| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00662/И |
| Дугаар | 00662 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, РП76093011 дугаар регистртэй, Борог овогт Цэдэндамбын Баасансамбуугийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багт оршин суух, РС84080606 дугаар регистртэй, эмэгтэй, Зайран овогт Гүррагчаагийн Сарантуяад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Баасансамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасансамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Сарантуяатай 2006 онд танилцан, гэр бүл болсон. Бидний дундаас хүүхэд гараагүй бөгөөд таарч тохирохгүйн улмаас 2013 оноос тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Манайх нийт адуу 56, үхэр 60, бог мал 300 гаруй малтай байсан. Мөн Цэцэрлэг сумын төвд 8*8 харьцаатай дүнзэн сууц, газрын хамт, 8 ханатай иж бүрэн тавилгатай гэр байсан. Би гэрээсээ явахдаа унаж явсан мотоцикль, 1 тооны хөгшин адуу, 1 тооны доголон үнээ, 130 орчим тооны бог мал, цүнхтэй хувцсаа аваад явсан. Эд хөрөнгийн талаар тохирохоор Г.Сарантуяатай хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч шүүхээр учраа ол гэсэн хариу хэлдэг. Иймд дээрх эд хөрөнгийг 91.550.000 төгрөгөөр үнэлж ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд Г.Сарантуяа бид хоёр зарим мал болон гэрийн үнэлгээн дээр маргаантай байсан учир шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай болсон. Гэвч үнэлгээчин үнэ тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн болохоор дахин үнэлгээ тогтоолгох санал хүсэлт байхгүй. Хариуцагч Г.Сарантуяагийн үнэлсэн үнэлгээгээр малаа үнэлэхийг зөвшөөрч байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 35.000.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малаас 10 тооны адуу, 10 тооны үхэр авна. Өөрийн хуваарьт хөрөнгө болох миний эцэг, эх намайг гэр бүл болоход өгсөн 6 ширхэг мөнгөн завхай, нас гүйцсэн морь 3 тооны, гүү 1 тооны, шүдлэн адуу 1 тооны, нийт 5 тооны адуу, үнээ 3 тооны, шүдлэн үхэр 2 тооны, нийт 5 тооны үхэр авна. Манайх шар 10 орчим, үнээ 20 орчим толгой байсан. Би Г.Сарантуяагаас дараахь малыг авна. Үүнд:
1. Азарга 1 толгой буюу 500.000 төгрөг,
2. Нас гүйцсэн морь 4 толгой * 500.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг,
3. Гүү 7 толгой * 400.000 төгрөг буюу 2.800.000 төгрөг,
4. Шүдлэн адуу 1 толгой буюу 250.000 төгрөг,
5. Даага 2 толгой * 200.000 төгрөг буюу 400.000 төгрөг,
6. Шар 4 толгой * 700.000 төгрөг буюу 2.800.000 төгрөг,
7. Үнээ 4 толгой * 500.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг,
8. Шүдлэн үхэр 2 толгой * 250.000 төгрөг буюу 500.000 төгрөг,
9. Бяруу 1 толгой буюу 150.000 төгрөг,
10. Тугал 2 толгой * 100.000 төгрөг буюу 200.000 төгрөг, бүгд 11.600.000 төгрөгийн мал авна. Үүнээс хуваарьт хөрөнгө болох үхэр 5 толгой буюу 2.000.000 төгрөг, адуу 5 толгой буюу 2.150.000 төгрөг, бүгд 4.150.000 төгрөг болж байна. Харин 6 ширхэг мөнгөн завхайгаа авна. Дээрх малын үнэлгээг Г.Сарантуяагийн үнэлгээгээр тооцсон. Хэрэв Г.Сарантуяа мал өгөхгүй гэвэл мөнгийг нь авахад татгалзах зүйлгүй. Бусад эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаас татгалзаж байна гэв.
Хариуцагч Г.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Баасансамбуутай 2006 онд танилцаж гэр бүлээ батлуулж, айл гэр болон хамт амьдрах болсон бөгөөд одоо тусдаа амьдраад 2 жил болж байна. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй ба би бусадтай гэр бүлийн харилцаатай болсон зүйл огт байхгүй, энэ талаар Ц.Баасансамбуу худал бичсэн байна. Ц.Баасансамбуу нь Мөрөн суманд оршин сууж байгаа байх, миний бие сумандаа амьдарч байгаа болно. Иймд бид хоёр нэгэнт таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар гаргасан түүний нэхэмжлэлийг нь дэмжиж байна. Харин нэхэмжлэгчийн дундын өмчийн эд хөрөнгө шийдвэрлүүлэх гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Баасансамбуу нь анх гэр бүл болохдоо 3 тооны морь, 2 тугалтай үнээ, 40 тооны ямаа, 20 тооны хоньтой л ирсэн хүн юм. Нэхэмжлэлд дурьдсан Цэцэрлэг сумын 2 дугаар багт байх 8*8 хэмжээтэй 2 давхар сууц гэдэг нь миний төрсөн хүү 12 настай Г.Пүрэвбатын өмч юм. Миний хүү Г.Пүрэвбат намайг тусдаа гаргахаас өмнө гэртээ гарсан болохоор манай аав, ээж хоёр минь энэ хашаа байшинг босгож өгсөн юм. Хүү Г.Пүрэвбат нь насанд хүрээгүй байгаа учир миний төрсөн эгч Г.Амаржаргалын нэр дээр газрын гэрчилгээ нь гарсан байдаг бөгөөд байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байгаа аав, ээж минь миний хүүд байшин босгож өгөхдөө 10.000.000 гаруй төгрөгийн өртөг шингээсэн гэж ярьж байсан. Ц.Баасансамбуугийн хэлсэн шиг 30.000.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө биш бөгөөд түүнд огт хамааралгүй юм. 8 ханатай, дан бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэр гэдэг нь анх айл болохдоо төхөөрсөн гэр бөгөөд 5.000.000 төгрөгийн иж бүрэн тавилга гэх зүйл бидэнд байхгүй. Тэр өөрийн гэрээ явахдаа аваад явсан. Би өөрийн 2 ширхэг авдар болон 1 ширхэг орыг авч үлдсэн. Одоо бидэнд гэрийн хөрөнгийн хувьд маргаан байхгүй болно. Эмээлийн 6 ширхэг мөнгөн тоног 1.000.000 төгрөгийн үнэтэй гэх зүйл нь байгаа үүнийгээ өөрөө авна биз гэж бодож байна. Малын хувьд бол нэхэмжлэлд яриад байгаа шиг зүйл байхгүй. Адуу 56 толгой гэсэн байна. Үнэндээ бол 35 тооны адуу байгаа бөгөөд энэ нь миний өмч хөрөнгө билээ. Ц.Баасансамбуу нь 2015 онд өөрийн 10-аад тооны адууг авч явсан. Мөн үхрийн хувьд бол мөн адил 60 толгой үхэр гэж худлаа бичсэн байна. Үхрийн тоо бол 45 ба энэ үхрүүд нь миний өмч хөрөнгө юм. Ц.Баасансамбуу нь 2014 онд өөрийн гэсэн 6 тооны үхрээ аваад явсан билээ. Ц.Баасансамбуу нь нэхэмжлэлд бичихдээ өмч хөрөнгийн талаар харилцан тохиролцож чадаагүй гэж худал ярьж шүүхэд нэхэмжлэл өгч явдал чирэгдэл байна. Харин ч Ц.Баасансамбуу өөрийн гэсэн бүх өмчөө тусдаа амьдрахаар салаад явахдаа аваад явсан юм. Ц.Баасансамбуу нь ингэж өмч хөрөнгийн талаар худлаа ярьж, заргалдаж миний хөрөнгөөс авахыг хүсэж байгаад нь гомдолтой байна. Ц.Баасансамбуугийн шүүхэд гаргасан 8*8 хэмжээтэй 30.000.000 төгрөгийн үнэ бүхий байшин, 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 25*28 хэмжээтэй газар, иж бүрэн тавилгатай 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр, нийт 19.700.000 төгрөгийн үнэ бүхий адуу, нийт 28.300.000 үнэ бүхий үхэр зэргийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 1.000.000 төгрөгийн үнэтэй эмээлийн 6 ширхэг мөнгөн тоног гэх зүйлийг гаргаж өгнө. Иймд түүний шүүхэд хандаж 91.550.0 төгрөгийн эд хөрөнгийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Г.Сарантуяа өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Баасансамбуу нь азарга 500.000 төгрөг, нас гүйцсэн морь 500.000 төгрөг, шар 700.000 төгрөг, үнээ 500.000 төгрөг, тугал 100.000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрч байна. Харин зарим малын үнэлгээ хэтэрхий өндөр байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Одоо малын ханш дараахь үнэтэй байгаа. Үүнд: Гүү 400.000 төгрөг, шүдлэн адуу 250.000 төгрөг, даага 200.000 төгрөг, шүдлэн үхэр 250.000 төгрөг, бяруу 150.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Ц.Баасансамбуу бүх хөрөнгөө аваад явсан гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасансамбуу нь хариуцагч Г.Сарантуяад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа өөрийн хуваарьт хөрөнгө болох 6 ширхэг эмээлийн мөнгөн завхай буюу 1.000.000 төгрөг, 5 толгой адуу буюу 2.150.000 төгрөг, 5 толгой үхэр буюу 2.000.000 төгрөг, бүгд 5.150.000 төгрөг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 10 толгой үхэр, 10 толгой адуу буюу нийт 7.450.000 төгрөгийн мал гаргуулахаар шаардлагаа багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ц.Баасансамбуу, Г.Сарантуяа нар гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2006 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтаны олгосон №0050401, Г-77 дугаартай гэрлэгсдийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа, байшин, гэр зэрэг эд зүйлээс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд харин бод малаас хуваарьт болон хамтран амьдрах хугацаанд өсөж бий болсон малаас ногдох хэсэг гаргуулах талаар гэрлэгчид маргаж байна.
Ц.Баасансамбуугийн хуваарьт хөрөнгө 1.000.000 төгрөгийн үнэтэй гэх 6 ширхэг эмээлийн мөнгө завхайны талаар маргаагүй, харин 5 толгой адуу, 5 толгой үхэр түүний хуваарьт хөрөнгө мөн эсэх талаар маргаж байгаа боловч зохигч гэр бүл болсон жил 2006 онд Ц.Баасансамбуугийн нэр дээр “адуу 8, үхэр 28, хонь 99, ямаа 85, бүгд 220...” мал тоолуулсан болох нь мал тооллогын баримтаар нотлогдож байх ба хариуцагч дээрх малыг өөрийн хуваарьт хөрөнгө мөн болохыг нотлосон болон нэхэмжлэгчийн малын тоо ороогүй гэдгийг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хуваарьт хөрөнгө болох 6 ширхэг эмээлийн мөнгө завхай буюу 1.000.000 төгрөг, 5 толгой адуу буюу 2.150.000 төгрөг, 5 толгой үхэр буюу 2.000.000 төгрөг, бүгд 5.150.000 төгрөгийн эд зүйл, малыг хариуцагч Г.Сарантуяагаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баасансамбууд олгох үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд дундын эд хөрөнгийг бий болгон ашиглаж, эзэмшиж, өмчилж байсан болох нь мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2012 оны тооллого, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын “Тус сумын 1 дүгээр багийн иргэн Цэдэндамбын Баасансамбуу нь 2013 онд ам бүл 2, эхнэр Гүррагчаагийн Сарантуяатай хамт амьдарч байсан. Ц.Баасансамбуу нь 2013 онд аминдаа адуу 40, үхэр 60, хонь 171, ямаа 120, бүгд 391 толгой мал тоолуулж амьжиргааны түвшин тогтоолтоор 15 дугаар түвшинд байсан...” гэх тодорхойлолт, тус сумын Санхүүгийн албаны даргын 2006 оноос 2014 он хүртэл хугацаанд тоолуулсан мал тооллогын дүнгийн тодорхойлолт, гэрлэгчдийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх ба хариуцагчийн үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч зөвшөөрсөн болно.
Гэрлэгчид 2013 онд тусдаа амьдарсан бөгөөд тус оны мал тооллогоор Ц.Баасансамбуугийн нэр дээр “тэмээ 6, адуу 31, үхэр 55, хонь 152, ямаа 100, бүгд 344” мал тоолуулсан байх тул тухайн баримтыг үндэслэн дараахь эд хөрөнгийг Г.Сарантуяагаас гаргуулж Ц.Баасансамбууд олгохоор шийдвэрлэв.
Үүнд: 1. Азарга 1 толгой буюу 500.000 төгрөг,
2. Нас гүйцсэн морь 1 толгой буюу 500.000 төгрөг,
3. Гүү 6 толгой * 400.000 төгрөг буюу 2.400.000 төгрөг,
4. Даага 2 толгой * 200.000 төгрөг буюу 400.000 төгрөг,
5. Шар 4 толгой * 700.000 төгрөг буюу 2.800.000 төгрөг,
6. Үнээ 1 толгой буюу 500.000 төгрөг,
7. Бяруу 1 толгой буюу 150.000 төгрөг,
8. Тугал 2 толгой * 100.000 төгрөг буюу 200.000 төгрөг, бүгд 7.450.000 төгрөгийн мал.
Хариуцагч нь Ц.Баасансамбуу өөрийн гэсэн бүх малаа аваад явсан, миний хөрөнгө үлдсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлзэж байх боловч нэхэмжлэгч өөрийн хуваарьт болон хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ авсан тухай нотлож чадахгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Ц.Баасансамбуу, Г.Сарантуяа нарын гэрлэлтийг цуцалж, Ц.Баасансамбуугийн хуваарьт хөрөнгө болох 6 ширхэг эмээлийн мөнгө завхай буюу 1.000.000 төгрөг, нас гүйцсэн морь 3 толгой * 500.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг, гүү 1 толгой буюу 400.000 төгрөг, шүдлэн адуу 1 толгой буюу 250.000 төгрөг, нийт 5 толгой адуу буюу нийт 2.150.000 төгрөг, үнээ 3 толгой * 500.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг, шүдлэн үхэр 2 толгой * 250.000 төгрөг буюу 500.000 төгрөг, нийт 5 толгой үхэр буюу 2.000.000 төгрөг, бүгд 5.150.000 төгрөгийн эд зүйл, 10 толгой адуу, үхрийг,
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн бод малаас Ц.Баасансамбууд ногдох азарга 1 толгой буюу 500.000 төгрөг, нас гүйцсэн морь 1 толгой буюу 500.000 төгрөг, гүү 6 толгой * 400.000 төгрөг буюу 2.400.000 төгрөг, даага 2 толгой * 200.000 төгрөг буюу 400.000 төгрөг, шар 4 толгой * 700.000 төгрөг буюу 2.800.000 төгрөг, үнээ 1 толгой буюу 500.000 төгрөг, бяруу 1 толгой буюу 150.000 төгрөг, тугал 2 толгой * 100.000 төгрөг буюу 200.000 төгрөг, бүгд 7.450.000 төгрөгийн мал буюу 20 толгой адуу, үхрийг Г.Сарантуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Сарантуяад хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн бод малаас тэмээ 6 толгой, адуу 16 толгой, үхэр 40 толгой зэрэг ногдох хэсгийг үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 545.500 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас 12.600.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 216.550 төгрөг, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, бүгд 286.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борог овогт Цэдэндамбын Баасансамбуу, Зайран овогт Гүррагчаагийн Сарантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баасансамбуугийн хуваарьт хөрөнгө болох 6 ширхэг эмээлийн мөнгө завхай буюу 1.000.000 төгрөг, нас гүйцсэн морь 3 толгой * 500.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг, гүү 1 толгой буюу 400.000 төгрөг, шүдлэн адуу 1 толгой буюу 250.000 төгрөг, нийт 5 толгой адуу буюу 2.150.000 төгрөг, үнээ 3 толгой * 500.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг, шүдлэн үхэр 2 толгой * 250.000 төгрөг буюу 500.000 төгрөг, нийт 5 толгой үхэр буюу 2.000.000 төгрөг, бүгд 5.150.000 төгрөгийн эд зүйл, бод малыг,
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс азарга 1 толгой буюу 500.000 төгрөг, нас гүйцсэн морь 1 толгой буюу 500.000 төгрөг, гүү 6 толгой * 400.000 төгрөг буюу 2.400.000 төгрөг, даага 2 толгой * 200.000 төгрөг буюу 400.000 төгрөг, шар 4 толгой * 700.000 төгрөг буюу 2.800.000 төгрөг, үнээ 1 толгой буюу 500.000 төгрөг, бяруу 1 толгой буюу 150.000 төгрөг, тугал 2 толгой * 100.000 төгрөг буюу 200.000 төгрөг, бүгд 7.450.000 төгрөгийн бод малыг хариуцагч Г.Сарантуяагаас тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ц.Баасансамбууд олгож, хариуцагч Г.Сарантуяад хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн бод малаас тэмээ 6 толгой, адуу 16 толгой, үхэр 40 толгой зэрэг ногдох хэсгийг үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 545.500 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 286.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА