Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 106/2016/0545/Э |
Дугаар | 04 |
Огноо | 2016-06-13 |
Зүйл хэсэг | 114.1., 181.2.1, 181.2.5., |
Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 04
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,
улсын яллагч Б.Соёлмаа,
хохирогч Ц.Энхмаа,
шүүгдэгч Ж.Ананд, түүний өмгөөлөгч О.Болдсайхан /ҮД: 0266/,
насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа,
насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0497/,
гэрч Н.Цэрэнсодном, Г.Мөнх-Од, Л.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Өндөр овогт Жадамбын Анандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, насанд хүрээгүй шүүгдэгч Зуутраг овогт Батжавын Түвшинтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030180 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, охины хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9-369 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Жадамбын Ананд /РД: ГЮ93061803/.
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 5 сартай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20-707 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зуутраг овогт Батжавын Түвшинтуяа /РД: УЗ99121401/.
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Ананд нь Э.Энхчимэг, Б.Түвшинтуяа нартай бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны хэсэгт бусдыг илтэд үл хүндэтгэн “намайг гичий гэж хэллээ, найз Оюунжаргалыг дагуулж явлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ц.Энхмаагийн толгой, нүүр рүү өшиглөж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,
-мөн насанд хүрээгүй Э.Энхчимэг, Б.Түвшинтуяа нарын итгэмтгий гэнэн занг ашиглан хууран мэхлэн танхайн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,
насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа нь Ж.Ананд, Э.Энхчимэг нартай бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны хэсэгт бусдыг илтэд үл хүндэтгэн “намайг гичий гэж хэллээ, найз Оюунжаргалыг дагуулж явлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ц.Энхмаагийн толгой, нүүр рүү өшиглөж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Ц.Энхмаа: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би найз Буяагийнд хүүхэд харж байхад Түвшинтуяа над руу залгаад найз нь иргэний үнэмлэхээ авсан гэсэн. Мөн тэр өдрийн оройны 17.00 цагийн үед Оюунжаргал над руу залгаад “...Түвшинтуяа иргэний үнэмлэхээ авсан гэнэ...” гэхээр нь “...би очих уу...” гэхэд Оюунжаргал “...чи найзтайгаа хань болоод оччих...” гэж хэлсэн. Тэгээд би “...арай болоогүй байна. Намайг тартал чи найзындаа байж байхгүй юу даа...” гэхэд Оюунжаргал “...за тэгье...” гэсэн. Удалгүй оройны 20.00 цагийн үед би Оюунжаргал руу залгаад хаана байгааг нь асуухад 7 дугаар сургуулийн урд байна гэхээр нь би очтол тэнд Оюунжаргал Ананд эгчтэй хамт байж байсан. Би “...та хоёр хаачих гэж байгаа юм бэ...” гэж асуусан чинь Ананд эгч надад “...чи хүүхэд /Оюунжаргалыг/ дагуулж явах гэлээ...” гэхээр нь би “...үгүй. Манай найзынд хамт очих гэж байгаа юм...” гэж хариулсан. Тэгээд би мөн манай нэг найз Анужинг хүлээгээд байж байтал Ананд эгч дээр нэг цагдаагийн алаг машин ирэхэд Ананд эгч Оюунжаргалыг хамт явах уу гэхэд нь Оюунжаргал “...үгүй. Би Энхмаагийн найзынд очно...” гээд надтай хамт явсан. Тэр үед Ананд эгч хараалын үг хэлсэн. Гэхдээ яг юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. Тэгээд тэдний найзынд очоод Анужин, Оюунжаргал бид хэд хамт 2 том пиво хувааж уусан. Тухайн үед миний ходоод өвдөөд байна би уухгүй гэсэн. Тэгтэл Түвшинтуяа над руу залгаад найз нь согтуу байна, эд нар миний мөнгийг авах гээд байна, намайг ирээд аваадах гэж хэлсэн. Очиж чадахгүй ээ гэж хэлтэл Түвшинтуяа над дээр ирэхээр болсон. 21 дүгээр хорооллын арын зам дагуу байдаг нэг зочид буудлын гадаа ирж Түвшинтуяатай уулзаад хэнтэй явж байгааг нь асуухад найз нь машинтай ганцаараа явж байгаа гэсэн. Гэтэл цаанаас нь Ананд эгч гарч ирээд “...чи манай найзыг дагуулж явах гэлээ...” гэж хэлсэн. Би Анужинтай хамт явж байсан бөгөөд бид хоёрыг машин дотор хүчээр суулгаад Энхчимэг, Түвшинтуяа хоёр алгадсан. Тэгээд бид нарыг Морингийн даваан дээр очоод Ананд, Энхчимэг, Түвшинтуяа нар зодсон. Энэ үйлдэл болсны дараа Нисэхийн хойно цагдаагийн пост дээр бид хэдийг аваачихад тэнд хоёр цагдаа байсан бөгөөд Анандад “...наад хүнийхээ цусыг угаагаач...” гэж хэлж байсан. Дараа нь надаас Ананд “...чи өргөдөл бичиж өгөх үү...” гэхээр нь би “...манай ээж л өргөдөл бичиж өгөх байх...” гэсэн. Гэтэл Ананд “...чи өргөдлөө бичиж өгөхгүй юу. Тэр цагдаа нар чинь надад үйлчлэхгүй шүү...” гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нар Анужин бид хоёрыг яв гэж хэлэхэд Ананд та хоёрыг гэрт чинь хүргэж өгөхгүй гээд хотын төв рүү ороод дахиад пиво авсан бөгөөд Энхчимэг, Ананд хоёр хэдэн найзуудтайгаа утсаар яриад “...наад хоёр гичийнүүдийг чинь тэд нар дээр аваачиж унтуулчихъя...” гэсэн. Гэтэл авсан пивоо уух гээд байтал Ананд “...наад хоёр гичийд чинь пиво өгөхгүй...” гэж хэлсэн. Би Ананд эгчийг сайн танихгүй бөгөөд өмнө нь нэг л удаа харж байсан. Энхчимэг, Түвшинтуяа, Ананд эгч нараас хохирол гэж нийтдээ 200.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Ананд: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө хохирогч Энхмааг би Түвшинтуяа болон Энхчимэг, Оюунжаргалтай нийлж зодохдоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Ананд миний бие Түвшинтуяа, Энхчимэг нартай нийлж Энхмаа, Анужин нарыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны тэнд зодсон. Би Энхмаагийн нуруу, бөөр, гуя хэсэг рүү өшиглөсөн, Түвшинтуяа болохоор Энхмаагийн толгой болон нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан, Энхчимэг мөн адил үйлдэл хийсэн. Үүнээс гадна намайг насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт татан оролцуулсан гэдэг зүйлчлэлийг эсэргүүцэж байна. Учир нь би хохирогч Энхмаа, Анужин нарын байгаа газар Түвшинтуяа, Энхчимэг нарыг хүчээр дагуулж яваагүй байтал энэ хоёр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ намайг хүчээр дагуулан авч явсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан...” гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа: “...Ананд эгч, Энхчимэг бид гурав Энхмаа, Анужин хоёрыг явж байсан машиндаа чихэж суулгаад Морингийн даваан дээр очоод зодсон юм. Би Энхмаагийн нүүр хэсэг рүү цохиж 2-3 удаа алгадаж өшиглөсөн. Харин бусад нь яаж зодсоныг сайн хараагүй бөгөөд Энхчимэг, Ананд эгч бид гурав гурвуулаа Энхмаа, Анужин нарыг зодсон. Тухайн үед Оюунжаргал бөөлжөөд байхаар нь Ананд эгч Энхмаад “...чи миний найзад ямар архи өгсөн юм бэ гичий минь...” гээд түүнийг зодоод байсан. Ананд эгч намайг худал мэдүүлэг өгсөн гэж хэлээд байх юм. Би худал мэдүүлэг өгөөгүй, үнэн зөвөөр нь мэдүүлсэн...” гэв.
Гэрч Г.Мөнх-Од: “...2015 оны 06 дугаар сард Энхчимэг, Түвшинтуяа нартай танилцаж байсан. Тэгэхэд Түвшинтуяа өөрийгөө 1996 онд төрсөн гэж байсан. Би Энхчимэгтэй дотно найзалж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Түвшинтуяа, Энхчимэг, Ананд нартай нисэхийн тэнд буудалд хамт орсон. Түвшинтуяа, Энхчимэг, Ананд нар буудалд 2-3 аяга пиво уусан. Тэр гурав нойлын өрөө рүү орчихоод явлаа гээд явсан. Би зодооныг хараагүй...” гэв.
Гэрч Н.Цэрэнсодном: “...Анандтай тааралдахад “...та нэг пиво аваад ирээч...” гэж хэлэхээр нь би “...чамтай хамт явж байгаа хүүхэд чинь ямар учиртай юм бэ. Насанд хүрсэн юм уу...” гэж асуухад Түвшинтуяа би 20 настай, Энхчимэг нь болохоор 19 настай гэж хэлсэн. Би үнэн эсэхийг нь дахин асуухад Түвшинтуяа надад регистрийн дугаараа хэлсэн. Тухайн үед би регистрийн дугаарыг нь шалгах боломж байгаагүй тул Анандад “...би энэ хоёр хүүхдэд биш, чамд авч өгч байгаа шүү...” гэж хэлээд пиво авах мөнгийг нь Анандад өгөхөд өөрөө нэг том пиво аваад ирсэн байсан. ...Орой ажил дээр байхад Ананд байна гээд хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд Ананд “...энэ охины нүүр цус болчихлоо...” гэхэд нь за тэгвэл гялс угаачихаад яваарай гэж хэлсэн ...” гэв.
Гэрч Л.Бямбасүрэн: “...Энхчимэг, Түвшинтуяа нар өөрсдөө л надад 1996 оных гэж хэлсэн. Надад тийм жоохон санагдаагүй. Би өөрөө 1996 онд төрсөн. Энхчимэг, Түвшинтуяа нар надаас жоохон харагдаж байсан... ” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.Энхмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг айлд байхад Түвшинтуяа над руу залгаад найз нь согтуу байна, эд нар миний мөнгийг авах гээд байна, намайг ирээд аваадах гэж хэлсэн. Очиж чадахгүй ээ гэж хэлтэл Түвшинтуяа над дээр ирэхээр болсон. ...21 дүгээр хорооллын арын зам дагуу байдаг нэг зочид буудлын гадаа ирж Түвшинтуяатай уулзсан. Тэгтэл машин дотор Ананд, Энхчимэг нар байсан. ...Энхчимэг яахаараа намайг гичий гэж хэлдэг юм бэ гээд намайг алгадаад машинд суулгасан. Бас надтай хамт явж байсан Анужинг машинд хүчээр суулгасан. ...Ананд бид хоёрыг гэрэлтэй газар зодохгүй, харанхуй газар оруулж байгаад зодно гэж хэлсэн. Анужин бид хоёрыг машин дотор Энхчимэг, Түвшинтуяа хоёр алгадсан. Тэгээд бид нарыг Морингийн давааны урд талын салдаг замын хажууд ...эзэнгүй газар ирээд машинаас буусан. Түвшинтуяа миний зүүн талын бөөр хэсэгт өшиглөсөн. Ананд намайг өшиглөж газарт унагаад хамар руу өшиглөсөн. Энхчимэг миний нүд рүү өшиглөсөн. Харин Түвшинтуяа миний ходоод болон биеийн бусад хэсэгт өшиглөсөн. Анужинг Түвшинтуяа, Энхчимэг нар зодож, үснээс нь зулгаагаад гэдэс дээрээс нь өшиглөж байсан. ...Ойролцоогоор 20 орчим минут бид хоёрыг зодсон. ...Тухайн үед Анужин бид хоёрын хамарнаас цус гарсан байсан учраас Ананд, Түвшинтуяа, Энхчимэг нар нөгөө такситайгаа Нисэхийн цагдаагийн тасаг дээр авчираад бид хоёрын цусыг угаалгасан. ...Миний бөөр, уруул хэсэгт Түвшинтуяа өшиглөсөн. Ананд миний хацар хэсэгт өшиглөсөн. Энхчимэг миний баруун нүд, зүүн хацарт өшиглөж зодсон. Мөн намайг бүгдээрээ өшиглөж үсдэж байсан. ...Тэд нар архи уухын хувьд уусан байсан. Би тэднийг өөр хэн нэгэнд муулж яриагүй, Ананд эгчтэй хэрэлдэж, маргалдаж байгаагүй. ...Намайг яагаад зодсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 19-21, 22-23/ гэсэн,
Гэрч Х.Оюунжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энхмаагийн утас руу Туяа залгаж байна гээд утсаар яриад та нар хаана байгаа юм бэ, би ганцаараа очиж байна, намайг тосоод аваач гэсэн. Туяаг тосож авахаар зочид буудлын өмнө иртэл саарал өнгийн Верна аксент /50-82/ улсын дугаартай машин байсан. Дотроос нь Ананд, Энхчимэг, Туяа нар бууж ирээд Анужин, Энхмаа бид гурав руу та нарыг ална гээд бүгдээрээ дайраад байсан. Тэгтэл Туяа гэнэт Анужиг зодоод эхэлсэн. Зочид буудлын хажууд байсан ах та нар болиоч, цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Энхмаа, Анужин бид гурвыг таксиндаа суулгаад аваад явсан. Машин дотор Энхмаа, Анужин хоёрын өвөр дээр Энхчимэг, Туяа хоёр сууж явж байхдаа зодсоор байгаад хуучин тээврийн товчооны талын хээр талд ирсэн. ...Машинаас Энхмааг Туяа үсдэж чирч явсаар байгаад газар унасан хойно нь Энхмаагийн уруул, ам, цээж, нуруу хэсэг рүү нь өшиглөөд байсан. Хажуу талд Энхчимэг Анужинг мөн адил газар унагаачихсан өшиглөөд зодоод байсан. Хажуу талаас Ананд очоод Энхмаагийн толгой болоод хөл хэсэг рүү нь өшиглөөд алгадаад байсан. Энхмааг газар уначихсан байхад Туяа Энхмаагийн ам руу нь өшиглөөд амнаас нь цус гараад байж байхад нь Энхчимэг ирээд бид нарт зодуулсан гээд цагдаад өргөдөл өгөх үү гэтэл Энхмаа манай гэрийнхэн бичих байхаа гэтэл Энхчимэг чи ингээд цагдаад өргөдөл бичээрэй гээд алгадаад байсан. Намайг зодсон асуудал байхгүй. Ямар шалтгааны улмаас зодсон талаар би хэлж мэдэхгүй байна...” /хх-ийн 24-26/ гэсэн,
Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрийнхэн болон найз нөхөд намайг Анужин гэж дууддаг. ...Энхмаа, Оюунжаргал бид гурав нөгөө айлаасаа гараад Түвшинтуяаг авахаар явсан. ...Түвшинтуяа ганцаараа бид нарыг хүлээж байсан. Тэгээд түүнтэй уулзтал машинд суучих гэж хэлсэн. Машинд суухгүй гэж хэлээд машины ар талд зогсож байтал Ананд эгч машинаас буугаад ирсэн. Түвшинтуяа, Ананд эгч, Энхчимэг нар Энхмаа, Оюунжаргал бид гурвыг машинд суулгасан. ...Бид гурвыг аваад Моринд ирсэн. ...Түвшинтуяа Энхмаа бид хоёрыг машинаас үсдээд буулгасан. Түвшинтуяа, Энхчимэг хоёр нийлж байгаад Энхмааг зодоод байсан. Харин Ананд эгч Энхмааг үсдээд нүүрэн хэсэгт нь цохиж харагдсан. Тухайн үед Энхмаагийн нүүрэн хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд машиндаа суулгаад бид нарыг аваад явсан. Нисэхийн цагдаагийн тасаг ирээд Энхмаагийн нүүрэнд болсон цусыг угаалгасан. ...Хэрүүл маргаан болоогүй. ...Урьд өмнө нь хэрүүл маргаан болж байгаагүй. Ананд эгч Энхмааг алгадаад өшиглөж газарт унагаж нүүрэн хэсэгт нь өшиглөж байсан. Энхчимэг харин үсдээд, алгадаад гэдсэнд нь өшиглөж байсан. Түвшинтуяа нүүрэн хэсэгт нь өшиглөж, үсдэж, алгадаж байсан. Намайг үсдэж, алгадаж байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй, Оюунжаргалыг хэн ч зодоогүй...” /хх-ийн 28-29/ гэсэн,
Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 03-04 цагийн үед Ананд эхлээд ганцаараа орж ирээд найзтайгаа маргалдчихлаа, цусыг нь угаах гэтэл энэ хавиар ус олдохгүй байна, жаахан ус өгөөч гэсэн. Тэгэхээр нь дэслэгч Цэрэнсодномд хэлж зөвшөөрөл аваад Анандад ус өгсөн. Манай нисэхийн цагдаагийн хэсгийн үүдний өрөөний гоожуураас ус авсан. Нэг эмэгтэй байсан. ...Яг ямар зүс царайтай байсан талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 33/ гэсэн,
Гэрч Г.Мөнх-Од мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...22 цагийн үед найз Жамуха Анандын утас руу залгаж ярьсан. Удалгүй Ананд, Энхчимэг, Түвшинтуяа нар хамтдаа орж ирсэн. ...Бид нарын авсан байсан 2,5 литрийн савалгаатай пивийг хувааж уугаад 23 цаг өнгөрч байхад гараад явсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,
Шүүгдэгч Ж.Ананд мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. ...Энхчимэг, Түвшинтуяа бид гурав хамтдаа 22 цаг 30 минутын үед интернерт кафенаас гарсан. ...Түвшинтуяа Энхмаа руу залгаж ярьсан. Тэгтэл Энхмаа, Анужин, Оюунжаргал 3 Ханын материалд байна гэж хэлсэн. Энхчимэг, Түвшинтуяа хоёр Анужин, Энхмаа хоёртой урд өмнө нь маргаантай байсан. Тэгээд Энхмаагийн байгаа газарт нь буюу Ханын материал руу явсан. Замдаа Түвшинтуяа ганцаараа очиж байгаа мэт утсаар ярьж байсан. Түвшинтуяа, Энхмаа хоёрын урьд өмнө нь хамт орж байсан зочид буудал гэж Энхмаа зааж өгч байсан. ...Бид гурав такситай хүлээгээд зогсож байхад Энхмаа, Анужин, Оюунжаргал 3 хамт ирсэн. Тэгээд шууд хэрүүл болоод маргалдаж эхэлсэн. Тэр хавьд байсан нэг танихгүй хүн цагдаа дуудах гээд байхаар нь бид нар за за боль гээд Анужин, Энхмаа, Оюунжаргал нарыг машинд суулгаад Нисэх явахаар болсон. Нисэхэд Морингийн даваанд ирээд нөгөө хэдийг машинаасаа буулгасан. Түвшинтуяа Энхмаагийн уруул хэсэгт өшиглөөд цус гаргасан. Тэгээд тэндээ бөөн зодоон болсон. Энхчимэг Энхмааг алгадаж, үсдээд өшиглөж байсан. Мөн Анужинг өшиглөж байсан. Тухайн үед манай найз Оюунжаргал бөөлжөөд байхаар нь би манай найзад юу өгсөн юм бэ гэж хэлээд Энхмааг алгадаж, өшиглөсөн. ...Надад Энхмааг зодох шалтгаан байгаагүй. ...Түвшинтуяа Энхмаагийн нүүрэн хэсэгт учирсан гэмтлийг учруулсан байх. Гэхдээ Энхчимэг бид 2 түүнийг, өшиглөсөн нь үнэн. Анужинг Энхчимэг зодож байсан. Өөр хүн зодоогүй. Би тухайн үед пиво уусан байсан. Согтуу байгаагүй. ...Би тухайн үед ямар шалтгаанаар Нисэх орсон бэ гэхээр манай найз Оюунжаргал Энхмаатай хамт байна гэхээр нь би ирсэн юм. ...Энхмааг хүмүүс ярихдаа Саппоро дээр биеэ үнэлдэг хүүхэн гэж ярьдаг юм. ...Жамуха, Мөнх-од, Бямбасүрэн, Эрдэнэмөнх, Энхчимэг, Түвшинтуяа нар архи, пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд бид хамт ууцгаасан. ...Би Цэрэнсодном ахаас пиво аваад өгөөч гэж гуйсаар байгаад пиво авахуулаад Нисэхийн Цагдаагийн тасгийн ойролцоо уусан. Бид нар пиво ууж байхдаа Энхмаа, Оюунжаргал нарын байгаа газарт нь очихоор ярилцсан. ...Хамгийн эхлээд Түвшинтуяа, Анужин хоёр машинаас буугаад нэг нэгэнтэйгээ зууралдаад үсдэлцээд байсан. Тэгтэл Энхмаа машинаас буутал Түвшинтуяа түүний нүүрэн хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Энхмаагийн уруул хэсгээс нь цус гарсан. Дараа нь Энхчимэг Энхмаагийн толгой болон бөөр, нуруу хэсэгт цохиж байсан. Харин дараа нь би Оюунжаргалыг дагуулж явлаа гэж хэлээд хэд хэдэн удаа алгадсан. ...Би Түвшинтуяа, Энхчимэг хоёрыг насанд хүрээгүй гэдгийг мэддэггүй байсан. ...Энхчимэг, Түвшинтуяа бид 3 хохирогч Энхмаад хохирлын мөнгө болох 200,000 төгрөгийг төлж барагдуулсан...” /хх-ийн 64-66, 86-89 / гэсэн,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг өнгөрч байхад найз Энхчимэгтэй уулзсан. ...Цорс буудалд ороод архи пиво ууж байхад Жамуха Ананд эгчийн гар утас руу залгаад дуудсан. ...Ананд эгч орж ирэхдээ Энхмаа, Оюунжаргал хоёртой тааралдсан, тэр хоёр хот руу орж шоудна гэж хэлээд явсан гэж хэлж орж ирсэн. Ананд эгч архи, пиво ууж байхад зочид буудлын эгч насанд хүрээгүй хүүхдүүд байна гэж хэлээд хөөсөн. ...Ананд эгч хамт явъя гэхээр нь дагаад явсан. ...Нисэхийн цагдаагийн тасаг дотор байхад Ананд эгч Энхмаа миний найзыг дагуулаад явчихлаа, ямар овоо гичий вэ, алнаа хорхойтой араандаа зуучихсан байгаа гэж хэлээд уурлаад байсан. Тэр үед Энхмаа руу залгаад ярь гэж надад утас өгсөн. Энхмаатай утсаар ярихад Ханын материалд арх ууж байна, найз нартайгаа хамт байна гэж хэлсэн. Би одоо ганцаараа очлоо гэж хэлсэн. Ананд эгч хамт байгаа талаараа битгий хэлээрэй, ганцаараа байна гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа очлоо гэж хэлсэн. Ананд эгч надаас мөнгө асуухаар нь би мөнгө байхгүй гэж хэлэхэд худлаа шаагаад бай, чи дандаа мөнгө байхгүй гэж хэлчихээд мянга, мянгаар нь гараад ирдэг биз дээ гэж хэлсэн. ...Тэгээд миний хөхний даруулгыг ухах гэхээр нь би за за гээд гэж хэлээд 20,000 төгрөг гаргаж ирсэн. ...Энхмаа, Анужин, Оюунжаргал нарыг ирэхээс өмнө намайг гадаа гараад ганцаараа зогсож байна гэж хэлсэн. Энхмаа, Анужин, Оюунжаргал нарыг ирэхэд би машины гадна зогсож байсан. ...Ананд эгч хэлэхдээ Энхмаа, Анужин, Оюунжаргал гуравтай нэг нэгээрэй зодолно шүү гэж хэлж байсан. Тэр үед Энхчимэг бид хоёр зөвшөөрсөн. Би Анужинтай, Энхчимэг Энхмаатай, Ананд эгч Оюунжаргалтай зодолдоно гэж хуваарилсан. ...Энхмаа, Анужин, Оюунжаргал нарыг ирэхэд Ананд эгч, Энхчимэг хоёр машинаас бууж ирсэн. Би Анужинтай зодолдох байсан учраас Анужингийн хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Анужин намайг үсдээд үснээс огт тавихгүй байсан. Ананд эгч салгаад машинд суулгасан. Морингийн даваанд ирэхээр болсон. ...Морингийн даваанд ирээд машинаас буугаад Энхчимэг Энхмаагийн нүүр тус газар нь алгадаж эхэлсэн. Би Анужинтай үсдэлцээд нэг нэгнийгээ зуураад зогсож байсан. харин Ананд эгч Энхмааг алгадаад зодоод газарт унагаасан. Оюунжаргалтай хэн ч зодолдоогүй. Оюунжаргал бөөлжөөд байсан. Тэгтэл Ананд эгч Энхмааг “чи миний найзад дэвтээ архи өглөө” гэж хэлээд зодсон. Энхмаа газарт нүүрээ дараад сууж байхаар нь би очоод өшиглөтөл Энхмаагийн уруул нь хавдчихсан. ...Ананд эгч наад нараасаа уучлалт гуйж байхдаа яадаг юм бэ, нүүрийг нь угаалгаад зайлуул гэж хэлсэн. ...Ананд эгч Энхмаа миний найзыг дагуулаад явчихлаа, зэвүүн гичий байгаа юм, хорхойтой араандаа зуучихсан байгаа гэж хэлээд байсан. ...Та 2 надтай хамт яваад үзэхгүй юу, би та хоёрыг хамгаалаад явж чадна. Харин сайхан эгч дүү байж чадахгүй бол эвгүй юм болно гэж хэлээд байсан...” /хх-ийн 74-77, 79-80, 128-130/ гэсэн мэдүүлгүүд,
- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 1769 тоод акт, дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Ц.Энхмаагийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Ж.Анандын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92, 98/,
- Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Түвшинтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 96/,
- Шүүгдэгч Ж.Анандын хувийн байдалтай холбоотой гэрч С.Сүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 40-41/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 107/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 109/,
- Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Түвшинтуяагийн хувийн байдалтай холбоотой гэрч Т.Дархьжавын мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Ц.Батжавын мэдүүлэг /хх-ийн 47-48/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 114/, төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 137/,
-Тодорхойлолт /хх-ийн 102-106/,
- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 124/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 136/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.Ананд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа нар нь Э.Энхчимэгтэй бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны хэсэгт бусдыг илтэд үл хүндэтгэн “Ж.Анандыг гичий гэж хэллээ, найз Оюунжаргалыг дагуулж явлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ц.Энхмаагийн толгой, нүүр рүү өшиглөж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Ц.Энхмаагийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.Ананд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ананд нь насанд хүрээгүй Э.Энхчимэг, Б.Түвшинтуяа нарыг хууран мэхлэн танхайрах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяагийн “...Ананд эгч хамт явъя гэхээр нь дагаад явсан. ...Нисэхийн цагдаагийн тасаг дотор байхад Ананд эгч Энхмаа миний найзыг дагуулаад явчихлаа, ямар овоо гичий вэ, ална аа, хорхойтой араандаа зуучихсан байгаа гэж хэлээд уурлаад байсан. Тэр үед Энхмаа руу залгаад ярь гэж надад утас өгсөн. Энхмаатай утсаар ярихад Ханын материалд архи ууж байна, найз нартайгаа хамт байна гэж хэлсэн. Би одоо ганцаараа очлоо гэж хэлсэн. Ананд эгч хамт байгаа талаараа битгий хэлээрэй, ганцаараа байна гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа очлоо гэж хэлсэн. ...Энхмаа, Анужин, Оюунжаргал нарыг ирэхэд би машины гадаа зогсож байсан. ...Ананд эгч хэлэхдээ Энхмаа, Анужин, Оюунжаргал гуравтай нэг нэгээрэй зодолно шүү гэж хэлж байсан. ...Та 2 надтай хамт яваад үзэхгүй юу, би та хоёрыг хамгаалаад явж чадна. Харин сайхан эгч дүү байж чадахгүй бол эвгүй юм болно гэж хэлээд байсан...” /хх-ийн 74-77/ гэсэн мэдүүлэг,
Э.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Хэсэг хугацааны дараа Ананд эгч Түвшинтуяа бид хоёрыг дагуулаад явах гэтэл манай найз залуу явуулахгүй гэж хэлсэн. Ананд эгч бид хоёрыг хамт явъя гэж хэлээд аваад явсан. ...Тэр үед Ананд эгч Энхмаатай уулзана, манай найз Оюунжаргалыг дагуулаад явсан гэж хэлээд уурласан. ...Тэгээд Энхмаа руу Түвшинтуяагаар яриулаад замаасаа такси бариад явсан. ...Ананд эгч Энхмаа дээр очъё гэдэг санааг гаргасан...” /хх-ийн 82-84/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ананд “...Би Энхчимэг, Түвшинтуяа нарыг гэмт хэрэг үйлдэхэд уруу татаагүй, Түвшинтуяа, Энхчимэг нар өөрсдийгөө 1995, 1996 оны хүүхдүүд гэдэг байсан. Би тэр хоёрыг насанд хүрээгүй гэдгийг мэддэггүй байсан...” гэж мэдүүлсэн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан бөгөөд түүний ингэж мэдүүлснийг буруутгахгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Болдсайхан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг гаргасан боловч энэ нь үндэслэлгүй бөгөөд шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ананд эгч архи, пиво ууж байхад зочид буудлын эгч насанд хүрээгүй хүүхдүүд байна гэж хэлээд хөөсөн...”, Э.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ананд эгч Түвшинтуяа бид хоёрыг адилхан мэдүүлэг өгвөл шүүхээр орохгүй гэж хэлсэн. ... Ананд эгч бид хоёрыг хамт явъя гэж хэлээд аваад явсан. ...Тэр үед Ананд эгч Энхмаатай уулзана, манай найз Оюунжаргалыг дагуулаад явсан гэж хэлээд уурласан. ...Тэгээд Энхмаа руу Түвшинтуяагаар яриулаад замаасаа такси бариад явсан. ...Ананд эгч Энхмаа дээр очъё гэдэг санааг гаргасан... ” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй этгээдэд гэмт үйлдлийн хууль зүйн үр дагаврын талаар санаатай төөрөгдөлд оруулахыг хууран мэхлэх гэх бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяагийн биеийн гадаад төрх, байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Ананд нь насанд хүрээгүй Б.Түвшинтуяа, Э.Энхчимэг нарыг хууран мэхлэж танхайрах гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан нь нотлогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Анандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тэдгээрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96, 98/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Энхмаад хөнгөн зэргийн гэмтэл учирсан, эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 200.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч нар төлсөн болох нь хавтаст хэргийн 136 дугаар талд авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ж.Анандад анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх шүүгдэгч Ж.Анандад ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа нь анх удаагаа хорих ял шийтгүүлж байгаа ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяаг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эцэг Цонхио овогт Батжав /РД: ШЭ62040114/-д хариуцуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 201626030180 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овогт Жадамбын Анандыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хууран мэхлэн танхайрах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
-Насанд хүрээгүй шүүгдэгч Зуутраг овогт Батжавын Түвшинтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Анандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял,
-Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Анандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Анандад оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяад оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 201626030180 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Анандад оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Ж.Анандад хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяад 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эцэг Цонхио овогт Батжав /РД: ШЭ62040114/-д хариуцуулж, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяад хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ананд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Түвшинтуяа нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР