Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

                                      Ханбогд сум

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн С-т холбогдох 2129001420094 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай автозамын 2 дахь километрт хохирогч Б.Өлзийбаярын интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5225291215 дугаарын данснаас өөрийн эзэмшлийн 5461073251 дугаарын данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй зөв төлөвших болно. Хийсэн алдаагаа ухамсарлаж байна. Миний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү? гэж гуймаар байна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярын: “... Би 2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед манайд шинээр орсон гэх залуу манай кемпт нэг гэрт хамт амьдрахаар ирсэн юм. тэгээд тухайн орой надад хэлэхдээ “Ахаа та надад утсаа өгч байгаач эгч рүүгээ ганц мессеж биччихээд өгье” гээд миний утсыг авсан юм. тэгээд би утсаа өгчхөөд усанд ороод гарч ирээд гэртээ орсон чинь нөгөө залуу гэрт сууж байсан. тэгээд би нөгөө залуугаас миний утас хаана байна гэж асуусан чинь орон дээр чинь тавьчихсан байгаа гэж хэлсэн.  Тэгээд би утсаа аваад тухайн орой унтаад өгсөн юм. Нөгөө залуу миний утсыг өгөөд л шууд гараад яваад өгсөн юм. Миний хаан банкны дансны интернэт банкны нэвтрэх нэр нууц үг нь гар утасны кэйсны урд талын халаасанд бичээд хийчихсэн байсан юм. Миний дансны мэдээлэл манай эхнэрт очдог юм. Тухайн үед манай эхнэрийн утас унтарсан мэдээгүй байж байгаад 2021 оны 05 дугаар сарын 16-ны орой утсаа асаасан чинь мессеж очсон байсан тэгээд манай эхнэр над руу яриад дансанд байсан мөнгийг чинь хүн авчихсан байна гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд миний хаан банкны 5225291215 дугаарын данснаас 5461073251 гэсэн данс руу 2,300,000 төгрөг шилжиж орсон байсан.” гэх мэдүүлэг /хх-н 18-19-р хуудаст/,

Гэрч М.Өлзийтогтохын: “... 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С гэх залуу дампын оператораар ажилд орсон юм. Мөнгө алдагдсан талаар манай ажилчид 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай менежер Цолмонбаатарт хэлсэн юм. С гэдэг залуу 2021 оны 05 дугаар сарын 15-ны шөнө манай кемпээс гараад алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудаст/,

Б.С-ын яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орой ажлын газрын хүнийхээ гар утсыг гэр лүүгээ ярьчхаад өгье гээд авсан. Тэгээд гэр лүүгээ ээж рүүгээ ярьчхаад утасных нь ард гэрэнд нь хаан банкны интернэт банкны нууц үг нь цаасан дээр бичээд хийчихсэн байсан. тэгээд би интернэт банкных н нууц үгийг цээжилж аваад тэгээд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гараад нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т очоод хүнээс гар утсыг нь гуйж интернэт банк руу ороод Б.Өлзийбаяр гэх хүний данснаас нь өөрийн 5461073251 дугаарын данс руу 2,300,000 төгрөг байхаар нь шилжүүлэн авсан.” гэх мэдүүлэг /хх-н 36-38-р хуудаст/,

Шүүгдэгч Б.С-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 39-40, 44-59, 77-79-р хуудаст/,

Б.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 41-р  хуудаст/,

Б.С-ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 63-69, 73-74-р  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзэв.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.С нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай автозамын 2 дахь километрт хохирогч Б.Өлзийбаярын интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5225291215 дугаарын данснаас өөрийн эзэмшлийн 5461073251 дугаарын данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Өлзийбаярын Хаан банкны 5225291215 дугаарын данснаас шүүгдэгч нь өөрийн эзэмшлийн 5461073251 дугаарын данс руу 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч Б.С-ын гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалж баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

 

Шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Өлзийбаярт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 102 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С нь хохирогч Б.Өлзийбаярт 300,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авч болно.” гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.С-оос 300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогч Б.Өлзийбаярт 300,000 төгрөгийн төлбөртэй, хохирогчид 2,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. ...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Өлзийбаярт 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 300,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар баг Шар довын 1006 тоотод оршин суух хаягтай гэх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангажээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 1 /нэг/ жил 5 /тав/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай. 

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.С-оос 300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Өлзийбаярт олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Өлзийбаярт 300,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөг нөхөн төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ