Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 86

 

       

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч А.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Гансүхэд холбогдох 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

 

  Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч А.Мөнхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 5 сарын 11-нд төрсөн эгчийн маань охин Ариунзулынд очсон. Гэтэл дүү маань миний нөхөр Гансүхэд 5.000.000 төгрөг маш их хэрэг болоод байна. Та байр авах гэж байгаа мөнгөнөөсөө 10 хувийн хүүтэй зээлүүлж тус болооч гэсэн. Би тухайн үед зөвшөөрөөгүй. Дараа 2, 3 хоногийн дараа намайг Ариунзулынд байхад Гансүх өөрөө гуйсан. Эхнэр Ариунзулын 45-р байрны 28 тоот байрны үл хөдлөхийг барьцаанд нь тавьж гурван талын гэрээ хийж нотариатаар баталгаажуулна гэсэн. Би Алтхайрхан гэсэн өөрийн компанитай мал ахуй ихтэй төлбөрийн чадвартай хүн. Тэгээд ч хугацаа хэтэрсэн хүүг ч төлнө. Чамд санаа зовох юм байхгүй, барьцаанд нь бүхэл бүтэн байрны үл хөдлөх гэрчилгээ тавьж байна шүү дээ гэсэн. Гансүх нь би зээлээ авангуутаа чиний дансанд хүүтэй нь шилжүүлнэ гэсэн. Би эхнэрийнхээ байрыг зүгээр ч нэг хүнд алдчих хүн биш гэхээр нь би барьцаа үл хөдлөх тавьж байгаа юм байна гээд итгэлцэлийн үндсэнд 5.000.000 төгрөгийг 10 хувийн 3 талын гэрээ байгуулж нотариатаар батлуулж 2016 оны 6 сарын 18-нд Гансүхийн ХААН банкны 5999061777 дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш нэг сарын мөнгөө авах гэж Гансүхийн утас руу залгасан боловч ямар ч утас нь холбогдохгүй, сураггүй алга болсон. Миний бие өрх гэр толгойлсон ганц бие эмэгтэй хүү маань эхнэр хүүхэдтэй болсон учир амьдарч байсан байрандаа хүүгээ тусад нь гаргаж, өөрөө охинтойгоо амьдрах байр авах гэж байсан мөнгөө энэ хүнд итгэж зээлүүлсэн. Ийм учраас миний хэцүү аргагүй байдлыг харгалзан үзэж Л.Гансүхээс үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р баг Цац 02-01 тоотод оршин суух СГ70052712 регистрийн дугаартай Тайван овогт Лувсангийн Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Мөнхсаруулын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлсөн 2300000 төгрөгийг хүүнд суутгаж авна гэж байгаа асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Мөнхсаруул шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Баярцогт овогтой Ариунзул нь 2016 оны 5 сарын 11-нд та байр авах гэж байгаа мөнгөнөөсөө 5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй манай нөхөр Гансүхэд зээлүүлж тус болооч, манай хүн банкнаас бизнесийн зээл авах гэж байгаа юм. Би танд өөрийнхөө 48-р байрны 28 тоот 1 өрөө арктай байрны үл хөдлөх гэрчилгээг барьцаанд нь тавьж 3 талын гэрээ хийж баталгаажуулна. Манай хүн Баянмөнх болон Хэнтий аймагт Хүнсний 8 нэрийн дэлгүүртэй, мал ахуй ихтэй, 5 сая төгрөг хүүтэй нь төлчих төлбөрийн чадвартай, хүнд өгөх  юмтай хүн. Миний байрыг зүгээр хүнд алдчих хүн биш. Хүнд өгөх юмтай. Тэгээд ч би танд бүхэл бүтэн байраа барьцаанд тавьж байна шүү дээ гэсэн. Тэгээд бид гурав гурван талын гэрээ байгуулж итгэлцлийн үндсэн дээр би энэ хоёр хүнд 5 сая төгрөгийг зээлүүлсэн. Тэгээд 2016 оны 11 сарын 03-нд Ариунзул бид хоёр эвлэрлийн үндсэн дээр Ариунзул нь өөрийнхөө 35-р байрны 00 тоот өрөөг 7800000  төгрөгөөр үнэлж, надаас зээлсэн 5 сая төгрөгийг оруулаад би зөрүү мөнгө болох 2800000 төгрөгийг Ариунзулын дансанд шилжүүлж, худалдах худалдан авах гэрээ хийж би уг байрыг 7800000 төгрөгөөр худалдаж авсан. 2016 оны 10 сард Гансүхээс 5 сая төгрөгний хүү болон 0.5 хувийн алданги болох 2300000 төгрөгийг авсан учир би энэ 2 хүнээс авах авлагаа авсан учир хариуцагч Гансүхийн нэр дээр өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

  Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч А.Мөнхсаруул нь хариуцагч Л.Гансүхээс 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Мөнхсаруул нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5000000 төгрөгийг хариуцагч Л.Гансүхээс гаргуулахаас татгалзаж, хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 Нэхэмжлэгч А.Мөнхсаруул нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5000000 төгрөгийг хариуцагч Л.Гансүхээс гаргуулахаас татгалзаж тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч А.Мөнхсаруул нь “5 сая төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө авчихсан байсан” гэх үндэслэлээр өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагч Л.Гансүх нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэл байхгүй байна. Иймд А.Мөнхсаруулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгний тал хувийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож, тал хувийг нь төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхсаруулд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч А.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Гансүхээс 5000000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч А.Мөнхсаруул нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Мөнхсаруулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгний тал хувь болох 47475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 47475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхсаруулд олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ