Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00675

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/00675

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух, РЙ72060100 дугаар регистртэй, Хэрээд овогт Дашзэвгийн Баярмаагийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багт оршин суух, РЖ74102111 дугаар регистртэй, Дагва овогт Замандын Лувсандоржид холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2017/00625/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Л.Баярмаа, хариуцагч З.Лувсандорж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Лувсандоржтой 1996 онд танилцаж, намар нь хурим найраа хийж гэр бүл болсон. З.Лувсандоржтой суухдаа 2 хүүхэдтэй байсан ба бидний дундаас 1998 оны 2 дугаар сарын 02-ны өдөр охин Ганхорол, 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин Ариунтуяа нар тус тус төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд үзэл бодол, зан ааш таарч тохирохгүй болж үргэлж хэрүүл маргаантай байх болсон. Архи ууж, агсам тавин зодож нүдэн гэр орноос хөөж туудаг болсон. Энэ байдлыг олон жил тэвчиж, амьдрал хэцүү байсан учир тусдаа амьдрах болсон. Хоёр охин маань эхэндээ ирэн очин байсан боловч хүүхэд хулгайллаа гэх мэтээр дарамтлах болсон. Түүнээс хойш хоёр охин маань Лувсандоржийн дүүгийнд байдаг болсон юм. Би дагавар хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Бид салаад 12 жил болж байгаа ба би одоо өөр хүнтэй гэр бүл болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин Л.Ариунтуяаг эцэг З.Лувсандоржийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж тохирсон. Том охин Л.Ганхорол одоо оюутан.  Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч З.Лувсандорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Баярмаатай 1996 онд гэр бүл болж, 1998 онд охин Л.Ганхорол, 2003 онд охин Л.Ариунтуяа нар төрсөн. Хүүхэд сургуульд орж Д.Баярмаа нь сумын төвд байхдаа өөр хүнтэй харилцаа холбоотой болсон учир хэрүүл маргаан үүсэж гарч хүрдэг байсан нь үнэн. Бид хамт амьдрах боломжгүй болж 2005 оноос хойш тусдаа амьдарч байна. Охин Л.Ганхорол, Л.Ариунтуяа нар нь миний асрамжид өссөн ба Л.Ганхорол одоо оюутан, Л.Ариунтуяа нь сургуульд сурдаг. Би ажил төрөл хийхээр явахдаа хоёр хүүхдээ дүүгийндээ орхидог бөгөөд олсон мөнгөө хүүхдүүддээ зарцуулдаг. Би гэр бүлтэй болоогүй ба Д.Баярмаа нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Л.Ариунтуяаг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярмаа нь хариуцагч З.Лувсандоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2005 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, Д.Баярмаа хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга  хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00/003324 дугаартай “Монгол Улсын иргэн рж74102111, нөхрийн овог: Дагва, эцэг эхийн нэр: Заманд, нэр: Лувсандорж, Монгол Улсын иргэн рй72060100, эхнэрийн овог: Хэрээд, эцэг эхийн нэр Дашзэгвэ, нэр: Баярмаа нарын 1996/10/26-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 45-рт 1996/12/26-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд 1998 оны 2 дугаар сарын 02-ны өдөр охин Л.Ганхорол, 2003 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр охин Л.Ариунтуяа нар төрсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00/003533 дугаартай “овог: Дагва, эцэг эхийн нэр: Заманд, нэр: Лувсандорж, рд: рж74102111, овог: Хэрээд, эцэг эхийн нэр: Дашзэгвэ, нэр: Баярмаа, рд: рй72060100 нарын гэр бүлд 2003/09/07-нд төрөхөд төрүүлсэн Лувсандоржийн Ариунтуяаг 2003/12/02-нд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 6722000078-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2003 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Л.Ариунтуяаг эцэг З.Лувсандоржийн асрамжид үлдээсэн ба охин Л.Ганхорол насанд хүрсэн байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.     

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдав.

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хэрээд овогт Дашзэвгийн Баярмаа, Дагва овогт Замандын Лувсандорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Л.Ариунтуяаг эцэг З.Лувсандоржийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Д.Баярмаад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг З.Лувсандоржид тус тус даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, охин Л.Ганхорол насанд хүрсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Лувсандоржоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА