| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/209 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/209
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.*******,
Иргэний нэхэмжлэгч Г.Д,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Н.У, Г.Энарыг оролцуулан нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.*******ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У, Г.Энарт холбогдох эрүүгийн 2115000000188 дугаартай, 163/2021/0193/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..... багт оршин суух, Хоньчин овогт Н... У..., /РД: ***/,
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... багт оршин суух, Т... овогт Г...ын Э..., /РД: ***/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Н.У, Г.Энар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” амралт, сувиллын газрын малыг маллах гэрээний үндсэн дээр маллаж байх хугацаандаа 19 тооны үхэр хувьдаа завшиж бусдад зарж борлуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Дгийн өгсөн: Хохирол төлбөр барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх мэдүүлэг,
2115000000188 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Г.Дгийн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн иргэн *******н *******тэй гэрээ хийсэн... Одоо манай компанид нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн *******, ******* нар нь манай компанийн 1 үнээ, 13 тооны бяруу үхрийг аав, ээж, ах, дүү хамаатан садан төрлөөсөө цуглуулаад орны үхэр өгсөн. Харин зарагдсан гэх 5 тооны бяруу, үхрийг цагдаагийн байгууллагаар иргэн Д.*******ас авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гантулгын өгсөн “...Би *******, ******* гэх 2 хүнээс 2021 оны 2 дугаар сард 4 030 000 төгрөг дансаар шилжүүлээд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6 тооны улаан зүсмийн 4, хүрэн халзан зүсмийн эр 1, хүрэн халзан зүсмийн эм 1 ногооны шүдлэн үхэр худалдаж авсан. Надад одоо 3 030 000 төгрөгийн хохирол учирсан. 1 000 000 төгрөгөө буцаагаад авсан... Би тухайн үед хоорондоо ойрхон зайтай 3 удаа мөнгө шилжүүлсэн. Эхний удаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5084091180 гэсэн дансаар 2 000 000 төгрөг, 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 180 000 төгрөг 2 дугаар сарын 05-ны өдөр 950 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тухайн үед *******, ******* нар нь “***” ХХК-ний үхэр гэж хэлээгүй. Энэ үхэрнүүдийг хүн зараад өг гэж гуйсан юм гэж хэлж байсан...Мөн тухайн үхэрнүүдийг надад ******* зарсан талаар мэдэж байсан. Би үхэр авах үед *******, ******* нар нь хоорондоо ярилцаж байгаад энэ үхэрнүүдийг авчих гээд надад үхэр зааж өгсөн юм. ХХ-ийн 18, 22-р тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.*******ын өгсөн “...Би өөрөө энэ компанид 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс одоог болтол ажиллаж байна. Тэгсэн 2020 оны 10 дугаар сард манай компаний эзэмшилд байдаг мал болох 54 тооны үхэр, уналганы 1 морийг Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн иргэн ******* гэдэг хүнд гэрээ хийж хүлээлгэн өгөхөөр боллоо гэсний дагуу би өөрөө мөн аж ахуйн дарга Г.Д, Отгончимэг болон мал хүлээн авч гэрээ хийж байгаа малчин Н.******* гэдэг хүүхэн өөрөө байсан. Тэгээд гэрээ хийсэн. Мал авахаар гэрээ хийсэн хүн маань манай малыг авах үедээ нилээн шилж сонгож байж авсан. Ингээд гэрээ хийсэн гэх *******т нийт 54 тооны үхэр өгсөн ба өгсөн үхрийг нас хүйс, өнгө зүсээр нь бид нар тэмдэглэж авсан. Үүнд: Шар 1, бух 1, тугалсан үнээ 12, тугалсан нэмэх гунж 5, эр бяруу 26, охин бяруу 9, унах морь 1-ийг тус тус тоолж өгсөн байна. Тэгээд нөгөө мал авсан гэх ******* гэдэг эмэгтэй бас нэг ахын хамт манайхаас туугаад 3 ажилтны хамт аваад явсан. Тэгээд дээрх хүнд гэрээ хийж малаа өгснөөс хойш бараг сар болгон тоолж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 30, 6 дугаар сарын 15-нд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болоод манайх 2, 3, 4, 5-р саруудад тоолоогүй шалтгаан нь манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон байсан. Тэгээд тэр бүр очиж чадаагүй. Харин сүүлд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр очиж тоолох талаар мэдэгдсэн боловч тухайн мэдэгдсэн цагаас цагийн дараахан очиход нөгөө мал гэрээ хийж харж байгаа хүн маань байгүй байсан. Тэгээд тэндээ Г.Д бид 2 хүлээж байгаад ирэхээр нь уулзаад манайх малаа тоолох гэсэн юм гэж хэлэхэд худал заль гаргаад, мөн шалтаг, шалтгаан тоочоод үхрээ тоолуулаагүй. Тэгээд бид хоёр бэлчээр дээрээс нь нүдээр гүйлгэж тоолоход дутуу юм шиг харагдсан. Тэгээд нөгөө *******тэй уулзаж асуухад үхрүүд байгаа айлын үхэртэй нийлсэн байх гэж хэлээд яг яс тоолж өгөөгүй. Тэгээд орой болсон учир бид хоёр буцаад явсан. Энэ талаараа захирал Д.Баттөрд танилцуулахад захирал би наад хүмүүсийг чинь манай үхрээс зараад байгаа талаар сонсож мэдсэн гэж хэлсэн. Үүний дараа 2021 онь 7 дугаар сарын 21-ний шөнө 34 бяруу хүлээлгэж өгөхөөр очсон. Тэр үед согтуу байсан. Тэгээд ч орой болсон байсан. Тэр газраа бяруугаа хараад хоносон. Тэгээд өглөө нь малаа тоолохоор болсон. Тэгэхэд манай үхрээс 21 тооны шүдлэн дутсан байсан. Тэгээд энэ талаар малчиндаа хэлсэн чинь 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш архи уугаад малаа тоолж чадаагүй гэж хэлж байсан. Тэгээд энэ архины гайнаас болоод малаа тоолж чадаагүй гэсэн тайлбар өгсөн. Н.******* нөхөр Г.*******ын хамт мотоциклтэйгээ малаа хайхаар явсан. Тэр үед бид нар ч гэсэн ойр хавиар нь малаа хайж байгаад Уньт багийн төв дээр ирсэн чинь нөгөө хоёртой таарсан. Тэр үед Н.******* надад энд хий дэмий малаа хайх хэрэггүй юм байна гэж хэлсэн. Мөн Уньтын хойно айлын үхэрт 8 тооны үхэр байгаа сураг гарлаа. Одоо үлдсэн үхрийг нь яаж олох вэ гэж хэлчихээд тэндээсээ за одоо бид хоёр үхрээ хайхаар явлаа гээд яваад өгсөн. Тэр үед бид нар ч гэсэн малаа хайж явсан. Тэгээд нөгөө малчинд өгөх гэж байсан бяруунуудаа замын хажуугийн хашаанд хашсан байсан. Тэгсэн тэнд Гантөмөр гэдэг ахтай уулзахад нөгөө ах танай үхрийг хавраас хойш их багаар нь зараад байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бяруугаа хүлээлгэж өгөхөө болиод ер нь энд байгаа малаа тоолоод авсан нь дээр юм байна гэж бодоод малаа авъя гээд Н.******* Г.******* хоёртой уулзах гэтэл бид нараас зугтаасан. Тэгээд 7 дугаар сарын 23-ны өдөр Н.*******ийн гаднаас үлдсэн гэх 28 тооны үхрээ аваад явсан. Тэрнээс хойш тараагүй байж байгаад Хутаг-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн тасагт алдсан малынхаа талаар өргөдөл гаргасны дагуу цагдаа шалгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Золжаргалын өгсөн “...*******, ******* хоёрыг дээрх малаас дутаасан талаар урьд нь мэдээгүй байсан. Урьд нь мал алга болсон, дутсан талаар ярьж байгаагүй. Харин 2 хоногийн өмнө мэдсэн. “Баатар Ван” амралтын ажилчид ирээд үхрээ тоолсон чинь 20 гаран тооны үхэр дутсан гэж ярьж байхыг сонссон /ХХ-ийн 40-41-р тал/, гэх мэдүүлэг,
- “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №21/113 дугаартай
“...”***” ХХК-ний нэр дээр байдаг 1 ширхэг нас гүйцсэн үнээ, 19 ширхэг шүдлэн үхрийн зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажиллаа. Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээ, мэдээллийг харьцуулан нийт малын зах зээлийн үнийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар үнэлгээний 10 100 000 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 63-67-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-р тал/, Г.Дгээс Хутаг-Өндөр сумын сум дундын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-н 2-р тал/, “Баатар Ван” амралт, сувиллын цогцолборын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21/41 дугаартай тодорхойлолт /хх-н 3-р тал/, үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-10-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 92, 97-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 91, 96-р хуудас/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тодорхойлолт /хх-н 93, 103/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заажээ.
Шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч Г.*******тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ***амралт, сувиллын газрын малыг маллах гэрээний үндсэн дээр маллаж байх хугацаандаа 19 тооны үхэр хувьдаа завшиж бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх бөгөөд Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.У, Г.Энарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.
Шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ “...Би энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй, манай эхнэр л энэ бүгдийг хийсэн.”, шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ “... манай нөхөр энэ хэрэгт хамааралгүй, би бүгдийг хийсэн.” талаар мэдүүлж байгаа боловч тухайн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн асуусан “...Дээрх дутсан, алга болсон үхрийн талаар та мэдэж байгаа зүйлийн талаар ярина уу...” гэх асуултад “...Зарим үхрээ ирээд олохгүй байгаа. Манайх Төрийн банкнаас 2020 онд малчны 6 000 000 төгрөгийн зээл авсан байсан, тэгээд буцааж төлөх зээл нэхэгдээд байхаар нь 6 бяруу хүнд зарчихсан. 1 бяруу нь манай аавын дүү Пүрэв гэх хүнд тохиролцоонд өгсөн...” талаар мэдүүлжээ.
Шүүгдэгч Г.*******ын дээрх мэдүүлгээс харахад тэрээр тухайн үхрийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулж, завшсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.
Шүүгдэгч Н.У, Г.Энарын тухайд өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой гэж дүгнэх боломжгүй.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Н.У, Г.Энар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” амралт, сувиллын газрын малыг маллах гэрээний үндсэн дээр маллаж байх хугацаандаа шууд санаатай, шунахай сэдэлтийн улмаас тус компанийн итгэмжлэн хариуцуулсан малаас 19 тооны үхрийг завшиж 10 100 000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.*******д 4 030 000 төгрөгийг хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэднийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ.
Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд “***” ХХК-тай “Малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулан, сарын хөдөлмөрийн хөлсийг 400 000 төгрөгөөр тооцож компанийн 54 тооны үхэр, 1 уналганы морийг хариуцан маллахаар тохиролцож, малыг нөхөр Г.*******ын хамт очиж шилж, сонгож тоо, бүртгэлээр хүлээн авсан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.У, Г.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Н.У, Г.Энарын үйлдсэн гэмт хэргийн улмаас “***” ХХК-нд 10 100 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирыг биет байдлаар төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч, Г.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг “***” ХХК-д төлөх төлбөргүйд тооцож, Г.*******, Н.******* нараас 6 тооны үхрийг 4 030 000 төгрөгөөр худалдан авсан, иргэний нэхэмжлэгч Д.*******д 1 000 000 төгрөгийг төлж, үлдэх 3 030 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.У, Г.Энараас 3 030 000 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.У, Г.Энарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Иргэний нэхэмжлэгч Д.*******д хохирлын 3 030 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах, иргэний нэхэмжлэгч Г.Дд төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, зүйлгүй...” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор тусгайлсан санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, компанид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Д.Гантулгын хохирлыг 10 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон байгаа. Шүүгдэгч нар нь нэг гэр бүлийн хүмүүс тул улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин ялыг тухайн сум орон нутагт нь хийхээр тогтоолд зааж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг гэр бүлийн хүмүүс/, улсын яллагчийн болон өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Д нь шүүгдэгч нар хохирлыг биет байдлаар бүрэн барагдуулсан гэх тул шүүгдэгч нараас иргэнийн нэхэмжлэгч Д.Гантулгын худалдан авсан гэх 5 тооны шүдлэн үхрийг битүүмжилсэн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...., .... нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.У, Г.Энарыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У, Г.Энарт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь “***” ХХК-нд төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Г.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.У, Г.Энараас 3 030 000 /гурван сая гучин мянга/ төгрөгийг гаргуулж ..... оршин суух Т... овогт Г... Э.... /ГЮ78120515/ олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Г.Энарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ