Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,  

Улсын яллагч П.*******,

            Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан хийж,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 2115000690142 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт ... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... овгийн Д...ын С... /***/

Булган аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.С2021 оны 1 дүгээр сарын сүүлээр Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт байрлах “Бичигт хошуу” гэх газарт өөрийн хонинд нийлсэн С.Т 12 тооны алдуул хонийг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Т өгсөн: "... 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр малаа тоолсон чинь манай хониноос 18 тооны хонь дутсан юм. Тэгээд байж байтал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр миний хайж байсан хониноос 8 тооны эм хонь малдаа ирж нийлсэн байсан. Тэгсэн чинь тухайн 8 тооны хонины имэн дээр имийг нь дарж шинээр баруун чихэн дээр нь онь /ац им/ им оруулсан байсан ба тухайн им нь манай багийн малчин Д.С гэх хүний малын им мөн байхаар нь манай хонинууд уг айлд байгаа юм байна гэдгийг мэдээд маргааш нь адуугаа харангаа Д.Сийн малыг бэлчээр дээр нь очиж харсан чинь манай имтэй 2 тооны хонь харагдаж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн.... “ гэх мэдүүлэг /хх-н 26-28-р хуудас /

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.*******ын өгсөн: “.... Би 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Бүрэгхангай сумын 3-р баг "Бэрхийн хонгилт" гэх газраас зүүн хойшоогоо хонио хариулаад явсан ба өглөө 1000 цаг өнгөрч байхад гараад 1600 цагийн үед малаа хотлуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь ******* мал дотор явж байгаад манай хонинуудыг имнэсэн байсан гэж хэлсэн ба тухайн үед надаас хонио айлын малтай нийлүүлсэн юм уу? гэж асуухаар нь үгүй гэж хэлсэн. Тухайн хонинууд баруун талын чихэн дээр нь им шинээр оруулсан байсан юм. Тэгсэн чинь Хуягаа надаас ойр хавьд айлын мал явсан уу? гэж асуусан ба тухайн үед манай хойд талд байрлах улаан байшинтай ******* гэх айлын мал байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 33-35-р хуудас /

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.*******ийн өгсөн: “.... Би 2021 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр өвөл С.Т гэрт хонио шүүх гээд очсон юм. Тэгээд С.Т манай хонийг Д.С имнэсэн байна хониноос  нь гүйж ирсэн. Үлдэгдэл хонио шүүж үзсэн гэж байсан.Тэгээд сүүлд ******* хонио шүүж үзэхэд 4 хонь имнэчихсэн байна гэж байсан. С.Т хотонд хонь шүүж үзэхэд С.Т манай хонийг ингээд имнэчихсэн байна гэж үзүүлж байсан. Хонины буруу /баруун/ чихний хуучин имийг дарж шинээр лав угаар нь онь им болгож имнэсэн байсан. Уг имний шарх эдгээгүй цустайгаа улааж байсан....” гэх мэдүүлэг /хх-н 41-42-р хуудас /

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.*******гийн өгсөн: “.... Би сумын алдуул мал хариуцсан О.Анхтөмөрийн хамтаар Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг Өвөр тээлийн Бэрхийн ар гэх газарт С.Т хонийг имнэсэн байна гэсэн дуудлага 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр ирсэн. Би малын эмч, мэргэжлийн хүн учир *******ийн малын хашаанд хашиж байсан 5-6 хонины имийг үзэхэд хуучин имийг нь шинээр дарж зүүн чихийг нь онь болгон имнэсэн байсан. Уг хонинуудын им нь эдгээгүй цустайгаа байсан. Тэгээд *******ийн гэрээс гараад Д.Сийн хонийг хашаанд нь хашуулаад 3-4 хонинд үзлэг хийж үзэхэд мөн адил зүүн талын чихийг шинээр онь имээр имнэсэн байсан юм....” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас /

-Хонинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-22-р хуудас/,

-2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 21000068 дугаартай

-“...малчин С.Т нь 18 тооны хонио хулгайд алдсан гэх хэрэгт 18 тооны хонины зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажиллаа. Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулан үнэлгээний 1 980 000 төгрөг гэж тогтоолоо.... гэх дүгнэлт /хх-н 59-64-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 65-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 67-р хуудас/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа /хх-ийн 71-74-р хуудас/, Д.Сийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт байрлах “Бичигт хошуу” гэх газарт өөрийн хонинд нийлсэн С.Т 12 тооны алдуул хонийг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт байрлах “Бичигт хошуу” гэх газарт өөрийн хонинд нийлсэн С.Т 12 тооны алдуул хонийг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Т, гэрч Ш.*******, Р.*******, Ш.******* нарын мэдүүлгүүд, хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тольдох өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Д.С2021 оны 1 дүгээр сарын сүүлээр Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт байрлах “Бичигт хошуу” гэх газарт өөрийн хонинд нийлсэн С.Т 12 тооны алдуул хонийг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг буюу алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх ба хохирлын хэмжээний хувьд Эрүүгийн хуульд заасан ноцтой эсхүл их хэмжээний хохирлын шинжгүй байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Сийн үйлдлийн улмаас хохирогчид 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Сгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.С нь 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт байрлах “Бичигт хошуу” гэх газарт өөрийн хонинд нийлсэн С.Т 12 тооны алдуул хонийг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж, оногдуулах ялын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Д.Салдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох саналтай гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлоо төлж барагдуулсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байр сууринаас оролцлоо.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 11ий өдрийн 4/57 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Д.Сийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байна.

            Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Тт 12 тооны хонь буюу 1 200 000 төгрөгийн хохирол учирч шүүгдэгч Д.С нь сайн дураараа нэмж 6 тооны хонийг буюу нийт 18 тооны хонийг биет байдлаар өгч хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 86-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЭНЭРЭЛ