Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 47

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: Э.Бат-Оргил

     Улсын яллагч: Д.Ганчимэг

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Т.С,

шинжээч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-ийн Н-т холбогдох 201508000239 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1974 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хими биологийн багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумындугаар баг отод оршин суух хаягтай, ....... ХХК-ний захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан  мэдрэл бүрэн, хэрэг хариуцах  чадвартай. Б овогт Д Н, РД: 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Д.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 71 дүгээр байранд байрлах МЭРВА ХХК-ний захиралаар ажиллаж байхдаа буюу Улаанбаатар хотод байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хайлуур жоншны сорьц агууламжийг тогтоох зорилгоор тоног төхөөрөмжүүдийг давсны хүчил, цууны хүчил, борын хүчил, калийн шүлт, триэтанол амин, трилон зэрэг химийн аюултай бодисын хамт бусдаас худалдан авч ашигласан, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 71 дүгээр байранд хадгалсан, Д.Н-н эзэмшлийн Тоёота эстима маркийн 54-26 ГСА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 71 дүгээр байранд байрлах МЭРВА ХХК-ний захиралаар ажиллаж байхдаа буюу Улаанбаатар хотод байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хайлуур жоншны сорьц агууламжийг тогтоох зорилгоор тоног төхөөрөмжүүдийг давсны хүчил, цууны хүчил, борын хүчил, калийн шүлт, триэтанол амин, трилон зэрэг химийн аюултай бодисын хамт бусдаас худалдан авсан, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 71 дүгээр байранд хадгалсан, Д.Н-н эзэмшлийн Тоёота эстима маркийн 54-26 ГСА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бизнесдээ зориулж 2,300,000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан. Ийм хор уршигтай зүйл байсан гэдгийг нь мэдээгүй. Хэрвээ ийм хор уршигтай гэдгийг нь мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Тэдгээр бодисуудыг бол ашиглаагүй. Тэдгээр бодисуудыг цаасан хайрцаганд боодолтой авч ирээд шкаб дотор хадгалж байсан. Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

2. Шинжээч О.Д шүүхийн шатанд мэдүүлэхдээ: Хэргийн материалд тус аж ахуй нэгж нь химийн бодисыг холбогдох зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд химийн бодисын эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд,  Онцгой байдлын ерөнхий  газрын даргын 2012 оны А-50/378/565 дугаар хамтарсан  тушаалын 1 дүгээр хавсралт химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ хийх  журамыг мөрдөж ажиллаагүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайд, эрүүл мэндийн сайдын 2009 оны 63/67/87 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Монгол улсад хэрэглэх ургамал хамгаалах химийн бодис бусад бодисыг турших бүртгэх, түүнийг хэрэглэх журам гэж байхгүй бөгөөд 2009 оны 63/67/87 тоот хамтарсан тушаал нь байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, эрүүл мэндийн сайдын Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам батлах тухай гэж байгаа бөгөөд Монгол улсад хэрэглэх ургамал хамгаалах химийн бодисоос бусад бодисыг турших, бүртгэх, түүнийг хэрэглэх журам нь одоогийн байдлаар батлагдаагүй төслөөр байгаа журам байна. Химийн хортой болон аюултай бодис бүтээгдэхүүнийг агуулах, түүнд тавигдсан ерөнхий шаардлагын дагуу хадгалах ёстой байсан. Тухай химийн бодисуудыг энгийн хүн хараад химийн хортой бодис гэж мэдэх боломжтой гэв.

 

2. Гэрч И.Т: ...Тэнд очиход шинжилгээ явуулахад зориулагдсан тоног төхөөрөмжүүд байсан. Мөн давсны хүчил, цууны хүчил, борын хүчил, калийн шүлт, триэтанол амин, трилон гэх зэрэг химийн бодисууд байсан. Тухайн үйл ажиллагаа явуулж байсан лаборатор нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл, итгэмжлэлийн гэрчилгээ байхгүй байсан гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 41-р хуудсанд/

 

3. Гэрч С.Э-ийн: ...Тэгээд намайг Нарантуул зах дээр ирээд цүнхтэй хувцас болон ачаагаа машинд нь тавих гэж байхад Н машиныхаа цонхоор жоншны агууламж тогтоодог тоног төхөөрөмж худалдаж авах талаар танихгүй хүмүүстэй яриад байх шиг байсан. ...захаас гарч машин дээр ирж уулзахад жоншны агууламж тогтоодог тоног төхөөрөмж авах гэсэн мөнгө дутаад байна гээд надаас 500.000 төгрөг авсан. Нийтдээ 2.300.000 төгрөгөөр авсан гэж байсан. Зарсан хүмүүс нь тэр тоног төхөөрөмжүүдийг машин дээр аваад ирсэн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 42-р хуудсанд/

 

4. Гэрч С.Э-сын: ...манай эхнэр лабораторийн тоног төхөөрөмж хямдхан зарна гэсэн хүмүүс байна. Миний явуулж байгаа бизнестэй холбоотой болохоор худалдаж авахаар боллоо гээд 2 танихгүй залуу дагуулаад ирсэн. Яг хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэхгүй байна. Би санхүүгийн асуудлыг нь мэддэггүй юм. Тэгээд би тэр нарантуул захаас танихгүй хүнээс авсан тоног төхөөрөмжүүдийг машиндаа ачаад Чойрт ирсэн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 43-р хуудсанд/

 

5. Химийн бодис тодорхойлсон тухай тодорхойлолтонд: ...Дээрхи бодисууд нь ангиллын хувьд арьс  идэмхий ба цочроомхой, нүд ноцтой гэмтээдэг, амьсгал буюу арьсыг мэдрэгжүүлэгч, хурц хордлого үзүүлэх үйлчилгээтэй гэсэн тодорхойлолт. /ХХ-ийн 17-р хуудсанд/

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.12.07-ны өдрийн 10486 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  • ...Дээрхи хуурай болон шингэн 6 төрлийн бодисыг Хайлуур жоншон дахь нүүрсхүчлийн кальци болон фторт кальцийг тодорхойлох /МNS-4928-2000 4 х/ стандарт аргад хэрэглэгдэнэ.
  • Олон улсын химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад доорхи бодисууд багтаж байна гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 51-52-р хуудсанд/

 

7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 5-14 дүгээр хуудас/

 

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 62, 63 дугаар хуудас /

 

Шүүгдэгч Д.Н-ын нь химийн хорт болон аюултай бодисыг ашигласан үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдохгүй байх тул Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Н нь химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Н- химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн гэх үйлдэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгохооор шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Н-ыг химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгаласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ннь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Д.Н удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Н холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Д-гийн Н-г химийн хорт болон аюултай бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-н  химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарвал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Н авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ