Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/01913/И |
Дугаар | 001/ХТ2019/00543 |
Огноо | 2019-04-16 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2019/00543
“А ” ХХН-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01999 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2307 дугаар магадлалтай,
“А ” ХХН-ийн нэхэмжлэлтэй,
“М ” ХХК-д холбогдох
Төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл, хууль зүйн үйлчилгээний зардал нийт 1,426,487 рубль буюу 41,168,415.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Гэрээний урьдчилгаа төлбөр, алданги нийт 126,812,295.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай нийгэмлэг нь “М ” ХХК-тай 2015 оны 03 сарын 23-ны өдөр Төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, “А ” ХХН нь тус компанийн захиалгаар Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх гол шугам хоолойн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах “М ” ХХК нь үйлчилгээний хөлс 3,042,850 рубль төлөх үүргийг тус тус хүлээсэн. “А ” ХХН-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ 2015 оны 05 сарын 22-ны өдөр зохих ёсоор гүйцэтгэж “М ” ХХК-д илгээсэн бөгөөд хүлээн авснаа тус компани 2015 оны 05 сарын 25-ны өдөр цахим албан бичгээр мэдэгдсэн. Үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3.1-д зааснаар гүйцэтгэгчээс үзүүлэх үйлчилгээ дууссан тухай мэдэгдэл хүлээн авсны дараа 10 өдрийн дотор буюу энэ гэрээний 1.4-д заасан хугацаа дуусмагц үзүүлсэн үйлчилгээний үр дүнг судлан хүлээн авах, харин үзүүлэх үйлчилгээний үр дүнг муутгах гэрээний зөрчил буюу үзүүлсэн үйлчилгээн дэх өөр бусад дутагдал илэрвэл энэ тухай гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээсэн боловч энэхүү хугацаанд үр дүнг хүлээн авах, эсвэл илэрсэн дутагдлыг засуулах арга хэмжээ аваагүй. Хариуцагч “М ” ХХК-аас 2015 оны 07 сарын 03-нд төслийн талаарх жагсаалт бүхий 2015 оны 07 сарын 23-ны өдрийн 192/5 тоот албан хүсэлтийг хүлээн авсан. Ийнхүү асуудлыг гаргаж тавих хугацааг сар гаруй хугацаагаар хэтрүүлсэн, ихэнх асуудал нь төлөвлөлтийн өнөөгийн үе шатанд нийцэхгүй байгаа зэргийг үл харгалзан бидний зүгээс түүний талаар 2015 оны 04-10/15 тоот албан тоотоор дэлгэрэнгүй хариу ба тайлбарыг гаргаж өгсөн. Гэрээ байгуулмагц үлдэгдэл 70 хувийг ажлыг гүйцэтгэл илгээсний дараа төлөхөөр тогтсон. “М ” ХХК-аас урьдчилгаа 30 хувь болох 912,855 рублийг зохих ёсоор, гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1,029,995 рублийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн боловч үлдэгдэл 1,100,000 рублийг төлөөгүй. Иймд “М ” ХХК-аас үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,100,000 рубль, хууль зүйн үйлчилгээний зардал 220,000 рубль, алдангид 106,487 рубль, нийт 1,426,487 рубль буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 28,86 төгрөгөөр тооцон 41,168,415.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Монгол Улсад шинээр байгуулагдаж байгаа Хөшигт олон улсын шинэ нисэх буудлын үйлчилгээнд зориулан 2016-2017 онд Буянт-Ухаа дахь агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх агуулах сумлах үйлчилгээ цогцолбороос Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл агаарын хөлгийн шатахууныг дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байсан. Ингээд “М ” ХХК нь төсөл барилгын ажлыг 2016 онд эхлүүлэхийн тулд 2015 оны 03 сарын 23-ны өдөр ОХУ-ын “А ” компанитай Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулсан ба гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчээр Буянт-Ухаа дахь Шатахуун түгээх цэнэглэх цогцолбор агуулахаас Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу ТЭЗҮ боловсруулах ажил үйлчилгээний хөлсийг 3,042,850 рубль байхаар тохирч, үйлчилгээний хөлсийг дараах үе шаттайгаар төлөхөөр гэрээний 3.2 дах хэсэгт зааснаар үйлчилгээний хөлсний 30 хувийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш банкны 5 хоногийн дотор үйлчилгээний үнийн үлдсэн 70 хувийг үйлчилгээг хүлээн авсан өгсөн актад гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш банкны 5 хоногийн дотор гүйцэтгэгчид төлнө. Гэрээний дагуу манайх урьдчилгаа төлбөрийг төлсөн тул гэрээ баталгаажиж, хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, захиалагчаас үйлчилгээний хөлсний 30 хувь болох 912,855 рубль буюу 33,793,892.10 төгрөгийг 2015 оны 04 сарын 02-ны өдөр, мөн гэрээний үйлчилгээний үр дүнг хүлээлгүй дахин урьдчилан ТЭЗҮ-г хүлээн авсан актад гарын үсэг зураагүй хэр нь гэрээний 35 хувьтай тэнцэх 34,793,468.33 төгрөгийг 2015 оны 10 сарын 14-ний өдрийн ханш 31,59 төгрөгөөр тооцоход 1,101,407.7 рубль гүйцэтгэгчид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай компани үйлчилгээг бүрэн хүлээн аваагүй өмнө нь үүргээ илүү биелүүлж, гэрээний 65 хувь буюу нийт 68,587,360.43 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч тал нь ТЭЗҮ-г эх хувиар нь биш цахим файлаар 2015 оны 05 сарын 25-ны өдөр ирүүлсэн. “А ” компаниас манайд ирүүлсэн гадаад орос нарийн мэргэжлийн хэл дээр бичсэн 148 хуудас ТЭЗҮ-г манай МУ-ын ШУТИС-ийг төгссөн залуу инженерүүд шууд орчуулж, ойлгоход хүндрэлтэй байсан тул Оросод төгссөн инженер хүмүүсээр албан бус орчуулга хийлгээд ойлгоход, дараа нь тооцоог хянаж, бүрэн бүтэн, шаардлага хангах эсэхийг тогтоож, хариу өгөхөд бодитоор 1 сарын хугацаа зарцуулсан. Манай талаас ТЭЗҮ-г чанарын шаардлага хангахгүй, мэдээлэл, өгөгдөл, тооцоолол дутуу, буруу гэж дүгнэж, засаж сайжруулах талаар гомдлыг гүйцэтгэгч талд 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 155/15 тоот, 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 192/5 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. Гэтэл “А ” компаниас ТЭЗҮ-ийн дутагдлын талаарх манай мэдэгдлийг 10 хоногийн дотор 2015 оны 06 сарын 22-ны өдрийн дотор мэдэгдээгүй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтаг хэлдэг. Мөн гүйцэтгэгч нь алдаатай, дутуу ТЭЗҮ ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр тулган шаардаж, нэхэмжилсэнд гомдолтой байна. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсэн дараа үлдэх 70 хувь төлөгдөх ёстой байгаа. Захиалагч талаас доорх үндэслэлүүдийн дагуу ТЭЗҮ-ийг засч сайжруулах, судалгааг нарийвчлан хийх, нэмж тодруулж тусгах, гомдлын шаардлагыг хүргүүлсэн боловч гүйцэтгэгчээс хүлээн авахаас татгалзаж, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ гэсэн товч хариу тайлбар өгсөн. Манай компаниас гүйцэтгэгч талд 2015 оны 155/15 тоот, 2016 оны 192/5 тоот албан бичгүүдээр доорх утга бүхий алдаа дутагдлууд ТЭЗҮ-д байгаа тул гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Түрэлтийн алдагдлын үзүүлэлт нь тооцооны хэсгийн хамгийн дээд тэмдэглэгээний цэгийн хувьд 1400 м-ийн оронд 1620 м-ийн цэгийг авах ёстой байсан. Энэ тохиолдолд насосын хүчин чадлын үзүүлэлт өөрчлөгдөх ёстой. Үүнийг тооцоонд авч харгалзан үзэх ёстой бөгөөд насос сонгох үзүүлэлтэд шууд нөлөөлж стандартын бус тусгай захиалгын насос ч захиалах хэрэг гарч болзошгүй байгаа. ТЭЗҮ-д тооцоолсон насосын үзүүлэлт нь бүхэлдээ хуучин Зөвлөлтийн хаагдмал үеийн 1960-1980 оны шинжлэх ухааны үндсэн дээр 33 жилийн өмнө 1985 онд батлагдаж мөрдөж байсан норм үзүүлэлттэй дүйж байна. Өнөөдрийн орчин үеийн олон улсын өрсөлдөөнт жишиг, дэвшилтэт техник технологитой харьцуулж, оновчтой шийдэл гаргаагүй, 40-өөд жилийн өмнө зөвхөн СССР үед хэрэглэж байсан шугам хоолойн стандарт снип, зөвлөмжийг ТЭЗҮ-д шууд ашигласан. Орчин үеийн барууны өрсөлдөөнт бусад стандарт снип зэргийг огт ашиглаагүй, адил төстэй төхөөрөмж нь хамаагүй хэмнэлт, удаан эдэлгээтэй байгааг бодолцон, технологи, насосын сонголтын хувьд хослох саналуудын олон хувилбар гаргах ажлыг гүйцэтгээгүй. Шугам хоолойн ашиглалтын горимыг зохиоход чиглэлийн газрын гадаргууг тооцоолж, хийгдвэл зохих шугаман краны зангилааны техникийн үзүүлэлт байхгүй. Төсөл хэрэгжих газар нутгийн орчны суурь судалгаа байхгүй. ТЭЗҮ-д тооцсон мэдээлэл нь хэт ерөнхий, хамааралгүй мэдээллүүдийг ТЭЗҮ-д хэрэглэсэн. Хэдийгээр манай компанийн зүгээс ТЭЗҮ-ийг мэргэжлийн зүгээс засч сайжруулж өгнө гэдэгт итгэж, гүйцэтгэгч талд 70 хувийн төлбөрийн тал буюу 35 хувийг урьдчилан төлсөн ба манайхаас ТЭЗҮ-тэй танилцаад тавьсан шаардлагын дагуу бүрэн дүүрэн үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд төлбөрийн үлдээд байгаа 35 хувийг гүйцээн төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлага хангасан чанартай ТЭЗҮ-ээ хүлээн аваагүйд гомдолтой байна. Дээр дурдсан бүрэн бус, тодорхойгүй мэдээллээс үүдэн төслийг цаашид хэрэгжүүлэхэд ТЭЗҮ шаардлага хангахгүй гологдох байдал үүссэн, зураг төсөл хийх, техник тоног төхөөрөмж сонгох боломжгүй болж, 3 жилийн хугацаа алдаж, бидний бизнес, мөрөөдөл хохирч үлдсэн. Шүүхээс ТЭЗҮ-ийн дутагдлын асуудлаар шинжээч Л.Оросоог томилсон нь шүүхийн 11 асуултын 5-д нь манай гомдлыг зохих үндэслэл бүхий байгааг нотолсон, харин 4 асуултын хариултад нь бид гомдолтой тайлбар гаргаж байна. Манай компанийн зүгээс дээрх А ба Б асуултын хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид захиалагчийн хувьд урьд нь дандаа ОХУ-ын насос тоног төхөөрөмжүүдийг ашиглаж ирсэн тул энэ 2 насос ямар чадалтай, ямар сайн болон муу талтайг мэдэх тул захиалагч нь гүйцэтгэгчийг ОХУ-ын болон дэлхийн түвшинд мэдлэгтэй гэж итгэж, мөнгө төлж өгсөн даалгавар бол үүнээс илүү олон улсын өрсөлдөгч орчин үеийн илүү дэвшилтэт сайн талтай тоног төхөөрөмжүүдийг харьцуулан сайныг нь сонгож өгөхийг хүссэн. Гэвч гүйцэтгэгч хуучин зүйлээс илүү, шинэ зүйлийг мэдэхгүй байна. Шинжээч гэрээний 1-р хавсралтад заасан даалгаврыг уншиж үзээгүй бололтой бөгөөд зөвхөн өөрийн хуучин орос номын мэдлэгээр шүүхийн асуултад хандсан харагдаж байна. Шинжээч өөр орны ийм хүчин чадалтай насос сонгож ашиглах нь захиалагчийн сонголт юм гэснийг үзэхэд Гэрээний 1-р хавсралт Ажил гүйцэтгэх техникийн даалгавар, Үйлдвэрийн горим үндсэн тоног төхөөрөмж ба технологид тавих шаардлага гэсэн хэсэгт Техник-технологийн шийдэл нь адил төстэй обьектыг байгуулах дэлхийн туршлага дээр суурилсан, хамгийн бага тооны хүн хүчтэйгээр, ашиглалтын найдвартай байдлыг хангахуйц, ...шинэ гэгдэх техникийн шийдэл хэрэглэхийг бодолцсон байх ёстой", Техник-технологийн шийдэл нь хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлыг бууруулахыг бодолцсон, дэлхийн түвшинд нийцсэн байх ёстой" гэсэн тодорхой заалтууд байгаа. Гэвч эдгээр заалтыг гүйцэтгэгч ТЭЗҮ боловсруулахдаа мартсан, хайхраагүй байгааг шинжээч олж хараагүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг зөвхөн СНМ30-200 загварын насос ашиглахаар тусгасан, СНМ30-200 өөр байх боломжтой хувилбар сонгоогүй. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг Эрчим хүчний салбарын статистик мэдээлэл болон жишиг үнээр тооцоолон бодоогүй. Иймд өөр гүйцэтгэгч болон өөр шинжээчийн баг томилж дүгнэх нь зүйтэй. Мөн шинжээч 2НК-Е65/35-240 гэсэн насосыг хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Гүйцэтгэгч болон шинжээч нарын аль алины үндэслэл болгосон 1985 оны 2.05.06-85 СНИП-ийг ОХУ-ын Барилга, Орон сууц, Нийтийн аж ахуйн Агентлагийн 2012- 12-25-ны өдрийн 108/ГС тушаалаар СП 36.13330.2012 Снип 2.05.06-85 гэсэн шинэ нэрээр шинэчлэн өөрчлөн батлагдсаныг мэддэггүй бололтой. Иймд гүйцэтгэгчийн тооцоолол нь бүрэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Бас бусад орны дэвшилтэт снип нормтой харьцуулсан хувилбарыг гаргаж дэлгэрэнгүй үзүүлээгүй. Шинжээч харин гал гарах эрсдэл, бусад олон төрлийн урьдчилан тооцоолж болдог, болдоггүй эрсдэлээс хамгаалах орчин үеийн мэдлүүдийг шаарддаг зарим орны стандарт, снипийг ашиглах нь илүү үр дүнтэй байсныг дурдах хэрэгтэй гэсэн нь захиалагчийн гомдол үндэслэлтэйг баталж байна. Шинжээч ажлыг цааш нь дүгнэхдээ зайлшгүй нэмж тооцох зарим үзүүлэлтүүдийг тооцсон тохиолдолд Хөшигт олон улсын нисэх буудал хүртэлх шатахуун дамжуулах гол шугам хоолойг угсрах боломжтой гэж үзлээ гэсэн нь шинжээч ТЭЗҮ-г бүрэн бус учир дутагдалтай байгааг нотолсон. Шүүхээс маргаанд томилсон шинжээч нь ихэнх хариултыг мөн л хуучин 1985 оны снипээс өөр бусад гуравдагч орны тооцооны зүйлээр харьцуулж чадахгүй онолын болон олон улсын орчин үеийн түвшний шаардлагыг хангаж чадахгүй, зөвхөн 85 оны снип, өөрийн хуучин практикт би хийж байсан гэсэн байдлаар ихээхэн учир дутагдалтай дүгнэж байгааг шүүх анхаарах ёстой. Иймд өөр шинжээч томилох нь шаардлагатай байна.
Гүйцэтгэгч нь гэрээний 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.5 дэх заалт, зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 1.5-д зааснаар үйлчилгээг хүлээн авах хүлээлгэн өгөх актад захиалагч буюу түүний бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурсны дагуу үйлчилгээг үзүүлсэнд тооцно гэж заасан. Гэвч гүйцэтгэгчээс гэрээт ажил үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд чанартай боловсруулж, манайхаас гомдол гаргуулахгүй сэтгэлд нийцүүлсэн зүйл байхгүй захиалагч тал гомдолтой байгаа тул ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх, хүлээн авах актад талууд буюу манай талаас гарын үсэг зураагүй тул гэрээт ажил үйлчилгээ дууссан гэх боломжгүй. Нэгэнт захиалагч тал чанартай үйлчилгээг бүрэн хүлээн аваагүй тул гэрээний 4.4, 4.5-д заасны дагуу хоногт дутагдлыг бүрэн арилгах хүртэл 0,3 хувийн алдангийг гүйцэтгэгчид ногдуулан нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 2.4.1-т заасан захиалагчийн эрхийн дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй. Иймд “А ” компани бидний итгэл найдварыг үгүй хийж, гүйцэтгэгч талд бүрэн бус нэмж тодорхойлох шаардлагатай мөн огт дурдаагүй мэдээлэл олон байгааг удаа дараа сануулж, хийж гүйцээж өгөхийг хүссэн боловч гүйцэтгэгч “А ” компани үгүйсгэж хүлээн авахаас татгалзаж, гэрээнд заасан ажил үйлчилгээг чанартай бүрэн үзүүлээгүй, захиалагчийн аман болон бичгээр өгсөн зааврыг чанд мөрдөөгүй, гэрээнд заасан даалгавар нөхцөлөөр бүрэн сэтгэл ханамж олгох үйлчилгээг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй нь үнэн тул “А ” компани нэхэмжилсэн нийт 41,168,415 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, татгалзал, агуулгад дурдсан үндэслэлээр цахим файлаар ирүүлсэн дутуу ТЭЗҮ-ний чанар байдал, гүйцэтгэл, мэдлэгийн хүрээ, илүү сайн зүйл хийлгэж авах итгэл үнэмшил төрөхгүй байх тул бид дахин өөр сайн гүйцэтгэгч олж хийлгэх зайлшгүй шаардлагын үүднээс манай компани гэрээний 2.4.1-д заасан эрх болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасны дагуу гүйцэтгэгчид урьдчилан төлсөн 68,587,360.43 төгрөгийг нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 4.4, 4.5-д зааснаар гүйцэтгэгч нь 2018 оны 06 сарын 14-ний өдрийн байдлаар гэрээт ажлыг бүрэн хүлээлгэн өгөөгүй 1119 хоног болсон тул гэрээний 4.4, 4.5-д зааснаар хоног тутам 0,3 хувийн алданги тооцоход 309,922,211.91 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 58,224,935 төгрөгийн хамт “А ” ХХН-өөс гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 сарын 23-ны өдрийн гэрээнд ажил гүйцэтгэх техникийн даалгаврын 19 дүгээр зүйлд цахимд үр дүнгийн материалыг шилжүүлэхэд тавих шаардлагыг гүйцэтгэгч нь материалыг захиалагчид цахим хэлбэрээр гаргаж өгнө гэж заасан бөгөөд 10 хоногт гомдол саналыг хүлээн авч тухайн хоногтоо гомдлын талаар санал солилцох гомдол санал байхгүй тохиолдолд актаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас 2015 оны 07 сарын 05-ны өдрийн 2/10/15 дугаар гүйцэтгэсэн ажлын актад гарын үсэг зурах тухай албан тоот мөн 2015 оны 07 сарын 16-ны өдрийн 5/10/15 дугаар гүйцэтгэсэн ажлын актад гарын үсэг зурах ба гэрээний ажлын тооцоо хийх тухай 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 6/10/15 дугаар эвлэрэх ажлыг хэрэгжүүлэх тухай зэрэг гэрээний актад гарын үсэг зурах тухай шаардлагуудыг хүргүүлж байсан. Хариуцагч талаас зарим тохиолдолд хариу өгдөггүй, үндэслэлгүй тайлбар гаргаж захиалагчаас гэрээний актад гарын үсэг зурах үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд хүлээж авах талаар заасан бөгөөд үүргээ биелүүлээгүй бол ажлыг хүлээлгэж өгсөнд тооцно гэх зохицуулалт байдаг. Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч захиалагч хүлээж аваагүй. Энэ ТЭЗҮ-г хүлээж аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд 2016 оны 04 сарын 05-ны өдөр хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүлээж авсан талаар бичсэн. Мөн 2015 оны 10 сарын 14-ний өдөр “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Содмонгол группийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хүлээж авсан ТЭЗҮ-г танилцуулж, танилцуулсантай холбоотой 2015 оны 10 сарын 14-ний өдөр 1,029,995 рубль буюу гэрээний үнийн дүнгийн 35 хувийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Иймд ТЭЗҮ-г хүлээн аваагүй бол тухайн төлбөрийг шилжүүлэх боломж байхгүй. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр 2015 оны 04 сарын 02-ны өдөр 30 хувийг төлж, 2015 оны 10 сарын 12-ны өдөр 35 хувийг төлж, 2015 оны 10 сарын 14-ний өдөр дахин 35 хувийг төлөх тухай шийдвэр гарсан боловч үлдэгдэл 35 хувь буюу 35,560,626 төгрөгийн гүйлгээг буцаасан байдаг. ТЭЗҮ-г хүлээж аваагүй бол орчуулгын газраар орчуулуулах боломжгүй мөн 2015 оны 06 сарын 24-ний өдөр, 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 192/05 тоот, 2015 оны 08 сарын 21-ний өдрийн 132/15 тоот, 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 15/1584 тоот Сод монгол группийн албан тоотууд хүлээж аваагүй ТЭЗҮ-д гарах боломжгүй. Бодит байдал дээр тухайн ТЭЗҮ-г ашиглаж ашигласныхаа дараа албан тоотууд явуулсан гэж үзэж байна. Техникийн даалгаврын 8 асуудалд 1400 мм-ийг авах ёстой байтал 1600 мм-ийг авсан гэх бөгөөд энэ нь зөрүү гаргаж байгаа талаар тайлбарладаг энэ талаар гэрээ болон техникийн даалгаварт байхгүй 1600 мм-ийг сонгосон нь ямар асуудалтай байгаа талаар татгалзаж байгаа үндэслэл эх сурвалж хэргийн материалд баримтаар байхгүй. Мөн насосын үзүүлэлт 33 жилийн өмнөх гэж ярьдаг бөгөөд 33 дараа ямар насосын үзүүлэлтийг хэрэглэдэг талаар тодорхойгүй энэ насосын сонгосноор ямар эрсдэл дагуулж байгаа нь нотлогдох ёстой. Ган яндангийн оронд хуванцар байх ёстой гэж тайлбарладаг бөгөөд үндсэн өгөгдөл болон бүх бичиг баримтад ган хоолойгоор хийлгэхээр тохиролцсон бөгөөд шүүхэд хуванцараар хийх ёстой гэж тайлбарладаг. Хуванцар хоолой байдаг үгүйг мөн нотлох ёстой. Ашиглалтын мэдээлэл байхгүй хэт ерөнхий гэж тайлбарладаг бөгөөд нарийвчилсан байдлаар заавар зөвлөгөө өгч байгаагүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацаа 6 сар байна гэж заасан. Гэтэл талууд гэрээгээр гомдол гаргах хугацаагаа 10 хоног гэж тодорхойлсон. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан хугацаа нь хамааралгүй, хариуцагч тал 2016 оны 06 сарын 09-ний өдөр гомдол гаргасан нь гэрээнд заасан болон хуульд заасан гомдол гаргах хугацаагаа алдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлд зааснаар доголдолтой гэж үзэж байгаа, хуульд заасан ямар доголдолтой байгаа нь тодорхойгүй биет байдлын доголдол байгаа гэж үзвэл үндсэн өгөгдлийг захиалагч талаас буюу “М ” ХХК нь гаргаж өгсөн бөгөөд доголдол гэх зүйл нь ажлын техникт багтаагүй гэрээнд ажлын тоо хэмжээ болон чанар, даалгавар зэргийг тодорхойлсон байдаг тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолд хамаарахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй мөн гэрээнээс татгалзаж байгаа болон гэрээг цуцалж төлбөрөө нэхэмжилж байгаа талаар тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01999 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.4-т заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-иас 41,168,415 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХН-д олгож, “А “ ХХН-д холбогдох 126,812,295 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-иас 363,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “АВМ” ХХН-д олгож, нэхэмжлэгч “АВМ” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,800 төгрөг, хариуцагч “М ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,890 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2307 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие 2018 оны 183/ШШ2018/01999 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2307 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-д зааснаар дараах гомдлыг гаргаж байна. “М ” ХХК нь Монгол Оросын аж ахуйн нэгжүүд 50:50 хувь нийлүүлсэн хамтарсан компани бөгөөд олон улсын нисэх буудалд агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх, агуулах, сумлах үйлчилгээ эрхэлдэг мэргэжсэн байгууллага. “М ” ХХК нь төсөл барилгын ажлыг 2016 онд эхлүүлэхийн тулд 2015 оны 03 сарын 23-ны өдөр ОХУ-ын “А ” компанитай Төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан ба тус гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчээр Буянт-Ухаа дахь Шатахуун түгээх цэнэглэх цогцолбор агуулахаас Хөшигт олон улсын шинэ нисэх буудал хүртэл нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн барилга байгууламж байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу ТЭЗҮ боловсруулах ажил үйлчилгээний хөлсийг 3,042,850 рубль байхаар тохирч, үйлчилгээний хөлсийг гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний хөлсний 30 хувийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш банкны 5 хоногийн дотор, үнийн үлдсэн 70 хувийг үйлчилгээг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш банкны 5 хоногийн дотор гүйцэтгэгчид төлөхөөр тус тус тохиролцож, гэрээ баталгаажиж, хэрэгжиж эхэлсэн. “М ” ХХК-ний зүгээс урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 912,855 рубль буюу 33,793,892.10 төгрөгийг 2015 оны 04 сарын 02-ны өдөр, мөн гэрээний үйлчилгээний үр дүнг хүлээлгүй дахин урьдчилан ТЭЗҮ-г хүлээн авсан актад гарын үсэг зураагүй хэр нь гэрээний 35 хувьтай тэнцэх 34,793,468.33 төгрөгийг 2015 оны 10 сарын 14-ний өдөр төлсөн. Тухайн үеийн рублийн ханш болох 31.59 төгрөгөөр тооцоход 1,101,407.7 рубль гүйцэтгэгчид шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл захиалагч компанид үйлчилгээг хүлээн аваагүй мөртлөө үүргээ урьдчилан биелүүлж, гэрээний 65 хувь буюу нийт 68,587,360.43 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгч тал ТЭЗҮ-г гарын үсэг, тамга тэмдэгтэй эх хувиар биш цахим файлаар 2015 оны 05 сарын 25-ны өдөр ирүүлсэн. “А ” компаниас орос хэл дээр ирүүлсэн 148 хуудас бүхий нарийн мэргэжлийн нэр томьёотой ТЭЗҮ материалыг МУ-ын ШУТИС-ийг төгссөн инженерүүд шууд орчуулж, ойлгоход хүндрэлтэй байсан тул Орос улсад төгссөн Инженер мэргэжилтэй хүмүүсээр албан бус орчуулга хийлгээд уншиж ойлгох, тооцоог хянах, манай компанийн зүгээс тавьж буй шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоож, үндэслэл бүхий хариу өгөхөд хамгийн доод тал нь 1 сарын хугацаа зарцуулсан. Бид “А ” компанид итгэн гэрээнд заасан төлбөрийн нөхцөлөөс урьдчилан илүү ихээр төлсөн байхад захиалагч бидний итгэлийг хөсөрдүүлж, чанаргүй, даалгавар дутуу, бүрэн бус, нэмж тодруулах зүйл ихтэй огт тусгагдаагүй, агуулгагүй, харьцуулсан судалгаа шинжилгээ хийгдээгүй, дутуу дулимаг, алдаатай тооцоог ирүүлсэн болох нь тодорхой болсон учраас манай зүгээс “А ” компанид хандаж ТЭЗҮ-г чанарын шаардлага хангахгүй, мэдээлэл, өгөгдөл, тооцоолол дутуу, буруу гэж дүгнэж, засаж сайжруулах талаар гомдлыг гүйцэтгэгч талд 2015 оны 06 сарын 24-ний өдөр 155/15 тоот, 2016 оны 07 сарын 03-ны өдөр 192/5 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Гэтэл “А ” компаниас ТЭЗҮ-ийн дутагдлын талаарх манай мэдэгдлийг 10 хоногийн дотор 2015 оны 06 сарын 22-ны өдрийн дотор мэдэгдээгүй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтаг хэлдэг. Мөн гүйцэтгэгч нь алдаатай, дутуу ТЭЗҮ ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр тулган, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ гэж шаардаж нэхэмжилсэнд бид гомдсон. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсний дараа үлдэгдэл 70 хувь төлөгдөх ёстой байгаа. Захиалагч талаас доорх үндэслэлүүдийн дагуу ТЭЗҮ-ийн засч, сайжруулах судалгааг нарийвчлан хийх, нэмж тодруулж тусгах гомдлын шаардлагыг хүргүүлсэн боловч гүйцэтгэгчийн зүгээс хүлээн авахаас татгалзаж, гүйцэтгэлийн шатанд хийгдэнэ гэсэн товч хариу тайлбар өгсөн. Гэтэл захиалагч аль хэдийн 3 жилийн өмнө гэрээний ихэнх хувь 65 хувийг төлчихөөд үйлчилгээгээ бүрэн авахаар хүлээж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол оронд Азийн хөгжлийн болон дэлхийн банкны санхүүжилт хийгдсэн дэд бүтцийн барилга байгууламжийн томоохон төслүүдэд 100 килийн баталгаатай гэх материалыг ашиглаж байгаа практикийг мэднэ. Шугам хоолой ашиглалтын горимыг зохиоход чиглэлийн газрын гадаргууг хэрэгжил газар нутгийн орчны суурь судалгаа байхгүй. Тухайлбал орчны хур тунадас, хүйтний хэмжээ мэдээлэл байхгүй байгаагаас шугам хоолой газрын гүнд хэдэн метрт суурилуулах гэх мэт ашиглалтын аливаа мэдээллүүд бүрэн байхгүй. ТЭЗҮ-д тооцсон мэдээлэл нь хэт ерөнхий хамааралгүй мэдээллүүдийг ТЭЗҮ-д хэрэглэсэн. Жишээлбэл: Хөх нуур, Алтай гаван богдын өндөржилт бүтэц ТЭЗҮ-д газар нутгийн өндөржилтийн хэмжээг буруу тооцсон. “М ” ХХК-аас өгсөн өндөржилтийн мэдээллийг ашиглаагүй. Гэрээний хавсралт 1.7-д заасны дагуу тээвэрлэлтийн оновчтой стратегийг тодорхой тусгаагүй, тээвэрлэлтийн олон хувилбарыг тооцож харьцуулж үзүүлээгүй шууд сонголт хийсэн. 1985 оны ЗСБНХУ-ын байгаль, газар шорооны ажлын тооцооллын стандарт ашигласан зэрэг хэт хуучин шаардлага хангахгүй мэдээлэл ашигласан. “М ” ХХК-ийн зүгээс ТЭЗҮ-г мэргэжлийн зүгээс засч, сайжруулж өгөхийг хүссэн бичиг, шаардлагыг удаа дараа тавьж байсан бөгөөд засаж залруулж өгнө гэдэгт итгэж, Гүйцэтгэгч талд ажил хүлээн авсны дараа төлөх байсан үлдэгдлийн 70 хувийн төлбөрийн тал хувь буюу 35 хувийг урьдчилан төлсөн ба манайхаас ТЭЗҮ-тэй танилцаад, тавьсан шаардлагын дагуу бүрэн дүүрэн үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд төлбөрийн үлдээд байгаа 35 хувийг гүйцээж 100 хувь төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлага хангасан чанартай ТЭЗҮ-ээ хүлээн аваагүйдээ гомдолтой байна. Дээр дурдсан бүрэн бус тодорхойгүй мэдээллээс үүдэн төслийг цаашид хэрэгжүүлэхэд ТЭЗҮ шаардлага хангахгүй, гологдох байдал үүссэн, зураг төсөл хийх техник тоног төхөөрөмж сонгох боломжгүй болж 3 жилийн хугацаа алдаж, бидний бизнес төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж хохирч үлдсэн. Учир нь “А " ХХК-ний 2015 оны 10 сарын 02-ны өдрийн 8-10/15 дугаартай Өр барагдуулах шаардлага гэсэн албан бичигт “…бэлтгэгдсэн баримт бичиг нь “А ” ХХК-ийн оюуны өмч гэдгийг, Захиалагчаас А -д төлбөл зохих аливаа хөлс /эсвэл зардлын нөхөн төлбөр/ төлөгдөөгүй байгаа цагт “М ” ХХК нь тус баримт бичгийг ашиглах эрхийг эдлэхгүй гэдгийг сануулъя” гэсэн. Тиймээс бид дутуу ТЭЗҮ-г зураг төсөлд ч өгөөгүй, шаардлага хангахгүй учир төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдалд орсон. Тиймээс “А ” ХХК-д шаардлага хүргүүлэхэд гүйцэтгэлийн шатанд хийж дуусгана гэсэн хариу өгсөн. Гэтэл гүйцэтгэгч нь алдаатай дутуу ТЭЗҮ ирүүлсэн алдаа дутагдлыг засаж өгөхөөсөө өмнө үлдэгдэл төлбөрийг бүрэн авсны дараа хийхээр хатуу тулган шаардалт хийж, үлдэгдэл 35 хувь нэхэмжилсэнд захиалагч талд гомдолтой. Уг нь гэрээ ёсоор бүрэн үйлчилгээ үзүүлсний дараа ажлаа 2 тал гарын үсэг зурсан акт хамтран үйлдсэн дараа үлдэх 70 хувь төлөгдөх ёстой байгаа. Ингээд гүйцэтгэгч тал шүүхэд хандсан тул манай тал хохирчихоод, дээр нь нэмж хохирохгүй үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхээс ТЭЗҮ-ийн дутагдлын асуудлаар шинжээч Л.Оросоог томилсон нь шүүхээс тавьсан 11 асуултын 5-н асуултын хариу нь “М ” ХХК-ний гаргасан гомдлыг нотолсон. Харин 4-н асуултын хариултад бид гомдолтой тайлбар гаргасан. Иймд дахин шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг томилуулах хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээн аваагүй. Мөн гэрээний 1.5-д зааснаар үйлчилгээг хүлээн авах хүлээлгэн өгөх актад захиалагч буюу түүний бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурсны дагуу үйлчилгээг үзүүлсэнд тооцно гэж заасан. Гэвч гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажил үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд чанартай, боловсруулж, манайхаас гомдол гаргуулахгүй сэтгэлд нийцүүлсэн зүйл байхгүй захиалагч тал гомдолтой байгаа тул ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх, хүлээн авах актад талууд буюу манай талаас гарын үсэг зураагүй тул гэрээт ажил үйлчилгээ дууссан гэж тооцох хууль зүйн боломжгүй. Нэгэнт захиалагч тал чанартай үйлчилгээг бүрэн хүлээж аваагүй нь үнэн тул гэрээний 4.4 болон 4.5-д заасны дагуу хоногт дутагдлыг бүрэн арилгах хүртэл 0.3 хувийн алдангийг гүйцэтгэгчид ногдуулан нэхэмжлэх эрхтэй. Мөн гэрээний 2.4.1-т заасан захиалагчийн эрхийн дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй юм. Иймд “А ” компани бидний итгэл найдварыг үгүй хийж, гүйцэтгэгч талд бүрэн бус, нэмж тодорхойлох шаардлагатай мөн огт дурдаагүй мэдээлэл олон байгааг удаа дараа сануулж хийж гүйцээж өгөхийг хүссэн боловч Гүйцэтгэгч “А ” компани үгүйсгэж хүлээн авахаас татгалзаж гэрээнд заасан ажил үйлчилгээг чанартай бүрэн үзүүлээгүй, Захиалагчийн аман болон бичгээр өгсөн зааврыг чанд мөрдөөгүй, гэрээнд заасан даалгавар нөхцөлөөр бүрэн сэтгэл ханамж олгох үйлчилгээг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй нь үнэн тул “А ” компани түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжилсэн нийт 41,168,415 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Эдгээрийг нийтэд нь дүгнэж үзвэл Гүйцэтгэгч нь гэрээний 2.1-д заасан гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг буюу Гүйцэтгэгч үйлчилгээг зохих чанартай үзүүлэх 2.1.1-д “Үйлчилгээг энэхүү гэрээний хавсралт нэгийн дагуу батлагдсан бүрэлдэхүүн ба агуулгын дагуу бүрэн хэмжээгээр”, 2.1,2-т “Үйлчилгээг энэхүү гэрээний 1.4-т заасан хугацаатай бүрэн хэмжээгээр үзүүлэх", 2.1.3-т “Үйлчилгээний талаарх захиалагчийн аман ба бичгээр чанд мөрдөх”, 2.1.5 дах заалтад заасан үүргээ тус тус биелүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 343.2, 352.2.1, 349.1, 350.1.6, 350.1.7, 352.2.1 дэх заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн биелэлтийг анхааран үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтийг анхааран үзэлгүйгээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь ИХШХШТХ-ийн 25.1.3-т заасан оролцогчийн эрхийг хангаагүй, мөн нэхэмжлэгч компани нь алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, төлбөрөө эхэлж төлсний дараа бид алдаагаа засна гэж тайлбарласан байдал, Орос хэл дээрх 148 хуудас бүхий ТЭЗҮ-г орчуулаад эргэж санал, гомдол өгөх хугацаа 10 хоног хангалттай биш зэрэг байдлуудыг харгалзан үзээгүй шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх болон хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж байна. Төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3.1-д заасан 10 хоногийн хугацааг Иргэний хуулийн 200-р зүйлд заасан стандарт нөхцөл гэж үзэж байгаа бөгөөд дээрх хугацааг харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, Захиалагч талд хохиролтой хугацаа тогтоосон байх тул Иргэний хуулийн 202.1-д заасан хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “А ” ХХН нь хариуцагч “М ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 41,168,415.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “М ” ХХК эс зөвшөөрч, гэрээнээс татгалзан, урьдчилгаа төлбөрт төлсөн 68,587,360.00 төгрөг, алданги 58,224,935.00 төгрөг нийт 126,812,295.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай 10/15 тоот гэрээгээр “А ” ХХН нь “М ” ХХК-ийн шатахуун түгээх цогцолбороос Хөшигт олон улсын нисэх буудал хүртэл шатахуун дамжуулах гол шугам хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, “М ” ХХК ажлын хөлсөнд 3,042,850.00 рубль төлөхөөс 1,942,850.00 рубль буюу 68,587,360.43 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу чанарын доголдолгүй ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгсөн эсэх, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргээ гүйцэтгэх эсэх нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл болжээ.
Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас маргаан үүссэн гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.
Гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох ТЭЗҮ-г захиалагчид цахим файлаар ирүүлсэн ба мэргэжлийн хэллэгээр орчуулж, дүгнэлт гаргахад 10 хоногт багтаах боломжгүй, нэмэлт хугацаа шаардагдсан, энэ тухай гомдлоо 2015 оны 06 дугаар сарын 24, 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгүүдээр нөгөө талдаа мэдэгдсэн гэж хариуцагч маргасан ба ажлын даалгаварт тусгагдаагүй зүйлийг доголдол гэж үзэхгүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шинжээчийн дүгнэлт дэх зураг төслийн шатанд хийх ажил манайд хамааралгүй гэж нэхэмжлэгч тайлбар гаргасан байна.
Гэрээнд заасны дагуу ажлын тайланг нэхэмжлэгч нь цахим хэлбэрээр явуулсныг хариуцагч хүлээн авснаа үгүйсгээгүй тул ажлын үр дүнг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг талууд 10 хоног байхаар тохиролцсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.
Гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдол гаргах Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааг талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт 10 хоногоор тогтоосон байгааг хуульд харшлахгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд шаардлага гаргаагүй байгаа тохиолдолд гомдол гаргасан гэж үзэхгүй.
Шинжээчийн дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах боломжгүй, зураг төсөл зохиох ажлын даалгаварт өгөгдсөн бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвар болон экологийн параметрүүдэд тавигдах шаардлагыг ашиглалтын найдвартай байдлыг хангасан хамгийн шинэлэг материал болон технологиудыг хэрэглэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норматив дүрэм журмуудад нийцсэн байгаль орчны экологийн шаардлагууд, төсөлд хэрэглэх технологийн болон техник эдийн засгийн онцлогуудын шаардлагад нийцсэн байх ёстой гэж тодорхойлсон зэргээс үзэхэд талууд ТЭЗҮ-ийн маргаантай байгаа асуудлын талаарх нөхцөлийг нарийвчилсан байдлаар тодорхойлж, тохиролцож чадаагүй гэсэн шинжээч болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иймээс хариуцагчийг ажлын үр дүнг хүлээн авснаа няцаагаагүй, ТЭЗҮ чанарын шаардлага хангаагүй болохыг нотлоогүй тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэрээний үр дүн болох ТЭЗҮ-ийг доголдолтой гэж үзэхээргүй байна гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн ТЭЗҮ-ийг доголдолтой буюу гүйцэтгэгч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01999 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2307 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “М ” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,800.00 /гурван зуун жаран гурван мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН