.И-ийн    өгсөн:

 

“...Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 15 дугаар хороонд бараг 15 жил амьдарч байгаа, манайх тус хорооны 72 дугаар байранд байдаг. хүүхэд байхаасаа 13 дугаар хорооллын хүүхдүүд, ах нартай нийлж сагсан бөмбөг тоглож өссөн, одоо их сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байгаа. Тийм ч учраас 13 дугаар хорооллын хүүхэд залуусыг андахгүй танина. Би Х  гэх хүнийг одоогоос 2 жилийн өмнөөс эхэлж таньдаг болсон, 13 хорооллын 4 дүгээр байрны гаднах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад танилцаж байсан юм. 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед байх өөрийн найз Гомбоогоос гоёлын чанартай өмд худалдаж авах гээд байрныхан гадаа Гомбоогийн машин дотор нь өмдөө үзээд сууж байтал миний 85950044 дугаарын утас руу 88833866-тай юнителийн дугаараас залгаад хаана байгаа талаар надаас асуухаар нь “би натурын хажууд 91 дүгээр байрны гадаа машин дотор байна, яасан бэ?...” гэж асуухад “...за би яваад очъё, наанаа байж байгаарай...” гэж хэлээд утсаа таслаад хэсэг хугацааны дараа Х  алхаж ирээд сонин хачин зүйл ярьж байгаад Х  ах халааснаасаа барималын шавар шиг зүйл гаргаж ирээд үзүүлэхээр нь би "... энэ чинь юу вэ? ах...” гээд гайхаад асуухад "... энэ зүйлийг “шавар” гэж нэрлэдэг юм, чи дуу хөгжим сонирхдог юм байж, ийм зүйл мэддэггүй юм уу?, энийг хэрэглэж үзэхээр дуу маш гоё сонсогддог, сэтгэл санаа тайвшруулдаг...” гэж хэлсэн. Тухайн үед Х  бид хоёрын яриаг Гомбо хажуунаас сонсоод хамт сууж байсан. Тэгээд миний сониуч зах хөдлөөд "... энэ “шавар” гэдэг зүйл чинь ямар үнэтэй юм бэ?...” гэж асуухад Х  ах “...450.000...” төгрөг гэж байгаа юм, хэрэв авахаар бол миний данс руу хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд Хаан банк руугаа ороод шилжүүлэх гэтэл Х  ах миний дансны үлдэгдлийг хараад “... ахдаа нэмээд 1.200.000 төгрөг зээлчих ...” гээд гуйгаад байхаар нь би “надад байгаа нь 1.600.000 төгрөг байна, би таниас авч байгаа шаварны мөнгө болох 450.000 төгрөг болон дээр нь 1.150.000 төгрөг нэмж зээлүүлье” гэж хэлээд нийт 1.600.000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу хийсэн юм. Тэр үед хажуу талаас манай найз Гомбо бас сонирхоод надад жаахан өгөөч гээд Х   ийн данс руу дахиад 450.000 төгрөг тусад нь шилжүүлсэн юм. Тэгээд би Гомбоос салаад өмдийг нь аваад гэртээ хариад тэр орой нь өөрийнхөө өрөөнд орж байгаад нөгөө “шавар” гэх зүйлээс жаахан тасдаж аваад тугалган цаасан дээр шатааж байгаад хэрэглэж үзсэн юм. Яаж хэрэглэдэг болохыг Х  зааж өгсөн юм. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ны орой гэрээсээ гарч яваад Бөхийн өргөөний зүүн талаар алхаад явж байтал цагдаа нар ирээд бариад авсан юм, энэ үед миний биед үлдэгдэл “шавар” явж байсан юм...” гэсэн /хх-29-30/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31/,

 

Э.Х гийн биологийн дээж болох шээснээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 2137 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35/,

 

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шинжилгээнд хүргүүлсэн эд зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 2136 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-41/,

 

Э.Х  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах, сэтгэцэ нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 371 дугаартай дүгнэлт /хх-ийн 50/,

 

Э.Х гийн 5019843310 дугаартай Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 62/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З  овогт Э-ын   Х   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З  овогт Э-ын   Х    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч Э.Х  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Э.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцгээ шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл анги Өршөөлийн хуульд хамаарахгүй хэдий ч нийгмийн хор аюултай шинж, болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, улсын яллагчийн саналыг 2 жил болгож 2/1-тэй тэнцэх хэмжээний 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өөрчилж өгнө үү...”  гэсэн санал, хүсэлтүүдийг тус тус гаргажээ.   

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.   

Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Э.Х д хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.44 грамм жинтэй шавар мэт зүйл нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг АQ8052839 гэсэн серийн дугаартай хуйлсан үзүүр ирмэг хэсэг нь түлэгдсэн мэт харласан 1 ширэг 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ1686074 серийн дугаартай 1 ширхэг 50 төгрөгийг Монгол банкинд шилжүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

 

            1. Шүүгдэгч З  овогт Э-ын   Х    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З  овогт Э-ын   Х    2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.     

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.44 грамм жинтэй шавар мэт зүйл нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг АQ8052839 гэсэн серийн дугаартай хуйлсан үзүүр ирмэг хэсэг нь түлэгдсэн мэт харласан 1 ширэг 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ1686074 серийн дугаартай 1 ширхэг 50 төгрөгийг Монгол банкинд шилжүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 6. Шүүгдэгч Э.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ