Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/660

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч З овогт Б.Г-т холбогдох эрүүгийн .................  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн .... оны .. дугаар сарын..-ны өдөр .......................... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, хувиараа барилгын компанид каранистаар  ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ............................................................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........................................................ тоотод түр оршин суудаг /РД:.................. /, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З овогт Б.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Гнь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудал дээрээс такси үйлчилгээ авч явахдаа иргэн З.О гээж алдсан “Самсунг А12” маркын 469.000 үнэ бүхий 1 ширхэг гар утсыг мэдсээр байж авч завшсан бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч З.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фужи алтай хотхоны гаднаас таксинд суугаад 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр буугаад ажлын газар болох .... дээр ирээд гар утсаа үзтэл байхгүй болохоор нь ажлын газрын утсаараа өөрийн гар утас руу залгахад дуудаад байсан чинь авахгүй байсан. Миний алдсан утас “Самсунг-А12”  маркийн ..........................  имей кодтой байсан. Би гар утсаа 2021 оны 7 сарын 25-нд Мобикомоос 500.000 төгрөгөөр лизингээр авч байсан ямар нэгэн сэв зураас байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын эхээр барилгын ажил хийж байхад манайд хамт ажилладаг Б.Г гэх ах ирээд таксинаас утас олсон гээд А12 маркийн хар өнгийн гар утас харуулсан... хэд хоногийн дараа Б.Г ах ирээд нөгөө утсыг манай ах авсангүй чи худалдаж авах уу гэхээр нь тэгье гээд ярилцаж байгаад 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд саяхан 9 сарын эхээр цагдаагаас яриад очиж гар утсыг нь буцааж өгч, гар утас худалдаж авсан мөнгөө ч буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

 

Эд зүйл хураан авсан “...Самсунг А12 маркийн  гар утсыг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 25 тал,/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Самсунг А12 гар хүлээлгэн өгөв. Хөндлөнгийн гэрчээр ............................ оршин суух П.У. , СХД-ийн 12 дугаар хороо 2-309 тоот Б.Э...” гэх тэмдэглэл /хх-ийн 26 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны  9 дүгээр 16-ны өдрийн №БГ2-21-790  дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 469.000 төгрөгөөр үнэлэгдэв...” тайлан /хх-ийн 28-29 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 56, 54 тал/,

 

Шүүгдэгч  Б.Г  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудлаас такси барихад цагаан өнгийн автомашин зогссон. Тухайн машинд суухад шалавч дээр нь Самсунг А12 маркийн гар утас байсан ба тухайн гар утсыг би авсан. Тэгээд такситайгаа Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо дээр буусан ба таксины жолооч руу 5000 шилжүүлээд буусан. Олсон гар утсаа хамт ажилладаг хүндээ 300.000 төгрөгөөр зарсан. Би гар утсыг таксинд суусан газраа буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудал дээр байхдаа харсан тэгээд халаасандаа хийсэн. Би хохирлоо бүрэн барагдуулсан ба гар утсыг буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн алдаагаа ухамсарлаж байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, Баянгол дүүргийн 2 хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 44-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.   

            

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

                                                 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Г нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр такси үйлчилгээнд явсан байх ба үйлчилгээ аваад буухдаа гээж орхисон байсан хохирогч З.О эзэмшлийн “Самсунг А12” загварын гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, улмаар тухайн гар утсыг насанд хүрээгүй гэрч Э.Э 300.000 төгрөгөөр зарж борлуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч З.О гар утас нь 469.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 28-29 дэх талд авагдсан “Дамно” ХХК-ийн 2021 оны  9 дүгээр 16-ны өдрийн №БГ2-21-790  дугаартай тайлангаар нотлогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “... гээгдэл эд хөрөнгө... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Иймд шүүгдэгч Б.Г “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.О 469.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх ба шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.О-т гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Гэрч Э.Э 300.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Г танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Б.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА