Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1669

 

 “Мөнххан хаус” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01265 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мөнххан хаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Алтансүхэд холбогдох

 

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтансүхтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болохыг, Б.Алтансүхээс Б.Цогтбаяр нь 23 128 344 төгрөгийн авлагатай болохыг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоолгох, Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг “Мөнххан хаус” ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг Б.Алтансүхэд даалгах тухай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Мөнххан хаус" ХХК-ийн захирал Б.Цогтбаярын нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанид санхүүжилт хэрэгтэй байсан тул 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Алтансүхтэй зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөг 11 хоногийн хугацаатай, 2 500 000 төгрөгийн хүүтэйгээр эргүүлж өгөхөөр харилцан тохиролцож зээлсэн. Миний ээжийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 10 дугаар байрны 6 тоот 2 өрөө opон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Алтансүхтэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн арматурчилсан хөнгөн бетон хавтан БНХАУ-аас оруулж ирэн худалдах бизнест Б.Алтансүх 100 000 000 төгрөг оруулах, хөрөнгө оруулалтын ашгаас 15 000 000 төгрөг cap бүр авахаар тохирч, 50 000 000 төгрөг манай компанийн дансанд шилжүүлсэн ба өмнө нь миний зээлсэн 50 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болгох гэрээг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж хөрөнгө оруулалтын 100 000 000 төгрөгтөө оруулан тооцохоор харилцан тохиролцсон. Барилгын зах зээл хямарч, эдийн засгийн байдал хүндэрсэн тул би "Баян жонш" ХХК-иас авах авлагадаа авсан 2 өрөө 1 ширхэг орон сууцыг 75 795 000 төгрөгөөр тооцон, Б.Алтансүхэд өгөхөөр тохирч 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Алтансүх гэрээ хийж уг орон сууцыг шилжүүлэн авсан. Хөрөнгө оруулалтын 100 000 000 төгрөгөөс үүнийг хасвал үлдэгдэл 24 205 000 төгрөг болно. Мөн би Б.Алтансүхтэй харилцан тохиролцож, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөг нэмж зээлсэн ба Б.Алтансүхийн тулгалтаар уг 50 000 000 төгрөгийг зээлсэн талаарх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулж сарын 10 хувийн хүү төлөх, 16 хоногийн хугацаатай гэж заасан. Уг зээлийн гэрээг байгуулахад Б.Алтансүх нь баталгаа болгож барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй атлаа "Мөнххан хаус" ХХК-ийн өмчлөлийн Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг зээл төлөгдтөл өөрийнхөө нэр дзэр шилжүүлнэ гэж дарамталж, шаардсан тул машины өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл Б.Алтансүх нь ззэлсэн мөнгө, хүүнд чиний төлсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй байна гэж зээлийн барьцаанд бариулсан миний ээжийн өмчлөлийн, амьдран сууж байгаа орон сууцыг нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж өөртөө шилжүүлэн авсан ба манай компанийн өмчлөлийн Хино маркийн крантай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би "Баян жонш" ХХК-иас авах авлагандаа авсан 2 өрөө  орон сууцыг 75 795 000 төгрөгөөр тооцон, Б.Алтансүхэд өгөхөөр тохирч, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Алтансүх гэрээ хийж шилжүүлэн авсан. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ашигласан тул хүү болох /50 000 000х10 хувь, 5 000 000/30 хоног, 1 хоногийн хүү 166 666 төгрөг, 166 666х16 хоног=2 666 666 төгрөг/ 2 666 666 төгрөгийн хамт 52 666 666 төгрөг болж байгаа бөгөөд Б.Алтансүхэд шилжүүлсэн байрны үнэ 75 795 000 төгрөгөө хасвал миний авлага буюу үлдэгдэл нь 23 128 334 төгрөг болж байна.

Зээлийн болон зээлийн барьцааны гэрээний дагуу үүссэн үүрэгтэй холбоотой асуудлаар Б.Цогтбаяр миний бие эрх зүйн этгээдийнхээ хувьд өөрийнхөө шаардах эрх, түүнтэй холбоотой нэхэмжлэх эрхийг миний үүсгэн байгуулсан, хувьцааг нь дангаараа эзэмшдэг "Мөнххан хаус" ХХК-ийн зүгээс Б.Алтансүхэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй хамтатган шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Мөн Б.Алтансүхтэй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж, хоорондын тооцоогоо хийж дуусгах, орон сууц болон автомашинаа буцааж авах талаар ярилцахад татгалзаж, харин ч үүнээс их хэмжээний өр төлбөр буюу 20 000 000 төгрөг нэмж төл гэж шаардсан тул шүүхэд хандсан. Иймд "Мөнххан хаус" ХХК болон Б.Алтансүхийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 01-ний  өдөр  байгуулсан "Хамтран  ажиллах  гэрээ"-ний  төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтансүхтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болохыг тогтоолгох, Б.Алтансүхээс Б.Цогтбаяр нь 23 128 344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул "Мөнххан хаус" ХХК-ийн өмчлөлийн Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.Алтансүхэд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Алтансүхийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюуны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Алтансүх нь нэхэмжлэгч  "Мөнххан хаус" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлдүүлэгч иргэн Б.Алтансүх, зээлдэгч "Мөнххан хаус" ХХК-ийн захирал Б.Цогтбаяртай зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг "Мөнххан хаус" ХХК-ийн Хаан банкны 5174001055 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад "Мөнххан хаус" ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нь гэрээний хүү болох 2 500 000 төгрөгийг  Б.Алтансүхэд өгч энэ зээлийн гэрээг дуусгавар болгоё гэсэн. Цаашид хамтарч ажиллая, чи үндсэн зээл 50 000 000 төгрөг дээр нэмж 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих. 100 000 000 төгрөгөөс 30 000 000 орчим төгрөгийн ашигтай ба ашгийн 50 хувь болох 15 000 000 төгрөгийг сар тутам өгөх боломжтой. Хятадын хавтангийн үйлдвэрийн дистрибьютер болохоор материал хямд авдаг, сарын орлого багадаа 100 000 000 төгрөг байдаг гэж хэлсэн. Нэхэмжлэгч Б.Цогтбаярын энэ саналыг Б.Алтансүх хүлээн авч "Мөнххан хаус" ХХК болон иргэн Б.Алтансүх нар хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Алтансүх болон "Мөнххан хаус" ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан. Б.Алтансүх нь "Мөнххан хаус" ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 50 000 000 төгрөг дээр нэмж 50 000 000 төгрөгийг "Мөнххан хаус" ХХК-ийн Хаан банкны 5174001055 тоот дансанд хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн.

"Мөнххан хаус" ХХК-д иргэн Б.Алтансүх нийт 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай хамтран ажиллахаар, тус компани нь хөрөнгө оруулагч Б.Алтансүхэд сарын 15 000 000 төгрөгийн ашгийг cap бүрийн 30-ны өдөр өгч байхаар тохиролцож гэрээг нотариатчаар баталгаажуулсан. "Мөнххан хаус" ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ашиг 15 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 500 000 төгрөгийг тус тус Б.Алтансүхийн дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш тус компани нь хүйтрээд ашиг багасаж байна гэсээр ямар ч мөнгө өгөхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээний үр ашгийн мөнгө болон үлдэгдэл мөнгийг 2 тал хамтран тооцсон. Үүнд:

Хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Мөнххан хаус" ХХК-д хөрөнгө оруулалтаар шилжүүлэн өгсөн 100 000 000 төгрөг,

Хамтран ажиллах гэрээнд тохиролцсоноор 1 сарын ашиг 15 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон 8 cap, нийт 120 000 000 төгрөг бол хөрөнгө оруулагч Б.Алтансүхийн авах нийт ашиг,

120 000 000 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ашиг 15 000 000 төгрөгийг хасахад 105 000 000 төгрөг болж байгаа ба энэ нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох хугацааны ашиг,

105 000 000 төгрөгөөс 75 795 000 төгрөгийг “энэ нь Баян Жонш ХХК-иас нэхэмжлэгч компанийн бартераар тооцож авсан 2 өрөө орон сууцыг хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үр ашгийн зарим мөнгөнд тооцон Б.Алтансүхэд шилжүүлсэн” хасахад 29 205 000 төгрөг гарч байх ба энэ нь хөрөнгө оруулагч Б.Алтансүхийн авах үр ашгийн үлдэгдэл мөнгө,

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд оруулсан 100 000 000 төгрөг дээр 29 205 000 төгрөгийг нэмэхэд нийт 129 205 000 төгрөг болох бөгөөд энэ нь хөрөнгө оруулагч Б.Алтансүхэд нэхэмжлэгч компанийн хамтран ажиллах гэрээний дагуу төлөх нийт үлдэгдэл болно. 2015 оны 8 сарын эхээр Б.Цогтбаяр нь Хятадаас манай компани хавтан захиалах шаардлагатай байна, ахиухан мөнгө олж өгөөч гэж ярихад нь Б.Алтансүх өөрт байсан 100 000 000 төгрөгөө чамд өгсөн, одоо мөнгөгүй гэхэд хүнээс олоод өг, барьцаанд нь автокран, крантай машин тавья гээд утасдаад байсан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Алтансүх нь танилаасаа 20 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэн Б.Цогтбаярт өгч,  Хино  маркийн  автомашиныг зээлсэн  мөнгөө баталгаажуулж, гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан, тухайн үед Б.Цогтбаяр нь манайх ажил ихтэй байгаа тул машиныг хэрэглэж байя гэж гуйсны дагуу зөвшөөрч машиныг нь өгсөн. Сарын дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Цогтбаяр нь дахин залгаад ахиад яаралтай 30 000 000 төгрөг олж өгч туслаач, Атек компаниас бартераар авсан байраа нэр дээр чинь шилжүүлж өгье, өмнөх зээлсэн 20 000 000 төгрөг дээрээ нэмж 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэсэн. Б.Алтансүх нь дахин танилаасаа 30 000 000 төгрөг зээлэхээр тохирч Б.Цогтбаяр руу залгахад би ажилтай болчихлоо, нягтлангаараа байрны гэрээгээ явуулчихья, гарын үсгээ зураад мөнгөө шилжүүлчихээрэй гэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус компанийн нягтлан гэх хүн Атек ХХК-ийн тамгатай, захирал Б.Цэрэндолгор гэх гэрээг авч ирэхэд нь Б.Алтансүх уг гэрээнд гарын үсэг зурж 30 000 000 төгрөгийг Б.Цогтбаярын 5007889948 тоот Хаан банкин дах дансанд нь шилжүүлсэн. Б.Алтансүх нь хэд хоногийн дараа байраа үзэх гээд Атек ХХК дээр очин гэрээгээ үзүүлэхэд манайх "Мөнххан хаус" ХХК-тай тооцоо дууссан, наад тамга чинь манай тамга биш байна гэсэн. Б.Алтансүх нь тэр өдрөө Б.Цогтбаярыг олж уулзаж хуурамч гэрээний талаар хэлэхэд тэрээр яаралтай байгаад онцгүй юм болчихлоо, ёстой уучлаарай гээд байсан. Тухайн үед Б.Алтансүх нь Б.Цогтбаяраас зээлийн хугацаа хэтрээд удчихлаа, мөнгөө авья гэхэд тэрээр “Баян Жонш” ХХК-иас бартераар авсан 2 өрөө орон сууц байна, 50 000 000 төгрөгийн зээлээ дуусгая гэсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлсэн 20 000 000 төгрөг болон 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлсэн 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийн зээлийн хүүг тооцсон. Үүнд:

1. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 000 000 төгрөг, 10 хувь, хүү нь 1 сарын 2 000 000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг дээр хүү 2 000 000 төгрөгийг нэмэхэд 22 000 000 төгрөг,

2. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлсэн 30 000 000 төгрөг дээр 20 000 000 төгрөгийг /2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээл/ нэмэхэд нийт 50 000 000 төгрөг,

3. 50 000 000 төгрөгийн 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хүүгийн тооцоо, сарын 10 хувь, 1 сарын хүү 5 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх, 50 000 000 төгрөгийн хүү 4 333 332 төгрөг, үндсэн зээл 50 000 000 төгрөг дээр хүү 9 333 332 төгрөгийг нэмэхэд төлөх нийт үлдэгдэл 59 333 332 төгрөг болох тооцоо гарсан.

Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Цогтбаяр нь “Баян Жонш” ХХК-ийн апартмент-88 байрны "Мөнххан хаус" ХХК-ийн ззэмшилд байсан 2 өрөө орон сууцыг байрны эрх шилжүүлэх тухай Б.Алтансүхэд 75 795 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн. 59 333 332 төгрөг хүрэхгүй тул Б.Алтансүх нь дээрх 2015 онь 05 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн хөрөнгө оруулах төгрөгөөс 16 461 68 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрснөөр зээлийн үлдэгдэл 83 538 332 төгрөг үлдсэн.

"Мөнххан хаус" ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нь Б.Алтансүхэд төлөх үлдэгдэл 83 538 332 төгрөгөөс 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 6 тоотын 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгт тооцож, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл мөнгө 83 538 332 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг хасахад 33 538 332 төгрөг болж байгаа.

"Мөнххан хаус" ХХК болон иргэн Б.Цогтбаяр нар нь хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийн үлдэгдэл 29 205 000 төгрөг, 33 538 332 төгрөг /хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл/ нийт 62 743 332 төгрөг юм. Үүнээс 20 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан Хино маркийн автомашины үнийг хасахад Б.Алтансүхэд нийт төлөх мөнгө 42 743 332 төгрөг юм. "Мөнххан хаус" ХХК болон иргэн Б.Цогтбаяр нараас иргэн Б.Алтансүх нь 42 743 332 төгрөгийн авлагатай бөгөөд гэрээний дагуу тооцох алданги, анз тооцоонд ороогүй. Б.Алтансүх нь 20 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авсан Хино маркийн авто машины хууль ёсны өмчлөгч тул машинаа уг компаниас шаардаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани болон иргэн Б.Алтансүх нар нь гэрээгээ тухай бүр дүгнэж байсан тул тус компанийн нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд "Мөнххан хаус" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул "Мөнххан хаус" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар    нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3725 дугаар захирамжаар хариуцагч Б.Алтансүхэд Баянзүрх дүүргийн, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 6 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204006758 дугаарт бүртгэлтэй орон сууц шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг даалгасан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Цогтбаяр, Б.Алтансүх нарын хооронд үүссэн байсан зээлийн харилцааг тэд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож гэрээ байгуулсан. Б.Алтансүхээс нэмж оруулсан хөрөнгийн асуудлаар нэхэмжлэгч "Мөнх-хан трейд" ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний биелэлтийг дүгнэж, тооцоо нийлээгүй, зээл мөнгөн хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой. Б.Цогтбаяр, Б.Алтансүх нарын хооронд үүссэн харилцаа нь тэдний хүсэл зоригийн дагуу "Хамтран ажиллах гэрээ"-нд үндэслэгдэн хуулийн этгээд, иргэн хоорондын харилцаа болсон. Үүнийг хэргийн оролцогчийн хэн аль нь үгүйсгээгүй, үүнд маргаагүй байтал анхан шатны шүүх "Мөнххан трейд" ХХК-ийг нэхэмжлэл гаргасныг үгүйсгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ''Мөнххан трейд" ХХК-ийн "Хамтран ажиллах гэрээ"-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд үүссэн жинхэнэ харилцааг бодит байдлаар тогтооход чухал ач холбогдолтойгоос гадна "Мөнххан трейд" ХХК-ийн албан ёсны хөрөнгө болох ачааны автомашиныг Б.Алтансүх өөртөө шилжүүлэн авсан үйл баримт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгааг нотлож байгаа болно. Иймд "Хамтран ажиллах гэрээ"-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

 "Мөнххан хаус" ХХК нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтансүхтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болохыг, Б.Алтансүхээс Б.Цогтбаяр нь 23 128 344 төгрөгийн авлагатай болохыг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоолгох, Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг “Мөнххан хаус” ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг Б.Алтансүхэд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад нэмж тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлэн дүгнэж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар үүнтэй холбоотой гарсан маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв оновчтой тогтоож баримтлан шийдвэрлэх боломжтой юм.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.Алтансүх, Б.Цогтбаяр нарын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтансүх, Б.Цогтбаяр нарын хооронд зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Мөнххан хаус" ХХК, Б.Алтансүх нарын хооронд хамтран ажиллах гэрээ тус тус байгуулагджээ.

 

Хэргийн 41 дүгээр талд авагдсан "Үүрэг дуусгавар болсон тухай" баримтаар уг гэрээг эцэслэн дүгнэсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байхад зөвхөн түүнийг үндэслэн, “гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн, үүргийг дуусгавар болгосон” гэж бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр хамтран ажиллах гэрээтэй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсноос гадна иргэд хоорондын зээлийн болон барьцааны гэрээний үүрэг, хамтран ажиллах гэрээний маргаанд хэрхэн хамаарч байгааг үндэслэлтэй дүгнэж чадаагүй, нэхэмжлэгчийн тайлбарт эдгээрийг хамтатган шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа гэснийг анхаараагүй байна.

 

Зохигчид хамтран ажиллах гэрээний хугацаанд хэдий хэмжээний ашиг олсон болон оруулсан хөрөнгийн хэдий хэмжээний үлдэгдэлтэй талаар тодорхой бус байгаагаас Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар дүгнэлт хийх, давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн болон хууль хэрэглээний дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАТЗОРИГ                                                 

 

                              ШҮҮГЧИД                       Ч.ЦЭНД

                                                 

                                                                      Б.НАРМАНДАХ