| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0191/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/205 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.*******,
Шүүгдэгч Ж.Инарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Иад холбогдох эрүүгийн 2115000000211 дугаартай, 163/2021/0191/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б... овогт Ж...ын И... /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Инь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын үед Булган аймгийн *******-Өндөр сумын 1 дүгээр багийн Гуртын 25-3 тоот хашаанд О.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий, баруун гуяны хэсэгт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.И: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2115000000211 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч О.Оы өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр *******-Өндөр сум 1 дүгээр баг Гуртын 25-3 тоотод гэртээ амарч байхад манай найз , эхнэртэйгээ бас нэг найз нь эхнэртэйгээ дөрвүүлээ өглөө 10 цагийн үед манай суманд ирээд хонох газар байна уу гэж асуухаар нь би *******гийн шовгорт оруулаад хөзөр тоглоод уусан. Тэгээд орой 22 цагийн үед эхнэр *******г дуудаад бид нар дээр ирээд удаагүй байхад найз ******* над руу залгаад хаана байгаа юм гэж асуухаар нь *******гийн шовгорт байна гэж хэлсэн тэгсэн удаагүй *******ыг дагуулаад ороод ирсэн. *******, ******* хоёр муудалцаад байх шиг байсан тэгсэн эхнэр намайг явъя гээд авч гараад машинд суулгасан. Тэгээд гэрийн гадаа ирээд ******* намайг хэл амаар доромжлоод байх шиг байсан тэгээд удаагүй гэрт ороод ирсэн чинь нойтон оргиод байхаар нь баруун талын хэвлий хэсгээ хартал цус гарч байсан. Тэгээд эхнэртээ хэлээд эмнэлэг, цагдаа дуудсан байсан. Би баруун гуяны хэсэгт 6 удаагийн оёо тавиулсан. Сумын төвийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ бүх зардлыг ******* гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
2. Гэрч Х.*******гийн өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар 22-ны орой 21 цаг 50 минутын үед манай нөхөр ******* залгаад чи ажлаасаа тарах болж байгаа юм уу *******гийнд хүрээд ир гэсэн тэгэхээр нь би ажлынхаа машинаар хүргүүлсэн... ******* нь манай нөхөр *******ыг “банди минь чи намайг дийлэхгүй шүү бас Цагаанаа та хоёр намайг барахгүй шүү” гээд ахынх нь нэрийг хэлээд байсан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд машинаас буугаад маргалдаж байснаа ******* нь ******* та хоёр гэртээ орж бай ******* бид хоёр учраа олчихоод араас чинь оръё гэхээр нь үгүй нөхөртэйгөө гэртээ хамт орно та харьчих гэж зөндөө гуйсан. Тэгэхэд ******* наад банди чинь яагаад байгаа юм учраа олчихоод явна гээд явахгүй байсан... Тэгээд удаагүй гэртээ манай нөхөр ороод ирсэн. ******* гэр лүү орох гээд байхаар нь би цааш нь түлхээд гэртээ оруулаагүй тэгсэн нөхөр ******* нь буцаад гараад явчихсан. Тэгсэн гадаа ******* нь би чамайг хутгалчих уу гээд чанга орилоод байсан тэгэхээр нь би *******г гараач ээ наад хоёр чинь хутга яриад байна гэж хэлсэн тэгээд гарсан. Удаагүй нөхөр ******* гаднаас орж ирснээ ******* намайг хутгалаад зугтчихлаа гэж хэлсэн тэгээд би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
3. Гэрч С.*******гийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13-14 цагийн хооронд хар өнгийн Prius-30 маркийн **-** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр найз ******* нь эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн.... Тэгээд 23 цагийн үед ******* бид хоёр гэрээс нь гараад машинаар нь манай найз *******ыд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь ******* луу утсаар ярихад *******гийнд байна гэхээр нь очоод гэрт нь ороход хүмүүс ирчихсэн олуулаа байсан. Тэгээд *******ыг хүргээд өгөх үү гээд эхнэртэй нь хамт суулгаад явсан. Явах замд *******, ******* хоёр маргаад хэрэлдэх гээд байсан. Тэгээд гэрийнх нь гадаа ирээд машинаасаа буугаад тэр хоёр маргалдаад хэрэлдээд байсан тэгэхээр нь би дундуур нь ороод боль гээд болиулсан тэгсэн чинь ******* бид хоёр хэл амаараа учраа олчихъё зодоон цохион хийхгүй гэж хэлсэн... би гэрээс гараад очиход дээрх хоёр хүн хоорондоо зууралдсан байдалтай байсан, тэгэхээр нь би *******ыг салгаж аваад машиндаа суулгаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
4. Гэрч Х.*******гийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 25 минутад ******** гэсэн дугаараар ээлжийн сувилагч Ганцэцэг хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага өгсөн дуудлага мэдээлэл ирсний дагуу 23 цаг 35 минутад *******-Өндөр сум * дүгээр баг Гуртын **-*тоотод очсон. Тэгээд анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэг рүү авч явсан. Намайг анх очиход биеийн байдал нь дунд зэрэг, сандарсан байдалтай, орны урд нь цус болсон өмд нь цус нэвтэрсэн байдалтай байсан. Тэгээд цус тогтоох зорилгоор чангалуур тавиад эмнэлэг авч яваад хувцсыг нь тайлаад биед үзлэг хийхэд хэвлий хэсэг нь 05 мм- ийн хэмжээтэй зүсэгдсэн, баруун гуяны ард талд 6 см-ийн урттай 1 см-ийн гүн хатгагдсан шарх байсан. Шархыг халдваргүйжүүлж мэдээ алдуулалт хийж 6 оёдол тавьсан. Хэвлий хэсгийн 05 мм-ийн хэмжээтэй зүсэгдсэн шарх нь оёдол тавих шаардлагагүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
5. Яллагдагчаар Ж.Имэдүүлэхдээ: “...******* бид хоёр *******ы байгаа гэх айлд очиж *******ыг эхнэртэй нь хамт аваад буцаад гэр лүү нь явсан. *******ы гэр лүү явах замдаа бид хоёр хоорондоо маргалдсан. Би *******ы ах Цагаанхүүг над дээр шавь болж ирж байсан бацаан гэж хэлэхэд ******* уурласан. *******ы гэрийн гадаа очоод би *******ыг тайвшруулах гэхэд ******* над руу дайраад чамайг хутга шаана гэж хэлээд гэр лүүгээ гүйж орсон. Тэгэхээр нь би өөрийн машинд байсан хутгыг авсан. ******* гэрээсээ гарч ирээд намайг барьж авсан. Тухайн үед би санаандгүйгээр *******ы хөлийн баруун гуя, хэвлий хэсэгт өөрийн барьж явсан хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,
6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай:
1. Магадлуулагчийн биед баруун гуя, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/,
Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, Булган аймгийн Булган сумын нэгдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 57-58-р хуудас/, түргэн тусламжийн дуудлагын хуудас, үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 62-68-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх
эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Инь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын үед Булган аймгийн *******-Өндөр сумын * дүгээр багийн Гуртын **-* тоот хашаанд О.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий, баруун гуяны хэсэгт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч О.О, гэрч Х.*******, С.*******, Х.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон О.Оы биед баруун гуя, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 225 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.******* дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Инь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын үед Булган аймгийн *******-Өндөр сумын * дүгээр багийн Гуртын **-* тоот хашаанд О.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий, баруун гуяны хэсэгт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналтай байна гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Ж.Инь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогч О.Оыг 2 удаа хутгалж, хэвлий, баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан, түүний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.
Иймд шүүгдэгч Ж.Иын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Инь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Од 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин гэж 500 000₮ бэлнээр, түлээ 200 000₮, хонь 140 000₮ худалдаж авч өгсөн, эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөр болон эм тарианы мөнгийг бүгдийг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн ба хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардлыг Ж.Ибүрэн төлсөн тул цаашид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Инь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4/87 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Ж.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Ж.Иын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Иад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ж.Иад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлого болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Инь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б... овогт Ж....ын И...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Иыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Инь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 125 000 /нэг дуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Инь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Иад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ