Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00001/И |
Дугаар | 00001 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00001
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 51а байрны 2 тоотод оршин суух, Боржигон овогт Цэен-Ойдовын Оюунчимэг /РД:ЦВ54012766/-ийн хүсэлттэй,
ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 1954.01.27-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1978 онд УБДС-ийн Орос хэлний ангийг төгссөн. Ажлын гараагаа 1979 онд ЧБҮ-ийн биеийн тамирын зааварлагчаар эхэлсэн. Улмаар ХЗЭ-ийн ажилтан болж 1991 онд эвлэл татан буугдтал ажилласан. 1978 он хүртэл ажиллаж, миний бие өвчний учир группд 2008-2016 оны хооронд байгаад тэтгэвэрээ тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэхэд 1980-1990 он хүртэл Хотын ХЗЭ-ийн хорооны мэдэлд ажиллаж байхад эвлэл пионерийн байгууллага татан буугдсан тул 1980.03.03-аас 1980.09.16-ыг хүртэл, 1987.03.04-нөөс 1990.01.01-нийг хүртэлх ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Оюунчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Оюунчимэг нь Улаанбаатар хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1980.03.03-аас 1980.09.16-ыг хүртэл, зааварлагчаар 1987.03.04-нөөс 1990.01.01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан, дээрх хугацаанд Улаанбаатар хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны мэдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар,Улаанбаатар хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1980.03.03-ны өдрийн 95 дугаар тогтоол, мөн зөвлөлгөөний 1983.02.03-ны өдрийн 22 дугаар тогтоол, 1987.03.04-ний өдрийн 29 дүгээр тогтоол, гэрч Д.Энхээ, Ц.Ганцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Боржигон овогт Цэен-Ойдовын Оюунчимэг /РД:ЦВ54012766/ нь Улаанбаатар хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1980.03.03-аас 1980.09.16-ыг хүртэл, зааварлагчаар 1987.03.04-нөөс 1990.01.01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ