Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/661

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Шүүгдэгч/хохирогч Б.Ц, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Ц, Х овогт Г.Г нарт холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ... -ний өдөр ..................... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, “......... ” ХХК-нд түгээгчээр ажилладаг, ам бүл 3  эхнэр, хүүхдийн хамт .......................................................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...................................................... тоотод түр оршин суудаг, /РД:..................  / урьд ял шийтгэлгүй, О овогт Б.Ц.

 

2. Монгол Улсын иргэн, ....... оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хот .............. төрсөн, ... настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, ам бүл 2, эхийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........................................................  тоотод түр оршин суудаг, /РД:................../ Х овогт Г.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаан дотор иргэн Г.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, хүзүү, хоолойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаан дотор иргэн Б.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь дээд уруулын няцарсан шарх, цус хуралт, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тухайн үед “Мон Кек” ХХК-д жолооч хийдэг байсан. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай байгуулга хамт олноороо зугаалахаар явтал манай ажлын ах Б.Ц намайг өөрт нь таалагдаагүй гэдэг шалтгаанаар надтай хэрүүл маргаан хийж баруун гараараа миний зүүн талын хацар руу хоёр удаа алгадахад миний зүүдэг харааны шилний маань зүүн талын гар хугарчихсан. Би сууж байсан сандлаа гартаа бариад Б.Ц айлгах гэж дээшээ өргөтөл дахиад баруун гараараа миний зүүн талын хацар руу нэг удаа цохиод манай ажлын С, Б нар Б.Ц ахыг надаас салгаж бид хоёрын хэрүүл маргаан салсан.  2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ очоод Б.Ц ахтай уулзаад “та эртээд зугаалгаар намайг алгадаад миний шилийг хугалчихсан, миний шилийг засаж, бүтэн болгож өг” гэтэл надад хандаж “шалчигнаж байж дахиад алгадуулав” гэснээ гар нь салганаад чичрээд байхаар нь та яагаад чичрээд байгаа юм бэ? гэхэд Б.Ц ах над руу тулж ирэхээр нь би цээж рүү нь зүүн гараараа зөөлөн түлхээд надаас холдоорой, дэмий юм болно шүү гэтэл Б.Ц ах баруун гараараа миний зүүн талын хацар руу алгадахаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж цээж рүү нь түлхтэл толгойгоороо хамар луу нэг удаа мөргөөд гараараа миний хоолойг боогоод байж байтал С, Б хоёр ирээд салгах гэж байх үед би Б.Ц ах зүүн талын шанаа руу нь баруун гараараа гурван удаа цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ..Б.Ц гараараа миний нүүр рүү цохиж, бас толгойгоороо мөргөж тухайн гэмтлүүдийг учруулсан. ...Би эмнэлгийн байгууллагад үзүүлээд цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээгээ мэдсэнийхээ дараа гомдол саналтай эсэхээ шийднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 тал/,

   Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Би шинэ ажилд ороод удаагүй, манай хамт олон ажлаа сайн хийж байгаа гээд надад сайн байсан. Б.Ц ах тухайн үед атаархаад л ийм зүйл болсон болов уу гэж бодож байна. Миний хамар хугарсан, хагалгаанд орох шаардлагатай гэсэн байгаа. Баримтаар нэхэмжилж буй хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

  Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 21-ний хавьцаа би ажлын хамт олонтойгоо зугаалгаар яваад өглөө бөөндөө цайндаа ороод байж байтал миний бие ажлын залуу болох Г.Г маргалдаж, улмаар түүний зүүн талын хацар руу баруун гараараа хоёр удаа алгадсан. Намайг алгадсаны дараа Г.Г над руу сандал бариад дайрсан бөгөөд түүнийг над руу дайрах үед манай ажлынхан Г.Г-г хориглож бид хоёрын маргаан зогссон. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ очоод байж байтал Г.Г ирээд “та эртээд зугаалгаар намайг алгадаад миний шилийг хугалчихсан, миний шилийг засаж, бүтэн болгож өг” гэхээр нь “ би чиний шилийг эвдэрсэн үгүйг мэдэхгүй байна, хүнд иймэрхүү маргаан байдаг шүү дээ, чи мартаач” гэж хэлтэл Г.Г таны гар яагаад чичрээд байгаа юм бэ? гэхээр нь түүний зүүн талын хацар руу нь баруун гараараа нэг цохитол Г.Г бид хоёрын дундуур манай ажлын С орж ирээд салгаж байх үед хамар руу нь нэг удаа толгойгоороо мөргөсөн чинь Г.Г зөрүүлээд миний толгой руу гараараа 3-4 удаа цохитол бид хоёрыг хүмүүс салгасан. Би салахдаа Г.Г гэдэс рүү баруун хөлөөрөө нэг өшиглөсөн. Тэгээд би яваад өгсөн. ...Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Г.Г миний уруулд баруун гараараа нэг удаа цохиж миний шүд, уруул зэргийг гэмтээгээд үргэлжлүүлэн миний толгой руу гараараа 3-4 удаа цохиж тухайн гэмтлүүдийг учруулсан. Надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 тал/,

   Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгөх баримт алга байна. 2 шүд хөдөлсөн, мөнгө байхгүйн улмаас одоо хүртэл янзлуулж чадаагүй байгаа. Баримттай хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 20-ны хавьцаа ажлын хамт олонтойгоо зугаалгаар явсан бөгөөд амралтын газар очоод байж байтал манай ажлын Б.Ц, Г.Г хоёр ямар шалтгаанаас болсныг мэдэхгүй ч хоорондоо маргалдаж байсан чинь Б.Ц, Г.Г нүүр рүү гараараа алгадаад авахаар нь хамгийн ойр байснаараа С бид хоёр очиж Б.Ц, Г.Г нарыг салгаад С Г.Г аваад гарснаар тухайн өдрийн хэрүүл маргаан дууссан. Тэрнээс хойш 2021 оны 8 дугаар сарын 27-ны өглөө би ажлын оффис руугаа орчхоод эргээд гараад иртэл гадаа Г.Г хамраас цус гарчихсан, Б.Ц амнаас цус гарсан байдалтай байсан. Тэр хоёрыг салгах гээд С голоор нь орчихсон байж байхаар нь би явж очиход Г.Г, Б.Ц-д хандаж “Би таныг миний шилийг төлөөд өг гэсэн шүү дээ” гээд байсан. Тэгээд би Б.Ц-г Г.Г-с салаад цаашаа аваад явсан. Би тэр хоёрыг салчихаар нь борлуулалтдаа гараад явсан. Тухайн үед Г.Г-н биед ноцтой гэмтэл бэртэл, учраагүй, ямар ч байсан ил харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед Г.Г шил зүүсэн байсан гэхдээ шил эвдэрч хэмхэрсэн эсэхийг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

            Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллага ажилчдаараа зугаалгаар явсан бөгөөд амралтын газар очоод байж байтал манай ажлын Б.Ц, Г.Г хоёр хоорондоо маргалдаж байсан чинь Б.Ц ах Г.Г-н нүүр рүү гараараа алгадаад авахаар нь хамгийн ойр байснаараа би явж очоод  Б.Ц, Г.Г нарыг салгаад С, Г.Г-г аваад гарсан. Тухайн үед Г.Г, Б.Ц ахад алгадуулсны улмаас зүүж байсан шил нь газар уначихсан байсан. Тухайн үйл явдлаас хойш 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байтал Б.Ц, Г.Г хоёр гадаа машины дэргэд зогсчихсон нэг нэгнээсээ зууралцаад харилцан нэг нэгнийхээ нүүр рүү цохиж байхаар нь тэр хоёрыг салгахаар явж очиход Г.Г хамраас цус гарсан, Б.Ц ахын уруул нь сэтрээд цус гарсан байдалтай байж байхаар нь би голоор нь ороод салгах гээд байж байтал Б ах ирээд бид хоёр тэр хоёрыг арай хийж салгаад тэгээд тарсан. Г.Г шилийг газар унасан байхыг харсан хэдий ч эвдэрсэн эсэхийг нь хараагүй. Надад хэлэхдээ шилнийх нь нэг гар нь хугарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 7987 дугаартай “...Г.Г биед хамар ясны хугарал, хамар, хүзүү хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 7989 дугаартай “...Б.Ц биед дээд уруулын няцарсан шарх, цус хуралт, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/

 

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “...харааны нүдний шил 80.100 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 42-44 тал/,

 

Шүүгдэгч Б.Ц, Г.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд /хх-ийн 57-58, 66-67 тал/,

шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн 3 ширхэг хохирол төлбөрийн талаарх баримт зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 74 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа/ хх-ийн 75 тал/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 76 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 77 тал/, Монкек ХХК ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 78 тал/, Хас банкны хуулга / хх-ийн 79-80 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 81-91 тал/ мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 92-94 тал/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар / хх-ийн 95-96 тал/, Гэрч Ц.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай нөхөр Б.Ц  нь .... оны .. дугаар сарын ...-нд ................... суманд аав Б ээж О нарын том хүү болон төрсөн. ...Бид хоёр 2020 онд Ц төрсөн дүүгээс нь 2 настай хүүгийн өөрсөд дээрээ өргөж аваад одоо ам бүл гурвуулаа амьдарч байгаа. Зан байдлын хувьд сайхан сэтгэлтэй, тусч, гэр бүлдээ хайр, халамж сайтай, ажлын хамт олон дундаа ч гэсэн нэртэй байдаг. Манай нөхөр урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 тал/

шүүгдэгч Г.Г хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа/ хх-ийн 102 тал/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 103 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 104 тал/,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 105 тал/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 106 тал/,  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 107-110 тал/, гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү Г.Г нь ...... оны ... дугаар сарын ... -нд ......... дүүрэгт айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад ........... дүүргийн ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаж байгаад манай гэр бүл Улаанбаатар хот руу шилжиж ирээд хүү маань ...  дүгээр сургуульд 2 дугаар ангиасаа шилжин суралцаж байгаад 2016 онд 12 дугаар ангиа төгсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. Хүү маань сургуулиа төгсөөд хувиараа цагийн ажил хийдэг байж байгаад 2019 онд Филлипин улс руу явахаар болсон байсан боловч Ковид-19 цар тахал гарснаар явж чадаагүй, Есүсийн сүмийн ажил хийдэг байж байгаад одоохондоо чөлөөгөөр амарч байгаа. Одоогоор эхнэр хүүхэдгүй, надтай хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, шударга, зөөлөн зан ааштай хүүхэд байгаа юм. Миний хүү урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 4-5, 8 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Ц, Г.Гнар нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр  Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон Кек” ХХК-ийн хашаан дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Г.Г-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамар, хүзүү хоолойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.Ц-н эрүүл мэндэд дээд уруулын няцарсан шарх, цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биеэ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсч үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Түүнчлэн, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул Г.Г, Б.Ц нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч эмчийн 7987, 7989 дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ц, Г.Г нарын харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас Б.Ц, Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Ц нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой томографт үзүүлсэн гэх 100.000 төгрөг, чих хамар хоолойн цагийн үзлэгт орсон 35.000 төгрөгийн нийт 3 ширхэг 135.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн.

 

Шүүгдэгч, хохирогч нарын буюу Б.Ц, Г.Г нарын хувийн таарамжгүй харилцаа буюу өмнө зугаалгаар явахдаа муудалцаж, улмаар Г.Г биед халдсан үйлдлийн улмаас түүний нүдний шил эвдэрсэн, уг шилийг засаж өгөхийг Г.Г Б.Ц-с шаардсанаас үүдэж, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх тул Г.Г-н нүдний шилний гэмтлийн үнэлгээг “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан тайланд үндэслэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-с нийт 215.100 төгрөг гаргуулж Г.Г-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас Б.Ц, Г.Г нар нь харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...цаашид гарах эмчилгээний хийлгэх шаардлагатай...” гэж мэдүүлж байна.

Иймд Б.Ц, Г.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Б.Ц, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Ц, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдгээрт мэдэгдэж байна.

 

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц, Г.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б.Ц, Х овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Г.Г нарт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц Г.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц, Г.Г нарт сануулсугай.

 

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-с 215.100 /хоёр зуун арван таван мянга нэг зуу/-н төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгосугай.

 

6. Хохирогч Б.Ц, Г.Г нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Б.Ц нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА