Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр                             Дугаар 2021/ШЦТ/115                                  Ханбогд сум

       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: З.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, З.Б-д холбогдох эрүүгийн 2129000000108 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш хөдөө хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О.Алдармөнхтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөж зүүн гарыг нь мушгиж, толгойн ар дагз руу 1-2 удаа цохиж, баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун доод 1-р шүдний цөгцний эмтрэл, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-д холбогдох эрүүгийн 2129000000108 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй болно.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Алдармөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ууганбаяраас мэдүүлэг авсан  тэмдэглэл /хх-ийн 16-17 /,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Баясгалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 19-20/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Түмэнзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 22/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 420 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд З.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, З.Бат-Амгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний гэрлэлтийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг, сурагчийн хувийн хэрэг,  /хх-ийн 52-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш хөдөө хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О.Алдармөнхтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөж, зүүн гарыг нь мушгиж, толгойн ар дагз руу 1-2 удаа цохиж, О.Алдармөнхийн биед “баруун дээд 1,  зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун доод 1-р шүдний цөгцний эмтрэл, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Алдармөнхийн өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр... сургуулийн хөдөлмөрийн багш Ууганбаярын машин нь сургуулийн ард зогсож байгаа харагдахаар нь би хүрээд очиход Ууганбаяр машин дотроо ганцаараа сууж байсан. ...Ууганбаяр машинаасаа 2,5 л савтай Сэнгүр пиво гаргаж ирээд надад аягаар хийж өгөхөд нь би нэг пиво уучихаад “ахад би нэг пиво авч өгье” гэж хэлээд сууж байхад Ууганбаярын найз гэх Б гэх нэртэй залуу хүрч ирээд... би “хэдүүлээ сумаас жаахан зайтай гаръя сургуулийн хажууд пиво уугаад дэмий байх” гэж хэлсэн. ... тэгээд сумын шинээр барьж байгаа наадмын талбайн хажууд очоод Ууганбаярын машинд орж нийт 2,5  литрийн савтай 2 ширхэг Сэнгүр пивыг Ууганбаяр, Б бид гурав хувааж ууж дуусчихаад хоёр тийшээ салцгаасан... удаагүй бид нар дахиад 2,5 литр савтай Сэнгүр пиво аваад сумын баруун талын дэнж дээр гарч Ууганбаяр Б, манай найз Шинэбаяр бид дөрөв хувааж уусан... би Ууганбаярын машинд сууж явахдаа Б-тай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Ууганбаярын машинаа зогсоохоор нь би машинаас буугаад Б-ийн нүүр хавьд нь нэг удаа мөргөсөн чинь Б миний уруул ам руу нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгэхээр нь би гараараа цохих гэхэд миний гарыг барьж аваад арагш дараад толгойн ар дагз руу 1-2 удаа цохиж авсан... үүнээс болж миний үүдэн 2 шүдийг хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ууганбаярын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр... бид нар сумаас хойшоо гараад Алдармөнх пиво гаргаж ирсэн. Тэр пивыг Б, Алдармөнх, Шинэбаяр багш бид нар хувааж уугаад байж байхад Алдармөнх согтоод Шинэбаяр багш бид хоёр руу агсраад байхаар нь Б бид хоёр одоо ингээд тарцгаая уур амьсгал эвгүй байна” гэж хэлээд би машин руугаа явж байхад Алдармөнх миний машины арын суудал дээр суусан. Би тэгээд машинаа унаад сум руу явж байхад Алдармөнх миний арын гэзэгнээс татаад байхаар нь би чи одоо болилдоо, хүн жолоо барьж байхад чинь” гэхэд Алдармөнх надаас хэрүүл өдөөд байснаа Б-г өдөөд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би машинаа зогсоосон чинь тэр хоёр машинаас буугаад гадаа хоорондоо хэрэлдээд зууралдаад байгаад байхаар нь би санаа зовоод машинаас гараад очиход Б Алдармөнхийн гарыг арагш нь дарчихсан, хоорондоо зууралдаад байхаар нь би салгаад машиндаа суулгасан. Тэгэхэд Алдармөнх Б-г чи миний шүд рүү мөргөчихлөө, шүд эвгүй болчихлоо” гэж хэлж байсан. Бат-Амгалан надад хэлэхдээ “би Алдармөнхийг өдөөд байхаар нь 1 удаа ам руу нь мөргөчихсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Баясгалангийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ууганбаяр, Шинэбаяр, Алдармөнх, бас нэг танихгүй залуу хамт пиво ууцгаагаад сууж байсан. Тэгэхэд манай нөхөр нэлээн согтчихсон, тэнд байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийх гээд байсан... тэр хэд хөдлөхөд манай нөхөр Алдармөнх Ууганбаярын машинд суугаад явахаар нь би араас нь дагаж яваад Ууганбаярыг алдчихсан юм...тэгээд шөнө 12 цагийн үед манай нөхөр Алдармөнх над руу утсаар залгаад “Би хүнд зодуулсан, хоёр үүдэн шүд хугарчихлаа би цагдаа дээр байна” гэж хэлэхээр нь би цагдаа дээр очиж... асуухад ... Ууганбаяр багштай хамт явсан залуу намайг мөргөсөн, тэгээд шүд эвгүй болчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 420 дугаартай шинжээчийн “1. О.Алдармөнхийн биед баруун дээд 1,  зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун доод 1-р шүдний цөгцний эмтрэл, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.О.Алдармөнхийн биед учирсан 2 шүдний хугарал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.О.Алдармөнхийн биед учирсан баруун доод 1-р шүдний цөгцний эмтрэл,  баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-рт/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч З.Б-ийн өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр...Алдармөнхтэй уулзахад “хэдүүлээ тал руу гаръя” гэж хэлээд 3 машинтай гарсан. Тэгээд бид нар сумаас хойшоо тал руу гараад Алдармөнх пиво гаргаж ирээд Ууганбаяр, тэр Алдармөнх хамт явсан залуу бид дөрөв уусан. Тэгэхэд Алдармөнх согтчихоод тэр хамт явсан залуу руугаа агсраад...Ууганбаярын өөдөөс завилж суучихаад хэрүүл хийх гээд байсан. Тэгээд тэр хэрүүлийг нь би болиулаад одоо бүгдээрээ явцгаая гэж хэлсэн чинь Алдармөнх Ууганбаярын машины арын суудал дээр суусан. Би машины өмнө талд суугаад Ууганбаяр машинаа унаад сум руу явж байхад ...Алдармөнх миний араас татаад буугаад ир чи гээд өөдөөс агсраад байсан. Тэгтэл Ууганбаяр машинаа зогсоосон чинь Алдармөнх машинаас буухаар нь би машинаас араас нь буутал Алдармөнх намайг эхлээд шанаа руу 1 удаа мөргөхөөр нь би зөрүүлээд уруул ам руу нь нэг удаа хүчтэй мөргөсөн чинь Алдармөнх намайг зүүн гараараа цохих гэхээр би гарыг нь барьж мушгиад нурууны ард нь дарж бариад би толгойны ар дагз руу 1-2 цохисон...намайг мөргөсний дараа Алдармөнх миний 2 шүд нэг л эвгүй болчихлоо, чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-рт/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хохирогч О.Алдармөнхийн эрүүл мэндэд “баруун дээд 1,  зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун доод 1-р шүдний цөгцний эмтрэл, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 420 дугаартай” дүгнэлт /хх-33-34/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн О.Алдармөнхийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-4/

 

Хохирогч О.Алдармөнх нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогчоос Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт ирүүлсэн “О.Алдармөнх миний бие З.Б-аас  эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Иймээс бид хоёрын дунд ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна. /хх-80/

 

Иймд шүүгдэгч З.Б-аас хохирогч О.Алдармөнхөд гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш хөдөө хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О.Алдармөнхтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөж, зүүн гарыг нь мушгиж, толгойн ар дагз руу 1-2 удаа цохиж, О.Алдармөнхийн биед “баруун дээд 1,  зүүн дээд 1-р шүдэнд хугарал, баруун доод 1-р шүдний цөгцний эмтрэл, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч З.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч О.Алдармөнх нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч З.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт З-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.Б нь хохирогч О.Алдармөнхөд гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН