Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/555

 

 

 

 

 

 

  2021        10          14                                   2021/ШЦТ/555

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч М.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   М.Э-од холбогдох эрүүгийн 2111 00000 0834 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг Баяндалай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “Аса херю констракшн” ХХК-ний захирал, ам бүл 4, эхнэр  хүүхдүүдийн хамт,                       оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

  М.Э /РД: /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Дөлгөөн нуурын урд талын замд шалтгаангүйгээр хохирогч С.Эрдэнэчимэгийг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Эрдэнэчимэгийн “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Дөлгөөн нуурын уулзвараар зүүн гар тийш эргэх үйлдэл хийх гэж байх үед шар гэрэл асчихаар нь цагаан зураас даваад явган хүний замын тэмдэглэгээ дээр зогссон. Гэтэл зам хөндлөн гарч байсан 30-35 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цэнхэр масктай залуу машины арын хаалга татахаар нь би хаалга цоожилсон. Гэтэл машины жолоочийн ард талын хаалга руу өшиглөхөөр нь машинаасаа бууж ирээд чи яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэхэд миний гэдэс рүү өшиглөөд гараараа зүүн нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд цаашаа явж байх үед манай охин буугаад нөгөө залуутай зууралдаж байх үед эсрэг урсгалд явж байсан цагдаагийн машинаас цагдаа дуудаад 102-т дуудлага өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр залуу хүн байна цаашдын амьдралд нь хар толбо үлдээгээд яахав гэж бодож байгаа болохоор одоо надад гомдоод байх зүйл алга байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч О.Мөнхсолонгын “...Эрдэнэчимэг эгч түүний охин Мэндсайхан хоёроор хүргүүлэхээр 02 цаг өнгөрч байхад Эрдэнэчимэг эгчийн машинтай тэдний гэрээс гараад Хайлааст руу явахаар Дөлгөөн нуурын уулзвар дээр шинэ зам руу эргэх гээд зогсож байтал явган хүний гарцаар миний талаас нэг танихгүй хүн ирж явсан. Тэгээд шууд ирээд хаалга татах гэхээр нь би дотроос хаалга түгжсэн. Тэгээд нөгөө талын хаалгаар тойроод ирэхээр нь би бас дотроос нь түгжсэн. Эрдэнэчимэг эгч цонхоо онгойлгоод “Такси бишээ “ гэж хэлсэн чинь нөгөө залуу суугаад явъя гээд байсан. Тэгснээ машины баруун хойд хаалга руу өшиглөсөн. Тэгэхээр эгч яах гээд байгаа юм бэ гэсэн чинь дахин өшиглөсөн. Энэ үед Эрдэнэчимэг эгч машинаасаа буугаад яах гээд байна гэсэн чинь тэр залуу гэдэс рүү нь шууд өшиглөсөн. Тэгэхээр нь машинаасаа буух гэтэл эгчийн толгой руу гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ө.Мэндсайханы  “...Мөнхсолонгыг хүргэж өгөхөөр манай ээжийн цагаан өнгийн 60-76 УБН улсын дугаартай тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг ээж маань жолоодоод Хайлааст руу хөдөлсөн. Дөлгөөн нуурын уулзвар руу хойшоо эргэхээр гэрэл дохион дээр зогсож байтал нэг залуу ирээд машины арын хаалга татаад байсан. Тухайн үед машины хаалга цоожтой байсан. Тэгсэн бас нөгөө хаалга ирээд татаад байхаар нь ээж цонхоо буулгаад “яах гээд байгаа юм бэ “ гэхэд хараалын үг хэлээд байхаар нь ээж “зүгээр байгаарай чи” гэж хэлсэн чинь нөгөө залуу машины хаалга руу өшиглөсөн. Манай ээж машинаасаа “яаж байна” гээд буусан чинь тэр залуу манай ээжийн цээж рүү нь нэг удаа өшиглөөд толгой руу нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7633 дугаартай “...С.Эрдэнэчимэгийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 24/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаар тогтоол /хх 53/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 52/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Дөлгөөн нуурын урд талын замд шалтгаангүйгээр хохирогч С.Эрдэнэчимэгийг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч О.Мөнхсолонгын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Ө.Мэндсайханы мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Эрдэнэчимэг нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч М.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Иймд шүүх шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ