| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0183/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.*******,
Шүүгдэгч Э.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Намсрай овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2115000000191 дугаартай, 163/2021/0183/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...гэх газар оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Н... овогт Э...ын С... /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Снь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Замын худаг гэх газарт Д.*******ын бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд 2 тооны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сөгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2115000000191 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Д.*******ын өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчим Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин ******* нь орж ирээд *******гийн хамт машинтайгаа Хишиг-Өндөр сумын 1-р багийн нутаг “Замын худаг” гэх газарт хүрээд ирсэн чинь ******* нь замдаа 1 шил архи задлаад *******, ******* бид гурав хувааж уугаад сууж байтал ******* нь гэнэт уурлаад миний хамар болон зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохиод хамт явсан *******ыг миний дэргэд үлдээгээд эхнэртэйгээ хамт зугатаагаад алга болсон... тэгээд сумын төвийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь миний хамар хугарсан байна яаралтай аймаг руу явж эмчилгээ хийлгэ гэж хэлээд бичиг хийж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
...миний эмчилгээ хийлгэсэн зардал 470 000 төгрөг орчим болсон. Э.Снь энэ мөнгийг миний данс руу шилжүүлэн өгсөн. Би цаашид нүдний ухархайн бичлэг хийлгэх, хамар тэгшлүүлэх зэрэгт гарах мөнгөн дүнг урьдчилсан байдлаар мэдэхгүй байна. Уг мөнгийг цаашид нэхэмжлэх болно. Мөн эмчийн бичиг өгсөн эмийн 1 сар хэрэглэх байсан боловч би 15 хоног хэрэглэсэн учир нь мөнгө байхгүй байсан. Эдгээр зүйлсийг судалж мэдсэний үндсэн дээр мөнгөн дүн тогтоож нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
2. Гэрч Ц.*******ын өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хишиг-Өндөр сумын “Замын худаг” гэх газар *******, ******* бид гурав 2 шил архи хувааж уугаад сууж байтал *******, ******* хоёр маргалдаад байсан ба бие засаад эргээд харахад *******, ******* хоёр барьцалдаад байж байхаар нь салгасан чинь *******ын нүдний хэсэгт цус гарчихсан байсан. Тэгээд ******* нь эхнэр Нараагийн хамт яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
3. Гэрч А.*******ийн өгсөн: “...******* нь *******гээс хэрүүл өдөөд гуйлгачин, хулгайч гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь болиоч та настай хүн байж залуу хүнээс хэрүүл өдөөд байх юм гэж хэлтэл чи юу гээд байгаа юм гичий минь гэж хэлээд архины шил аваад цохих гээд би түлхэж унагаасан юм. Тэгсэн чинь ******* *******ыг гараараа нэг удаа цохисон юм, хаашаа цохиж байгааг нь хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
4. Яллагдагчаар Э.Смэдүүлэхдээ: “...Тухайн үед хөдөө хээр тал газарт *******, *******, манай эхнэр ******* бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад ******* нь манай эхнэр *******тэй маргалдаад улмаар архины шил авч цохих гээд босож ирсэн. Тухайн үед би *******ыг барьж аваад унагааж улмаар нүүрний гол хэсэгт баруун гараараа атгаж байгаад нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай:
1. Магадлуулагчийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд 2 тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 25-27-р тал/,
Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирогч Д.*******ын *** дугаартай дансанд 475 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/, мал тооллогын бүртгэл /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Снь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Замын худаг” гэх газарт Д.*******ын бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд 2 тооны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д.*******, гэрч Ц.*******, А.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 206 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Сүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Сдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Хохирол төлбөрийн тухайд;
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Онь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардал нэхэмжилж 150000₮, 102000₮, 27000₮, 20000₮, 43320₮, 45000₮, 45000₮, 41100₮ нийт 8 ширхэг 473 420 төгрөгийн эмнэлгийн болон эмийн сан, шатахуун түгээгүүрийн Е баримтыг нотлох баримтаар ирүүлж, шүүгдэгч Э.Снь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 475 000 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ хэрэгт шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцов.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирогч Д.Онь нүдний ухархайд бичлэг хийлгэх, хамрын муруй тэгшлүүлэх эмчилгээний төлбөрөө баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.С эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Снь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Онь нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Эын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С550 / таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Снь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Онь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Хэрэгт, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ