| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2019/0155/З |
| Дугаар | 332 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 332
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар тогтоолоор “Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчид олгосон байсан ХV-019 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болсноос үүдэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,
2. “Ж” ХХК (ГХО)-д олгосон байсан XV-019 тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох сонгон шалгаруулалт тусгай зөвшөөрлийн төлбөр, эрх олгох үйлчилгээний хөлс 383,119,948.6 төгрөг, ерөнхий эрэл хайгуулын ажил, Гидрогеологийн төлөв байдал, Усны эрэл ажлын зардал болох 44,740,000 төгрөг, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтсийн даргад тус газрын сонгон шалгаруулалтын үнэлгээний комисст холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал болох 6,200,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг буюу нийт 434,130,148.6 /дөрвөн зуун гучин дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун дөчин найман төгрөг 6 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О ээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “...Манай компани нь 2015 онд Бүгд найрамдах хятад ард улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай ‘Ж” ХХК оноосон нэртэйгээр байгуулагдсан бөгөөд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах үйл ажиллагаа эрхэлдэг. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 436-р тогтоолд манай компанийн нэрийг дутуу бичиж бичлэгийн алдаа гаргасан байгаа нь холбогдох шүүхийн шийдвэр, магадлал, бусад баримтуудаар нотлогдож байна. Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зарласан мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион явуулсан ашигт малтмалын хайгуулын талбайн сонгон шалгаруулалтаар олгох үйл ажиллагаанд оролцон 1 дүгээр байрт шалгарсан.
Ийнхүү шалгарсныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай а/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталгаажсан Комиссын дүгнэлтээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Х******* талбайд Тусгай зөвшөөрөл олгох СШ 2-10 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцож 74.3 оноогоор 1 дүгээр байр эзэлсэн тул манай компанид Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1 дугаар сарын 9-ний өдрийн 840 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Дээрх шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн сонгон шалгаруулалтын комиссын даргын ирүүлсэн 6/7816, 6/7849 тоот албан бичгүүдэд дурдсанаар 379,959,285 төгрөгийг дараах төлбөрүүдийг зохих дансанд шилжүүлсэн. Үүнд:
1. Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр болох 1,581,000 төгрөгийг Сангийн яамны Төрийн сан дахь Улсын төсвийн 90 тоот дансанд.
2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлс болох 3,000,000 төгрөгийг Төрийн сан дахь Улсын төсвийн 99 тоот дансанд.
3. Сонгон шалгаруулалтын үнийн санал болох 375,378,285 төгрөгийг Төрийн сан дахь Улсын төсвийн 9 тоот дансанд хугацаанд нь тус тус шилжүүлсэн. Мөн Тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөр болох 3,160,663.6 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард Төрийн сан дахь 90 тоот дансанд төлсөн байна. Нийт 383,119,948.6 төгрөгийг Төрийн санд төлсөн.
Мөн түүнчлэн тус компани нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн дээрх талбайд эрэл хайгуулын үйл ажиллагаа эхлүүлэн ерөнхий эрэл хайгуулын ажлыг геологи-хайгуулын “Г” ХХК-тай, Гидрогеологийн төлөв байдлыг “Э” ХХК-тай, “Ж*******” ХХК-тай, Усны эрэл хайгуулыг “Г*******”, “И*******” ХХК зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласнаар 44,740,000 төгрөг зарцуулсан байна.
Гэтэл ийнхүү сонгон шалгаруулалтаар ашигт малтмал хайх ХV-019 тоот тусгай зөвшөөрөл олгосон боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 605 дугаар магадлал, Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 436 дугаар тогтоолын “...үнэлгээний комиссын техникийн саналыг үнэлэх журам, үнэлгээний хуудаст заасан оноо өгөх аргачлалаар үнэлээгүй зэргээс үүдэн үнэлгээний комиссын гишүүдийн ажилдаа хайнга хандсанаас үүсэн учир сонгон шалгаруулалтыг дахин явуулах нь зүйтэй гэж тогтоож, нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаар шийдвэрээр манай компанийн Х\/-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэснийг мэдэгдэж тус талбай дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.
Манай компани дээрх Х******* нэртэй Х\/-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг захиргааны байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтаар авснаас хойш, дээрх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нийт 434,130,148.6 төгрөгийг уг тусгай зөвшөөрөлтэй талбайтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулан, эдийн засгийн хувьд хохироод байна.
Манай компанийн зүгээс дээрх учирсан хохирлоо барагдуулах талаар хүсэлт гаргах тухай 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02 тоот, албан бичгийн хариу хүсэх тухай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17/06 тоот, Хүсэлт хүргүүлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/12 тоот, Хүсэлт хүргүүлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18/03 тоот албан бичгүүдээр хавсралт баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хандахад ямар ч шийдвэр гаргалгүй, хариу ч өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.14 дэх (заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг бөгөөд энэхүү чиг үүргээ хуульд заасан журмын дагуу явуулж чадаагүйн улмаас уг захиргааны байгууллагаас зохион явуулсан сонгон шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч хуулийн этгээд хохироод байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтнуудын буруутай үйл, ажиллагаанаас болж манай компаниас тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар авахад болон тус тусгай зөвшөөрөлтэй талбайд геологийн эрэл хайгуулын, усны , геофизикийн эрэл хайгуулын, шүүхэд маргаан үүссэнээс үүдэн хууль эрх зүйн зөвлөгөө авах, өмгөөлөгч хөлслөх зэрэг ажилд гарсан зардлыг нийт 434,130,148.6 /дөрвөн зуун гучин дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун дөчин найман төгрөг жаран мөнгө/ төгрөгийн хохирол учирсныг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, хуульд заасан үүргээ биелүүлж байсан.
Манай компанийн зүгээс дээрх учирсан хохирлоо барагдуулах талаар Хүсэлт гаргах тухай 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/02 тоот, 17/02 тоот албан бичгийн хариу хүсэх тухай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17/06 тоот, Хүсэлт хүргүүлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/12 тоот, Хүсэлт хүргүүлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18/03 тоот албан бичгүүдээр хавсралт баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хандахад албан бичгээр хариу өгөлгүй өдий хүрсэн.
... Бидний зүгээс дээд шатны албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийн үндэслэлдээ төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухайн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн уулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа явуулж бодит хохирлыг тогтоож, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан.
Бидний гомдолд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байгаа тул бид удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэг, Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүдээс хариугаа очиж лавлахад танай хүсэлтэд хариу удахгүй хариу өгнө, холбогдох баримтуудаа хавсралтаар авчирч өг, Сангийн яамнаас тодруулж байна гэх мэт хариу хэлж, хуулийн хугацаанд хариу өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар өдийг хүрсэн. Манай компани төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн хянан шалгаж, шийдвэрлэх чиг үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж одоо болтол хариу өгөхгүй байгаад гомдолтой байна.
Дээрх байдлаас үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаанд баримталж ажиллахгүй байгаа байдал ажиглагдаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хохирол учруулсан байгууллага болох хариуцагчид удаа дараа хандсан ч хариу шийдвэр өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 100, 101 дүгээр зүйлд нийцээгүй, захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.
... Иймд 1. “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар тогтоолоор “Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчид олгосон байсан ХV-019 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болсноос үүдэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,
2. Хариуцагчийн шийдвэрээр “Ж” ХХК (ГХО)-д олгосон байсан XV-019 тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох сонгон шалгаруулалт тусгай зөвшөөрлийн төлбөр, эрх олгох үйлчилгээний хөлс 383,119,948.6 төгрөг, ерөнхий эрэл хайгуулын ажил, Гидрогеологийн төлөв байдал, Усны эрэл ажлын зардал болох 44,740,000 төгрөг, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газар болон Кадастрын хэлтсийн даргад тус газрын сонгон шалгаруулалтын үнэлгээний комисст холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал болох 6,200,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг буюу нийт 434,130,148.6 /дөрвөн зуун гучин дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун дөчин найман төгрөг 6 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах...”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний кадастрын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг байх талаар хуульчилсан байх бөгөөд төрийн захиргааны байгууллага болохын хувьд эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсны дагуу хууль, түүнд нийцүүлэн гарсан тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээний актад нийцсэн байх ёстой. Гэтэл Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын болон тус газрын Кадастрын хэлтсийн даргын дээр дурдсан шийдвэр, тушаалууд нь хууль, журамд нийцээгүй болох нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон.
Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасны дагуу хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчим хэрэгжиж байснаас гадна ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр захиргааны байгууллагын хуульд нийцээгүй үйл ажиллагааг тогтоох үед буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн байсан тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.2 “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.8 “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хуульчлагдсан атал мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирлоо барагдуулахаар 2017 оны 05 дугаар сараас эхлэн хариуцагч байгууллагад удаа дараа хандахад ямар ч хариу өгөлгүй, зохих шийдвэрийг гаргахгүй байгаа нь дээрх хууль, хуульд заасан зарчимд нийцээгүй эс үйлдэхүй гэж үзэж байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь хууль ёсны биш байсны улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол хүлээсэн этгээдэд учирсан хохирлоо шаардах эрх, үүнтэй уялдан нөгөө талд захиргааны байгууллагад хохирлыг арилгах үүрэг үүснэ. Гэтэл Ашигт малтмалын газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргаас энэхүү үүргээ огт хэрэгжүүлээгүй, асуудлыг шийдвэрлээгүй, ямар ч хариу өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу үүсч буй үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: Ашигт малтмалын газраас зарлан явуулсан сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулсан шийдвэр, түүнийг үндэслэн нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр нь хууль, журамд нийцээгүй болох нь шүүхийн шийдвэрээр2 3 тогтоогдсон бөгөөд энэхүү хууль бус захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Ж” ГХОХХК нь олгосон тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж, санхүүгийн хувьд хохирол хүлээж, нэхэмжлэгчийн өмч хөрөнгийн эрх зерчигдсөн.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, мөн түүнчлэн захиргааны байгууллагын эс үйлдэхүй буюу захиргааны акттай' маргаж буй тул дээрх хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасны дагуу “Тусгай зөвшөөрлийн эхний 2 жилийн төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлс, сонгон шалгаруулалтын төлбөр, ерөнхий эрэл хайгуул, гидрологийн төлөв байдал, усны эрлийн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар тогтоолоор хянан хэлэлцэгдсэн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцааны гэрээ байгуулж төлсөн хөлс – 6,200,000 төгрөг /хх-155-185 дахь тал/, тус хэрэгт хяналтын шатны гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн зардал. буюу нийт 434,130,148.6 /дөрвөн зуун гучин дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун дөчин найман төгрөг 6 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанд хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй, байгууллагын буруу мэдээлэл гэх мэт хохирол учруулж болох үйлдэл нь шаардах эрхийг үүсгэх бөгөөд нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад шалгаруулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын шийдвэр нь хууль, журамд нийцсэн гэж итгэсэн хууль ёсны итгэлийн үндсэн “Ж******* *******” ГХОХХК нь үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсны хувьд сонгон шалгаруулалтад санал болгосон төлбөрийг, мөн Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн болон эрх олгох төлбөрүүдийг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.
Мөн түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмал эрэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, ажил гүйцэтгүүлэх гэрээний үндсэн дээр газрын гадаргын зураглал, усны хайгуулын геофизикийн судалгаа, гидрологийн эрэл судалгааны ажлыг гүйцэтгүүлж, эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зардал гаргаж хохирсон нь захиргааны байгууллагын дээрх хууль бус үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирол тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу хөрөнгөнд учирсан хохирол хамгаалагдах учиртай гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалттай холбоотойгоор шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа үүссэн тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар “Ж” ГХОХХК тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцсон.
Тухайн захиргааны маргаан нь нэхэмжлэгчийн гол эрхлэх үйл ажиллагаа болох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр үлдэх эсэхийг шийдвэрлэж буйн дээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болохын хувьд хэргийн оролцогчдын нэг талд мэргэжлийн баг бүхий хууль зүйн хэлтэстэй захиргааны байгууллага оролцдог онцлогтой тул өмгөөлөгч авсны үндсэн дээр талуудын тэгш байдал хангагдаж, хууль зүйн үндэслэлийг тодорхойлон мэтгэлцэх боломж бүрдэх тул өмгөөлөгчийн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн сайн дурын сонголт биш харин зайлшгүй шаардлагын улмаас гаргасан зардал, хохирол гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байгаагүй бол нэхэмжлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлөгч оролцуулах шаардлага үүсэхгүй, дээрх хохирол гарахгүй байсан гэдгийг мөн анхаарч үзэх шаардлагатай. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол учраас нөхөн төлүүлэхээр шаардах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.19 дүгээр зүйлд тус тус заасан сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь Геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчим буюу хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд үндэслэж явагдах ёстой байсан. Гэтэл энэ зарчимд нийцээгүй. Хууль ёсны үйл ажиллагаа явуулаагүйн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээд хохирч байгаа. Харин захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуулийн дагуу үйл ажиллагаа гэж итгэж байсан хууль ёсны итгэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмын дагуу хамгаалагдах ёстой гэж үзэж байна” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах тайлбарыг гаргаж байна.
1. “Ж” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний комиссын дүгнэлтийг баталгаажуулж, тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн Ашигт малтмалын газрын даргын шийдвэр, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд нь шүүхийн шийдвэрээр тус тус хүчингүй болсноос үүдэн тус компанид учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож,
2. Тусгай зөвшөөрлийн төлбөр 383,119,948.6 төгрөг, ерөнхий эрэл хайгуулын ажил, Гидрогеологийн төлөв байдал, Усны эрэл ажлын зардал болох 44,740,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авах ажлын зардал болох 6,200,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөг буюу нийт 434,130,148.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Х*******” нэртэй газрын 10898,84 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж үүнд “Ж” ХХК шалгарсныг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаалаар баталгаажуулж, шалгарсан оролцогчдод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст даалгажээ. Үүний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр шийдвэрээр “Ж” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.
Гэтэл тухайн талбайд зарласан сонгон шалгаруулалтад 2-т орсон “С” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/88 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр шийдвэрийн “Ж *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож “С” ХХК-ийн саналыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна
Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Х*******” нэртэй ашигт малтмалын хайгуулын Х\/-19 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. “Ж *******” ХХК-ийн төлсөн сонгон шалгаруулалтын үнийн санал болон тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг нь төрийн сангийн дансанд орсон.
Иймд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... 3 шатны шүүх хуралдаанаар сонгон шалгаруулалтыг хуульд зааснаар дахин явуул гэсэн шийдвэр гарсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага өөрөө татгалзаж 217 дугаар шийдвэр гарч С ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Шүүхийн шийдвэрт зааснаар дахин сонгон шалгаруулалтыг явуулж ном журмынх нь дагуу явсан бол “Ж” ХХК тусгай зөвшөөрлийг авах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтад оролцохгүй гэж сайн дураараа татгалзчихаад төрийн захиргааны байгууллагаас эдгээр зардлыг нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК/ГХО/-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 436 дугаар тогтоолоор “С” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж “Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ын өдрийн а/88 дугаар тушаал, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр тушаалын “Жин дэ жюн туо *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” гэж шийдвэрлэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаар шийдвэрээр ...Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр тушаалын “Жин дэ жюн туо *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэр нь “Ж” ХХК/ГХО/ байх ба тус компанийн оноосон нэрийг хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 840 дүгээр шийдвэр болон хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-019 тоот гэрчилгээ , түүнчлэн “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 605 дугаар магадлал, Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 436 дугаар тогтоолд зөрүүтэй, өөр өөрөөр бичсэн байх боловч энэхүү хэргийн нэхэмжлэгч “Ж” ХХК нь дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрүүдэд зөрүүтэйгээр бичигдсэн хуулийн этгээд мөн болох тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах үүрэг бүхий захиргааны байгууллага үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас манай байгууллага нь эдийн засгийн хувьд хохирсон бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь бидний хохирлыг барагдуулах талаар шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой” гэж тайлбарлан маргах ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчээс төлсөн сонгон шалгаруулалтын болон тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс зэрэг нь төрийн сангийн дансанд орсон, шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгон шалгаруулалт явуулахад нэхэмжлэгч оролцоогүй, хайгуул хийсэн үйл ажиллагаа болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг захиргааны байгууллага төлөх үндэслэлгүй” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “.Энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хүргүүлэх”-ээр, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх”-өөр заасан байх ба энэхүү төлбөр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй жилийн тооноос хамааран өсөж байхаар заасан, мөн Уул уурхайн сайдын 2017 оны А/161 дүгээр тушаалаар “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлс”-ийг 3,000,000.00 төгрөг байхаар тогтоосон байна.
Хууль тогтоомжийн дээрх заалтаас үзвэл, нэхэмжлэгчээс нэхэмжилж буй сонгон шалгаруулалтын үнэ болон XV-019 тоот тусгай зөвшөөрлийн эхний ба 2 дахь жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн нийт 383,119,948.6 төгрөгийг захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхгүй, харин
- сонгон шалгаруулалтын үнэ нь уг сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох зорилгоор санал болгосон үнэ,
- хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг нь уг тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын ажил гүйцэтгэх, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлж буй төлбөр,
- үйлчилгээний хөлс нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээг захиргааны байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн үзүүлсний төлөө хураан авч буй хөлс байна.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэнд 375,378,285 төгрөгийг, XV-019 тоот тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 1,581,000 төгрөгийг, 2 дахь жилийн төлбөрт 3,160,663.6 төгрөгийг, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд 3,000,000 төгрөгийг тус тус “Ж” ХХК-иар төлүүлсэн атлаа тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын дүнг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон атлаа “Ж” ХХК-иас төлсөн дээрх төлбөр, хөлсийг буцаан олгохгүй байгаа нь буруу байна.
Учир нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл нь түүнийг эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамааран хүчин төгөлдөр бус болсон байхад уг сонгон шалгаруулалтын үнийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд буцаан олгох нь зүйд нийцнэ.
Түүнчлэн хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээ буюу тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хуульд тогтоомжид нийцсэн байдлаар хэрэгжүүлээгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсоны улмаас “Ж” ХХК-ийн XV-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч байх зорилго биелэгдээгүй байна.
Мөн XV-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаар шийдвэр гарах хүртлэх хугацаанд хүчин төгөлдөр байсан, “Ж” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах зорилгоор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмын хүрээнд хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хүсэлт гаргасан байх ба хариуцагч захиргааны байгууллагаас тус хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй, ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтын үнэ, үйлчилгээний хөлс, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцааж олгоогүй тухайд хариуцагч маргахгүй байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын үнэ болон тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлс, XV-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 ба 2 дахь жилийн төлбөрт төлсөн 383,119,948.6 төгрөгийг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн XV-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд ерөнхий эрэл хайгуулын болон усны, түүнчлэн геофизикийн эрэл хайгуулын үйл ажиллагаанд зарцуулсан зардал нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр гэсэн итгэл үнэмшилтэйгээр зарцуулсан зардал байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснээр гаргасан зардлын үр шимийг нэхэмжлэгч хуулийн этгээд хүртэх боломжгүй болсон байх тул захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагч захиргааны байгууллага нь уг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгогдсон XV-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр хүчингүй болсны үр дагаврыг хариуцах нь зүйтэй байна.
Гэвч “Ж” ХХК-ийн нэхэмжилж буй XV-019 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд ерөнхий эрэл хайгуул, гидрогеологийн төлөв байдал, усны эрлийн зардалд зарцуулсан гэх 44,740,000.00 төгрөгийн “Г*******” ХХК-д төлсөн 23,500,000.00 төгрөг нь тэдний хооронд байгуулагдсан “Геофизикийн хайгуулын гэрээ” , газар доорх усны геофизикийн хайгуулын ажлын тайлан боловсруулагдсан, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу 23,5 сая төгрөг төлөгдсөн байдлаар тус тус тогтоогдож байна.
Харин “Э” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн гэх 2,400,000 төгрөг, “Г*******” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн гэх 18,000,000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй, үлдэх 840,000 төгрөг ямар зардал болох нь тодорхойгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс
- “Э” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” -нүүд байгуулж тус компаниар газрын доор усны эрэл, геофизикийн судалгаа үр дүнг судлан уст цэгийг тодорхойлуулах ажил гүйцэтгүүлж 2,4 төгрөгийг төлсөн гэх боловч гэрээг үргэлжилсэн хугацаа тодорхойгүй, ажил гүйцэтгэсэн тайланг ирүүлээгүй, “Э” ХХК-иас тухайн ажлыг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байна.
- Мөн “Г*******” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нүүд (15 сая болон 3 сая төгрөгийн) байгуулж 18 сая төгрөгийг төлсөн гэх боловч уг гэрээнүүд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор хийгдсэн гэж үзэхээр, ашигт малтмалын мэдээллийг шалгах, дүгнэлт боловсруулах байдлаар хэрэгжсэн байна . Мөн тус компанитай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн эсэх тодорхойгүй, нэхэмжлэгчээс гэрээг хэрэгжсэн эсэхийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд нэхэмжлэлийн “...ерөнхий эрэл хайгуул, гидрогеологийн төлөв байдал, усны эрлийн зардалд 44,740,000 төгрөгийг гаргуулах” шаардлагаас 21,240,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны учирсан хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь хуулийн этгээд өмгөөлөгчид хөлс төлсөн нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанаас хамаарсан гэж үзэхээргүй, харин шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь түүний хуулиар хүлээсэн үүрэг байх тул захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэхээргүй байх тул 6,270,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн “... хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийн баримтаар нотлогдож байгаа 23,500,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 20 дугаар зүйлийн 20.3, 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ж” ХХК (ГХО)-д олгосон байсан XV-019 тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох сонгон шалгаруулалтын үнэ, тусгай зөвшөөрлийн төлбөр, эрх олгох үйлчилгээний хөлс болон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК/ГХО/-аас малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэнд төлсөн 375,378,285, XV-019 тоот тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт төлсөн 1,581,000, 2 дахь жилийн төлбөрт төлсөн 3,160,663.6, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000, нийт 383,119,948.6/гурван зуун наян гурван сая нэг зуун арван есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 23,500,000.00/хорин гурван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ