Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/53

 

2018            08            22                                                2018/ДШМ/53

 

Г.Х, А.Н, Б.Э

Д.А, Ч.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай               

                                                                                                                      

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай онлайн төхөөрөмжөөр холбогдон хийсэн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энхзул,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарт холбогдох, эрүүгийн 1820000520037 дугаартай, 3 хавтас, 717 хуудас бүхий хэргийг прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзулын давж заалдсан гомдол зэргийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ....... суманд 1985 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 1, улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ........ тоотод оршин суух хаягтай, урьд нь Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус ял шийтгэгдсэн, Халх овогт Г-ын Х /РД:ЖЮ85041817/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дарханы мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ..... хотхон .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайчууд овогт А-ийн Н /РД:У084032114/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороолол, ...... тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 4 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4-т зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоооор 1 сар 10 хоногийн  баривчлах ялаар, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 681 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Б-ийн  Э /РД:ТК89032715/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн ...... суманд 1970 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ......тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Д-ийн  А /РД:ЧД70012818/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ........ суманд 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр охины хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, .......... тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Ч-ийн Н /РД:ЖЭ85111977/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан А.Нтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 22-28 ДГО улсын дугаартай, Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлд А.Ныг нууж  Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч А.Н нь Г.Хтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 22-28 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Б.Этай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай, Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Б.Эыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Б.Э нь Г.Хтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Д.Атой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай, Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Д.Аг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Д.А нь Г.Хтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Ч.Нтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай, Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Ч.Нг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Ч.Н нь нь Г.Хтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Халх овогт Ганболдын Х, Тайчууд овогт Алтансангийн Н, Боржигон овогт Бямбаахүүгийн Э, Боржигон овогт Дашзэвэгийн А, Боржигон овогт Чимэдбалжирын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т заасан Монгол Улсын хилийг бүлэглэн хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Хыг 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарыг тус бүр 5410 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5410000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарын орлого олох боломжийг харгалзан 5410000 төгрөгийн торгуулийн ялыг 3  жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн А.Нын Е1981383 дугаартай энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай дуу, дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сиди, телекамерын бичлэг хуулбарласан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22-28 ДГО, 11-87 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч Т.Гантулга, Г.Дагийсүрэн нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох шүүгдэгч Г.Хаас 10750000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э, Д.А, Ч.Н нараас тус бүр 4250000 төгрөгийг, шүүгдэгч А.Наас 6500000 төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцэлд болон прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг зөрчжээ. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “...шүүгдэгч Халх овогт Ганболдын Х, Тайчууд овогт Алтансангийн Н, Боржигон овогт Бямбаахүүгийн Э, Боржигон овогт Дашзэвэгийн А, Боржигон овогт Чимэдбалжирын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т заасан Монгол Улсын хилийг бүлэглэн хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн бөгөөд уг тогтоолын 2, 3 дахь заалтуудад шүүгдэгч Г.Хд 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 56 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл, заалт хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тогтоолын 3 дахь хэсгийн заалтандаа “..Г.Хд 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж уг хорих ялыг 56 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэж заасан атлаа шийтгэх тогтоолын 7 дахь заалтандаа “...шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчиж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн боловч дахин хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуульд хуульчлаагүй заалтыг барьсан, өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,

мөн тогтоох хэсгийн 6 дахь заалтанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 22-28 ДГО, 11-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар эзэмшигч нарт нь олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дээрх хуулийн зохицуулалт нь эд мөрийн баримтаар тооцох тухай хуульчилсан, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар хуульчилсан зохицуулалт биш атал дээрх хуулийг хэрэглэсэн нь ойлгомжгүй,

тогтоох хэсгийн 5 дахь заалтанд хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шийдвэрлэсэн атал ямар хуулийн зохицуулалтыг барьж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй,

тогтоох хэсгийн 7 дахь заалтанд “.... шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэжээ. Шүүхээр хэрэг хэлэлцэгдээд шүүгдэгч Г.Хд 2 жил 6  сарын хорих ял, бусад шүүгдэгч нарт торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн атлаа хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Г.Х нь 2018.06.27-ны өдрөөс эхлэн цагдан хорих байранд хоригдож байхад тогтоолд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих талаар тусгаагүй байна. Энэ нь эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой хуульчилсан атал Г.Хыг өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан тушаалтны шийдвэргүй цагдан хоригдож байна. Шүүгдэгч Г.Хд ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй.

Мөн шүүгдэгч Г.Х нь өөрийн гэм буруутай үйлдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, ойлгож ухамсарласан, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, өмнө 6 удаагийн үйлдлээр ял шийтгүүлж байсан боловч энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй, энэ талаар 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийг шүүх анхаарч үзээгүй, гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүх ял оногдуулсан гэх боловч тогтоолд энэ талаар дүгнэж бичээгүй, ялыг хэт ялгамжтай оногдуулсан, улсын яллагч шүүгдэгч нарт торгох ял оногдуулахаар дүгнэлтээ гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй.  Мөн гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хил сул байгаа байдал, хилийн цэрэгт ажиллаж байгаа хүмүүс зохих ёсны дагуу ажиллах үүргээ биелүүлээгүй байдлаас болж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Хы оруулж ирсэн 4 хүний хувьд аргагүй байдалд орж, Хаас аврал эрэн гуйсны дагуу, өөрөө ийм байдалд удаа дараа орж байсан учраас аргагүйн эрхэнд эдгээр хүмүүсийг оруулж ирсэн. Хэдийгээр Х буруутай ч гэсэн хүний нутагт, нэгнийгээ гээд гуйгаад ирэхэд нь хүнээ гэсэн сэтгэл байсан учраас гаргаж өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Улсын яллагчаас шүүгдэгч нарт торгох ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх ялыг хэт ялгамжтай оногдуулж, Хд 2 жил 6 сарын хорих ял, бусдад нь торгох ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгч Г.Хы эрх зүйн байдлыг эрс дордуулсан ялыг оногдуулсан. Дүгнээд хэлэхэд уг гэмт хэрэг маань хөнгөн гэмт хэрэгт хамаарах,  уг гэмт хэргийн улмаас хор уршиг байхгүй, хохирол төлбөр байхгүй, нийгмийн аюулын шинж чанар байхгүй, мөн шүүгдэгч Хы хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс оруулж байна. 2015 оны шинэ хуулийн зорилго  бусдыг заавал хорьж, залхаан цээрлүүлэх биш хувь хүнийг төлөвшин хүмүүжүүлэхэд зорилготой учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд,

шүүгдэгч Г.Х, Б.Э нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай, Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Б.Эыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн,

шүүгдэгч Г.Х, Д.А нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай, Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Д.Аг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн,

шүүгдэгч Г.Х, Ч.Нтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 11-87 УБУ улсын дугаартай, Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Ч.Нг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн,

шүүгдэгч Г.Х, А.Н нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 22-28 ДГО улсын дугаартай, Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлд А.Ныг нууж  Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн үйл баримт  хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 Энэ хэрэгт нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх төдийгүй шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдож, тогтоогдсон, мэдүүлэг өгөгчид мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх ба хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.

Мөн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг тус тус шийдвэрийн үндэслэл болгож, Анхан шатны шүүх хэргийг эцэслэж, хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг бүгдийг бүлэглэж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж гэм буруутайд тооцсон нь буруу байх ба дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарт 5.410.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх боловч шүүгдэгч Г.Хд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй,  тэдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байх тул шүүгдэгч Г.Хыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч нарт буцаан олгож шийдвэрлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйл” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Х, Б.Э, Д.А, Ч.Н нар гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Г.Дагийцэрэнгийн 11-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Г.Х, А.Н нар гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Т.Гантулгын 22-28 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашигласан байх ба эдгээр тээврийн хэрэгслийн үнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Захиргааны үнэлгээний комиссоор тогтоолгохоор мөрдөгчийн  тогтоол /1 хх-90, 2-р хх-144/ гарчээ.

Гэтэл үнэлгээг томилогдсон комисс биш С.Энхтайван /шинжээч гэжээ/ гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг тус тус зөрчсөн төдийгүй хөрөнгийн үнэлгээг хийсэн С.Энхтайван, мөрдөгчийн тогтоолоор томилогдсон Захиргааны үнэлгээний комисс аль аль нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх, үнэлгээг хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, чадвартай эсэхийг шалгасан баримт хэрэгт байхгүй тул шийтгэх тогтоолд №70, 71 дугаар шинжээчийн дүгнэлт /С.Энхтайван/-ийг үндэслэж, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхээс, уг дүгнэлтийг баримтлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, иргэний нэхэмжлэгч Г.Дагийцэрэн машиныг 22 сая төгрөг /2010 оных/-өөр худалдаж авсан гэх, Т.Гантулга машины үнэ 18 сая төгрөг/2007 оных/ гэснийг зах зээлийн үнэлгээ болон уг тээврийн хэрэгслүүдийн эдэлгээ, элэгдэл зэргийг харгалзан үнэлгээг тус тус 50 хувиар бууруулж буюу шүүгдэгч Г.Х, Б.Э, Д.А, Ч.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Г.Дагийцэрэнгийн 11-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 11 000 000 төгрөг гэж тооцож, шүүгдэгч тус бүрээс 2750000 төгрөгийг,  шүүгдэгч Г.Х, А.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Т.Гантулгын 22-28 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 9 000 000 төгрөг гэж тооцон, шүүгдэгч нараас тус бүр 4 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Прокуророос хууль зөрчиж гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй нь буруу байх ба хуулийг хэрэгжүүлж, хяналт тавих үүргийнхээ дагуу  цаашид ийм алдааг дахин давтахгүй байхыг магадлалд тэмдэглэж байна.

Мөн эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 гэж бичсэн нь үндэслэлгүй байх байх ба  56 гэсэн бичвэрийн дунд цэг орхисон нь илтэд, илэрхий, техникийн шинжтэй гэж үзэхээр байх тул прокурор цаашид ийм асуудлыг анхан шатны шүүхэд  санал гаргаж, залруулга хийлгэж байх нь мөн хуулийн 36.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт нийцэх юм.

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Г.Хыг 2 жил 6 сарын хорих ялаар” шийтгэж гэж, 7 дахь заалтанд “...шүүгдэгч Г.Х... нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж бичсэн байх боловч шүүхээс шүүх хуралдааны дараа буюу 17 цаг 50 минутад ялтныг цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн нь ялтныг цагдан хорих төв /урьдчилан хорих байр/-нд хүлээлгэн өгсөн баримт/3-р хх-208/ болон өмгөөлөгчийн гомдолд дурдснаар тогтоогдож  байх тул Анхан шатны шүүхийг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтад дурдсан асуудлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШТЦ/76 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Хыг 2 жил 6 сарын хорих ялаар” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

6 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22-28 ДГО, 11-87 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч Т.Гантулга, Г.Дагийсүрэн нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох шүүгдэгч Г.Хаас 10750000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э, Д.А, Ч.Н нараас тус бүр 4250000 төгрөгийг, шүүгдэгч А.Наас 6500000 төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгосугай” гэснийг,

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22-28 ДГО, 11-87 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч Т.Гантулга, Г.Дагийсүрэн нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 7250000 төгрөгийг шүүгдэгч Г.Хаас, 4500000 төгрөгийг шүүгдэгч А.Наас, шүүгдэгч Б.Э, Д.А, Ч.Н нараас тус бүр 2750000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж,

5 дахь заалтын "Шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй...” гэсний өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар гэж нэмж, тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Х нь 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА