Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118      

 

 

2020 оны 10 дугаар сарын 21 өдөр                          Дугаар 2021/ШЦТ/118                                               Ханбогд сум

 

                             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Өгөөдэй,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр

Шүүгдэгч Ц.З-ын өмгөөлөгч: Н.Энхтөр

Шүүгдэгч Д.Х, Г.Б нарын өмгөөлөгч: Э.Дөлгөөн

Шүүгдэгч: Ц.З

Шүүгдэгч: Д.Х, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн  хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-н Х, О овгийн Ц-н З, З овгийн Г-н Б нарт холбогдох 1829002350160 эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Зун Мен” ХХК-ийн эзэмшлийн 72-40 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 60.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З нь мэдүүлэхдээ:  2018 оны 05 сард Цагаан хаднаас хот руу явж байхдаа Г.Б-тэй танилцаад сайн найзууд болсон.  Тэгэхэд ер нь урд очоод машин баривал хэр байдаг юм бэ? би машин барих гэсэн юм чи надад машин олж өгч чадах уу? гэхээр нь би урд олон жил явж байгаа ганц барих машин олоод өгч чадна гэсэн. Тэгээд би 2018 оны 08 сарын дундуур явж байгаад санамсаргүй гэнэт Г.Б-ийн хэлснийг санаад хөтчөөсөө би машин асуусан. Тэгсэн чинь барих машин байгаа. Тэгэхээр нь би өөрийнхөө машиныг зуураа нэг жолоочоор бариулж байгаад 35-92 дугаартай машиныг би өөрөө барид 6 дээр ирчихлээ гээд Г.Б-рүү залгасан чинь би Дундговь дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд би энержигээс ачаа ачиж байгаа ачилтаа хийгээд гараад ирсэн.Тэгээд шөнө залгасан энержийн үүдэн дээр ирчихлээ гэхээр би гараад ирсэн. Тэгэхэд Г.Б цагаан өнгийн приүстэй ирсэн байсан цаана нь хэдэн хүн байсныг хараагүй. Тэгээд би Г.Б-тэй хаалганы наана цаанаас уулзаж байгаад маргааш өглөө машинаа хүлээж аваад би өглөө эрт наашаа гарчихна аа гэж хэлээд буцаад орсон. Тэгээд би өглөө 11 цагийн үед ачилтаа хийгээд гараад ирлээ гэхэд хоёулхнаа ирсэн байсан. Машин дотор нэг хүн сууж байсан би тэр хүнийг нь хараагүй. Г.Б-д би машины түлхүүрийг хүлээлгэж өгөөд эрдсээс ачих тэрэг шүү жоохон оочир дарж байна шүү гэхэд хамаагүй ээ хөгшөөн мөнгө л олж байвал оочир яах вэ гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтыг нь өгөөгүй байсан. Тэгсэн Г.Б за найзтайгаа таарсан юм чинь хоёулаа ганц хоёр шил юм ууя гээд надад хоёр шил архи авч өгсөн. Би архи нээх даадаггүй болохоор хоёр шил архи уугаад тасраад унасан байсан. Нэг мэдсэн би Дундговь аймаг дээр сэрсэн. Тэгээд архи гараад байж байсан чинь надад нэмж архи өгөөд миний хөгшин ийшээ суугаад явчих гээд би хаашаа явж байгааг нь ч мэдээгүй приүсс машинд суулгаад намайг явуулсан. Түрүүлж би давхисаар байгаад машин дотор унтсаар байгаад араас Г.Б ирж байгаад шаварт суучихлаа гэж байна гэж энэ дөрөв цуг явж байсан энэ дөрвөн хүн тэгж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? юун шавар вэ? би Г.Б-д би бичиг баримтыг нь өгөөгүй байгаа. Ачилт руугаа очоод шаварт суусан юм уу? гэсэн чинь үгүй ээ энд ирж байгаа гэсэн. Тэгээд би буцаад очсон чинь Г.Б тэнд шаварт суусан байсан. Тэгээд би Г.Б рүү уурлаад чи яагаад энд аваад ирж байгаа юм бэ би одоо буцаагаад аваад явъя гэсэн чинь би араас чинь машиныг чинь аваачаад өгнө өө чи зүгээр дуугүй яв гэж надад хэлсэн. Тэгээд би 6 дээр өөрийнхөө ачаатай машиныг орхичихсон байсан болохоор ачаатай машин руугаа яараад за чи араас найдвартай авчирч өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтыг чинь яах юм бэ? замд пост зогсоогоод чамайг явуулахгүй шдээ гэсэн чинь Зоригоо нэг түцэнд үлдээчих гэсэн. Тэгээд би түцэнд үлдээгээд явсан. Тэгээд тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х нь мэдүүлэхдээ: 2018 оны 08 сарын 17-18-ны үед намайг хотод байж байхад Г.Б миний утас руу залгасан. Өмнөговь аймгийн Цагаан хадан дээр хямдхан зарах шланз  машин байна.  25,000,000 төгрөгөөр зарах гээд байна. Үүнийг авъя. Манай найз зарах гээд байгаа гээд над руу залгасан. Тэгээд би уулзаж байгаад ярья гээд сансрын туннелийн тэнд уулзсан. Тэгээд ерөнхийдөө тодорхой ярьсан. Цагаан хаданд манай найз шланз машин хямдхан зарах гээд байна. Аваад гялс зарчихмаар байна гээд очиж үзэхээр болсон. Тэгээд хамт явж үзэх машин хэрэг болоод Даваахүү гээд манай таньдаг найз байдаг. Тэр лүү залгасан чинь Хандгайтайд төрсөн өдрөө тэмдэглээд хоёр хонож байна гэсэн. Тэгэхээр нь би машин чинь байна уу? хамт Өмнөговь аймаг явах боломж байна уу гэсэн чинь байгаа одоо хот руу орох гэж байна гэсэн. Тэгээд сансар дээр Даваахүү, Ж.Энхбаяр нар хүрч ирсэн. Тэгээд ерөнхийдөө тэр өдөртөө багтаад 5, 6 цагийн үед явахаар болоод шууд урагшаа машин үзэх гээд Цогтцэций рүү явсан. Тэгээд би өөрт байсан бэлэн мөнгөө шавхаад 20 гаруй сая төгрөг байсан. Тэрийг бид авчихсан явж байсан. Бололцооны таалагдвал мөнгийг нь өгөөд авчихъя гэсэн бодолтой байсан. Хамт явж байсан хүмүүс намайг мөнгөтэй явж байсныг бүгд харж байсан. Би цүнхээ онгойлгоод тэндээсээ мөнгө гаргаж ирээд замдаа бензин түлш хийгээд, идэж уух юм аваад тэгээд явсан. Орой 12 цаг нэлээн дөхсөн байхад Цогтцэций дээр ирээд Г.Б нэг хүнтэй яриадахъя гээд утсаар ярьсан. Тэгсэн сараалжин хаалгатай уурхай шиг юм руу ороод Мөнхбаяр, Энхбаяр, Даваахүү бид нар хамт хүлээгээд сууж байсан. Тэгээд Г.Б би уулзаадахъя ирье гэж гарч яваад Г.Б уулзчихлаа гээд хүрээд ирсэн. Тэгээд машин тэрэг нь одоо үзэх боломжгүй байна. Энэ өөрөө уурхай руу орсон. Нүүрсээ аччихаад өглөө гарч ирдэг юм байна гээд тэндээсээ бид нар Цогтцэций сумын төв хэсэгт нь хоёр давхар буудалд хоночхоод өглөө 10-11 цагийн үед очсон. Одоо бодоход Г.Б Ц.З-той л уулзаж байсан. Тэрнээс өмнө би Ц.З-ын царай зүсийг нь ч харж байгаагүй, уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй. Тэгээд тэр машиныг нь үзээд 6 бил үү хэд билээ шланз машин гэрийн хажууд зогсож байсан. Тэгээд хажууд гэр гуанз байсан. Тэнд орж хоол идээд сууж байхад приүс аччихсан шланз ирэхэд энэ машины эзэн нь гээд Г.Б надад хэлж байсан. Тэгээд би шланзыг ардаас нь тойрч харахад цагаан толгойтой улаан чиргүүлтэй хуучин шланз байсан. Тэгээд би машинаа хэдээр зарах юм гээд асуусан чинь 25,000,000 төгрөгөөс ярина гэсэн. Ерөнхийдөө тухайн үед би Ц.З-ын өөрийнх нь амнаас нь бол сонсоогүй. Тэгээд нэрийг нь шууд шилжүүлж болох юм уу? гэж асуухад гэхэд Г.Б болохгүй ээ энэ машин чинь хужаагийн нэр дээр байдаг машин байгаа юм гэж хэлсэн. Хамт явсан бид нар тухайн үедээ Говьд ургадаг хөмүүл түүх гээд яваад өгчихсөн байсан. Тэрний өмнө Г.Б-тэй ярьсан яриа нь нэр шилжихгүй бол авахад хэцүү эргээд  асуудалтай шүү гээд тиймэрхүү яриа болчхоод ганц нэг шил юм уучхаад бид хэд хөмүүл түүгээд явж байсан чинь эргээд Г.Б над руу залгаад хүрээд ирээ хот руу хүргэж өгөхөөр болчихлоо гээд шланзтайгаа хөдөлчихсөн байсан. Тэгээд араас дагаад явчих аа хот руу оръё гэсэн.  Тэгээд явсаар байгаад Дундговь аймгаас түлш авсан байх. Бид нар ард нь приүүстэй яваад байсан. Тэгээд ер нь хот орохын өмнөхөн бид нар түрүүлээд хот руу орсон байсан. Хот руу орсон байсан чинь залгаад шувуун паприкийн тэнд шаланзтайгаа суучлаа хүрээд ирээч гэсэн. Тэгээд хүрээд очсон чинь шувуун паприкийн урд гол дээр шаланз нь шаварт суучихсан тэгээд түүнийг гаргах гээд нэлээн юм болоод хамт явж байсан Энхбаяр гэх залуу хайрганы карьертай. Тэндээс ковшийг нь гуйж ирээд тэр шаланзыг гаргаад тэр орой Ц.З машинд суугаад явлаа яваад өгсөн би ч салаад явсан. Тэгээд маргааш өглөө нь Г.Б авсан машиных нь чиргүүлийг зарахаар боллоо. Чиргүүлийг нь урьдчилаад зармаар байна. Толгойг нь янзлуулаад дараа нь заръя гэсэн тийм асуудал яриад хүрээд ирээч чиргүүлийг нь зарчихмаар байна авах хүн хайгаад өгөөч гээд 22-ын товчоон дээр Баяраа гээд чиргүүл янзалдаг нөхөр байдаг. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Баяраа дээр очиж үзүүлсэн. Тэгээд чиргүүлийг нь тэрэнд зарчихлаа ямар ч байсан мөнгийг нь аваад машинаа янзална гэсэн. Тэгээд Г.Б Ц.З-оос драгон дээрээс очиж машины гэрчилгээг нь авна гээд  машинтай очиж авч байсан. Тухайн үед тэр машины нэр нь шилжихгүй гэдэг зүйл сонсож байснаас ямар ч байсан “Зун Мен” ХХК-ийн Булгаа гэсэн хүмүүстэй уулзаж харж байгаагүй. Би чинь өөрөө нүүрсний машин ч барьж байгаагүй. Тэгээд иймэрхүү юм болсон. Машинаа хэд хоногийн дараа 8 сарын сүүлээр янзалж дуусчхаад толгойг нь зарах гэж байгаа гээд дарханы залуу урьдчилгаа гээд 15,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд машины урьдчилгаа шилжүүлснээс 30 минутын дараа яармагийн урд талын Сансар сүлжээ дэлгүүрийн АТМ машинаас 15,000,000 төгрөгийг аваад Ц.З-од өгнө. З ирчихсэн. Машины эзэн ирсэн мөнгийг нь өгнө гээд Ж.Энхбаяр, Г.Б бид гурав очиж АТМ машинаас мөнгө авсан. Мөнгөө аваад драгон руу очоод Энхбаяр бид хоёр машинд суугаад Г.Б 15,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нь авч үлдээд 14,000,000 төгрөгөө аваачиж өгөх гэж байна гээд буугаад өгчихлөө гээд ороод ирсэн. Г.Б-г машины мөнгө өгчихлөө гэсэн ойлголттой байсан. Тэрнээс хэд хоногийн дараа анх авна гээд байсан залуу нь машинаа авахаа болилоо гэсэн яриа гараад болиод 8011-тэй дугаар гээд хавтаст хэрэгт дурдагдаад байгаа тухайн үед Г.Б-н барьж байсан дугаар байгаа. Чингүүнжав, Чинзориг хоёр руу фейсбүүкээр энэ хоёр руу холбогдоод үзэхээр боллоо гэсэн. Тэгээд Чингүүнжав, Чинзориг хоёрт зарахаар болоод машинаа үзүүлээд тэгээд энэ хоёрт зарсан ийм зүйл болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Улаанбаатар руу явж байхдаа Ц.З гэдэг залуутай микер дотор танилцсан. Би Ц.З-од тухайн үедээ хэлэхдээ чи надад уртын рейсэнд явах машин олж өгөөч гэж би гуйж байсан. Ц.З-той танилцаад манайд нэг хоёр хоног хоносон. Ц.З-оос унах машин олж өгөөч гэж гуйгаад 2018 оны 08 сарын дундуур Ц.З нэг машин олсон ирээд аваач гээд би Ц.З дээр очихдоо Д.Х, Энхбаяр, Даваахүү, Мөнхбаяр гэсэн хүмүүстэй цуг очиж авч байсан. Тухайн үед Ц.З-оос машин авахдаа би рейсэнд явна гэж хэлж авсан. Тэгээд тэр орой Ц.З бид нартай цуг архи ууж байгаад орой шууд хот руу шаланзтай нь хамт явсан. Хотод ирээд чиргүүлийг нь зарчхаад толгойг нь янзалчхаад бичиг баримтыг нь янзалж дууссаны дараа эхлээд Дарханы залууд зарсан чинь оноос нь болоод үнэ дээр нь тохироогүй тэгээд буцаагдаад Чинзориг гэдэг залууд зарсан. Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Энэ гэмт хэргийг анхнаас нь үнэнээр нь хэлье гээд прокурорын шатанд дахин байцаалт өгье гээд сая 4 сард  ирэхдээ хүсэлт өгсөн. Тэр хүсэлтийг хангаагүй. Д.Х, Ц.З гэдэг энэ хүмүүс энэ хэрэгт хамааралгүй. Би ажил хийнэ гэсэн нэрийдлээр авч хувьдаа завшиж зарсан мөнгийг нь өөрөө ашигласан гэдэг энэ явдлуудыг дахин гэрчээр мэдүүлэг өгье гэсэн хүсэлтийг прокурорт 4 сард өгч байсан Тэгээд сая шүүх рүү бичгээр хүсэлтээ өгсөн байгаа. Би ийм гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би гэмт хэрэг хийгээгүй хоёр хүнийг өөрөө чирэгдүүлээд дагуулаад байгаадаа маш их санаа зовоод байгаа гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Х, Г.Б нарын өмгөөлөгч Э.Дөлгөөн : Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, Г.Б нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Г.Б-н хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас нэмж хэлэх тайлбар байхгүй. Өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг нэг бүрчлэн уншиж танилцуулсан учраас Г.Б-н хувьд нэмж хэлэх тайлбар байхгүй байна. Д.Х-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Тэгэхээр залилах гэмт хэрэг нь өөрөө хуурч эсхүл бичиг баримт эд зүйл цахим хэрэгсэл ашиглаад зохиомол байдлыг бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулаад урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх гэсэн энэ бүх шинжүүдийг Д.Х-н хувьд ямар нэгэн залилах гэмт хэргийн шинж ерөөсөө байдаггүй. Энэ нь юугаар нотлогдож байна вэ? гэхээр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон Д.Х-н гаргаж байгаа төөрөгдүүлэх замаар итгэлийг нь олж авах замаар Д.Х-н машин авна гэсэн санаа сэдлийг нь далимдуулаад мөнгө олох зорилготойгоор энэ хэрэгт татан оролцуулсан гэдгээ Г.Б-н хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Гэрч Энхбаяр, Даваахүү нарын мэдүүлэг зэргээс анхнаасаа машин авах зорилготой байсан.  Өөрөө алтанд яваад 20,000,000 төгрөгтэй ирсэн байсан. Тэгэхээр прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дараах нөхцөлүүдийн аль нь ч Д.Х-д хамаарахгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар мөнгө угаах өөрөөр хэлбэл мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого зэргийг мэдсээр байж түүнийг эзэмшиж ашигласан. Эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдээс зайлсхийх тусгах зорилгоор гэсэн ийм нөхцөлүүд байгаа. Д.Х-н хувьд машин зарна гэдгийг мэдэж байсан. Мөн машины бичиг баримт гэрчилгээг энэ хүн сольж янзалж өгдөг гэж зуучилж өгсөн. Иргэний нэхэмжлэгч О.Чингүүнжаваас дансаар 15,000,000 төгрөг авсан гэх энэ асуудлууд нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Мөн Д.Х-н хувьд Г.Б-с ямар нэгэн байдлаар мөнгө авсан зүйл ерөөсөө байдаггүй. Машин тэрэг зарсан болоод 42,500,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй гэдгийг хэлсэн. Тийм учраас Д.Х-н хувьд залилах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З-ын өмгөөлөгч Н.Энхтөр  : Манай үйлчлүүлэгч З-г Х, Б нартай бүлэг шүүхэд шилжүүлсэн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс Ц.З-г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцуулах эсхүл гэмт хэрэг үйлдээгүй. Тийм учраас яллахаас татгалзаж байна гэсэн тайлбараа хэлсэнгүй гэж ойлголоо. Миний хувьд Ц.З-г тухайн гэмт хэргийг үйлдээгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр  гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэдэг нь хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тийм учраас Ц.З-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Өгөөдэй   мэдүүлэхдээ: Манай компаниас чиргүүлийн мөнгөө гаргуулаад авчих юм бол өөр гомдол санал байхгүй. Улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр   мэдүүлэхдээ: Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавыг төлөөлж өмгөөлөгчөөр нь оролцож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсоод дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь юу вэ? гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд нотлогдвол зохих байдлыг нотолж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр шүүгдэгч Г.Б-н ярьж байгаагаар авто тээврийн газар дээр хулгайлсан авто машиныг албан ёсоор бүртгэлд оруулаад бүртгүүлсэн. Чингүүнжав  гэж төлөөлөгч байгаа. Энэ этгээд нь яадаг вэ? гэхээр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг 2018 оны 09 сарын  11-ний өдөр байгуулдаг. Мөнгийг нь Д.Х, Г.Б нарын дансаар нь хийдэг. Тэгээд албан ёсоор авто тээврийн газар нь ямар нэгэн хулгайн тээврийн хэрэгсэл биш хууль ёсны бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан. Хууль ёсны бүртгэлтэй тээврийн хэрэгслийг худалдаж аваад өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглаж байх хугацаанд энэ гэмт хэргийн тээврийн хэрэгсэл байна гээд хураагдсан. Мөн нотолбол зохих байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс ажиллагааны хувьд маш их зөрчилтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаагаар авто машин авсан гэдэг.   Авто машины эзнийг нь хохирогчоор тогтоогдоогүй байхад нь шууд бусдад өгсөн. Энэ бол ашиг сонирхолтой л байж болохоор үйл ажиллагаа явуулсан. 2020 онд энэ талаар хяналт тавьж байгаа прокурорт нь хандаж хэлсэн. Мөрдөгчид бас хэлж байсан. Нэгэнт автомашиныг хүлээлгээд өгчихсөн. Шалгаагүй байна гэдэг талаас нь ярьсан. Тухайн авто машиныг хэрхэн яаж өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн талаар прокурорт хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу прокурор шалгах боломж байхгүй гэдэг хариуг өгч байсан. Тэгээд хэрхэн яаж яваад хулгайн бүртгэлгүй тээврийн хэрэгсэл байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох зүйл байгаа. Авто тээврийн хэрэгслийг хэрхэн яаж шилжүүлээд байгаа. Албан тушаал байгаа юм уу? эсхүл Д.Х, Г.Б нар нь дахин залилангийн гэмт хэрэг үйлдэхдээ давхар гэмт хэрэг үйлдээд байгаа юм уу? эсхүл бусдад хахууль өгөөд байгаа юм уу? энэ зүйлийг шалгаж орж ирнэ. Мөн хахууль авч улсын бүртгэлд бүртгэлд хийгээд байгаа хүн байгаа. Энэ улсын бүртгэгчийг яагаад шалгахгүй байгаа юм бэ? улсын яллагч хэргээ дахиад яагаад сайн шалгахгүй байгаа юм бэ? энэ бол тогтоогдохоор асуудал байгаа. Авто тээврийн газар дээр хэдэн сарын хэдний өдөр бүртгэл хийсэн. Бүртгэл хийсэн хүн нь хэн гэдэг хүн байгаа. Үүнийг тогтоогоод гаргах бүрэн боломжтой. Энэ талаар ажиллагаа хийгээгүй. Цаашдаа ял завшуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дэх хэсэгт албан тушаалтан улсын бүртгэлд зориуд худал бүртгэл оруулах гээд энэ эргээд бусдад ял завшуулж байна. Энэ асуудлыг нэг мөр шалгаад шийдэхгүй бол энэ хэрэг угаасаа цаашаа явахгүй байна. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өмгөөлөгч хүсэлт гаргаад шийддэггүй юм бол шүүхээс шүүгчийн захирамж гаргаж байгаад энэ асуудлыг нэр мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр өмгөөлөгч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд энэ асуудлыг дурдахгүй бол болохгүй нь гэж үзээд энэ талаар ярьж байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү? гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

 

Гэрч Ц.З-н өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 15-20-ны үеэр нүүрс тээврийн жолооч хийж байхдаа Б гэдэг залуутай танилцсан. Тухайн үед Б “Би урагшаа орж болохгүй байна чи урагшаа ороод надад нүүрс тээврийн автомашин оруулж өгөөч” гэхээр нь “хөтчөөсөө асууя” гэж хэлчхээд нүүрс тээврийн автомашинтай Ганц мод руу орж хөтөч Тулгаагаас “машин байгаа юу, манай нэг найз машин жолоодох гэж ирсэн юм” гэхэд Тулгаа “машин байгаа аваад гар” гээд 35-92 УНЗ дугаартай машин өгсөн. Би өөрийнхөө жолоодож байсан 44-01 ӨМҮ дугаартай Нордбенз машиныг 100 юань хөлсний жолоочоор жолоодуулж, 35-92 УНЗ дугаартай машиныг өөрөө жолоодож Гашуун Сухайт хилийн боомтоор оруулж ирээд маньфистийн хашаан дотор Б-д өгөөд 6 дахь км хүртэл хамт яваад Б таван толгой руу би Энержирүү явж ачуулахаар болоод салсан. ” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 77-78-рт/

Гэрч О.Чинзоригийн өгсөн: “...Түүний дараагаар дахиад фэйсбүүкээс хайж байгаад Нордбенз маркийн чирэгч толгой зарна гэсний дагуу 8011...-тэй дугаараар холбогдож Улаанбаатар хот 2-ын товчооны ойролцоо байрлах айлын хашаанд очиж чирэгч толгойг үзсэн. Тухайн үед би өөрийн дүү Чингүнжавын хамтаар очсон. Зарын дагуу очсон айлын хашаанд нүүрс тээврийн чирэгч толгойг зарна гээд сүүлд нэрийг нь сонсоход Б, Х гэх 2 залуу мөн нэрийг нь одоо мэдэхгүй байна танихгүй нэг залуу 3-лаа байж байсан. ” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 64-65-рт/

Гэрч О.Чингүнжавын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед би фэйсбүүк дээрээс нүүрс тээврийн том оврын тээврийн хэрэгсэл зарах зар хайж байгаад сүүлийн дугаарыг нь одоо санахгүй байна ямар байсан 8011.... дугаар луу залгаж холбогдсон. Тэгээд “зарын дагуу ярьж байна ямар машин байгаа юм” гэхэд “нүүрс тээврийн дан чирэгч толгой байна Улаанбаатар хотын 2-ын товчооны ойролцоо айлын хашаанд байгаа ирж үзээрэй” гэж хэлсний дагуу тухайн хүнтэй утсаар ярилцаж байгаад чирэгч толгой байгаа газарт очсон. Тэгээд 45 сая төгрөгөөс ярьж байгаад 42 сая 500 000 төгрөгт худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед машин зарна гэсэн миний танихгүй 3 залуу байсан сүүлд нэрийг нь сонсоход Б, Х гэх 2 залуу байсан нөгөө хүнийг нь би танихгүй. ” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 59-61-рт/

Иргэний нэхэмжлэгч О.Чингүүнжавын: “Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед фэйсбүүк зараас чирэгч толгой зарна гэсэн зарын дагуу утсаар холбогдож Улаанбаатар хот хуучин 22-ын товчоо орчимд очиж үзээд 42.500.000 төгрөгөөр авахаар тохироод яваад тэр өдрөөс 23 хоногийн дараа нэрээ шилжүүлээд худалдаж авах гэрээ хийгээд авсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр цагдаагаас уг автомашиныг хулгайн машин гээд журмын хашаанд хийгээд хурааж авсан”. Гэх мэдүүлэг /хх-н 77-78-рт/

Яллагдагч Г.Б-н мэдүүлэг /ххн 113-117-рт/

Яллагдагч Д.Х-н мэдүүлэг /хх-н 110-112-рт/

Яллагдагч Ц.З-н мэдүүлэг /хх-н 39-40-рт/

Банк болон түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авсан баримтууд /хх-н 46-85-рт/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Өгөөдэйн: Би “Зун Мен” ХХК-д тээвэр зохицуулагч ажилтай. “Зун Мен” ХХК-ийн эзэмшлийн 35-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.З нь нүүрс тээвэрт явахаар тухай үед Булгаа гэх Өвөр монгол хүнээс хүлээж аваад Монгол улс руу гарсан байдаг. Булгаа гэх Өвөр монгол хүн нь тухайн үед “Зун Мен” ХХК-д ажилладаггүй байсан. Харин Ван овогтой Чин Ланг гэх уг машины Хятад эзний хувийн орчуулагч хөтчийн ажлыг хийдэг байсан. Тэгээд уг тээврийн хэрэгсэл нь тухайн үед жолоочийн хамт алга болоод тэгээд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах болсон юм. Миний өмнө энэ хэрэгт Ш.Баттогтох гэх хүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаад ажлаасаа гарсан юм байна лээ. Тэгээд манай компанийн зүгээс намайг хууль ёсны төлөөлөгчөөрөө томилж энэ хэрэгт оролцох болсон юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37-рт/

“Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-921/178 дугаартай дүгнэлт /3-р хх-н 46-50-рт/

Шүүгдэгч Ц.З-н хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Ц.З-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 120-р хуудас/,

Шүүгдэгч Ц.З-н иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкнууд дахь харилцах дансны мэдээлэл /1-р хх-ийн 130-137, 165-р хуудас/,

Шүүгдэгч Д.Х-н хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Д.Х-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118-р хуудас/,

Шүүгдэгч Д.Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 80-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Г.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 119-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкнууд дахь харилцах дансны мэдээлэл  /1-р хх-ийн 183-188, 2-р хх-ийн 81-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Зун Мен” ХХК-ийн эзэмшлийн 72-40 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 35-92 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 60.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан. Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “…хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” бол гэж “Залилах” гэмт хэргийн хэлбэрийн шинжийг тодорхойлсон. Гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна.  Залилах гэмт хэрэг нь  хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй, өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.

Шүүгдэгч Д.Х-н өмгөөлөгч Э.Дөлгөөн, шүүгдэгч Ц.З-н өмгөөлөгч Н.Энхтөр нар нь тухайн залилах гэмт хэргийг шүүгдэгч Г.Б ганцаараа үйлдсэн шүүгдэгч Д.Х, Ц.З нарыг цагаатгаж өгнө гэж мэтгэлцдэг ч шүүгдэгч Ц.З-г хохирогч “Зун Мен” ХХК-аас тухайн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрт явна гэж амаар хэлэлцэн тохирч  авсан  үйлдлээр бодит байдлыг гуйвуулах,  өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн итгэл эвдсэн үйлдэл хийсэн байна гэж, шүүгдэгч Д.Х-г машины баримт бичгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж машины эзэмшигчийн  эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн үйлдэл хийсэн нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв. Иймд өмгөөлөгч Э.Дөлгөөн, Г.Энхтөр нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нарын  үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “…хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах”  шинжтэй үйлдэгддэг залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж  прокуророос тэдний үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Шүүгдэгч Г.Б, Д.Х, Ц.З нарын үйлдсэн залилах гэмт  хэргийн улмаас хохирогч “Зун Мен” ХХК-д нийт 20,000,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавт 45,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг төлж барагдуулаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавт 45,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс  тэнцүү хэмжээгээр буюу 15,000,000 төгрөг гаргуулан,  хохирогч  “Зун Мен” ХХК-д 20,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.Б, Г.Х, Ц.З нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Б, Д.Х  Ц.З нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Х  нарт тус бүр  3 /гурван/ жилийн, шүүгдэгч Ц.З-д 2 жилийн  хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  6.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Х нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.З-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэтрүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Х-д оногдуулсан 9 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 8 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан бус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Х-н биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Б-н биечлэн эдлэх 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Г-ийн Б,  Х овгийн Д-ийн Х, О овгийн Ц-ийн З  нарыг  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Ц.З-д 2 жилийн хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,  6.9 дүгээр 1 дүгээр хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Х-д оногдуулсан 9 жилийн хорих ял, Г.Б-д оногдуулсан 8 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан бус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Д.Х-н биечлэн эдлэх ялын 10 жил, Г.Б-н биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Д.Х, Г.Б нарт энэ тогтоолоор эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг  1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ц.З-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял, Г.Б  нарт оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байсныг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч  Д.Х, Г.Б, Ц.З  нараас тус бүр 15,000,000 төгрөг гаргуулан нийт 45,000,000 /дөчин таван сая / төгрөгийг  иргэний нэхэмжлэгч О.Чингүнжавт, мөн шүүгдэгч тус бүр бүрээс 6.700.000 гаргуулан нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг  хохирогч “Зун Мен” ХХК-нд тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА